Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/413

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021              11                09                                               2021/ШЦТ/413                                    

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Жаргалболд,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б М.Бд холбогдох эрүүгийн 2134000000311 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

      

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймаг, Өндөрширээт суманд 2000 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Хүнс хөдөө аж ахуйн их сургуулийн 5 дугаар курсийн оюутан, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б М.Б,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд Уянга 3 дугаар багийн нутаг “Цөлхийн ам” гэх газарт шороон замд Хюндай портер маркийн 6581 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчиж явсан С.Энхлхагвын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Захирахбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр А.Амин-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Анударийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Алтан-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч М.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000311 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд Уянга 3 дугаар багийн нутаг “Цөлхийн ам” гэх газарт шороон замд Хюндай портер маркийн 6581 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчиж явсан С.Энхлхагвын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Захирахбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр А.Амин-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Анударийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Алтан-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8 дугаар хуудас/,

            шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаартай ...С.Энхлхагвын биед 2021.07.21-ний мэс заслын тэмдэглэл баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай ...О.Зохирахбаатарын биед хүзүүний С4, С5, С6-р нугаламын хугарал, баруун эгэм ясны хугарал, дух зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай ...А.Амин-Эрдэний биед баруун гайморын хөндийн ханаы хугарал, 2 талын зулай, чамархай, зулай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай ...Т.Анударийн биед аарцаг ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 285 дугаартай ...М.Алтан-Эрдэнийн биед 2 талын зулай, чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, дух, баруун дал, нуруунд зулгаралт, дух, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч М.Бын ...Би 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Өндөрширээт сумын төв орохоор өөрийн 65-81 ТӨА улсын дугаартай давхар кавинтай портер маркийн машинтайгаа дүү Мягмарсүрэн Овогтой Алтан-Эрдэнэ, Тунгалагболд овогтой Анударь, Ариунболд овогтой Амин-Эрдэнэ, Сэргэлэн овогтой Энхлхагва, О.Захирахбаатар нарын хамт явсан юм. Тэгээд замдаа би НОМИН дэлгүүр орж хоёр том пиво аваад гарсан юм надтай явсан Алтан-Эрдэнэ, Амин-Эрдэнэ, Захирахбаатар нар нь ууж явна гээд надаар авхуулсан юм тэгээд явж байхад нэг том пиво Алтан-Эрдэнэ, Амин-Эрдэнэ, Захирахбаатар нар нь хувааж уусан засмал замаас салаад шороон замд ороод зогсоод бууж шээх гээд бүгд машинаас буусан тэгээд үлдсэн нэг пиво задлаад надад хоёр хийж өгсөн би уусан тэгээд Алтан-Эрдэнэ, Амин-Эрдэнэ, Захирахбаатар нар нэг нэг уугаад талд нь оруулаад машиндаа суугаад хөдлөөд явсан тэгээд 10 гаран км явж байгаад Цөлийн-Ам уруудаад явж байгаад машин бөгсөө хаясан тэгээд машин баруун тийш замаас гарах гэтэл би зүүн тийш жолоогоо дарахад машин жолоочийн эсрэг талаар хөндлөн болоод онхолдсон би машин онхолдох үед хажууд сууж явсан дүү Анударийг барьж аваад тэвэрсэн машин хэд хөрвөөсөн талаар сайн мэдэхгүй байна машин дотор би иргээд байсан машин чанга дээшээ харж онхолдсон би машинаас дүүгээ аваад урд цонхоор гарахад машины кабин дотор хүн байхгүй байсан би машин тойрч харахад онхолдсон машины зүүн талд 1-2 метрийн зайнд дүү Захирахбаатар, Энхлхагва хоёр хэвтэж байсан нэрээр нь дуудаж бие нь яаж байна гэж асуухад хариулахгүй байсан машинаас зүүн урд зүгт байх 7-9 метр орчим Алтан-Эрдэнэ газар дээшээ харцан хэвтэж байсан мөн Амын Эрдэнэ газар сууж байгаад дээш хараад хэвтээд өгсөн нэг мэдэхэд манай сумын Даваа ах, Нэмэхбаяр эгч, нэг эгчтэй ирчихсэн ухаа алдсан хүмүүст тусалж байсан тэгээд удалгүй эмч нар ирсэн... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Д.Буянжаргалын ... Би 2021 оны 07 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед байх манай сумын Төрийн банк-ны эрхлэгч Гэрэлээ нь утсаар залгаад эгч та хаана байна танай хүү Б машинтайгаа Цөлийн ам гэх газарт онхолдсон байна гэж хэлсэн тэгээд би өөрийн ээжтэй утсаар яриад та осол гарсан газар яваад очооч хүү машинтайгаа явж байгаад осолд орсон байна гэж хэлсэн тэгээд би хотоос өөрийнхөө машинтай эгч Алтанцэцэг, ах Сэргэлэн нартай хамт явсан тэгээд осол болсон газар ирэхэд Цөлийн ам гэх газарт байдаг Отгонбазар гуа хаваржааны ард манай хүүгийн унаж явсан 65-81 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл шороон замын ард онхолдсон байсан тэгээд би зорчиж явсан хүүхэд нарыг нь өөрийн хүү Баас асуухад сумын төв рүү эмч нар ирээд аваад явсан гэж хэлсэн тэгээд би араас нь сумын төв ирж эмнэлэг ороход яаралтай гэмтсэн 5 хүүхэд нарыг нь Улаанбаатар хот руу авч явчихаар болсон байсан тэгээд би цуг яваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч ар гэрийнхэнтэй уулзаж хагалгаанд орсон Захирахбаатар эмчилгээний зардлыг 100 хувь өгсөн нийт 4 сая 150 мянган төгрөг өгсөн. Манай хүү осол болох өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотоос Өндөрширээт сум руу өөрийнхөө машинтай манай эгчийн хүүхэд Анударь, төрсөн дүүгийн хүүхэд Алтан-Эрдэнэ, хөрш Сэргэлэн ахын хүүхэд Энхлхагва, Сэргэлэн ахын худ Ариунболдын Амин-Эрдэнэ, найз Захирахбаатар нартай цуг явсан юм... /хх-ийн 13 дугаар хуудас/,

яллагдагч М.Бын ...Би энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй тул одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би болсон хэргийн талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор надад өөр нэмж хэлэх зүйл алга байна. Би өөрийнхөө замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Би дээрх зам тээврийн ослын учруулсан хохирлыг өөрийнхөө боломжоор бүрэн барагдуулсан.... /хх-ийн 58 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 84-87 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч М.Бын согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд Уянга 3 дугаар багийн нутаг “Цөлхийн ам” гэх газарт шороон замд “Хюндай портер” маркийн 65-81 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчиж явсан С.Энхлхагва, О.Захирахбаатар, А.Амин-Эрдэнэ, Т.Анударь нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Алтан-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан ба энэ гэмт хэргийг хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч М.Бын согтуурлыг драгер 6820 маркийн багажаар шалгахад 0.38 хувийн согтолттой гэж гарсан талаарх тэмдэглэлээр түүнийг согтуурсан үедээ гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Бын тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь тэрээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр урсгал сөрөг үйлдэл хийж, мөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед урсгал сөрөг арга хэмжээг таслан зогсоогоогүй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд дөрвөн хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч М.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шинжээрээ тухайн зүйл, хэсэг заалтын “согтуурсан” гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Мөн шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Hyundai.porter” маркийн 65-81 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.Энхлхагва, А.Амин-Эрдэнэ, Т.Анударь, О.Захирахбаатар нарын биед хүндэвтэр, М.Алтан-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч М.Бын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршигт насанд хүрээгүй хохирогч С.Энхлхагва, А.Амин-Эрдэнэ, Т.Анударь, О.Захирахбаатар, М.Алтан-Эрдэнэ нарт төлөх төлбөргүй гэх бөгөөд насанд хүрээгүй хохирогч С.Энхлхагва, А.Амин-Эрдэнэ, Т.Анударь, О.Захирахбаатар, тэдний хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанзул, Д.Намхай, Д.Даваажаргал, Я.Янжмаа нар нь хохирол төлбөр, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлд бичигдсэн тайлбараар тогтоогдож байна. Шүүгдэгч М.Б нь насанд хүрээгүй хохирогч А.Амин-Эрдэнэд 4.150.000 /дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөг, О.Захирахбаатарт 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 7.550.000 /долоон сая таван зуун тавин мянга/ төгрөгийг хохирол төлбөрт төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч М.Быг насанд хүрээгүй хохирогч С.Энхлхагва, А.Амин-Эрдэнэ, Т.Анударь, О.Захирахбаатар, М.Алтан-Эрдэнэ, тэдний хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанзул, Д.Намхай, Д.Даваажаргал, Я.Янжмаа нарт төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа насанд хүрээгүй хохирогч С.Энхлхагва, А.Амин-Эрдэнэ, Т.Анударь, О.Захирахбаатар, М.Алтан-Эрдэнэ нарт учруулсан хохирлыг төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгч болон бусад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанзул, Д.Даваажаргал, Я.Янжмаа, Д.Намхай нарын зүгээс гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах гэсэн хэд хэдэн үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч М.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000311 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Бын жолоочийн 1277953 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

              36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

                    дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                                тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б М.Бд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2134000000311 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч С.Энхлхагва, А.Амин-Эрдэнэ, Т.Анударь, О.Захирахбаатар, М.Алтан-Эрдэнэ, тэдний хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанзул, Д.Намхай, Д.Даваажаргал, Я.Янжмаа нарт төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б М.Бын жолоочийн 1277953 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

            7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

             

            8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН