Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 836

 

 МАГАДЛАЛ

 

 

2018.9.11                                                            №836                                              хянуулах

 

 

 

 

Н.Аад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Г.Эрдэнэ,

          шүүгдэгч Н.А,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1941 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 85 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Н.Аад холбогдох 1806 0481 51310 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Халхчууд овгийн Налжирмаагийн А, 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүргэн ах, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум

Н.А нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны 01 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55-09 тоотод иргэн Б.Бийн Хаан банкны 5022459156 дугаартай данснаас хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар 700.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Аад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Прокуророос яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Н.А нь тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурор шийдвэр гаргасан байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл /хх-ийн 56/ "...яллагдагч Н.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тодорхой газар очих тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авахуулахаар гаргасан саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан танилцуулав” гэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж... гэж хуульчилсан байхад прокурор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэхээр санал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Үүнээс дүгнэхэд прокурор нь шүүгдэгч Н.Аын холбогдсон эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ болох 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих гэснээс алийг нь ч төрөл болон хэмжээ тогтоон танилцуулаагүй байна. Прокурорын дээрх саналаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулахаар гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх” тухай санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Прокурор нь яллах чиг үүргийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд хуульд заасны дагуу зөвхөн яллах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Харин хэргийг эцэслэн шийдвэрлэсэн мэт байдлаар санал гаргахгүй байх нь зохилтой.

Шүүх хэргийг прокурорын саналын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3   дахь заалтад заасан нөхцөл шаардлага шалтгаан шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэл эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1941 дугаартай захирамжаар Н.Аад холбогдох хэргийг прокурорт буцаасан захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт хуульчлагджээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд хэргийг хялбаршуулахад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардаж байна.

Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэсэн хуулийн заалтын дагуу Н.Аад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялыг танилцуулсан бөгөөд Н.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлоо барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан нь хялбаршуулах журмаар  шийдвэрлүүлэх,  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага нөхцөл байдал хангагдсан гэж үзэж байна.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гарна.

Хуулийн  дээрх  зохицуулалтаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх   үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй уялдах бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна. Гэвч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу танилцуулж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт... түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж... гэж хуульчилсан байхад прокурор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэхээр санал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл... хэргийг эцэслэн шийдвэрлэсэн мэт байдлаар санал гаргахгүй байх нь зохилтой ..." гэж дүгнэж, прокурорт буцаасан нь ойлгомжгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүхээс прокурор яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж үзсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана яаж хэрэглэхийг ойлгомжгүй болгосон, тунхаг төдий заалт болгож, хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх олон улсын жишиг хандлага болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ойлголтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхгүй байна гэж дүгнэж байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар: "хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна" гэсэн заалтад тусгагдсан эрүүгийн хариуцлагыг шүүхээс шууд ялтай холбож ойлгож байгаа нь хууль буруу хэрэглэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамрахаар байна. Өөрөөр хэлбэл прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Аад " ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах” саналыг шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж тайлбарлах зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзэх үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд прокурорт буцаахаар заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар заасан байна.

Прокуророос Н.Аад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын саналыг танилцуулахдаа хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах санал гарган танилцуулж /хх-56/, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын саналын талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж шүүхэд шилжүүлэхийг хуульчилсан бөгөөд энэ талаар шүүгчийн захирамжид үндэслэлтэй зөв тайлбарласан байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 85 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1941 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 85 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                           Д.МЯГМАРЖАВ

                                                                                               

                                                                                                М.АЛДАР