Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0665

 

“А” ХХК болон нэр бүхий 10

                компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У

Нэхэмжлэлийн шаардлага: Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 653 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц

Нэхэмжлэгч “Нью тренд” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2021/0885/З/Т

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК, “Б т” ХХК, “Б” ХХК, “Н Т” ХХК, “С” ХХК, “Ү” ХХК, “У д” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “Т Э Ж” ХХК, “Э с” ХХК-иудаас нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ус сувгийн удирдах газарт тус тус холбогдуулан “Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 653 дугаар шийдвэрээр: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж, усаар хангахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Урт цагаан худалдаа үйлчилгээний төв нь нийслэлийн өмч бөгөөд нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй. Тус барилгыг нийслэлийн Өмчийн харилцааны газар нь бусдад түрээсийн гэрээгээр түрээслүүлж, ашиглуулдаг.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд холбогдох журмын дагуу түрээслэгчийг сонгон шалгаруулж, тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгон сонирхсон этгээдийг оролцох боломжоор ханган боломжит этгээдэд түрээслүүлдэг.

Нэхэмжлэгч нар нь түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг байсан ч холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр түрээслээгүй бөгөөд хамгийн сүүлд 2019 онд түрээсийн гэрээ байгуулсан. Бид гэрээ байгуулахгүй талаар болон байр талбайг чөлөөлөх талаар мэдэгдлийг өгсөн ч чөлөөлөөгүй байна. Үүнээс хойш өнөөг хүртэл түрээсийн гэрээгүйгээр, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэв зохих журмын дагуу түрээсийн гэрээтэй үйл ажиллагаа явуулж байсан бол усаар хангахыг, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах зэрэг шаардлага гаргах, шаардах үндэс бүрдэх учраас шаардлага гаргах нь зүйн хэрэг. Иймээс тус шаардлага бүхий нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд одоогоор биш байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хэсэгт “А/216 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байх тул тухайн барилгад явуулах үйл ажиллагааг зогсоох тухай Засаг даргын захирамжийн үйлчлэл зогссон, Засаг дарга уг шийдвэрээ албадан хэрэгжүүлэх боломжгүй, түрээслэгч нар барилгыг чөлөөлт өгөх үүрэг хүлээхгүй байх нь” гэж дүгнэжээ.

Урт цагаан худалдаа үйлчилгээний төв нь эдгээр нэхэмжлэгч нарт зориулж байгуулсан объект биш. Гэтэл нэхэмжлэгч нарт зориулагдсан юм шиг, заавал эдгээр хуулийн этгээд тэнд байх ёстой юм шиг иргэний эрх зүйн чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. Тус барилгад худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

Усаар хангах нь хэдий захиргааны байгууллагын шийдвэр байх ч үндсэн суурь харилцаагаа анхаарах хэрэгтэй. Суурь харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа. Эдгээр нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй нь, байр, талбай чөлөөлж өгөхийг шаардсанаар үйл ажиллагааг зогсоож буй хэрэг биш. Зөвхөн эдгээр нэхэмжлэгч нартай л хамтарч ажиллахгүй, гэрээ байгуулахгүй гэсэн үг. Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох” захирамжийг түдгэлзүүлсэн ч гэсэн одоог хүртэл эдгээр нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй нь учиртай. Нэхэмжлэгч нартай хамтарч ажиллах боломжгүй гэрээтэй холбоотой шалтгаанууд бий. Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэн, хуулийн этгээд олон бий. Тэдэнд ч боломж олгох хэрэгтэй. Хууль журмын дагуу бусдад түрээслүүлж үйл ажиллагааг явуулах нь зүйтэй.

Гэвч нэхэмжлэгч нар байр талбай чөлөөлж өгөхгүй өдийг хүрч байна. Эдгээр нэхэмжлэгч нар байр талбай чөлөөлж өгвөл бид зохих журмын дагуу түрээслүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Бид зохих журмын дагуу гэрээ байгуулж түрээсэлбэл иргэний хуулийн дагуу түрээслэгч нараа үйл ажиллагааг явуулах нөхцөлөөр хангаж, усаар хангах өгөх үүрэг хүлээнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан.

Тус заалтын урьдчилсан нөхцөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх явдал юм.

Нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй гэдгийг дээр тайлбарласан тул нэхэмжлэгч нар нь тус шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж үзэж байна.

Шүүхээс нөхцөл байдлыг бодитойгоор зөв үнэлж, үнэхээр ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх эсэхийг шалгаж тогтоож шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            2.1. Нэхэмжлэгч “А” ХХК, “Б т” ХХК, “Б” ХХК, “Н Т” ХХК, “С” ХХК, “Ү” ХХК, “У д” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “Т Э Ж” ХХК, “Э с” ХХК-иудаас “Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож,  гэрээ байгуулж, усаар хангахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд анхан шатны шүүх “...Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан ундны болон ахуйн усаар хүн амыг тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг Эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн тухайн шатны Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн ашиглалт, удирдлагын газар нь энэ чиг үүргээ зөрчиж, барилга байгууламжийн “хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байх, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангасан байх” шаардлагыг хангуулахгүй байгаа нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан ундны цэвэр болон ахуйн усаар хангуулах Эрүүл ахуйн тухай хуулиар эдлэх иргэдийн эрхийг, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрхийг зөрчих үндэслэл болохгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх учиртай.

2.3. Хэдийгээр нэхэмжлэгч компаниуд нь нийслэлийн өмчийн Урт цагаан үйлчилгээний төвд талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг байсан байх боловч тус компаниудын нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, мөн 2020 оноос эхлэн түрээсийн гэрээний хугацааг сунгах боломжгүй талаар нэхэмжлэгч компаниудад мэдэгдэж түрээсийн гэрээг цаашид сунгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.

2.4. Үүнээс гадна нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар “...Иргэдийн ажиллах амьдах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “Урт цагаан үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоохоор шийдвэрлэсэн ба нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /хуучин нэрээр/-аас нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Ус сувгийн удирдах газартай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах тухай” №210112 дугаар гэрээг цуцалсан болох нь тогтоогджээ.

2.5. Дээрх үйл баримтуудаас үзвэл, түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болж, өмчийн эзэн цаашид гэрээг сунгахгүй болсон талаараа мэдэгдсэн, ийнхүү Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 /Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ/-д заасан гэрээ дуусгавар болсноор мөн хуулийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, 288 дугаар зүйлийн 288.1-д “Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 288.1.1-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” гэж заасан үүргийг хариуцагч тал хүлээхгүй буюу нийслэлийн Өмчийн харилцааны газар нэхэмжлэгч компаниудыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах зэргээр түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

2.6. Нөгөөтээгүүр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д ““хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид “гэрээ” гэх/-гээр зохицуулна” гэж тус тус заажээ.

2.7. Дээрхээс үзвэл, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг өмчлөгч этгээд болох нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Ус сувгийн удирдах газартай байгуулах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрөө цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээнээс татгалзсан байгаа энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрыг Ус сувгийн удирдах газартай гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна ийнхүү холбогдох гэрээ байгуулагдаагүй байхад цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэхийг Ус сувгийн удирдах газарт даалгах боломжгүй.

            2.8. Тодруулбал, нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Ус сувгийн удирдах газрыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Мөн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн нэрийг дутуу бичсэн, 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг баримталсан зэрэг алдаа гаргасан байгаа болохыг цаашид анхаарвал зохино.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК, “Б т” ХХК, “Б” ХХК, “Н Т” ХХК, “С” ХХК, “Ү” ХХК, “У д” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “Т Э Ж” ХХК, “Э с” ХХК-иудын “Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулж, усаар хангахыг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН