Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч З.Г нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г-т холбогдох эрүүгийн 2115001360287 дугаартай, 163/2022/0026/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч овогт З-ын Г, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, ... оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: .../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Г нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгаас Орхон сумын чиглэлд ***   улсын дугаартай “Соната-NF” загварын тээврийн хэрэгсэл жолоодож Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Ар мэргэн” гэх газарт засмал зам дээр явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7а, 13.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас Орхон аймгийн чиглэлд жолооч Б.Чинбатын жолоодож явсан ***   улсын дугаартай “Приус-11” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ***   улсын дугаартай “Приус” загварын тээврийн хэрэгсэлд зорчигч Ч.Мөнхжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Саранцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115001360287 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Ар мэргэн” гэх газраас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр З.Г нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***   улсын дугаартай “Соната-NF” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолооч Б.Чинбатын жолоодож явсан ***   улсын дугаартай “Приус-11” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй Ч.Мөнхжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Саранцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г-н өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Гэрэлчулуун гэх ахынхаа ажил дээр очоод “Хараа” нэртэй 0.75 литрийн архины талыг хувааж уучхаад, ажил дээрээ очих шаардлагатай болоод буцаад явсан. Тэгээд буцаж явахдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад хурдаа хасаж чадалгүй, хохирогчийн машины араас нь мөргөсөн. Тэгээд сандарсандаа ослын газраас явсан гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбатын өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Оросын булаг орчхоод ээжийнхээ гэр лүү явж байсан гэнэт нэг машин хойноос ирээд мөргөсөн. Бид нар тийм их хурдтай яваагүй. Тэр үед бид бүх эмчилгээг хийлгэсэн ба шинжилгээний хариу наашаа гараад биеийн байдал нь овоо гайгүй байсан болохоор нь шүүгдэгчид “чи их азтай байна, одоо гайгүй байх” гэж хэлсэн. Энэ залуу эмнэлэг дээр манай эхнэртэй уулзах гэж очсон ч сэхээнд байгаа болохоор уулзуулаагүй. Давхар ковидтой байсан болохоор бид нарыг ч оруулаагүй. Эмнэлгээс 9 хоноод гарсан ба эмнэлгээс гарснаас нь хойш ирж уулзсан. Буяны ажилд 1.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 500.000 төгрөг, өнөөдөр шүүх хурлын өмнө 3.000.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг өгсөн. Машины үнийг одоо болтол өгөөгүй байгаа. Оршуулахтай холбоотой зардал, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардал, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гээд нийт 13 сая гаран төгрөг, охин Ч.Мөнхжин 6 сарын дахин хагалгаанд орох ёстой тиймээс энэ мөнгийг ч бас нэхэмжилж байна. Энэ хүн осол гаргаагүй бол миний эхнэр осолд орж гэмтэл авахгүй, өдийд амьд байх байсан. Ослын улмаас гэмтэл авч эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Миний хань өмнө нь огт өвчин ярьж, эмнэлгээр явж байгаагүй. Тиймээс оршуулахтай холбоотой зардлыг энэ хүн төлөх ёстой. Нэхэмжлэлд нотлох баримтаар ибаримтууд, зарим зардалд нь ибаримт байхгүй, дэвтэрт бүгдийг бичиж хавсаргасан байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулбал гомдол, саналгүй, залуу хүүхдэд заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2115001360287 дугаартай хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Ар мэргэн” гэх газарт Булган-Эрдэнэтийн асфальтан зам дээр хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж Toyota Prius маркийн ***   улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн тал руугаа онхолдсон байдалтай, sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд зорчих хэсгийн зүүн тал руу буусан тээврийн хэрэгслийн мөр үүсгэгдсэн, хэргийн газраас зугтаасан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,

2. Эд зүйлд үзлэг хийсэн: ***   улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Тус тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг буюу гүпер хугарч алга болсон байдалтай, их гэрэл зүүн талынх хагарсан, баруун талынх байхгүй болсон. Копуд хэлбэрээ алдсан байдалтай байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

 

3. Эд зүйлд үзлэг хийсэн: ***   улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Тус тээврийн хэрэгсэл нь Булган-Эрдэнэтийн асфальтан замын хажууд онхолдсон байдалтай харагдах ба тээврийн хэрэгслийн баруун талын урд, хойд дугуй хийтэй хэвийн, зүүн талын урд хойд дугуй хийгүй байв. Кабины зүүн хойд хэсэг буюу тээшний зүүн тал ямар нэгэн зүйлийн үйлчлэлээр чихэгдэж хэлбэрээ алдсан байдалтай нь нүдээр харагдаж байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

 

4. Хэргийн газарт үзлэг хийсэн: Үзлэгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг 3-107 тоотод явуулахаар тогтов. Зочны өрөөний зүүн хойд буланд байх модон орон дээр дээш харсан байрлалтай мах мариа дунд зэрэг 40-50 орчим насны эмэгтэй хүний  цогцос байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

 

5. Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбатын өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр талийгаач Г.Саранцэцэг, охин Мөнхжин нарын хамт Булган аймгийн Бугат сумын нутаг Оросын булаг гэх айлаас хонь авахаар явсан. Өдөр 13 цаг өнгөрч байхад хонио аваад гэр лүүгээ буюу Орхон аймгийн Баян- Өндөр сум руу буцаж явж байхад Хаан бууз гэсэн самбарын ойролцоо явж байхад тас нис гээд дуу гараад хойноос юм мөргөх шиг болсон нэг мэдсэн машин замаас гарч 2 удаа бүтэн хөрвөөж дөрвөн дугуйн дээрээ зогссон. Би сэрээд хартал хажууд талийгаач байхгүй хойд суудал руу харахад миний охин Мөнхжингийн толгойноос цус гарчихсан уйлаад сууж байхаар нь би охиноо машинаас гаргаад талийгаачийг хайхад талийгаач машины зүүн талд газар дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй ухаан алдсан юм шиг хэвтэж байсан. Тэгэхээр нь эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Талийгаач сэрээд хөдөлж чадахгүй байхаар нь би талийгаачийн толгой доор дэр тавиад байж байтал нэг залуу миний өөдөөс миний машины ард гуперийг чирчихсэн хүрч ирээд уучлаарай ахаа гэж хэлсэн. Би тэр хавиар машиныхаа юмнуудыг цуглуулаад Мөнхжингийн толгойноос гарч байгаа цусыг тогтоогоод байж байхад нөгөө залуу байхгүй болсон байсан. Тэгээд эмнэлэг цагдаа хүрч ирээд талийгаач Г.Саранцэцэг, охин Мөнхжин хоёрыг Орхон аймгийн бүсийн оношилгооны төв рүү аваад явсан... Талийгаач 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Талийгаач Г.Саранцэцэг нь дотор муухай оргиод толгой эргээд, гар хөл бадайраад байна гэж хэлэхээр нь би дотроо харвалт өгөх гэж байж магадгүй гэж бодоод авдар дээр байсан Хараа нэртэй 0.33 литрийн задалсан байсан архинаас шилээр нь 3 удаа балгуулсан юм. Тэрнээс өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

6. Насанд хүрээгүй гэрч Ч.Мөнхжингийн өгсөн: Би 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр аав Чинбат, талийгаач ээж Саранцэцэг нарын хамт Булган аймгийн Орхон сумын нутаг Оросын булаг гэх газар луу айлаас хонь авах гээд аав Чинбатын ***   улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн хонь авах айлаасаа хонь авчихаад буцаж гэр лүүгээ буюу Орхон аймаг руу орж явж байх үед гэнэт түс тас гэсэн чимээ гараад манай машин замын хажуу руу гараад 3 удаа өнхөрсөн тэр үйл явдлыг санаж байна. Тэрнээс хойш би ухаан алдсан байсан. Намайг аав Чинбат сэрээсэн би сэрээд эргэн тойрноо харахад миний толгойноос цус гараад духны арьс хууларсан байсан. Би машинаас гараад доошоо газар суугаад цусаа тогтоох арга хэмжээ авсан. Эмнэлэг ирээд талийгаач ээж бид хоёрыг аваад эмнэлэг рүү явсан... Зам тээврийн осол болсны дараа би сэрээд эргэн тойрноо харахад манай машиныг мөргөсөн гэхээр машин байхгүй байсан болохоор ямар машин мөргөснийг нь хараагүй, хүмүүсээс сонсоход Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан гэж ярьж байсан. аав сэрээд сууж байхад нэг залуу манай машины гуперыг барьчихсан ирээд уучлаарай ахаа гэж хэлчхээд яваад өгсөн... гомдолтой байна учирсан хохирлоо нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал /,

 

7. Гэрч О.Гантулгын өгсөн: Өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 40 минутын үед намайг машинтайгаа явж байхад осол гарсан. Би өдөр Ар мэргэн гэх газарт шоргоолж хооллочихоод буцаад Орхон аймаг руу явж байхад Петровис шатахуун түгээх станцаас тойрч эргэлтийн голд авто замд миний хажуугаар саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд маань гарсан. Тухайн тээврийн хэрэгсэл их хурдтай явж байсан. Тэгээд тэр машин миний машинаас 200-300 метр зайтай явж байхдаа цэнхэр өнгийн машины хойноос мөргөөд хоёр машин замын хоёр тал руу гарсан. Соната-6 болохоор эсрэг талын урсгалаа нэвтрээд замаас гарсан. Нөгөө цэнхэр өнгийн суудлын машин замаас гараад газарт 2-3 удаа хөрвөөж онхолдсон... Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ослын газраас хөдлөөд зугтаасан би улсын дугаарын харах гээд амжаагүй гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 58-59 дэх тал /,

 

8. Гэрч Ж.Гэрэлчулууны өгсөн: З.Г над дээр саарал өнгийн Соната-6 машинтай, ганцаараа өөрөө машинаа жолоодсон, бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Бид хоёр З.Г-н авч ирсэн наадмын хуушуурыг идчихээд түүний авч ирсэн 1 шил 0,75 литрийн савлагаатай Хараа архийг 2-уулаа хувааж уучихаад надад байсан 1 шил архийг ахиж хувааж уучхаад байж байтал би согтоод унтаад өгсөн байсан. Намайг унтсан байхад З.Г машинаа жолоодоод миний ажиллаж байсан газраас явсан байсан. Тэгээд орой нь над руу З.Г утсаар залгаад ахаа би хүн дайрчихлаа гээд уйлаад байсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 139 дэх тал /,

 

9. Гэрч Н.Сандуйн өгсөн: Г.Саранцэцэг БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхад түүний биед ямар нэгэн зүрх судасны өвчин эмгэг, зовуурь илрээгүй.... Амь хохирогчийн биед ослын улмаас учирсан гэмтлүүд хүндэрлээ гэж бодоход түүнийг үхэлд хүргэхгүй гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 145 дахь тал /,

 

10. Гэрч Г.Цогзолмаагийн өгсөн: Талийгаач архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй, заримдаа баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгөө бага зэрэг амсдаг байж магадгүй. Талийгаач нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, түүнийг таталт өгөөд бие нь муудахад нь түүний нөхөр болон төрсөн эх нь ярилцаж байгаад 1 хундага архи ам руу нь хийсэн гэж хэлж байсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 147 дахь тал /,

 

11. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Магадлуулагчийн биед баруун бугалгад нэг тооны цус хуралт, зүүн шилбэнд олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй

5. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Магадлуулагчид архаг хууч өвчин тогтооход шаардлагатай эмнэлгийн бичиг баримт үгүй тул тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

 

12. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. З.Г 23 н/эр гэж хаяглан ирүүлсэн цусанд 2.0 промиль процент спирт илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

 

13. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Магадлуулагчийн биед дух, хамар, уруулд олон тооны зүсэгдсэн шарх, баруун шилбэнд 1 тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Гэмтэл шарх нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй

6. Магадлуулагчид архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 790 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд:

1. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181 дугаартай дүгнэлтийн 5 дугаар заалтаас бусад нь үндэслэлтэй, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2-р заалт, 3, 5-р заалтын архины шалтгаант гэснээс бусад нь үндэслэлтэй байна.

2. Талийгаач Г.Саранцэцэгийн биед зүүн сүүжний тогоо дайрсан зөрүүтэй хугарал, баруун сүүжний тогооны урд баганын хугарал, сээрний 11, 12-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэн ясны хугарал, зүүн шуу болон богтос ясны доод хэсгийн хугарал, тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл учирчээ.

3. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл ба 2021.7.11-ний өдрийн зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

5. Зүүн сүүжний тогоо дайрсан зөрүүтэй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун сүүжний тогоон урд баганын хугарал, сээрний 11, 12-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэн ясны хугарал, зүүн шуу болон богтос ясны доод хэсгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно.

6.  Талийгаач Г.Саранцэцэг нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байна.

7. Талийгаач Г.Саранцэцэг нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх судасны дутагдлаар нас баржээ.

8. Талийгаач Г.Саранцэцэгийн биед учирсан гэмтэл нь нас барсан шалтгаанд нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 158-171 дэх тал/,

 

15. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн магадалгаанд: Жолооч З.Г нь замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан: Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх,

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

Жолооч Б.Чинбат /ГИ70012810/ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

Дээрх Зам тээврийн ослын шалтгаан нь жолооч Зоригбадам овогтой Ганзориг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэг, 3.7.а дахь хэсэг, 13.1 дэх хэсгүүдийг зөрчсөний улмаас осол гарсан байна гэх /хавтаст хэргийн 129 дэх тал/,

16. “Тольдох оюуны өгөөж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2021 оны 7 сарын 30-ны өдрийн №21/112 тоот шинжээчийн:

***   улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл зах зээлийн үнэлгээг 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 6.000.000 төгрөг, эвдрэлийн хэмжээг 5.490.500 төгрөг гэж тогтоов, ***   улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 6.000.000 төгрөг, эвдрэл гэмтлийн үнэлгээг 1.440.000 төгрөг гэж тус тус дүгнэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 74-85 дахь тал/,

 

17. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлийн хуудас /хавтаст хэргийн 204 дэх тал/,

18. Шүүгдэгч З.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт байдаг Бүрэн бүст амралтын газрын ойролцоо барилга дээр ажиллаж байсан зүс таних Гэрэлчулуун ах дээр очиж Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи тал хүртэл нь хувааж уучхаад би гэр лүүгээ харилаа гэж хэлээд ***   улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Орхон аймаг руу явж байх замдаа Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Ар мэргэн” гэх газар урд яваа суудлын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд буцаж эгнээндээ ороод хурдаа сааруулж чадалгүй цэнхэр өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн араас нь очиж мөргөсөн юм. Уг тээврийн хэрэгслийг мөргөчхөөд би замын эсрэг урсгал руу орж замаас гарч зогссон нөгөө цэнхэр өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан замаасаа гарч онхолдсон юм. Би онхолдсон тээврийн хэрэгсэл дээр очиход тээврийн хэрэгслийн зүүн талд газар нэг эгч ёооё гээд хэвтэж байсан машины жолооч талаас нэг ах бууж ирэхээр нь би уучлаарай ахаа гэж хэлчхээд машин руугаа яваад машинаа унаад хэргийн газраас зугтаасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 185 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбатын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч О.Гантулгын “Петровис” шатахуун түгээх станцаас тойрч эргэлтийн голд авто замд миний хажуугаар саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай явж гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд маань гараад миний машинаас 200-300 метр зайтай явж байхдаа цэнхэр өнгийн машины хойноос мөргөөд хоёр машин замын хоёр тал руу гарсан. Соната-6 болохоор эсрэг талын урсгалаа нэвтрээд замаас гарсан. Нөгөө цэнхэр өнгийн суудлын машин замаас гараад газарт 2-3 удаа хөрвөөж онхолдсон... Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ослын газраас хөдлөөд зугтаасныг харж гэрчилсэн мэдүүлэг, шүүгдэгч З.Г-н жолоодож явсан ***   улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл нь З.Г-н эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл болохыг гэрчилсэн гэрч Э.Батдэлгэр, С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг, зорчигч Ч.Мөнхжин, Г.Саранцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан ба хохирогч Г.Саранцэцэг нь ослын улмаас эмнэлэгт 9 хоног эмчилгээ хийлгээд гэртээ гараад 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх судасны дутагдлаар амь хохирсон болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 790 дугаартай шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 26-ны 180 дугаартай дүгнэлт, З.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, хохирогчид тусламж үзүүлэх, цагдаад мэдэгдэх ... гэх үүргээ биелүүлэлгүй ослын газрыг зориуд орхиж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын дүгээр сарын 04-ний өдрийн магадлагаа, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн талаарх шинжээчийн 2021 оны 7 сарын 30-ны өдрийн №21/112 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч З.Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн  ***   улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож тухайн өдрийн 14 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг буюу Булган аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үедээ уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Орхон аймгийн чиглэлд жолооч Б.Чинбатын жолоодож явсан ***   улсын дугаартай “Приус-11” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчигч насанд хүрээгүй Ч.Мөнхжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Саранцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн ослын газрыг зориуд орхиж явсан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхжин, Г.Саранцэцэг нарын биед тогтоогдсон хөнгөн, хүнд гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг хөрвөөх үед цохих, цохигдох, шидэгдэн унах байдлаар авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Ганзоригийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч З.Г жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч З.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч З.Г-н буруутай үйлдлийн улмаас Г.Саранцэцэгийн эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй Ч.Мөнхжингийн биед хөнгөн хохирол учирсан.

Хохирогч Г.Саранцэцэг нь зүүн сүүжний тогоо дайрсан зөрүүтэй хугарал, баруун сүүжний тогооны урд баганын хугарал, сээрний 11, 12-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэн ясны хугарал, зүүн шуу болон богтос ясны доод хэсгийн хугарал, тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн мөрний зулгаралт гэмтлийн улмаас Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 9 хоног эмчилгээ хийлгээд гэртээ гараад буюу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх судасны дутагдлаар нас барсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 158-171 дэх тал/ тогтоогдсон.

Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбат нь хохирогч Г.Саранцэцэгийн эмчилгээний зардалд 754.037 төгрөг, талийгаачийн оршуулахтай холбоотой зардалд 6.415.140 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 5.490.500 төгрөг, нийт 12.659.677 төгрөг, мөн Ч.Мөнхжингийн хагалгааны төлбөр нэхэмжилж шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт ирүүлсэн.

Шүүх хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хрыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Шүүх хуралдааны өмнө шүүгдэгч З.Г нь 3.000.000 төгрөгийг бэлнээр хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбатад өгч, мөн Г.Саранцэцэгийг эмнэлэгт хэвтэж байх үед эмчилгээний зардалд 500.000 төгрөг дансаар шилжүүлж, талийгаачийн буяны ажилд 1.000.000 төгрөг өгөх зэргээр нийт 4.500.000 төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь талийгаачийг оршуулахтай холбоотой зардал, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээний дагуух төлбөр буюу нэхэмжилсэн хохирлоос үлдсэн хэсгийг төлчихвөл гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Чинбат нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурсан, дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй боловч талийгаач Г.Саранцэцэгийг осолд орж гэмтэл авсны улмаас эмчилгээ хийлгэж, уг гэмтлийн улмаас нас барсан тиймээс оршуулахтай холбоотой зардлыг нэхэмжилнэ гэснийг үгүйсгэх боломжгүй юм.

Иймд Г.Саранцэцэгийн зүрхний булчингийн эмгэгшил дутагдал буюу зүрх судасны дутагдлаар нас барахад эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, бие махбодын болон сэтгэл санааны зовуурь, шаналал үүссэн нь нөлөөлсөн гэж үзэж, шүүгдэгч З.Г-н талийгаачийн оршуулахтай холбоотой зардлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлснийг харгалзан хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбатын нэхэмжлэлийн шаардлагын талийгаач Г.Саранцэцэгийг оршуулахтай холбоотой зардалд нэхэмжилсэн 6.415.140 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангасан 5.510.773 төгрөгийн 50% буюу 2.755.387 төгрөг, хохирогчийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн эм тариа, шатахууны зардалд ирүүлсэн нотлох баримтын хэмжээгээр 754.037 төгрөг, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу “Приус-11” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6.000.000 төгрөгөөр, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 5.490.500 төгрөгөөр тогтоосон №21/112 дугаартай дүгнэлтийг үндэслэж тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5.490.500 төгрөг, нийт 8.999.924 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.659.753 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн төлсөн 4.500.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч З.Ганзоригоос 4.499.924 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Чинбатад олгохоор шийдвэрлэв.

Мөн насанд хүрээгүй Ч.Мөнхжингийн биед хөнгөн гэмтэл учирсан ба 6 сарын дараа дахин хагалгаанд орох тул хагалгааны төлбөрийг нэхэмжилнэ гэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд нотлох баримт ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.Г-г  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч З.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч З.Г-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэргийн 189-209 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, худалдах, худалдан авах гэрээ, Орхон аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03/1818 дугаартай тодорхойлолт, “Цагаан алтан хүнс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч З.Г нь ам бүл 2, ээжийн хамт амьжиргааны түвшний босго онооноос доогуурт багтаж Орхон аймаг, Баян-Өндөр сумын Наран багийн 24-03 тоотод оршин суудаг, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримт байх тул /хавтаст хэргийн 189 дэх тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

 

Шүүгдэгч З.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үлдэх хохирлыг улирлын чанартай ажил хийдэг тул 2022 оны 5, 6 дугаар сард ажлаа эхлэхээр төлөхөө илэрхийлсэн, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Чинбатын гомдол саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч З.Г-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлдээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Г нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт З-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Г-г  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-г  3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд З.Г-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Г-н Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Г-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 3 сараар хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ганзоригоос 4.499.924 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж ... оршин суух Б-ын Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.659.753 /гурван сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ч нь насанд хүрээгүй Ч.М-гийн хагалгааны зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

12. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ