Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч Х.Ө-,

Шүүгдэгч К.О- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.х овогт К-ны О-д холбогдох эрүүгийн 2213000090026 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, С.х овогт К-ны О, регистрийн дугаар БВ..........., 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... дүгээр багт, Их булан ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч К.О-ы холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч К.О- нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.

1.2. Шүүгдэгч К.О- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

1.3. Хохирогч  Б.С- мэдүүлэхдээ: “...гомдол саналгүй, хохирлоо төлүүлж авсан.” гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2213000090026 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас:

1. Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 04, 42-43, 72 дахь тал/,

2. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

3. Шүүгдэгч К.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав

Харин шүүгдэгч К.О-, хохирогч Б.С- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.О-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч К.О-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй  болно.

 

Шүүгдэгч К.О- нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күнгей” дэлгүүрийн хажууд байрлах таксины зогсоолд зогсож байхад үл таних халамцуу залуу ирээд Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гэр рүүгээ хүргүүлнэ гэж хэлээд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт очоод гэрээ олохгүй баахан явсан. Тэгээд хүмүүсээс асууж байгаад гэрийн олоод гэрт нь оруулж өгчихөөд одоо таксины мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй гээд агсам тавьж, миний толгой руу өшиглөж, толгойгоороо миний толгой руу хэд хэдэн удаа мөргөсөн.

К.О- надаас ирж уучлалт гуйж архи уугаад юу болсныг сайн санахгүй байна. Гар хүрснээ санаж байна. Миний буруу гээд надад бэлнээр 300.000 төгрөг өгөөд уучлалт гуйсан. Би уучлалт өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 04, 42-43, 72 дахь тал/,

- Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...Б.С-ын биед тархины доргилттой, хамрын яс хугарсан, зүүн нүдэнд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд мурийлттай, хөх ягаан туяатай цус хуралттай, зулгарсан, зүүн чихний дэлбээнд зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 42 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Шүүгдэгч К.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Би тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө малын зах дээр очиж малаа зарж үдээс хойш ганцаараа архи авч уугаад нэлээд согтсон юм. Тэгээд би оройтсон учир гэр лүүгээ явахдаа таксины зогсоолоос такси барьж 4 дүгээр багт байдаг гэр лүүгээ явахдаа дулаан машинд суугаад бүр их согтсон байсан. Ингээд гэрээсээ өнгөрөөд явж байгаад буцаад гэрээ олоод буух гэхэд таксины мөнгө гээд 30000 төгрөг нэхэхээр нь би тийм их мөнгө гарах ёсгүй гээд би 10000 төгрөг өгөөд гэр лүүгээ ороод сууж бахад таксины жолооч гэх нөгөө ах манай гэрт орж ирээд надаас дутуу өгсөн мөнгөө нэхээд байсан. Тэр үед манай гэрт ээж бид хоёр л байсан. Тэгээд би тэр таксины жолооч гэх Б.С- гэх хүнд хандаж чи манай гэрт орж ирээд яагаад хэрүүл маргаан гаргаад байгаа юм бэ, би чамд таксины мөнгийг чинь өгсөн, одоо манай гэрээс гар гэж түлхэж толгой хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод авсан. Тэгтэл тэр надтай зууралдаж хэрүүл хийгээд байхаар нь өшиглөөд гэрээс хөөж гаргасан. ...Би Б.С-ын биед хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...бэлнээр 300000 төгрөгөө өгч уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч К.О-ы гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч К.О- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний хамар тус газарт толгойгоороо мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч К.О-ы үйлдлийн улмаас хохирогч Б.С-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч К.О-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.  

 

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-д 176.900 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч К.О- нь хохирол гэж 300.000 төгрөг өгсөн ба хохирогч Б.С- нь “...нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгч К.О- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.О-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч К.О- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байсан болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-78 дах тал/-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч К.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүгдэгч К.О- нь хуульд заасан хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

Шүүгдэгч К.О-ы саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Долоо.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч К.О- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.  

Шүүгдэгч шүүгдэгч К.О-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.х овогт К-ны О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар         шүүгдэгч К.О-ыг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч К.О- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч К.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК