Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 161/2022/0019/Э |
Дугаар | 2022/ШЦТ/20 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/20
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч Я.Д-,
Шүүгдэгч С.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт С-гийн А-эд холбогдох эрүүгийн 2213000000036 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, .......... ажилтай, Баян-Өлгий аймгийн ...... сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багт түр оршин суудаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж.х овогт С-гийн А-, регистрийн дугаар БВ.....................
Шүүгдэгч С.А-ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Гурван-Эрдэнэ төв дотор, мөн тус сумын 10 дугаар багт байрлах хохирогч Ж.А-ы байшинд 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө хохирогч Ж.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.
1.2. Шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2213000000036 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас:
1. Хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал/,
2. Гэрч Х.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
3. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
4. Насанд хүрээгүй гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
5. Гэрч Ш.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дэх тал/,
7. Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав
Харин шүүгдэгч С.А-ээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.А-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.А-ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч С.А- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Гурван-Эрдэнэ төв дотор, мөн тус сумын 10 дугаар багт байрлах хохирогч Ж.А-ы байшинд 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө хохирогч Ж.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагийн үед төрсөн ах Керей гэх хүний цайллаганд очсон бөгөөд уг цайллага нь Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Гурван-Эрдэнэ төвд болж өнгөрсөн. ...Цайллага тарах дөхөх үед би тамхи татах санаатай ганцаараа гараад доошоо 2 дугаар давхар луу шатаар буух гэж байтал нэг нөхөр ирээд миний араас дагз хэсэг рүү цохиж авахаар нь би хойшоогоо эргэж харахад тэрээр миний хамар хэсэг рүү хоёр удаа цохиж авахад хамарнаас цус гарсан. ...Нэг мэдэхэд нөгөө Гурван-Эрдэнэ төвд намайг цохидог залуу татаж босгож ирээд шууд хамар луу хэд хэдэн удаа цохиж авах шиг болсон. Тэр үед би унтаж байсан дээрээс нь халамцуу байсан тул өөрийгөө хамгаалж чадсангүй. ...Надад гэмт хэргийн улмаас тухайн үед томограф зураг авхуулахад 36.000 төгрөгийн хохирол учирсан. ...С.А-ийн зүгээс надаас уучлалт гуйж, надад учирсан 36.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул одоогоор надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал/,
- Гэрч Х.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цайллага тарахаас 20 гаруй минутын өмнө нөхөр Ж.А- гадагшаа гарч тамхи татахаар явж байгаад худ талын залуутай муудалцсан. Тэр залуу манай нөхөр лүү дайрч эрх чөлөөнд нь халдах үед нөхрийн дүү болох Д.А- бид хоёр салгаж аваад Д.А- нь нөхөр Ж.А-ыг гэрт хүргэж өгөөд хүрээд ирсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа хадам аав над руу утсаар залгаад Ж.А-ыг ирээд зодчихлоо гэхээр нь бид нар гэр лүү яваад очиход нөхрийг зодсон худ талын үл таних залуу зугтаад явчихсан, нөхөр буйдантай өрөөнд хамар нь мурийчихсан, хамарнаас нь цус гарсан байдалтай сууж байсан. ...Нөхөр Асан Гурван-Эрдэнэ төвийн гурван давхраас шатаар доошоо бууж байхад араас нь нөгөө залуу очиж, эхлээд хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохиж аваад дараа нь нөхрийн нүүр хэсэг рүү хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
- Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би үүдний коридорт зогсож байтал хамаатан ах Ж.А- гадагшаа гарч тамхи татахаар гарахад араас нь худын хүргэн болох С.А- гарч ирээд Ж.А- ах шатаар доошоо бууж байтал Адилет гэх залуу Ж.А- ахын дагз хэсэг рүү нь нэг удаа цохиж авахад Ж.А- ах эргэж харах үед нүүр хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохиж авахад хамарнаас цус гараад эхэлсэн. ...Ж.А- ахыг салгаж аваад өөрийнхөө машинаараа гэрт нь хүргэж өгсөн. Би буцаж ирээд 15 минутын дараа өвөө Жүкей над руу утсаар залгаж гэрт нь нэг залуу ирээд Ж.А-ыг зодоод явчихлаа хүрээд ирээрэй гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
- Насанд хүрээгүй гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өөрийнхөө өрөөнд орондоо унтах гэж байтал манай гэрт нэг эрэгтэй хүн ороод ирсэн. Тэгээд шууд миний өрөөнд орж ирээд миний мөрнөөс татахад би толгойгоо өндийлгөхөд тэр эрэгтэй хүн надад чи биш юм байна гэж хэлээд шууд миний өрөөнөөс гараад аавын унтаж амарч байсан өрөө рүү орчихсон. Тэр хүний араас дагаад юу хийж яваа хүн бол гэж очиход тэр хүн манай аавыг буйдангаас татаж босгож байгаад нүүр, хамар хэсэг рүү 2-3 удаа тас тас гэх дуу чимээ гаргаж цохиж авсан. Би шууд тэр хүний хажууд дөхөж очоод ааваас холдуулж салгаж авахад нөгөө хүн манай гэрээс гараад явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
- Гэрч Ш.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэрт ороод ирэхэд үүдний амбаар дотор нэг намхан нуруутай залуу зөрөөд гарсан. ...гэр дотор ороод ирэхэд хүү Ж.А- нь гал тогооны өрөөнд нүүр ам нь цус болчихсон байсан ба ач Алтынбек аавыгаа барьсан зогсож байсан. ...юу болсон талаар хүүгээсээ асуухад саяны орж ирдэг залуу зодчихлоо гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
- Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “...Ж.А-ы биед хамрын яс, мөгөөрс нь хугарч, таславч зүүн тийш мурийсан, үүдэн дээд зүүн 3 шүд нь хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй, зүүн чигчий хурууны 1-р үе мултарч хөхөрсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 115 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дэх тал/,
- Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч С.А-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч С.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний хамар тус газарт толгойгоороо мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.А-ы биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.А-ы “...нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан, гомдол санал байхгүй.” гэх баримтаар /хавтаст хэргийн 118 дахь тал/ шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч С.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг С.А-эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.А- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.А- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.
Шүүгдэгч С.А- нь хуульд заасан хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
Долоо.Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч С.А- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч шүүгдэгч С.А-эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.х овогт С-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.А- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК