Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00370

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00370

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, БЖ***** регистрийн дугаартай, Нура овогт С.С ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургууль /захирал К.Е/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Е, гэрч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тушаалаар тус сургуулийн хичээлийн зохицуулагчаар томилогдож ажиллаж ирсэн. Ажилласан хугацаанд ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тушаалаар 2017 онд аймгийн Ерөнхий боловсролын нийт төсвөөс 62.5 сая төгрөг хасагдсантай холбоотойгоор тус сургуулийн хичээл зохицуулагчийн орон тоог цомхтгож хичээл зохицуулагчаар ажиллаж ирсэн намайг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 49 дугаартай албан бичгээр Тус сургуулийн хичээл зохицуулагчийн орон тоо цомхтгогдсонтой холбогдуулан таныг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдэж байна гэж ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа мэдэгдсэн. Ажил олгогчийн энэ тушаал нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Тухайлбал миний бие 7 сартай жирэмсэн бөгөөд жирэмсний амралтаа авахад 7 хоног дутуу байхад шууд ажлаас чөлөөлсөн. Мөн 2017 онд аймгийн Ерөнхий боловсролын нийт төсвөөс 62.5 сая төгрөг хасагдсан нь манай сургуулийн үйл ажиллагаа, миний ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй огт хамааралгүй юм. Саяхнаас манай сургуульд электрон цаг бүртгэгч авч тавьсан. Тэрнээс хойш сургуулийн захирал электрон цаг бүртгэгч авч тавьсан учир чамд хийх ажил байхгүй, ажлаас гаргана гэж дарамталж ирсэн. Хичээл зохицуулагчийн хийж гүйцэтгэх ажил нь электрон цаг бүртгэгчтэй огт хамааралгүй асуудал. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж зөрчигдсөн эрхийг хамгаалж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн хичээл зохицуулагчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуульд тус сургуулийн захирлын 35 дугаар тушаалаар хичээл зохицуулагчаар томилогдож ажиллаж ирсэн. Энэ ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус сургуулийн захирал К.Е 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 32 дугаар тушаалаар аймгийн боловсролын салбарын нийт төсвөөс 62.5 сая төгрөг хасагдсантай холбоотой намайг үндсэн ажлаас чөлөөлсөн. Уг төсөв мөнгө хасагдсан асуудал надад хамааралгүй гэж байна. Намайг 7 сартай жирэмсэн байхад буюу жирэмсний амралт авахад 7 хоног дутуу байхад намайг ажлаас чөлөөлсөн. Сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд 11 хүн орох ёстой байтал 2 хүн орж миний амьдралыг шийдсэн. Тийм учраас намайг урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирал К.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.Тус сургуулийн хичээлийн зохицуулагчаар ажиллаж байсан С.С нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт авахаар хүсэлт гаргасны дагуу сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулж уг асуудлыг хэлэлцсэн. Энэ хурлаар Засаг даргын орлогчийн албан бичиг болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд эмчийн магадлалын дагуу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлж жирэмсний амралт эхэлнэ, орон тоо Төсвийн тухай хуулийн 6.2.5 дахь заалтын дагуу цомхтгогдоно гэх асуудлыг биечлэн танилцуулсан. Уг хуралд С.С өөрийн биеэр оролцож, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан. Иймд С.Сийг 7 хоногийн өмнө ажлаас чөлөөлсөн зүйл огт байхгүй, 4 дүгээр сарын цалинг бүрэн олгосон болно.

2.Аймгийн Засаг даргад тус сургуулийн 2017 оны цалингийн сан хүрэлцэхгүй болсон тул төсвийн тодотгол хийлгэх талаар хүсэлт гаргасан боловч сургуулийн цалингийн санг нэмэгдүүлэх боломжгүй гээд тус 3 дугаар бүрэн дунд сургуулийн батлагдсан бүтэц орон тоог аймгийн Засаг даргын орлогч 2007 оны 2-01/ 777 тоот албан бичгээр ирүүлсэн. Тийм учраас сургуулийн хичээлийн зохицуулагчийн орон тоо байхгүй байсан тул тус орон тоог цомхтгох шаардлагатай болсон. Иймд уг асуудлыг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн дэргэдэх хурлаар хэлэлцэж С.Сийг жирэмсний амралт авсан өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сургуулийн хичээлийн зохицуулагчийн орон тоог цомхтгох тухай сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 тоот тушаал гарсан. Энэ нь С.Сийг төсөв хийлгэх үүднээс сургуульд хүн авч ажиллуулахгүй байхтай холбоотой болно.

3. Хичээл зохицуулагчийн ажилд томилогдсон С.Сд 2015 онд Улаанбаатар хотоос ирсэн хяналтын багийн ахлагч Цэвэлмаа тус сургуулийн удирдлага, багш нарт зөвлөгөө өгч дүгнэлт гаргахад уг ажилтан нь хамт олны хамаг муу муухайг түүх, хүний эрхэд халдах ажлыг гардан хийж Хар энерги-тэй ажилладаг хүн байна. Ажлын үүрэг, хариуцлагаа өөрчилж сайн сайхныг дээдэлж яваарай гэж хатуу анхааруулж хэлснийг тэнд суусан бүх хүмүүс сонссон

4.С.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа эдлэх бөгөөд амралт нь дууссан өдрөөс эхлэн тус сургуульд өөр ажлын байраар хангаж ажиллуулах талаар дээрх зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн болно. Харин С.С сургуулийн захиргаанд ажилд орохоос 1 сарын өмнө мэдэгдэх ёстой талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан болно. Өөрөөр хэлбэл С.С нь амралт нь дууссан өдрөөс эхлэн ажлын байраар хангагдах болно.

5.Дээрх тайлбарын дагуу цаг зохицуулагч С.С нь зөвхөн багш ажилчдын цагийг бүртгэдэг үндсэн ажилтан байсан ба уг орон тоонд ажиллах ажлын байрны тодорхойлолт ч байхгүй байхад хуучин захирал Ө.Гүлжазира түүнийг дур мэдэн ажиллуулсаар байсан. Электрон цаг бүртгэгч аппарат тавьж ажиллуулснаас эхэлж хэрэг дээрээ энэ хүнийг уг орон тоонд ажиллуулах шаардлага байхгүй учраас хамааралтай асуудал болохыг нэн ташрамд дурдъя.

6.Яамны сайдын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сургалтын менежерүүд, ЗАН-ийн ахлагч нарын ажил үүргийн хуваарь цаг зохицуулагчийн ажилтай давхацсан байсан учраас төсвийн тухай хуулийн 6.2.5-д заасан болон Аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2-01/777 тоот албан бичгийн дагуу зайлшгүй орон тоо цомхтгох шаардлага байсан.

7.Ажлын байран дээрээ уг ажилтныг дарамталсан гэх ямар ч үндэслэл байхгүй болохыг хамт олон баталж өгнө.

8. Сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 тоот тушаал нь С.Сийн ажил хөдөлмөр эрхлэх эрхийг огт зөрчөөгүй бөгөөд түүний аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай гомдол нь үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирал К.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс тухайн сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд 11 хүн орох ёстой байснаас 2 хүн л орсон гэж хэлж байна. Тухайн үед Кандитат хүүхэд нь өвчтэй байсан учир эмнэлэгт байсан, Мейрамхан бас өвчтэй байсан учир эмнэлэгт байсан, Хайрым мөн адил хүүхдээ эмчлүүлээд Улаанбаатар хотод байсан. Харин бусад хүмүүс бүгд тус зөвлөлийн хуралд байсан. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн байгууллага батлагдсан төсөвт багтаагаад үйл ажиллагаа явуулах ёстой. Надад нэхэмжлэгч С.Сийг заавал ажлаас халах гэсэн зорилго байгаагүй. Манай сургууль 01 дүгээр сард хурууны хээ унших машин авчирж тавьсан. Гэвч С.С тэрнээс хойш 6 сар ажиллаж цалингаа авсан байгаа. Энэ талаар өөрт танилцуулж, та өөрөө багш мэргэжилтэй учир манай сургуульд багшийн орон тоо гарах боломжтой, тийм учраас таныг багшаар авч ажиллуулах сонирхолтой байна гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл хурууны хээ унших машин авчирж тавьсан учир танд хийх ажил байхгүй болсон гэдгийг тодорхой хэлсэн. Тийм учраас нэхэмжлэгч С.Сийг ажлаас халсан, жирэмсний амралт авахаас 7 хоногийн өмнө ажлаас халсан асуудал байхгүй. С.С 4 сарын цалингаа аваад жирэмсний амралтаа эдэлж байгаа бөгөөд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. С.С эсэн мэнд амаржсаны дараа англи хэлний багшаар авч ажиллуулах боломжтой. Энэ талаар хурлын протоколд бас тодорхой тусгагдсан байгаа бөгөөд энэ шийдвэртээ бид нар нухацтай зогсох болно. Боловсролын төсөв 1 хувиар танагдсан учир гаднаас ямар ч хүн авч ажиллуулахгүй байгаа. Манай сургууль одоогийн байдлаар нийгмийн даатгалд өртэй, багш нарын цалингийн сан хүрэлцэхгүй байгаа. 2017 оны төсвийг нийт ажилчдын тоог 108-аар баталж өгсөн бөгөөд тэрнээс илүү ажилчид ажиллаж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын захирал эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч С.Сийг Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар англи хэлний багш мэргэжилтэй Серикгүлийг лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн зохицуулагчаар томилсон байна.

Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 32 дугаар тушаалын нэг дэх заалтаар 2017 онд аймгийн Ерөнхий боловсролын нийт төсвөөс 62,5 сая төгрөг хасагдсантай холбоотойгоор тус сургуулийн хичээл зохицуулагчийн орон тоог цомхтгож, 2 дахь заалтаар хичээл зохицуулагчаар ажиллаж ирсэн С.Сийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтыг үндэслэн, аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 2-01/777 дугаартай албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирал К.Еийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэгч С.Сийг ажлаас чөлөөлөх тухай 32 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтыг зөрчсөн байна.Үүнд:

1). Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч С.Сийн ажиллаж байсан хичээл зохицуулагчийн орон тоо хасагдсаныг хариуцагч тал нотлох баримтаар нотолж чадаагүй.

Хариуцагч байгууллагын захирал нь шүүх хуралдаанд тус сургуулийн бүтэц орон тооны талаарх нотлох баримт гэж нотариатаар гэрчлүүлээгүй, хэнээс олгосон эсэх нь тодорхой бус хуулбар нотлох баримт гаргаж өгсөн боловч уг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй ба 2017 оны тус сургуулийн бүтэц орон тоог хэн баталсан эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй нотлох баримт тул нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

2). Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэх нь ажил олгогчийн үүрэг бөгөөд уг үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.

Ажил олгогчоос 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 49 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэж байгаа боловч уг албан бичиг болон 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Сийг ажлаас чөлөөлөх өдөр хичээл зохицуулагчийн орон тоо цомхтгогдсоныг мэдэгдсэн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчжээ.

3). Хариуцагч аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирал К.Е нэхэмжлэгчийн 7 сартай жирэмсэн гэдгийг мэдэж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, нэхэмжлэгч С.С 7 сартай жирэмсэн мөн ажлаас чөлөөлөөд 4 хоногийн дараа жирэмсний амралт авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Жирэмсний эмэгтэйн хяналтын хөтөч карт, 0372266 дугаар бүхий жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг ажил олгогч мөн зөрчсөн байна.

4). Хариуцагч байгууллагын захирал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 2-01/777 дугаартай албан тоотыг үндэслэл болгосон байна. Гэтэл уг албан тоот нь Ерөнхий боловсролын сургуулийн нийт төсвөөс 62,5 сая төгрөг хасагдсан тухай агуулгатай байх бөгөөд төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлах болон ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Сийг тус сургуулийн хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Сийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ