Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 837

 

                                                 МАГАДЛАЛ                                                 хянуулах

2018.9.11                                                    № 837                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

С.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Хурц,

          шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Баасанжав,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1912 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр яллагдагч С.Бод холбогдох 2017 0100 0100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ананд овгийн Содномдаржаагийн Б, 1963 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автоматик инженер мэргэжилтэй, “Мон Энерго Строй” компанийн захирал ажилтай, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо,

С.Б нь “Багануур Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх  мэдлээ урвуулан ашиглаж “Монгол керамик” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Багануур Илч” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр,

“Эрэл” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр,

“Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус тус тооцон авсан,

Түүнчлэн “Багануур Илч” ХХК-д 2016 онд 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн “Мон Энерго Строй” компанийн 3860 УНЯ улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий Хьюндай Старекс автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Багануур Илч” ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Багануур Илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч С.Бод холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан “...байгууллагын үндсэн хөрөнгөд авагдсан, толгой компанид зайлшгүй хэрэглэгддэг, авлагандаа тооцож авсан, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан сэлбэгийг толгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол, санхүүгийн баримтаар үндсэн хөрөнгөд 393 сая төгрөгөөр бүртгэлтэй байгаа нь хэрэгт авагдсаар байхад “Багануур” ТӨХК-ийн охин компани болох “Багануур Илч” ХХК-д ашиглагддаггүй сэлбэг авсан гэж буруутгаж, хохирлыг буруу тооцоолсон, мөн компанийн тухай хуулиар охин компани нь төрийн болон хувийн өмчийн хэлбэрийг үл харгалзан уг хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хувьд зөвхөн толгой компанийн өмнө хариуцлага хүлээхээр заасан нь охин компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх толгой компанид байгаа явдал нь хохирогчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд “Багануур Илч” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл болон өр авлагын тооцоог 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 1 дүгээр улирлыг дуустал хугацаанд буюу яллагдагчийн ажиллаж байсан хугацааны аудитын шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгох, мөн охин компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдсан одоо байгаа эд хөрөнгө /тухайлбал: втулка/ нь толгой компани болох “Багануур” ТӨХК-д ашиглагддаг /хэрэглэгддэг/ сэлбэг хэрэгсэл мөн эсэх, жилд хэдэн ширхэг втулк ашиглагддаг талаар албан ёсоор лавлагаа авах, “Багануур” ТӨХК нь “Багануур Илч” ХХК-аас авах өр авлагатай эсэх, уг өр авлагын хэмжээ болон хэдийнээс хуримтлагдсан болох, эдийн засгийн үнэлгээгээр эдгээр сэлбэгийг “Багануур” ТӨХК-д “Багануур Илч” ХХК-иас өрөндөө тооцож авах боломжтой эсэх талаар “Багануур” ТӨХК-ийн эрх бүхий этгээдээс мэдүүлэг авах, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шүүх-Нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ” хийлгэж бодит хохирлыг тогтоох.,” гэсэн хүсэлтүүд үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ананд овгийн Содномдаржаагийн Бод холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол С.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлийг тодорхойлох хэсэгт тодорхой тусгаж өгөөгүй зөвхөн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтүүд үндэслэлтэй байна гэсэн буюу ямар учраас үндэслэлтэй болох талаар дүгнээгүй байна.

Түүнчлэн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан “...санхүүгийн баримтаар үндсэн хөрөнгөд 393 сая төгрөгөөр бүртгэлтэй байгаа нь хэрэгт авагдсаар байхад хохирлыг буруу тооцоолсон. ...хохирогчийг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул “Багануур Илч” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл болон өр авлагын тооцоог 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 1 дүгээр улирлыг дуустал хугацаанд буюу яллагдагчийн ажиллаж байсан хугацааны аудитын шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгох...” гэсэн хүсэлт нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар нэр бүхий компани нь “Багануур Илч” ХХК-д өгөх нийт 352.833.475 төгрөгийн өглөгөндөө нийт 68 ширхэг втулк өгсөн гэх боловч дээрх 3 компани нь втулкийг нийлүүлээгүй, тухайн үед “Багануур Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Б нь албаны эрх мэдлээ урвуулан, хувьдаа болон бусдад давуу байдал олгож өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр уг втулкийг нийлүүлсэн мэтээр зохион байгуулсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл С.Быг “Багануур Илч ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа компанийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, өөртөө хувьдаа ашигласан гэж буруутгаагүй тул түүний ажиллах хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.

Мөн өмгөөлөгчийн “...мөн охин компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдсан байгаа эд хөрөнгө /втулка/ нь толгой компани болох “Багануур” ТӨХК-д ашиглагддаг эсэх хэрэглэгддэг эсэх, жилд хэдэн ширхэг ашиглагддаг талаар албан ёсоор лавлагаа авах, “Багануур” ТӨХК нь “Багануур Илч” ХХК-аас авах өр авлагатай эсэх, эдийн засгийн үнэлгээгээр эдгээр сэлбэгийг “Багануур” ТӨХК-д “Багануур Илч” ХХК-аас өрөндөө тооцож авах боломжтой эсэх талаар “Багануур” ТӨХК-ийн эрх бүхий этгээдээс мэдүүлэг авах..." гэсэн хүсэлтүүд нь хэрэгт хийгдсэн ажиллагаа бөгөөд тухайн втулка гэх зүйл нь “Багануур” ТӨХК-д ашиглагддаг эсэх, ямар хугацаагаар, хичнээн хэмжээгээр ашиглагддаг болох талаар холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах замаар тогтоосон байгаа болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1912 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Багануур Илч” ХХК-ийн авлага гэдэг бол “Багануур” ТӨК-ийн авлага гэсэн үг. Манайх “Багануур” ТӨХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттхай менежмэнтийн компани. Тусгайлсан үйл ажиллагаа явуулдаггүй. Цахилгаан станцуудад буусан нүүрсний чанарыг шаардлагыг хянаад, шаарлага хангаагүй нүүрсийг зарж борлуулдаг үйл ажиллагаатай. Ямар ч ТУЗ-ын шийдвэргүй, дур мэдэн сэлбэг авсан мэтээр прокурор хэлж байна. Тийм зүйл огт болоогүй. Би бүх үйл ажиллагаагаа ТУЗ болон даргадаа танилцуулдаг байсан. Өглөг, авлага өндөр болсон учраас өрийг барагдуул гэсэн үүрэг даалгавар надад ТУЗ-аас өгөөд үүний дагуу нэр бүхий компаниудыг шүүхэд өгсөн. Шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулаад втулкыг авсан. Тус компаниуд гомдол мэдүүлсэн зүйл байхгүй. Втулк нь манай компанид байнга буюу сар бүр хэрэглэгддэг. 1 жилд 70 ширхэг втулк хэрэглэгддэг талаар сэлбэгийн нягтлан баримт өгсөн байгаа. Надад дур мэдэн авсан зүйл байхгүй, даргын хэлснээр зардаг үнээр нь авсан. Автомашины тухайд шаардлага гараад авсан. Зөвшөөрөгдсөн үнэ нь 16.000.000 төгрөг, НӨАТ-гүй үнэ нь 12.000.000 төгрөг болсон. Зөрүү нь 4.000.000 төгрөг биш 2.800.000 төгрөг. Үнэлгээг буруу тооцсон учраас дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг анх шалгагдаж эхлэх үеэс аудитын дүгнэлт гаргаж, оруулж ирсэн сэлбэгийн чанарыг шалгаж, энэ талаар ТУЗ-аас нь асууж лавлаачээ гэж маш олон удаа хүсэлт гаргасан боловч нэг ч удаа хүлээж аваагүй. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан материаллаг хохирол заавал шаарддаг хэрэг болчихоод байна. Өөрөөр хэлбэл “ашиг хонжоо олох зорилгоор үйл ажиллагаа явуулаад тэр нь тухайн аж ахуй нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учирсан бол” гэж заасан. Хохирлоо тогтоох хэрэгтэй гэсэн шаардлага миний зүгээс олон удаа гарсан боловч нэг ч удаа хүлээж аваагүй. “Багануур илч” ХХК нь хөрөнгийн эрх мэдэл бүхий материаллаг үйл ажиллагаа явуулдаг компани биш. Цахилгаан станцуудад гологдсон нунтаг нүүрсийг жижиглэн аж ахуй нэгж, хувь хүмүүст зарсан орлогоороо ажилчидаа цалинжуулдаг аж ахуйн тооцоотой “Багануур” ТӨК-ийн нэгж. Буруутгал нь “Багануур илч” ХХК-д ашиглагддаггүй втулк аваад 356.000.000 төгрөгийн хохирол учруулчихлаа гэж үзээд яллаад байдаг. Втулкийг агуулхаасаа гаргаж аваад, зарж борлуулаад, тэр мөнгийг нь аваад идчихсэн бол бүрэн утгаараа хохирол болно. Гэтэл “Багануур” ТӨК, “Багануур илч” ХХК-ийн хооронд ямар ч аудит хийгдээгүй, хэдэн төгрөгийн өглөг, авлага байгаа гэдгийг тогтоогоогүй байж яаж хохирлын бодит тооцоо гарах юм бэ. Втулк нь ТУЗ-ийн шийдвэрээр үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдаад одоо агуулхад нь байгаа. “Багануур илч” ХХК-д ашиглагддаг сэлбэг үү, үгүй юу гэдгийг тогтоолгож болно. Компанид ашиглагддаггүй гэж үзэж байгаа юм бол энэ талаараа ноилох баримтаар тогтоох хэрэгтэй. Охин компанид ашиглагддаггүй байлаа гэхэд толгой компанид ашиглагддаг болох нь нотлох баримтаар нотлогдсон. Хэргийн диспозиц нь үлэмж хэмжээний хохирол байхыг шаардаж байгаа. Аж ахуй, бизнессийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд байгууллагын өр, авлагыг барагдуулхын тулд гэмт хэрэг гэж үзэх үү , үгүй юу гэж үзэхээр үйл ажиллагааг хүртэл хийнэ. Байгууллагын өр авлага барагдуулах үйл ажиллагаа нь үндсэн зорилгодоо нийцээд аль аль талдаа гомдол гаргалгүй шийдвэрлэсэн. Хэрэг нь “Багануур илч” ХХК-ийн нягтлан бодогч Г.Т гэх хүний гомдлоор үүссэн гээд , нягтлан бодогчийг шууд хохирогчоор тогтоогоод,миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татсан. Г.Т нь тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Эрүүгийн хэргийн процессийн зөрчил олон удаа гарсан. “манайх гаднаас сэлбэг авах дээрээ тулчихаад байна. Манай охин компанийн агуулхад 398.000.000 төгрөгийн үнэлгээтэй 68 ширхэг втулк байна. Бид эндээс авч ашигламаар байна” гэсэн утга бүхий албан бичгийг “Багануур” ТӨК-аас АТГ-д ирүүлсэн. Гэтэл “хэрэг шалгагдаж байгаа учраас танайд шилжүүлж өгөх боломжгүй” гэж хариу өгсөн. Гэтэл яллах дүгнэлтдээ 358.000.000 төгрөг нь хохирол гэж бичигдсэн байдаг. Энэ талаар тогтоолгох хүсэлттэй байна. Аудитын дүгнэлт гараад хохирол мөн гэж тооцоод үлэмж хэмжээний хохирол гэж тооцвод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлээр шийдвэрлэх боломжтой болж байгаа. Хэрвээ хохирол биш, бланснаас блансийн хооронд шилжүүлээд авчих юм бол энэ эрүүгийн хэрэг биш болно. Хийгдэх ажиллагаануудыг нэг бүрчлэн тодорхойлох хэсэгтээ заасан байна. Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзээд, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлье гэж үзвэл яагаад заасан ажиллагаануудыг хийхээс таталзаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. “Багануур илч” ХХК-ийн гаргасан гомдол дангаараа хохирлын хэмжээг тодорхойлно гэж үзвэл нотолбол зохих байдлууд хангагдахгүй болчихоод байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Шалгалтын явцад энэ хэрэг прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж шийдвэрлэгдэх бүрэн боломжтой гэв. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Б захирал сэлбэгнүүдийг нэр бүхий 3 компанид байсан гэж хэлж байна. Гэтэл тус компаниудад сэлбэг байгаагүй. Нэр бүхий компаниудаас авах ёстой авлагад өөрөө 2, 3 өрөө байр, граж зэрэг авсан байсан. Шүүхийн шатанд манай зүгээс өр, авлагаа авах гэж нэхэмжлэл гаргаад явж байхад дундаас нь компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. ТУЗ-ийн шийдвэр гараагүй байхад нэр бүхий компаниудаас авах ёстой байрнуудыг өөрөө авч зарчихаад, хямд үнээр сэлбэг оруулж ирсэн үйл явдал болсон. С.Б захирлыг ажилд авч байх үед 600.000.000 төгрөгийн өр, авлагийн асуудал “Багануур илч” ХХК-д байсан. “Багануур” ТӨК нь Орос улсаас орж ирсэн чанарын шаардлага хангасан сэлбэг авдаг. Харин С.Б захирал хүргэнийхээ Хятадаас оруулж ирсэн чанаргүй втулкийг авхуулсан байдаг. Ерөнхий нягтлан бид 2 удаа дараа авахгүй гэж эсэргүүцсэн. Тухайн сэлбэгийн авахын өмнө ч гэсэн санхүүгийн хэлтэсийн даргадаа “втулкийг ав, авахгүй бол ажлаас хална гэж дарамтлаад байна. Яах вэ” гэж асуухад “халвал хална биз. Дараа нь шүүхэд энэ хэргийн талаар хандаж болно шүү дээ” гэж хэлж байсан. Энэ сэлбэгийг авахгүй гэж уурхайн зүгээс байр сууриа илэрхийлсэн. Байр, граж, дугуй авсан талаараа бидэнд хэлээгүй. Энэ талаараа хэлээд тухайн эд зүйлсийг зараад мөнгөө олж авъя гэсэн бол байдал өөр байх байсан. Тайлан гарах болчихоод байна, энийг яах вэ, орлогод авахгүй гэж хэлэхэд С.Б захирал “би бүх гарах асуудлыг өөрөө хариуцна” гэсэн бичиг хийж өгнө гэсэн. Энэ бичиг нь хавтас хэрэгт авагдсан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Бын үйлдсэн гэх хэргийг хавтас хэргийн хүрээнд бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. 2017 оны байдлаар тус компанид аудитын дүгнэлт орсон байгаа. Бизнессийн өр авлагыг бартераар барагдуулах, бараа материал шилжүүлэх асуудал нь бизнессийн орчинд байж болох зүйл. “Багануур” ТӨК-ийн ТУЗ-аас өр авлагаа барагдуул гэсэн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу С.Б гэдэг захирлаар ажиллаж байхдаа шүүхэд нэхэмжлэл гаргаад, эвлэрээд, захирамж гаргасан асуудал бүгд хуулийн дагуу явагдсан. Гол нь авах ёстой зүйлийнхээ оронд байр, граж, дугуй зэргийг авч хуурамч гэрээ хэлцэл хийж, нийтийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан. Зохих журмын дагуу өр, авлагаа барагдуулсан бол өнөөдөр ийм асуудал яригдахгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үлэмж хэмжээний хохирол гэж заасан байгаа. Мөн тус хуулийн 22.12.  дугаар зүйлийн 6 дахь хэсэг зэрэг албан тушаалын гэмт хэргүүдэд зохих зүйл анги байгаа. “Багануур илч” ХХК нь 100 хувийн төрийн өмчийн байгууллагын хөрөнгө оруулалттай компани. С.Б захирал цахилгаан станцаас гологдсон нүүрсийг борлуулж, үйл ажиллагаа явуулдаг мэтээр ярьж байна. Энэ компанийн зорилго нь Улаанбаатарт байгаа жижиглэнгийн нүүрсний үнийг зах зээлийн үнээс дээш гаргахгүй, иргэдийн амжиргааны түвшингээс доош үнэтэй байлгах зорилго бүхий компани. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх захирамжиндаа, “...яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд үндэслэлтэй байх тул хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв...” гэж хэт ерөнхий, тодорхой биш байдлаар дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байхыг тусгасан бөгөөд дээрх тодорхой биш байдалд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг шуурхай, бүрэн хянан шийдвэрлэх зорилтын үүднээс магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1912 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

“Багануур Илч” ХХК-ийн тооцооны нягтлан бодогч Г.Т нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Авигатай тэмцэх газарт яллагдагч С.Быг шалгуулахаар хандсан байх бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Багануур Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн 93 тоот албан бичгийн дагуу тухайн өдөр Г.Тыг хохирогчоор тогтоосон байна. /1-р хх-7, 21/,

“Багануур Илч” ХХК нь “Багануур” ТӨХК-ийн охин компани бөгөөд толгой компанийн ТУЗ-ын зөвшөөрөлгүйгээр “Багануур Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал тус компанийг төлөөлөх хохирогчийг томилох эрхтэй эсэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг зөв тогтоосон эсэх,

Мөн “Багануур Илч” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа Монгол керамик ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр авсан 55 ширхэг втулк, “Эрэл” ХХК-иас 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр авсан 8 ширхэг втулк, “Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр авсан 5 ширхэг втулк буюу нийт 68 ширхэг 3519.05.02.302 маркийн втулкийг “Багануур” ТӨХК-д ашиглагддаг втулк-тэй харьцуулж, ялгаа, чанарыг тогтоож дүгнэлт гаргах,

“Багануур” ТӨХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 3519.05.02.302 маркийн втулкийг ашигладаг эсэхийг тус тус мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1912 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагч Б.Хурцын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                           Д.МЯГМАРЖАВ

                                                                                                М.АЛДАР