Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/264

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Отгон,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогч Ш.Оюунбилэг, О.Подвой, Т.Нарантуяа /онлайн/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат /онлайн/, 

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1934001920074 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Т овогт С.Б, Монгол улсын иргэн, 1971 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг Булган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэн 4 дүгээр баг 26-28 хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “92” гэх газарт Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт явах чиглэлийн асфальтан замд 97-10 ОРХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”  мөн дүрмийн 12 дугаар бүлгийн “12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Нарантуяагийн жолоодож явсан 08-90 ДАР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж О.Подвой, Ш.Оюунбилэг, Жун Те Хо нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сая шүүх хуралдаанд өөрийнхөө бурууг ойлголоо. Би буруутай үгүйдээ маргаагүй, ганцхан осол гаргахад Цагдаагийн хамгаалалтын цуваа явж байсан нь нөлөөлсөн боловуу гэж бодож байсан. Одоо маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ч хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна.”гэв.

 

Хохирогч Ш.Оюунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоо авмаар байна”гэв.

 

Хохирогч О.Подвой шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Б нь зөрөөд өнгөрөх боломж байсан, зогсоох арга хэмжээ ч аваагүй. Цагдаагийн цуваа осол гаргахад хамааргүй. Хохирлоо гаргуулж авмаар байна.”гэв.

 

Хохирогч Т.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоо авмаар байна “ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-09 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-12 тал/, осол, хэрэг гарсан газар хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-13 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-14-21 тал/, хохирогч О.Подвойгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23 тал/, хохирогч О.Подвойгоос гаргаж өгсөн хохирлын баримтууд/хх-25-28 тал/, хохирогч Т.Нарантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-30 тал/, хохирогч Т.Нарантуяагаас гаргаж өгсөн хохирлын баримтын хуулбарууд/хх-35-37 тал/, хохирогч Ш.Оюунбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39 тал/, хохирогч Ш.Оюунбилэгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд/хх-43-49 тал/, хохирогч Жун Тэ Хогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-52 тал/, гэрч Т.Нарантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-60 тал/, гэрч Ш.Оюунбилэгээс мэдүүлэг/хх-62 тал/, гэрч О Сок Ёоноос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-63 тал/, гэрч Н.Майцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-64 тал/, гэрч С.Бас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-65-66 тал/, гэрч О.Подвойгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-63 тал/, гэрч Э.Эрдэнэтуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-69 тал/, гэрч Д.Мөнхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-70-71 тал/, гэрч У.Даваацэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-72-73 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №164 дугаартай дүгнэлт/хх-75 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №256 дугаартай дүгнэлт/хх-94 тал/, шинжээч Э.Эрхэмбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-97 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №206 дугаартай дүгнэлт/хх-100-101 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №163 дугаартай дүгнэлт/хх-117 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №205 дугаартай дүгнэлт/хх-122 тал/, Фэйр вадушн ХХК-ийн  автомашин үнэлгээний тайлан/хх-127 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №165 дугаартай дүгнэлт/хх-137 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 204 дугаартай дүгнэлт/хх-141 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт/хх-145 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт/хх-154 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай шинжилгээний дүгнэлт/хх-173-175 тал/, яллагдагч С.Бас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-194-195 тал/, С.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-196 тал/, С.Баттулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-199-200, 203-204 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “92” гэх газарт Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт явах чиглэлийн асфальтан замд 97-10 ОРХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”  мөн дүрмийн 12 дугаар бүлгийн “12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Нарантуяагийн жолоодож явсан 08-90 ДАР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж О.Подвой, Ш.Оюунбилэг, Жун Те Хо нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.Подвойгийн гэрчээр өгсөн: “Би 2019 оны 03-р сарын 06-ны өглөө Эрдэнэт хотоос охин Энхтуяагийн хамт зар дээрээс хот явах унаа хайгаад олоод суусан тэгээд гэрээсээ 10 цагийн үед хөдлөөд тэгээд замдаа гараад Төв аймгийн Борнуур сум өнгөрөөд явж байсан би замдаа нэг унтаж нэг сэрээд явсан 12 цаг өнгөрч байхад Дархан өнгөрөөд явж байсан урдаас Цэнхэр саарал өнгийн машинууд гарч ирэх шиг болсон жолооч 2 тийшээ рулээ дараад байсан тэгээд мөргөлдсөн нэг мэдсэн шилээ мөргөсөн байсан тэгээд хөлөө татаад гарах гэтэл хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг ирээд Борнуур сум руу аваад явсан. Би жолоочийн хажууд урд сууж явсан миний талаас ирээд мөргөсөн. Би хурдыг нь мэдэхгүй байна км заалт нь хаана байдаг талаар мэдэхгүй байна. Саарал өнгийн машин ирж байсан хэд хэдэн машин өнгөрсөн. Миний тархи толгой өвдөж байна баруун хөл хугарсан баруун хөхөрсөн няцрал их байна өөр ил харагдах шарх гэмтэл байхгүй байна” гэх мэдүүлэг/хх-68 тал/,

            Хохирогч Т.Нарантуяагийн гэрчээр өгсөн: Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өглөө УБ хотоос 2 солонгос улсын багш солилцоогоор ирсэн тэр 2 мөн захирал Майцэцэг багш Оюунбилэг бид нар хотоос Дархан аймаг орох гээд өглөө гарсан замдаа явж байтал өдөр 13 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байгаад засмал зам дээр араас дуут дохиотой цагдаагийн улаан цэнхэр гэрэл анивчаад ирээд цагаан хоолойгоор хурдаа хасаад баруун гарын эгнээгээ бариад яв гэсэн тэгэхээр нь би хурдаа хасаад эгнээгээрээ явж байтал эхний 2 Ланд-200 машин хажуугаар гүйцэт түрүүлсэн тэгтэл зөрөөд өөдөөс саарал энгийн машин урсгал сөрөөд ороод ирсэн тэгээд би замын хажуу руу баруун гар тал руугаа дарсан гэтэл өөдөөс нөгөө машин урдаас дараад ороод ирсэн тэгээд мөргөлдсөн тэгээд бид нар машинаасаа буугаад хартал манай машинд сууж явсан хөгшин солонгос хүн нь хамраас нь цус гарсан тэгээд гараад суулгатал хэсэг ухаан алдаад унасан тэгээд 5-10 минутын дараа сэргэсэн тэгээд гар өвдөөд байна гэж байсан ард Ланд-200 машин зогсож байсан тэгээд хөдлөөд яваад өгсөн тэгээд цагдаа эмнэлэг ирсэн. Би өгсүүр өгсөж байсан тэгээд 60 км цагийн хурдтай явж байгаад намайг хурдаа хас гэсэн тэгээд би хурдаа хасаад 40 км цагийн хурдтай болсон байх яг хянал хараагүй. Тэр өөдөөс хэдэн км цагийн хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна 2 Ланд-200 өнгөрөнгүүт өөдөөс гэнэт дараад гараад ирсэн. Өмнөх орой 23 цагийн үед унтаад өглөө 08 цагт боссон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний толгой хавдаад цус гарсан өвдөөд байна. Уруул хавдаад язарсан зүрх савлаад байна нуруу өвдөөд байна” гэх мэдүүлэг/хх-60 тал/,

            Хохирогч Ш.Оюунбилэгийн гэрчээр болон хохирогчоор өгсөн: Би гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо нэмж ярихад би эрүүл мэндийн асуудал маш их хүнд байгаа тархи баруун хэсэг рүүгээ маш их хатгаж өвдөж байгаа учраас дарханы эмнэлгээс 13а маягт аван 3-р эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлээд гэмтэл согог судлалын MRI-д харуулах хэрэгтэй гэсний дагуу дугаар авч 2019.4.17-ны өдөр үзүүлэхээр болсон. Би гомдолтой байна гарсан бүх зардлаа гаргуулах авмаар байна. Би 2019 оны 03-р сарын 06-ны өдөр УБ хотоос өглөө 09 цагийн үед Дархан аймаг орох гээд гарсан хотоос гараад оргил худалдааны төв ороод ойр зуурын юм аваад тэгээд хотоос гараад Баянчандмань сум өнгөрөөд 92 гэх нэртэй газарт явж байтал араас зам тавь гээд цагаан хоолойгоор орилсон тэгээд хурдаа сааруулсан тэгээд бид нарын хажуугаар маш хурдан гараад явсан тэгтэл өөдөөс саарал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирсэн тэгснээ хажуугаар зөрөөд гарах гэснээ гэнэт буцаж дараад өөдөөс ирээд мөргөсөн тэгээд би тухайн үед шоконд ороод амьсгалж чадахгүй байсан цээжээ цохисоор байгаад арай гэж амьсгалсан хаалгаа онгойлгоод хүмүүсээ гаргасан Майцэцэг машиндаа нилээн удаан суусан шоконд ороод нэг солонгос маань буугаад шууд ухаан алдаад унасан зүрхэн дээр нь би жоохон иллэг хийгээд тэгээд сэргээсэн цагдаа эмнэлэг рүү утасдаад ирсэн. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл 60 км цагийн хурдтай явж байсан би км заалтыг нь харсан арын машин хурдаа хас гээд 30 км цагийн хурдтай явсан. Би тэрийг мэдэхгүй байна гэнэт гарч ирээд маш хоромхон зуурын дотор мөргөсөн. Архи уугаагүй байсан. Миний зүүн гар шууны хэсгээр 2 газар хугарсан уруул язарсан толгой өвдөлттэй дух хавдсан хамраас цус гарсан. Арын машин хар өнгийн жийп байсан цэнхэр өнгийн маяак анивчуулсан байсан тулж ирээд зам тавь гэсэн холоос сануулга өгсөн бол эвтэйхэн машинууд зөрөх байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг/хх-39, 62 тал/,

Хохирогч Жун Техогийн өгсөн: “Би Солонгос улсаас 2019.03.04-ний өдөр 17 цагийн үед Монголд буусан. Улаанбаатар зочид буудалд очиж байрлаад 2019.03.06-ны өглөө 10 цагийн орчим гараад дунд нь дэлгүүрээр орж ойр зуурын юм авсан. Тэгээд дэлгүүрээс хөдлөхөд 11 цаг өнгөрч байсан тэгээд тэрнээс хойш хотоос гараад 1 цагийн дараа аваар гарсан. Бид нарын машины өөдөөс нэг том тээврийн хэрэгсэл зөрсөн тэгээд өнгөрөх явцад араас нь нэг жижиг тэрэг урсгал сөрөөд гарч ирээд мөргөсөн. Манай машин мөргөлдөхгүйн тулд баруун тал руугаа дарсан. Тэгтэл нөгөө машин ирээд мөргөсөн. Тэгээд замын хажуу талын жалга руу орсон би юу болсонг мэдэхгүй хамраас цус гараад байсан. Тэгээд бид нар машинаас гарсан. Хүмүүс намайг хараад их сандраад суу гээд байсан би сууж чадахгүй арагшаа хэвтсэн. Тэгээд хэвтэхэд аймар даарсан эмнэлэг хүлээгээд их удсан тэнд 2 цаг байсан. Тэгээд Интермед эмнэлэг рүү явсан. Би тухайн тээврийн хэрэгслийн хойд суудлын дунд нь сууж явсан. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч хэдтэй явсныг нь мэдэхгүй байна. Дээшээ удаан өгсөөд явж байсан. Т.Нарантуяа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Т.Нарантуяа өмнөх орой нь 21 цаг өнгөрөөж унтаад өглөө 7 цагт боссон байх. Би осолд орсноос болоод миний баруун гарны бугуй хэсгээр хугарсан. Нүүрний баруун тал хөхрөөд хавдсан нүд цус хурсан байсан. Зүүн хөл дотор булчингаар няцралттай, зүүн гар тохой хэсгээр маш их өвдсөн суугаад босох үед булчин өвдөж байгаа өөр гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг/хх-52 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баянжаргалын өгсөн: Би ЖунТехо гэх хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй бөгөөд манай улсад багш солилцооны хөтөлбөрөөр орж ирж 3 сар ажиллахад нь л мэддэг болсон юм. ЖунТехо гэх хүний биеийн байдал ер нь нилээн гайгүй хэвийн байдалдаа орсон байгаа. Би болсон хэргийн талаар огт мэдэхгүй байна. ЖунТехо нь эмнэлэгт хэвтсэн, эмчилгээний зардал гээд зардлууд гарсан байгаа бөгөөд ЖунТехо нь өөрөө баримтуудаа авч явсан байгаа. Тиймээс миний зүгээс тухайн баримтуудыг хуулбарлан авч гаргаж өгч болно. Миний зүгээс дээрх хэргийг нэн яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хэтэрхий их удаж байна гэж үзэж байна. Би шүүх хуралд суух болно”/хх-59 тал/,

Гэрч Oh Seok Yong-н өгсөн: “Би 2019 оны 03-р сарын 04-ны өдөр Монголд нисэх буудал дээр өдөр 16 цаг 50 минутад буусан дархан аймагт багш солилцоогоор ирсэн юм тэгээд Улаанбаатар зочид буудалд очоод 2 хоноод 2019 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 09 цагт хоол идээд Дархан аймаг хөдөлсөн тэгээд хотоос гараад 2 цаг өнгөрч байсан бид нар дээшээ өгсөж байхад өөдөөс гэнэт нэг тээврийн хэрэгсэл гарч ирээд их богино хугацаанд урсгал сөрөөд гэнэт мөргөсөн би жолоочийн хажуу урд суудал дээр сууж явсан нэг мэдсэн мөргөлдсөн байсан тэгээд би урд машиныхаа салоныг нүүрээрээ мөргөсөн хамраас цус гараад уруул хавдсан дотор эвгүй болоод их хүнд байдалд орсон нүдний шил маань үсрээд алга болсон тэрийг хайж байх хооронд намайг гадагш чирээд гаргасан гадаа гараад солонгос улсын элчин сайдын яам руу мэдэгдсэн тэгээд байж байтал цагдаагийн машин ирсэн тэрэнд сууж яваагүй нэг эмч ирээд нөгөө машины хүмүүсийг үзээд байсан манай машины урд Дарханы багш нар явж байсан тэдний машин буцаж ирээд бид нар суугаад УБ хот ороод “Интэрмэд” эмнэлэгт очоод үзүүлээд бүх шинжилгээ зураг авхуулсан. Би тэр км заалт руу огт хараагүй болохоор мэдэхгүй байна. Хурдан орж ирсэн тэгэхээр 70-80 км цагийн хурдтай орж ирсэн байх гэж бодож байна. Архи уугаагүй байсан. Надад ил харагдах шарх гэмтэл байхгүй миний толгой өвдөөд баруун мөр өвдөөд байгаа” гэх мэдүүлэг/хх-63 тал/,

Гэрч Ц.Майцэцэгийн өгсөн: “Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өглөө УБ хотоос 2 солонгос улсын иргэн жолооч Нарантуяа болон Оюунбилэг бид нар хотоос Дархан аймаг орох гээд өглөө гарсан замдаа явж байтал Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байгаад засмал зам дээр өөдөө өгсөөд явж байсан тэгтэл манай машины ард талд хар өнгийн Алпард машин police гээд бичсэн байсан хурдаа сааруул гээд цагаан хоолойгоор ярьсан тэгэхээр нь манай жолооч хурдаа сааруулсан тэгтэл өөдөөс саарал өнгийн машин чиглээд гараад ирсэн манай машины хажуугаар нөгөө цагдаагийн машин гүйцэт түрүүлээд өнгөрсөн араас нь хар өнгийн жийп машин дагаад түрүүлсэн бид нарыг ирэх замд 2 хар жийп зогсож байсан тэгэхээр манай машины хажуугаар 2 жийп дараалан өнгөрсөн байх тэгээд манай хажуугаар хурдаа сааруулна уу гээд хэлээд хажуугаар гарах үед өөдөөс саарал машин урсгал сөрөөд ороод ирсэн тэгээд осол болсон удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. Тэгээд би ард сууж явсан учраас нөгөө хар машин болон өөдөөс ирж байсан саарал машин 2 хэрхэн яаж зөрсөнг нь мэдэхгүй байна. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл дээшээ 60км цагийн хурдтай явж байсан байх тэгээд хурдаа хас гэж хэлэхэд дахин хурдаа хассан. Би жолоочийн эсрэг талын ар талд нь сууж явсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Одоогоор ил харагдах шарх гэмтэл байхгүй миний зүүн хөлийн өвдөгний доор өвдөөд байна мөн толгой өвдөөд хүзүү хөшөөд байна” гэх мэдүүлэг/хх-64 тал/,

С.Баттулгын гэрчээр өгсөн: “Би Фейсбүүкээр хот явна гэсэн зар тавьж Эрдэнэт хотоос ойролцоогоор 09 цаг 50 минутын орчим гурван хүн аваад Улаанбаатар хот орохоор явсан. Тэгээд замдаа явж байгаад 13 цагийн үед Борнуур сумын 92 гэх газар явж байхад урд гэнэт цагаан өнгийн жийп машин зогссон тэгээд би гэнэт баруун гар луугаа дарах гэтэл жалга байсан тэгээд би эргүүлээд зүүн дарах явцад 4 хар өнгийн маяак асаасан тэрэг өнгөрсөн араас нь дахин 2 жижиг тэрэг өнгөрөөгөөд тэгтэл өөдөөс машин ороод ирсэн тэгээд аваар болсон. Би 80 км цагийн хурдтай явсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би урд өдөр нь 23 цагийн үед унтаад өглөө нь 08 цагт боссон. Би чигээрээ зогсох гэхээр урд байсан тээврийн хэрэгслээ мөргөх гээд байсан тэгээд би зүүн гар тал руугаа дарсан юм. Миний толгой хагарсан өөр ил харагдах гэмтэл алга байна” гэх мэдүүлэг/хх-66 тал/,

Гэрч Э.Энхтуяагийн өгсөн: “Би 2019 оны 03-р сарын 06-ны өглөө Эрдэнэт хотоос ээжтэйгээ зар дээрээс хот явах унаа хайгаад олоод суусан тэгээд гэрээсээ 10 цагийн үед хөдлөөд тэгээд замдаа гараад Төв аймгийн Борнуур сум өнгөрөөд явж байсан би унтаад явж байсан тэгтэл гэнэт машин 2 тийшээ дайвалзаад хүмүүс хашхиралдаад тэгээд сэртэл тас гээд мөргөлдсөн тэгээд би арай гэж буусан амьсгал авч чадахгүй байсан буугаад иртэл 2 машин хоорондоо мөргөлдсөн байсан удалгүй эмнэлэг цагдаа ирсэн тэгээд эмч аваад Борнуур сумын эмнэлэг явсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл хурдан явсан байх унтаад гэнэт сэртэл Дархан орчихсон байсан тухайн осол болох үед хэр их хурдан явсныг нь мэдэхгүй байна. Би шөнө ажилтай байсан учраас унтаад явж байсан. Би унтаж байсан болохоор хараагүй. Үгүй архи уугаагүй байсан. Миний нүүр хавдаад гэмтэл авсан зөөлөн эдийн гэмтэл авсан хавирга болон аарцаг гэмтсэн зөөлөн эдийн гэмтэл байсан өөр ил харагдах шарх гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг/хх-69 тал/,

Гэрч Д.Мөнхбаярын өгсөн: “Би Эрдэнэт хотоос 09 цаг 40 минутад 99357021 гэсэн дугаарын утсаар холбогдож хот явна гэсэн соната 6 маркийн машинд суугаад Улаанбаатар орохоор явсан. Тухайн машинд жолооч бас хоёр эмэгтэй хүн, тэгээд би нийтдээ дөрвүүлээ явсан. Тэгээд замдаа явж байгаад 13 цагийн үед Борнуур сумын 92 гэх газар явж байхад би гар утсаараа яриад явж байхад урд гэнэт цагаан өнгийн машин зогсох шиг болсон тэгээд жолооч хажуу тийшээ дарж гарч иртэл эсрэг урсгалаас нэг машинтай зөрөх шиг болсон тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн машинтай мөргөлдсөн байсан. Урд гэнэт цагаан машин тоормосолсноос болоод урсгал сөрсөн байхаа би утсаар ярьж байсан болохоор тухайн үед юу болсныг сайн анзаараагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хойшоо суудал мөргөсөн тэгээд хэлээ хазсан суудлын доогуур зүүн хөлөө чихчихсэн юм шиг байна хөл бага зэрэг өвдөж байна. Толгойн арын дагз бас өвдөж байна” гэх мэдүүлэг/хх-70-71 тал/,

Гэрч У.Даваацэрэнгийн өгсөн: “Би яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Дархан, Эрдэнэтийн чиглэлд 2019 оны 03-р сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Баатаржав, түүний туслах Батболд нарын хамтаар явсан 01-00 УБЦ улсын дугаартай Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Намайг замд явж байх хугацаанд зам тээврийн осол гарсан. Миний урд талд Засгийн газрын машин явж байсан ба нэг өгсүүр газар өгсөөд явж байхад урд явж байсан Засгийн газрын машин тасраад явчихсан би бага зэргийн хурдаа сааруулаад явж байхад яг өгсүүр замын төгсгөл дээр эсрэг талын урсгалд жижиг суудлын автомашин зам чөлөөлөөд зогсчихсон мөн миний явж байсан урсгалд нэг цайвар өнгийн Приус маркийн машин зам чөлөөлөөд зогсчихсон байсан. Тэгтэл эсрэг талын урсгалаас нэг Соната маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай гарч ирсэн ба тэр машин шууд урсгал сөрөөд миний явж байсан эгнээнд зам чөлөөлөөд зогсчихсон байсан. Приус маркийн тээврийн хэрэгслийг очоод мөргөсөн. Би цаашаа цувуугаа гүйцэх гээд явсан. Тав зургаан машин явж байсан даа. Яг одоо сайн санахгүй байна. Үзэгдэх орчин бол чөлөөтэй л байсан. Замын ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, халтирraa гулгаа байхгүй байсан. Ер нь тийм гүдгэрдүү л газар байсан даа. Засгийн газрын машинууд л явж байсан байх” гэх мэдүүлэг/хх-73 тал/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №164 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Ш.Оюунбилэгийн биед шуу ясны хугарал, богтос ясны мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. 5. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-75 тал/,

Шинжээч Э.Эрхэмбаярын өгсөн: “2019 оны 03 сарын 15-ны өдөр гаргасан 164 тоот дүгнэлт болон нэмэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 256 дугаартай хохирогч Ш.Оюунбилэг гэх хүний биед гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтийг эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн гаргасан байгаа. Дээрхи 2019 оны 03 сарын 15-ны өдөр гаргасан дүгнэлтэнд хэсгийн төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хохирогчоос гаргуулж авч ирсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж дүгнэлт гаргахад хохирогч Ш.Оюунбилэг нь шуу ясны хугарал богтос ясны мултралтай байсан тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр зэрэгт хамааруулсан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлтээр ирсэн эмнэлгийн бичиг баримт нь гэмтэл үгүй байсан тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт зааснаар гэмтэл тогтоогдохгүй гэж тусгасан бөгөөд уг хүний биед үүссэн хүндэвтэр гэмтэл хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл юм. Иймээс хүндэвтэр гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй эхний 2019 оны 03 сарын 15-ны өдөр гаргасан 164 тоот дүгнэлтэнд хохирогч Ш.Оюунбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг/хх-97 тал/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн №206 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2. Жон тэ ху-н биед баруун бугуйн ясны хугарал, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун нүдний зовхи баруун хацар, дээд уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 6.Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт/хх-101 тал/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №163 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. О.Подвойгийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. 5. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-117 тал/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн №205 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2.Т.Нарантуяа-н биед тархи доргилт, нүүрэнд хавдарт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-122 тал/,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн “Хариулт:1 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 37-10 OPX улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно мөн дұрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт тус тус зөрчсөн гэж үзэв. Хариулт:2 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 08-30 ДАР улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Нарантуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. Хариулт:3 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээрхи тээврийн хэрэгслүүдийн осол болох үед ямар хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй. Хариулт:4 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болох үеийн зам орчны байдал нь өгсүүр, суурингийн гаднах, хязгаарлагдмал, хангалтгүй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ гэжээ. Иймд зам тээврийн осол болоход зам орчны байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт/хх-154 тал/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай шинжилгээний дүгнэлт: 1. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 37-10 ОРХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна гэж үзэв. Соната-6 маркийн 37-10 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн "11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12 дугаар бүлгийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 2. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Зам тээврийн осол гарах болсон шууд шалтгаан нь Соната-6 маркийн 37-10 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн "11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12 дугаар булгийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг үйлдэл гэж үзэв 3. Өмгөөлөгчөөс тавьсан асуултууд нь хүсэлт хэлбэртэй ойлгомжгүй тодорхой бус байсан тул, доор хариултуудыг нэмэгдлээр хариулав. Өмгөөлөгч Х.Оюунбатын 2019-05-20 өдрийн 28 дугаартай хүсэлтэнд дурьдагдсан асуултанд хариулав. 1. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр булгийн 1.2.47. "цуваа" гэж тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулан, ойрын гэрлээ асааж, зохион байгуулалттай цуварч яваа, энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан <<Цуваа>> таних тэмдэг (цаашид таних тэмдгийн зөвхөн нэрийг зааж бичнэ) бүхий гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг; хэлнэ гэж заасан байдал. Зам тээврийн осол болох үед цувааны урд тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулсан цуваа явж байсан тул Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2. Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7. 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад). 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна. Мөн 4.4. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед бусад тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөн, чөлөөтэй зорчих боломжийг хангана гэсэн байдаг тул уг зам тээврийн осол гарахад цуваа ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй байна гэж үзэв. 2. Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн "1.2.45. "хөвөө" гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай, эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна;" гэх заалтыг үндэслэн Соната-6 маркийн 37-10 OPX улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б эсрэг урсгалын буюу зүүн гар талын хөвөөн дээр зогссон гэх үйлдэл хийсэн нь ЗХД-ийн "14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3. 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө" гэснийг зөрчиж зорчих хэсгийн зүүн гар талын хөвөөнд зогсолт хийсэн байна гэж үзэв. 3. Тоёота Приус-30 маркийн 08-30 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хөвөө хэсэг рүү хөдөлгөөнөө өөрчлөн орсон нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэв” гэх дүгнэлт/хх-173-175 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-09 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-12 тал/, осол, хэрэг гарсан газар хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-13 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-14-21 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “92” гэх газарт Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт явах чиглэлийн асфальтан замд 97-10 ОРХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”  мөн дүрмийн 12 дугаар бүлгийн “12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Нарантуяагийн жолоодож явсан 08-90 ДАР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж О.Подвой, Ш.Оюунбилэг, Жун Те Хо нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт, гэрч хохирогчийн мэдүүлэгүүдээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Баттулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас О.Подвой, Ш.Оюунбилэг, Жун Те Хо нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирлыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Үүнд: хохирогч О.Подвой нь эмчилгээ, эм тарины зардалд нотлох бармтын шаардлага хангасан 2070420 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б нь 400000 төгрөгийн хохирол төлснийг талууд хүлээн зөвшөөрдөг тул хасч, үлдэх 1640420 төгрөгийн /мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд/нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч Оюунбилэг нь эмчилгээ, эм тарианы зардалд нотлох баримтын шаардлага хангасан 1609322 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Б нь нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул 1609322 /мөрдөн шалгах ажиллагааны боолн шүүхийн шатанд/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч   Жун Те Хо нь эмчилгээний төлбөр, ор хоногийн төлбөр, 2 сарын хяналтын төлбөр /400000*2=800000 төгрөг/ нийт 3375300 төгрөгийн /хэрэгт болон шүүхийн шатанд гаргаж өгсөн/нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас 2 сарын хяналтын төлбөр 800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул 800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй үлдээж, нотлох баримтын шаардлага хангасан 2542300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

 Иргэний нэхэмжлэгч Т.Нарантуяагийн 08-90 ДАР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 4635000 төгрөг/хх-127т/, эмчилгээний зардал 1510700 төгрөг нийт 6145700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж хянан шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үнийн дүнг шүүгдэгч С.Б нь хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч О.Подвой, Ш.Оюунбилэг, Жун Те Хо нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

         Түүнчлэн шүүгдэгч С.Баттулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.... зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тргох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчлагдсан,

         Уг гэмт хэрэг нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдэж 1 жил 4 сар орчимын хугацаа өнгөрсөн, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт дараах хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй,

          Хуулийн 1.1-т“ энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхээр хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон.

       Уг хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, уг маргаан 2021 оны 6 сарын 19-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн  тул С.Бд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуудийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан “ үндэслэлээр С.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч С.Бд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь 1 хоног цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Хэрэгт хураагдсан №01960400 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Бд буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт С Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Эрүүгийн 1934001920074 дугаартай шүүгдэгч С Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.С.Бд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №01960400 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны төлөөлөгчид буцаан олгосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бас 1640420 төгрөг гаргуулан О.Подвойд, 1609322 төгрөг гаргуулан Ш.Оюунбилэгт, 2542300 төгрөг гаргуулан хохирогч Жун Те Ход, 6145700 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч  Т.Нарантуяад тус тус олгож, шүүгдэгч С.Б нь хохирогч С.Подвойд 400000төгрөг нөхөн төлсөн, хохирогч  эмчилгээний төлбөр, ор хоногийн төлбөр, 2 сарын хяналтын төлбөр 800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч О.Подвой, Ш.Оюунбилэг, Жун Те Хо нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ