Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0660

 

 

 

 

 

 

 

М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “...Г  аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг У ” ХНН зохих хугацаагаар олгохыг Г  аймгийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газрыг М, О-н У-н Засгийн газрын хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 113/2022/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХХН нь “Г  аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг У ХНН-т зохих хугацаагаар олгохыг Г  аймгийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газрыг М, О-н засгийн газрын хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу У  ХНН-ийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгох”-оор маргасан байна.    

2. Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0005 дугаар шийдвэрээр: “Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан М  ХНН-ийн гаргасан Г  аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг У ХНН-т зохих хугацаагаар олгохыг Г  аймгийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газрыг М  Улс, О улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу У  ХНН-ийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... М  Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрын төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно”, Газрын тухай хуулийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байна. Нэгэнт хуульд заагаагүй заалтыг шүүхээс хуульд ийм заалтыг заагаагүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэдэгтэй нийцэхгүй байна. Мөн М  Улсын Үндсэн Хууль эрх зүйн дээд хүчин чадалтай гэдгийг үнэлээгүйд гомдолтой байна.

3.2. М  Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаартай Протокол батлах тухай тогтоолоор “2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр О улсын Москва хотноо гарын үсэг зурсан М -Оросын хувь нийлүүлсэн У  нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн Протокол”-ыг баталсан. Мөн М  Улсын Гадаад харилцааны яамны 1997 оны 03 дугаар сарын 28-ны 581 албан тоот, М  Улсын Дээд шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3847, Гадаад харилцааны яамны 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/5351, Гадаад харилцааны яамны 2018 оны 03 дугаар сарын 13-ны 09/1465 дугаартай албан бичигт “Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохирсны үндсэн дээр цуцалж болно” Оросын талтай харилцан тохиролцож цуцлааүй учир дээрх хэлэлцээр М  Улсын хүчин төгөлдөр гэрээ мөн гэж 1949 хэлэлцээрийн тайлбарласан байдаг. У ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны олон улсын гэрээ нь 20 гаруй нэмэлт гэрээтэй эдгээр нэмэлт гэрээний нэг 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаанбаатараас Замын-Үүдийн орчим байгаа М -Хятадын хил хүртэл төмөр замын шугамыг байгуулах ба ашиглах тухай” БНМАУ, ЗЗСБНХУ-ын Засгийн газрын хоорондын нэмэлт хэлэлцээрээр энэ хэлэлцээр нь 1949 оны хэлэлцээрийн салшгүй хэсэг бөгөөд хэлэлцээрийн доторх зүйлүүд нь тус хэлэлцээрээр үл өөрчлөгдөнө” гэж зохицуулсан байгаа тул шаардлагатай тохиолдолд уг нэмэлт хэлэлцээрийг гадаад харилцааны яамнаас гаргуулдаг байсан бол 2019 оноос эхлэн 1949 оны хэлэлцээр нь нууцын зэрэглэлээс гарсан юм.

3.3. Маргаан бүхий газар нь У ын-3 ангийн балансад бүртгэлтэй төмөр замын аюултай бүсэд байрлалтай УБТЗ-ын 200 гаруй метр урттай салбар зам нь Чойр өртөөний хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүсч, галт тэрэг найруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагаанд ноцтой эрсдэл үүсч байна. М  Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын 7-д “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон олон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг аймаг нийслэлийн удирдлагуудад даалгасан” Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана” 2-д Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана” гэж заасныг шүүх харгалзан үзсэнгүй.

3.4. М  Улсын хэмжээнд зохион байгуулалтгүй замбараагүй газар олголт хэрээс хэтэрсэн энэ цаг үед бүх зүйлийг бизнесийн ашиг сонирхол, эрх мэдлийн хүрээнд шийдэж харахаас илүүтэй М  улсын цаашдын ирээдүйг харсан зөв бодлого, гарц гаргалгааг гаргаж байж зөв голдиролдоо орох юм. Мөн хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарх эрх зөрчигдөж, төмөр замын аюултай бүсэд тээврийн аюулгүй байдал алдагдаж байна. Мөн шийдвэрийн 11.9-д “1994 оны газрын тухай хуулийн 18.1.10, 19.1, 21.1.3, 2002 оны хуулийн 16.1.3, 19.1.6-д заасан зохицуулалтын дагуу тухайн үеийн сайд нарын зөвлөлөөс У ” ХНН-д олгосон газарт төмөр замын ... ашиглах журмыг тухайлан тогтоох шаардлагатай байжээ, газрын тухай хуулийн 24, 44 дүгээр зүйл заасны дагуу газар зохион байгуулалт хийлгэж аваагүй байна гэжээ” гэж нэгэнт бий болсон үйл баримт дээр маргаж байхад байх шүүх дүгнэлт хийхдээ түүхийг буруутгасан нь шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлж байна.

3.5. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зохицуулалт хийгдэх боломжгүй үйлчлэхгүй байх ба олон улсын гэрээний дагуу ашиглаж буй газрыг Г  аймгийн Засаг дарга хууль бус захирамж гаргасан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийн 5.3-д “төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө” төрийн өөрийн өмч байна гэж заасныг зөрчиж У  ХНН-ийн эрх ашгийг хохироож байна. Олон улс гэрээний тухай хуулийн 21.1-д “Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалж болно” гэж заасан. 1949 оны хэлэлцээрийн 14 дүгээр зүйлд “Нийгэмлэгийн үргэлжлэн ажиллах явдлыг ямар нэгэн хугацаагаар үл хязгаарлана. Тус нийгэмлэгийг гагцхүү хэлэлцэн тохирч байгаа хоёр талын хэлэлцээрээр татан буулгаж болно” гэж заасан байдаг. У ” ХНН нь байгууллагыг байгуулсан хэлэлцээрээс хойш 74 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлсээр байна.

            3.6. Иймд Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0005 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч М  нь Г  аймгийн Засаг даргад холбогдуулан Г  аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг У  ХНН-т зохих хугацаагаар олгохыг Г  аймгийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газрыг М  Улс, О улсын Засгийн газрын хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу У  ХНН-ийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгохгэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.

2.2. Анхан шатны шүүх “... Бүгд Найрамдах М  Ард Улсын Засгийн газар ба З Холбоот Улсын Засгийн газрын хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрүүд болон Бүгд Найрамдах М  Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаар тогтоолоор У ” ХНН-т хугацаагүй шилжүүлсэн гэх газрын хувьд төмөр замын зурвас газрын хэмжээ, байршил, хилийн цэгийг нарийвчлан тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй  тул маргаан бүхий газрыг хугацаагүй ашиглах эрхтэй гэж үзэхээргүй, нэхэмжлэгч нь эзэмшил ашиглалтандаа хугацаагүй шилжүүлж авсан гэх газраа Газрын тухай хуулийн дагуу баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлээгүй буюу тус хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх үүсээгүй. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрүүдийг олон улсын гэрээнд бүрэн хамааруулж тайлбарлахгүй ба эрх зүйн эх сурвалжийн хувьд энэ тохиолдолд Газрын тухай хуулиас дээгүүр хүчинтэй үйлчилнэ гэж үзэхээргүй. Г  аймгийн Засаг даргын маргаан бүхий 2018 оны А/000 дугаар захирамжаар С.Ч-т эзэмшүүлсэн 11877 кв.м талбай бүхий газар нь хэмжээ, зориулалт, байршил, хил заагийн хувьд аймгийн Засаг даргын 2014 оны А/207 дугаар захирамжаар нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газарт хамаарахгүй бөгөөд газрыг давхцуулж олгосон гэж дүгнэх үндэслэлгүй, У ” ХНН-ийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий, зөв дүгнэлт болжээ.

2.3. Учир нь,  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг М  Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч М  нь дээр зааснаар газар эзэмшиж болох ч, Бүгд Найрамдах М  Ард Улс ба Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “М  Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-ийн тав дугаар зүйлийн б/-д зааснаар хугацаагүйгээр газар эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байна.

2.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар нь төмөр замын эзэмшил, ашиглалтад хугацаагүй шилжсэн газар гэж маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй, эрх бүхий байгууллагын газар олгосон шийдвэр гараагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн М  Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрын төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно”, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооногэж тус тус заасныг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.5. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Маргаан бүхий газар нь У ын-3 ангийн балансад бүртгэлтэй төмөр замын аюултай бүсэд байрлалтай УБТЗ-ын 200 гаруй метр урттай салбар зам нь Чойр өртөөний хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүсч, төмөр замын тээврийн үйл ажиллагаанд ноцтой эрсдэл үүсч байна ... Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана” 2-д Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана” гэж заасныг шүүх харгалзан үзсэнгүй ... Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зохицуулалт хийгдэх боломжгүй үйлчлэхгүй. Олон улсын гэрээний дагуу ашиглаж буй газрыг Г  аймгийн Засаг дарга хууль бус захирамж гаргасан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.6. Учир нь маргаан бүхий газар нь Бүгд Найрамдах М  Ард Улсын  Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоол, Бүгд Найрамдах М  Ард Улс ба Зөвлөлтийн З Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б/-д заасны дагуу төмөр замын өртөө орчмын эдэлбэр газрын зориулалтаар ашиглуулахаар Г  аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/207 дугаар захирамжаар У  хувь нийлүүлсэн нийгэмлэгт ашиглуулахаар олгосон газарт хамаарахгүй, газрыг ашиглах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байх тул Г  аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/000 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

2.7. Хэдийгээр нэхэмжлэгч У  хувь нийлүүлсэн нийгэмлэг нь М  Ард Улс ба З Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б/-д “Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүй шилжүүлэн хэрэглүүлнэ” гэж заасны дагуу төрийн өмчийн газрыг ашиглаж байсан боловч газраа Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу газар зохион байгуулалт хийлгэж, баталгаажуулж аваагүй байна.

2.8. Мөн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Г  аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/000 дугаар захирамж нь С.Чулуунбаатарын эзэмшил газрын хаягийг өөрийнх нь хүсэлтийн дагуу шинэчилсэн  2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамжийг үндэслэн гарсан байх тул өмнөх захирамжаас тусад нь салгаж дүгнэх боломжгүй, гэтэл зөвхөн хамгийн сүүлийн эзэмшил газрын хаягийг шинэчилсэн захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн яаж сэргэх нь тодорхойгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

  

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ