Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 917

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Мдс” БСБ-ын нэхэмжлэлтэй, Бсшуссад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Мдс” БСБ ,

Хариуцагч: Бсшусс,

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Бсшуссын 2019 оны А/259 дүгээр тушаалын Монгол дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мдс” БСБ-ын захирал Н.Дашзэвэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.А шийдвэр гаргасан үндэслэлээ “хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан боловч сургалтын үйл ажиллагаа явуулаагүй байна” гэж үзжээ.

Яамны зүгээс Мдсд ямар нэг үүрэг даалгавар өгөөгүй болно. Хэрэв яамнаас хугацаатай үүрэг даалгавар өгсөн бол бид биелүүлэхийн төлөө ажиллах байсан.

Сүүлийн жилүүдэд дунд сургууль төгсөгчдийн тоо эрс буурсан, 2019 оны 12 дугаар анги төгсөх сурагчдын тоо 18000 болж буурч байгааг харгалзан үзэж манай сургууль элсэлтээ зогсоож 2020 оноос  оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ жил хувийн их дээд сургуульд оюутан бараг элсэхээргүй байна.

Иймд яам манай сургуулийн ирэх жилийн элсэлтийн байдлыг харж үүрэг даалгавар өгч байж манай сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйд нийцнэ.

Тэр болтол яамны шийдвэрийг цуцлах юм уу түдгэлзүүлж өгнө үү.

Бүгд найрамдах Солонгос улсын нэгэн дээд сургуультай хамтарсан сургалт явуулах хэлцэл явагдаж байна. Бид сургуулийн спорт заал бариулах зураг төсөл хийж буй энэ үед сургалтын зөвшөөрөлгүй болбол бидний ажил хүндрэх тул яам шийдвэрээ хүчингүй болгох юм уу түдгэлзүүлэх хэрэгтэй байна.

... 2019 оны 05 дугаар сарын сүүлээр манай сургуульд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас бичиг ирсэн. Тухайн бичигт танай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн утгатай байсан тул манай сургуулиас яагаад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар лавласан, өмнөх жил нь манай сургууль Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа сургууль болж, сургалтын хөтөлбөрийг нийцүүлж, 3 жилийн гэрээ байгуулсан.

Энэ жил элсэлт муу байгаа тул дараа жилээс сургалтаа явуулахаар тохиролцсон. Жилд 10-15 оюутан элсүүлбэл харьяа сургууль дээрээ, харин 15-аас доош оюутан элсүүлбэл Улаанбаатар сургуулийн байранд сургалт явуулахаар тохиролцсон. Эхний жилдээ бид элсэлт аваагүй. Гэхдээ бүртгэсэн оюутнуудыг Улаанбаатар сургуульд шилжүүлсэн. Бид тусгай зөвшөөрлөө хүчингүй болсон талаар 5 сарын сүүлээр мэдсэн.

Бсшуссын шийдвэр гарахаас өмнө дээд боловсролын газрын үнэлгээний шийдвэрүүд дээр хугацаатай үүрэг даалгавар өгөхөд, сургалтын үйл ажиллагаа явуулаагүй гэж бичсэн. Гэтэл хугацаатай үүрэг хэзээ, яаж өгсөн нь мэдэгдэхгүй байна. Бидний хувьд Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа болсон тул энэ сургуулийн харьяагаар цаашид явна гэж ойлгоод явж байсан. Хугацаатай үүрэг даалгавар өгөөд дараа жил оюутан элсүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж албан ёсны журмаар бичгээр болон амаар сануулсан бол бид оюутан элсүүлэх байсан.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам одоо хүртэл хугацаатай үүрэг, даалгавар өгсөн талаараа нотолж чадахгүй байгаа. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажил хийсэн гэсэн ч 2019 онд манай сургууль дээр нэг ч удаа ирээгүй.

Хяналт, шинжилгээний үнэлгээ хийх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл оюутан элсүүлээгүй байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гэнэтхэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн сайдын шийдвэрийг ирүүлснийг гайхаж байна. Энгийн логикоор ярихад хүнийг ажлаас халахад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын өмнө мэдэгддэг. Гэтэл манай сургууль дээр 20 орчим ажилтан, 20 орчим багштай байдаг. Энэ хүмүүсийг ажлаас халах утгатай шийдвэр гаргах гэж байгаа бол ядахдаа нэг сарын өмнө танай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэж байгаа шүү гэж бичгээр болон амаар мэдэгдэх ёстой. Гэтэл гэнэтхэн л сургууль хаагдчихлаа гэсэн ойлголт өгч байгаа нь шударга биш байна. Уг захиргааны акт нь сургуулийн тоог механикаар хорогдуулах гэсэн арга байна. Тийм учир уг шийдвэр нь үндэслэлгүй юм. Уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Ирэх жилээс манай сургууль Солонгос, Орос улсын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулах гэж байсан. Мөн биеийн тамирын заал байгуулах гэж байсан. Шүүхээр “Мдс”-ийн нэхэмжлэлтэй 4-5 хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Гэнэт манай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шүүх хуралдаанд хэрхэн оролцох, хамтран ажиллахаар гэрээ байгуулах гэж байсан сургуулиудад юу гэж хэлэх вэ гэсэн олон асуудлууд гарч ирж байна.

Ер нь бол 1-2 жил хараад үнэхээр оюутан бага байх юм бол дээд сургуулиа хаана. Дунд сургуульд шилжиж байгаа ба дунд сургуулийн сургалт явуулаад эхэлсэн. Гэтэл 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа сургуульдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ингэж хандаж байгаад гомдолтой байна. Уг нь үе шаттайгаар танай зөвшөөрлийг хүчингүй болгоно шүү. Та нар нэг арга хэмжээ бодоорой, дунд сургуульд шилжих гэж байгаа юу, дэмжлэг тусламж юу байна гэх зэргээр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. 40 гаруй ажилтантай сургуулийг гудамжны нохой хөөж байгаа мэт араншин гаргаж байгаад дургүй хүрч байна. 

Сайдын шийдвэр гэнэт ирэхэд бид гайхаад манай сургууль дээр 20 багш байна. ядаж бичгээр амаар мэдэгдэх ёстой энэ шударга биш сургуулийн тоо багасгах ажил юм аа. Орос Солонгос сургуулиудтай хамтрах гэж байсан. Дунд сургуульд шилжүүлж байсан. Танай сургууль шилжих гэж байгаа юм уу. 20 жил сургалт явуулсан хүндэтгэлтэй хандах ёстой 10 ичнээ оюутан аваад сургалт явуулахад болохгүй юм байхгүй. Хугацаатай даалгавар өгсөн бол бид маргахгүй. Хуучин нябо санхүүгийн чиглэлээр сургалтаа явуулахад болохгүй зүйл байхгүй. 20 жил сургалт явуулаад гэнэт ажиллагаа зогсоход гомдолтой байгаа. 5 сарын эцсээр гэнэт сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэв.

 

Хариуцагч Бсшусс Ё.Бээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “боловсролын салбарын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө, үзэл баримтлал, үндсэн чиглэл, дүрэм, журам, хөтөлбөр, төсөл, заавар, аргачлалыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох” гэж 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу 2017 оноос эхлэн дээд боловсролын сургалтын байгууллагад хяналт шинжилгээ, үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Бсшуссын 2017 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/292 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Мдсд Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч /хуучнаар/ Д.Одгэрэлээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Дээд боловсролын бодлогын газар, Хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцсон.

Тус ажлын хэсгийн дүгнэлтээр Мдс нь 2017-2018 оны хичээлийн жилд 12 оюутан суралцаж байна гэж мэдээлсэн боловч бодит байдалд 6 оюутантай байсан бөгөөд оюутантай байгуулсан гэрээ байхгүй, сургалтын үйл ажиллагаа явуулаагүй, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлээгүй тул сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргасан. Ажлын хэсэг дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, ангилалд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг шалган 62 шаардлагаас 5 шаардлага хангасан, 57 шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна. Шалгалтын үеэр тус сургуулийн захирлаас Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа дээд сургуулиудыг нэгтгэх энэ талаар судлах, элсэгчгүй байгаа сургуулиудад дэмжлэг үзүүлэх, элсэгчдийн тоо цөөрч байгаа тул сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул асуудлыг шийдвэрлэж өгөх санал гаргасан байна.

Тус сургуулийн захиралд ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяа сургуулийн статустайгаар ажиллах хүсэлт гаргасан. Тус 2 сургуулийн хүсэлтийг судлан, удирдах зөвлөлийн тогтоолыг нь үндэслэж Бсшуссын 2018 оны “Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяа сургуулийн тухай” А/231 дүгээр тушаалаар Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяа Мдс болгон өөрчилж, захиралтай нь хэд хэдэн удаа уулзаж, дараах үүрэг даалгавар, зөвлөмжийг өгсөн. Үүнд:

- сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулах,

- хууль, тогтоомжийн хүрээнд сургуульд мөрдөгдөх дүрэм, журмаа гарган баталгаажуулж, мөрдөн ажиллах,

- сургалтын хөтөлбөрийг хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын дагуу боловсруулан, мөрдөж ажиллах,

- доктор, профессор багш авах, үндсэн багшаар ажиллуулах,

- сургуулийн удирдлага, санхүүгийн тогтолцоог оновчтой болгох,

- сургалтын материаллаг орчныг үе шаттайгаар шинэчлэн сайжруулах, хэрэглэгдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, стандарт хангах;

- номын фондын баяжуулалт хийх;

- шинэ мэдлэг бий болгох, нээлт гаргах орчин бүрдүүлэх;

- сургуулийн түншлэл, нийгмийн үйлчилгээг сайжруулах.

Бсшуссын 2019 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/53 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Улаанбаатар- Эрдэм их сургуулийн харьяа Мдсд тухайн үед Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Агаар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дахин ажилласан. Ажлын хэсэгт яамны Дээд боловсролын бодлогын газар, Хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Хүүхдийн номын сан, Боловсролын хүрээлэнгийн төлөөлөл оролцсон.

2018-2019 оны хичээлийн жилд тус сургууль нь Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяа Мдс болсон хэдий ч гэсэн сүүлийн жилүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлээгүй тул холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж үзэн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг Дээд боловсролын бодлогын газрын даргын 2019 оны “Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийн тухай” 3/3196 тоот албан бичгээр сургуулийн удирдлагад хүргүүлсэн байна.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Бсшуссын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Дээд боловсролын сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” А/259 дүгээр тушаалаар тус сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Энэ тушаалыг 2019 оны “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай” 3/4111 тоот албан бичгээр сургуулийн удирдлагад хүргүүлсэн.

2017-2018, 2018-2019 оны хичээлийн жилд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, ангилалд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй гэж дүгнэлт гарсан, байгууллагын магадлан итгэмжлэл хийлгээгүй тул тус сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Иймд холбогдох нотлох баримтуудыг сайтар нягтлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Бсшуссын 2019 оны А/259 дүгээр тушаалын Монгол дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “манай сургууль дээр өмнө нь ажилласан ажлын хэсгийн шалгалтын дүнгээр манай сургуулийг Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяанд шилжүүлсэн, үүний дараа дахин ажлын хэсэг огт ажиллаагүй, ямар нэг үүрэг даалгавар өгөөгүй, зөвлөмж гаргаагүй атлаа сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчаас “Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяа Мдс болгож өөрчилсний дараа захиралтай нь хэд хэдэн удаа уулзаж үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа эрхлээгүй тул холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж гарсан тул А/259 дүгээр тушаал нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/259 дүгээр тушаалын “Мдс”-д холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/259 дүгээр тушаалын 2 дахь заалтаар “холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяа Монгол дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэжээ[1].

Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно”, 24.1.1-д “... эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус зааснаас үзвэл, захиргааны байгууллага нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд сургалтын байгууллага нь “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг удаа дараа хангаагүй, удаа дараа зөрчсөн, эсхүл ноцтой зөрчсөн болохыг шалгаж тогтоосны үндсэн дээр зохих шийдвэр гаргахаар байна.

Гэтэл захиргааны байгууллага нь маргаан бүхий а/259 дүгээр тушаалыг гаргахдаа “Мдс” нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй эсэх, эсхүл удаа дараа зөрчсөн эсэхийг шалган тогтоосон талаарх аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй атлаа нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны А/292 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд “Мдс нь “Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам”-д заасан шаардлагад нийцэхгүй байгаа учир тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”[2] гэсэн байх боловч тус сургуулийн захирлын саналыг харгалзан мөн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/231 дүгээр тушаалаар “Монгол дээд сургуулийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяанд ажиллуулахаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл өөрчлөн олгож”[3] шийдвэрлэжээ.

Үүний дараа Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар тушаалаар дахин дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаа, ангилалд тавигдах нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилттэй танилцах, ...үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулсан байх ба уг ажлын хэсгээс “Мдс нь 2018-2019 оны хичээлийн жилд Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяа болсон хэдий ч сүүлийн жилүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлээгүй тул холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”[4] гэсэн дүгнэлт гаргажээ.

Улмаар хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч уг ажлын хэсгийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн танилцуулгад “...Мдс нь Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяанд бүрэн шилжсэн тул бусад сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн болно”[5] гэснээс үзвэл тус ажлын хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаарх хяналт шинжилгээг дахин хийгээгүй гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч нь “хийгдээгүй хяналт шалгалтын дүн”-г хэрхэн үндэслэж сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож буй нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “дахин ажлын хэсэг огт ажиллаагүй, ямар нэг үүрэг даалгавар өгөөгүй, зөвлөмж гаргаагүй атлаа сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн тайлбарыг үгүйсгэхээгүй байна.

Зүй нь хариуцагч нь тус сургуулийн Улаанбаатар-Эрдэм сургуулийн харьяанд ажиллуулахаар тусгай зөвшөөрлийг нэгэнт олгож шийдвэрлэсэн тохиолдолд маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 26 дугаар дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам”-ын шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн хангаж байгааг, эсхүл хангахгүй байгааг, эсхүл удаа дараа зөрчсэн эсэхийг нэгбүрчлэн дахин хянаж, шинжилгээ хийж үнэлэх шаардлагатай байхад  маргаан бүхий актыг гаргахдаа ажлын хэсгийн танилцуулганд дурьдсан дээрх зөрүүтэй байдлыг харгалзаагүй, Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих” үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул маргаан бүхий актыг хууль тогтоомжид нийцсэн гэж дүгнэх боломжгүй.

 

Гэвч “Мдс” нь 2018-2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлээгүй, сургалтын үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс энэхүү байдлыг хүлээн зөвшөөрч маргахгүй байхын зэрэгцээ Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “... тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй” тохиолдолд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байх боловч маргаан бүхий актын үндэслэлд хуулийн энэхүү зохицуулалтыг баримтлаагүй байх тул шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас 2017-2018 оны хичээлийн жил дуусч байхад буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/231 дүгээр тушаалаар “Монгол дээд сургуулийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар-Эрдэм их сургуулийн харьяанд ажиллуулахаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өөрчлөн олгосон атлаа тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуульд заасан 6 сарын хугацаагаар баримтлах шаардлагын үүднээс дараагийн хичээлийн жил эхлэхэд буюу 2018 оны 09 дүгээр сард оюутан элсүүлж, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэхийг мөн шүүхээс урьдчилан дүгнэх боломжгүй байна.

 

Мөн тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “эрх”-ийг үгүйсгэсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байхад хариуцагчаас маргаан бүхий А/259 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ... тайлбар санал гаргах боломж” олгох” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “... сургуулийн захирлыг удаа дараа дуудаж уулзаж, үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн” гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, уг нотлох баримтыг гаргуулах эх сурвалж зааж маргасангүй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллага нь “Мдс” нь олгогдсон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй, удаа дараа зөрчсөн, эсхүл ноцтой зөрчсөн болохыг шалгаж тогтоосны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Бсшуссын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/259 дүгээр тушаалын Мдсд холбогдох хэсгийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан хариуцагч Бсшуссын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/259 дүгээр тушаалын Мдсд холбогдох хэсгийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Бсшусс нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудыг тодруулж нотолсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Бсшусс нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд тус сайдын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/259 дүгээр тушаалын Мдсд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 67 дахь талд

[2] Хавтаст хэргийн 29 дэх талд

[3] Хавтаст хэргийн 50 дахь талд

[4] Хавтаст хэргийн 63 дахь талд

[5] Хавтаст хэргийн 58 дахь талд