Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/474

 

 

 

 

 

 

 

 

 

   2021             12                15                                                2021/ШЦТ/474                            

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Д.Д, Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарт холбогдох эрүүгийн 2134000000365 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1970 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сарлаг 2 дугаар багийн нутагт оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, С Д.Д,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1994 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, С Д.Т,

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д, Д.Т нар нь бүлэглэн, гар хөрөө ашиглан, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орчимд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Цагаан чулуут гэх ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр 1.665 м3 хэрэглээний хуурай нарс мод бэлтгэн, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр Д.Тын эзэмшлийн 23-11 УНР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 155.183 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

 Шүүгдэгч Д.Д: 

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Шүүгдэгч Д.Т: 

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000365 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д, Д.Т нар нь бүлэглэн, гар хөрөө ашиглан, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орчимд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Цагаан чулуут гэх ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр 1.665 м3 хэрэглээний хуурай нарс мод бэлтгэн, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр Д.Тын эзэмшлийн 23-11 УНР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 155.183 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000365 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,

хураан авсан модонд хэмжилт хийсэн тухай баримт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Портер 0” маркийн 23-11 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 26-30 дугаар хуудас/,

Ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Экологи эдийн засгийн ... БОАЖС-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр тооцон гаргав. ...Борнуур сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаардаг болно. Бэлтгэсэн нийт 1.1665м3 бөөрөнхий хуурай эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 11665м³*1.8*73907төгрөг=155183 / нэг зуун тавин таван мянга нэг зуун наян гурав/ төгрөг болно. байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржүүлж гаргана... гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хх-87 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 07-273 дугаартай гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер 0” маркийн 23-11 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.825.000 /гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 64-78 дугаар хуудас/,

  Иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн ...Би Төв аймгийн Борнуур сумын нутгаас хүмүүс зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх хэрэгт оролцож байна. Миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. Би томилогдон оролцож байна. Миний хувьд экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж уг хэрэгт оролцоно... /хх-ийн 42 дугаар хуудас/,

гэрч Б.Отгонцэцэгийн ...Би Төв аймгийн Борнуур суманд 2019 оны 12 сард ажилд орохоор ирсэн ирээд Борнуур сумын Нарт багийн байгаль хамгаалагчаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Би Д.Д гэх хүнийг харж байгаагүй. Надаас ойд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манайх 3 байгаль хамгаалагчтайгаас С.Буян ээлжийн амралттай байгаа, Хишигжаргал бид 2 ойд мод бэлтгэх эрхийг бичиг олгож байгаа. Манайх ойд мод бэлтгэх эрхийн бичиг олголтын нэгдсэн бүртгэлтэй. Дээрх хүн дээр ойд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон бүртгэл байхгүй... /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

гэрч Д.Дгийн ... Би 2015 онд Төв аймгийн Баянцогт сумаас Борнуур суманд гэрээрээ шилжиж ирсэн одоо Борнуур сумын Нарт баг Дугана хад гэх газар зусаж байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын 03-04-ний хооронд хашаа саравчаа засах зорилгоор Дугана хадны Цагаан чулуутын ам гэх газраас 45 ширхэг бүдүүн нарын нийлсэн, 4 метр орчмоор тайрсан шургааг мод бэлтгэж өөрийнхөө 23-11УНР дугаарын портер маркийн тээврийн хэрэгслээр ачиж гэрийнхээ гадаа буулгасан юм. Тэгээд байж байтал 2021 оны 09 дүгээр сарын 02 өдөр цагдаа нар ирж миний бэлтгэсэн модыг шалгасан юм... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ... Би өөрийн төрсөн хүү болох Тын хамтаар бэлтгэсэн байгаа. Харин сүүд нь ачуулахдаа нутгийн залуу болох Баярхүүгээр туслуулсан. Баярхүү бол зөвшөөрөлгүйг огт мэдэхгүй зөвхөн ачуулахад л туслуулсан юмаа... /хх-ийн 53 дугаар хуудас/,

гэрч Д.Тын ...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны үед байсан байх Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р баг Цагаан чулуут гэх газраас өөрийн төрсөн аав болох Дгийн хамтаар саравчаа засаж янзлахаар 45 ширхэг бүдүүн нарийн нийлсэн 4 метр орчмоор тайрсан модыг бэлтгэсэн. Манай аав зөвшөөрөл авахаар 2 удаа сумын төв орсон боловч зөвшөөрлийн бичиг нь дараа 7 хоногт ирнэ гээд авч чадаагүй юмаа. Бас нэг удаа очиход хүмүүс нь байгаагүй юмаа тэгээд л зөвшөөрөл авч чадаагүй бэлтгэсэн юмаа... /хх-ийн 56 дугаар хуудас/,

гэрч С.Буянгийн ...Би Төв аймгийн Борнуур суманд 2009 оноос хойш байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Одоогоор Борнуур сумын 1, 3 багийн байгаль хамгаалагч ажилтай. Би Д.Д гэх хүнийг сайн танихгүй. Надаас ойд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манайх 3 байгаль хамгаалагчтай. Би хэрэглээний модны эрхийг бичгийг өгдөг. Манай нөгөө 2 байгаль хамгаалагчид түлээний модны эрхийн бичиг олгодог юм. Манайх ойд мод бэлтгэх эрхийн эрхийг бичиг олголтын нэгдсэн бүртгэлтэй. Дээрх хүн дээр ойд мод бэлтгэх эрхийг бичиг олгосон бүртгэл байхгүй... /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Дгийн ...Ойлгож байна хүлээн зөвшөөрч байгаа. Би Төв аймгийн Борнуур сумын нарт 4-р багийн нутаг Дуган хад гэх газар амьдарч байсан юмаа. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын эхээр байсан одоо яг өдрийг нь санахгүй байна. Саравчаа шинэчилж барих зорилгоор Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 р багийн нутаг Цагаан чулуутын ам гэх газар луу өөрийн төрсөн хүү болох Таар туслуулан би өөрөө гар хөрөө ашиглан 20 орчим босоо мод мөн унанги модноос хэргэлж болхоорыг нь аваад нийт 45 ширхэг шургааг мод бэлтгэн манай хүүгийн нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийн 23-11 УНР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж зөөж ирэн гэрийнхээ гадаа буулгасан юмаа. Тухайн үедээ өмнө нь байгаль хамгаалагч байсан Чингэс гэдэг хүнтэй уулзаж зөвшөөрөл авахаар асууж байсан боловч Буян гэдэг хүнтэй уулз гэж байсан тэгээд уулзсан чинь эрэх долоо хоногт бичиг нь ирнэ гэж байсан тэгээд би хэлчихсэн юм чинь гэж бодоод модоо бэлтгэсэн юмаа... /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

яллагдагч Д.Тын ...Миний хувьд тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд зуны цагаар төрсөн аав болох Дгийнд байсан юмаа тэгсэн чинь аав өвөлжөө саравчаа янзлах хэрэгтэй байна жоохон мод бэлтгэх хэрэгтэй байна гэхээр нь аваад тус болоод Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Дугана хад гэх газар байдаг Цагаан чулуут гэх газраас өөрийн эзэмшлийн 23-11 УНР улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинаар аавтай хамт яваад 45 ширхэг шургааг мод бэлтгэж гэрийн гадаа буулгасан юмаа... /хх-ийн 106-107 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Дгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 108, 116 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Тын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 109, 128-132 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Д.Д, Д.Т нарын бүлэглэн, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орчимд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Цагаан чулуут гэх ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр 1.665 м3 хэрэглээний хуурай нарс мод бэлтгэн, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр Д.Тын эзэмшлийн 23-11 УНР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Д.Д, Д.Т нар мод бэлтгэх зөвшөөрөлгүй атлаа “Цагаан чулуут” гэх газар байрлах ойд 1.665м3 мод бэлтгэж, уг 45 ширхэг модыг ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр зөөвөрлөсөн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэх шинжийг хангасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн түүнээс гадна шүүгдэгч Д.Д, Д.Т нар хоорондоо ярилцаж, хамт ууланд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцсоныг... ...гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэсэн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хангаж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангасан байна.

 

Хууль санаачлагчаас “Гэмт хэрэгт хамтран оролцоо”-ны  “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд шүүгдэгч Д.Д, Д.Т нар нь бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж байгаа энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар нь байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Д.Д, Д.Т нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр  сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 45 ширхэг модыг хураан авч “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, хураан авсан модонд хэмжилт хийсэн тухай баримт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн хөрөөг хураан авч “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Портер” маркийн 23-11 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 07/273 дугаартай үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Д.Д, Д.Т нарыг бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Д, Д.Т нар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ гар хөрөөг, харин гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэхдээ “Портер” маркийн 23-11 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашигласан байна.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон гар хөрөө Д.Дгийн эзэмшлийх, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 23-11 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэдийгээр шүүгдэгч Д.Дгийн эзэмшлийнх гэж байгаа боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр шүүгдэгч Д.Тын өмчлөлийнх болох нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Д, Д.Тын нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 23-11 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Тын өмчлөлөөс хурааж улсын орлогод,

            шүүгдэгч Д.Д, Д.Т нарын гэмт хэрэг үйлдэж олсон 45 ширхэг, 1.665м3 модыг хадгалах, хамгаалах үүргийг хүлээсэн иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэгээс хурааж улсын орлогод тус тус оруулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Дгийн эзэмшлийн гар хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулж шийдвэрлэсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Д, Д.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 155.183 төгрөгийн шууд хохирол учирч, 465.549 /дөрвөн зуун жаран таван мянга таван зуун дөчин ес/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Д, Д.Т нар нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 465.549 /дөрвөн зуун жаран таван мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг төлсөн талаарх “ХААН” банкны банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д, Д.Т нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Д, Д.Т нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг давхар харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч тус бүрт албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна. 

 

Бусад асуудлын талаар:    

            Эрүүгийн 2134000000365 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Д.Д, Д.Т нар тус бүр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Г.Отгонцэцэг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарыг бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрийг хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тус бүр албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарт тус бүр шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарт тус бүр шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарт тус бүр шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 2134000000365 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч С Д.Д, С Д.Т нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Г.Отгонцэцэг нь шүүгдэгч Д.Д, Д.Т нарт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 23-11 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч С Д.Тын өмчлөлөөс хурааж улсын орлогод,

мөн иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулж хүлээлгэн өгсөн 45 ширхэг 1.665м3 модыг хурааж улсын орлогод тус тус оруулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Д.Д, С Д.Т нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.    

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бэсүд овгийн С Д.Д, С Д.Т нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН