Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

 

 

     2021          12             17                                                 2021/ШЦТ/479                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Анхбаяр,

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогч Б.Мөнхбат /онлайнаар/,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.О холбогдох эрүүгийн 2134000000240 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баяндэлгэр сум 1986 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоогийн газрын зохион байгуулагч мэргэжилтэй, Ерөнхий боловсролын сургуулийн жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлтэй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.О

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг “Мужааны байр” гэх газар иргэн Г.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч: Б.О

...Гэмт хэрэг үйлдсэнээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол эрүүл мэндийн зардалд 4.300.000 төгрөг төлсөн үлдэх 4.167.000 төгрөгийг шүүхээс төл гэсэн шийдвэр гарвал төлнө... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000240 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.О 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг “Мужааны байр” гэх газар иргэн Г.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4951 дугаартай ... Г.Мөнхбатын биед биед дух, хоёр нүдний дээд доод зовхи, хамар хацарт зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, доод үүдэн дөрвөн шүд уналт, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хугарлаар өөхөн эслэг иврэлт, зүүн ухархайн доод ба гадна ханын хугарал, зүүн хоншоорын хөндийн нийлмэл хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо... талаарх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 837 дугаартай ... Г.Мөнхбатын биед биед дух, хоёр нүдний дээд доод зовхи, хамар хацарт зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, доод үүдэн дөрвөн шүд уналт, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хугарлаар өөхөн эслэг иврэлт, зүүн ухархайн доод ба гадна ханын хугарал, зүүн хоншоорын хөндийн нийлмэл хугарал, баруун нүдний нулимсны сувгийн эвдрэл засаж гуурс тавих, зүүн ухархайн доод хана нөхөх мэс заслын дараах байдал тогтоогдлоо... талаарх дүгнэлт /хх-ийн 70-73 дугаар хуудас/,

хохирогч Г.Мөнхбатын ...2021 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед би Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр баг “Тахилт” гэх газраас хөдөө гэрээсээ өөрийн мотоциклоо жолоодож сумын төв орсон. Сумын төв ороод хүүхдийн талбайн тоглоомын баруун хойно нь цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй согтуугаар О нь жолоодчихсон надтай таарсан. Тэгээд О нь надад хандан Батаа ахаа хоёулаа архи ууя гээд явуулахгүй байхаар нь би уухгүй гэж хэлээд хөдлөөд давхиад явсан. Орой 18 цагийн үед би Төв орж тамхи авахаар Баатар ахын дэлгүүр орчхоод “Мужааны байрны” гадаа буюу хойд талд зогсож байхад О нь намайг мотоциклоосоо буугаад ир гээд байхаар нь буусан газар суугаад тамхи татах гээд суутал. О нь шууд нүүр хэсэг рүү нэг юмаар цохиж намайг унагаасан тэгээд юу ч мэдээгүй би ч ухаан алдаж 2 цаг гаруй тэр газраа хэвтсэн удалгүй хүргэн ах Лхагваа ирж эмнэлэгт хүргэсэн... /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

гэрч Б.Оын ... Би 2021 оны 06 дугаар сарын 04-ний өглөө нь босоод сумын дэлгүүр болох "Ургах наран" хүнсний дэлгүүрээс 2 ширхэг хараа 0,75 граммын архийг зээлж аваад Алтансүх, Шинэбаяр нартай хувааж уучхаад нэлээн согтсон үдээс хойш нь өөрийн приус маркийн тээврийн хэрэгслийг гэрийнхээ гаднаас асаагаад жолоодож яваад сумын цагдаад баригдаад драйгер багажаар үлээлгэн шалгуулахаар Эрдэнэ сумын цагдаа руу явсан Эрдэнэ сумандаа очоод хашаанд тээврийн хэрэгслээ үлдээчхээд соёлын төвийн Андрей ахыг сум хүргээд өгөөч гэж гуйгаад Андрей ах тээврийн хэрэгсэлтэйгээ хүргээд өгье гээд Баяндэлгэр сум хүргүүлэн ирээд гэрлүүгээ харих замд найз Мөнгөнтэй таараад бид хоёр сумын төвийн мужааны байрны гадаа 1 шил архиа хувааж уучхаад сууж байхад Мөнхбат ах мотоциклтой согтуу нэг мэдэхэд миний хажууд ирцэн байсан, хэрхэн таарснаа санахгүй байгаа нэг мэдсэн Мөнгөн яваад өгсөн байсан. Тэгээд Мөнхбат ах бид хоёр маргалдсан Мөнхбат ах над руу чамайг тахилтын эхэнд адуутай байхыг чинь харна чиний адууг авцан байхад яадгын би мөрдөн ороод хэргээ сэгсэрээд гарчихна гээд томроод байхаар би нүүр лүү нь гараар цохисон унаад өгөхөөр нь дээрээс нь нэг удаа дэвсчхээд яваад өгсөн ямар ч байсан нэг удаа дэвссэнээ санаад байгаа дараа нь би гэртээ хариад унтсан байсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Б.Ургамалын ... Би 2021 оны 06 дугаар сарын 04-ний орой Төв аймаг Баяндэлгэр сумын төвд найз Цэвлээгийнд орчхоод орой 19 цагийн үед гэрлүүгээ харьж явах замд сумын төвийн байшин хуучнаар "Мужааны байрны" хойд талд модон хашааны хойно гурван хүн сууж байгаа харагдсан би гэрлүүгээ алхаад явж байсан гэрийн ойрхон ирж байхад нөгөөх гурван хүн чанга чанга дуугараад байхаар нь хартал хамт сууж байсан Мөнгөн нь урагшаагаа явган явж байгаа харагдсан үлдсэн хоёр нь хашааныхаа хажууд босоод зогсчихсон нэг нь дээгүүрх хамаг хувцсаа тайлаад шалдалчихсан байхаар сайн хартал манай хөрш айлын залуу О байх шиг байсан. Хамт сууж байсан хар бараан куртик юм уу биеийн тамирын хувцастай залуугийнхаа нүүр лүү нь цохиод байсан дараа нь дээр суучихсан цохиж байсан би хол байсан учир юунаас болж маргалдаж зодолдоод байгаа талаар сонсоогүй тэгээд би гэрлүүгээ орчхоод эргээд гарч иртэл нөгөөх зодуулаад байсан хүн зодолдсон газраа хэвтэж байсан "амь авраарай хүн байна уу? гэх нь "дуулдаж байсан тэгэхээр нь би Мөнхтуяа эмч рүү залгаж энд нэг хүн зодуулчихсан хэвтэж байна танай талын хүн байна аа гэж утсаар хэлсэн удалгүй Мөнхтуяа эмч нөхрийн хамтаар ирчихсэн нөгөө зодуулсан хүнийг авч харагдсан гадаа харанхуй болсон байсан болохоор би ч очиж хараагүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,

яллагдагч Б.Оын ...Би уг тогтоолтой танилцлаа зүйл ангитай холбоотой ямар нэгэн санал хүсэлт алга байна. Одоохондоо гайгүй гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэж байсан. Хохирол төлбөр эхний ээлжинд 2021 оны 06 дугаар сарын 10-ны үеэр 3 сая төгрөг дансаар шилжүүлсэн байгаа. Би нэлээн согтуу байсан. 3, 4 шил архи уучихсан байсан. Уг нь бид хоёр муудалцаад байх шалтгаан байхгүй нэг л мэдсэн маргалдаад адуу морь яриад байсан тэгэж муудалцаад л би Мөнхбатыг ганц хоёр цохисон. Би уг үйлдэлдээ их харамсаж гэмшиж байна. гэм буруугаа ойлгож байгаа. Өөрөө ч хүн хохироогоод өөрийгөө ч хохироогоод хэцүү л байна... /хх-ийн 29 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-37, 82-93 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг цуглуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Оын иргэн Г.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Оын холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамааруулсан байдаг.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь хүний бие махбодид Гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт заасан ямар гэмтэл учруулж байгаагаас хамааран хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай, болгоомжгүй учруулах гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж заасны дагуу хүнийг зодож, цохиж байгаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирснаар гэсэн шинжийг хангасан материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үздэг байна.

 

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Мөнхбаттай маргалдаж түүний биед дух, хоёр нүдний дээд доод зовхи, хамар хацарт зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, доод үүдэн дөрвөн шүд уналт, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хугарлаар өөхөн эслэг иврэлт, зүүн ухархайн доод ба гадна ханын хугарал, зүүн хоншоорын хөндийн нийлмэл хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

 

Дээрх хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүндэвтэр хохирол /гэмтэл/ учруулснаараа гэмт хэрэг бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэсэн тодотгох нөхцөл нь Эрүүгийн хуульд “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

 

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр нэмж энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан ба шүүгдэгч Б.Оын хувьд согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан ял дээр нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Тэрээр шүүгдэгч Б.О нь хүнийг зодож, цохих сэдэлт, санаа зорилго төрж, санаа зорилгоо гүйцэлдүүлж, хохирогч Г.Мөнхбатыг зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсч хийсэн, хохирогч Б.Мөнхбатын биед дух, хоёр нүдний дээд доод зовхи, хамар хацарт зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, доод үүдэн дөрвөн шүд уналт, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хугарлаар өөхөн эслэг иврэлт, зүүн ухархайн доод ба гадна ханын хугарал, зүүн хоншоорын хөндийн нийлмэл хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн биед учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Б.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мөнхбатын биед дух, хоёр нүдний дээд доод зовхи, хамар хацарт зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, доод үүдэн дөрвөн шүд уналт, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хугарлаар өөхөн эслэг иврэлт, зүүн ухархайн доод ба гадна ханын хугарал, зүүн хоншоорын хөндийн нийлмэл хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Б.Оаас хохирогч Г.Мөнхбат нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 8.467.098 /найман сая дөрвөн зуун жаран долоон мянга ерэн найм/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн, үлдсэн 4.167.000 /дөрвөн сая нэг зуун жаран долоон мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулан хохирогч Г.Мөнхбатад олгох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүхээс шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Б.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

       

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000240 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Б.Оын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2134000000240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Оаас 4.167.000 /дөрвөн сая нэг зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч НЧ77051419 дугаарын регистртэй, Гаваа овгийн Гаваагийн Мөнхбатад олгосугай.

 

5. Хохирогч Г.Мөнхбат нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б Б.Оаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН