Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0676

 

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0676

Улаанбаатар хот

 “О” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б;

Нэхэмжлэл гаргагч: “О” НҮТББ

Хариуцагч: ДУАЗД

Гуравдагч этгээд: “Г” ХХК

Гуравдагч этгээд: “П” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “ДУАЗД-ын тус аймгийн С сумын нутаг дахь “Б-О” нэртэй газарт “П” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/2**дүгээр, мөн С сумын нутаг дахь “Б” нэртэй газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/3**дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б,

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 117/2022/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” НҮТББ нь ДУАЗДд холбогдуулан тус аймгийн С сумын нутаг дахь “Б-О” нэртэй газарт “П” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/2**дүгээр, мөн С сумын нутаг дахь “Б” нэртэй газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/3**дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.10, 106.3.12-т заасныг удирдлага болгон  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар) 14 дүгээр зүйлийн 14.7 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ДУАЗД-ын тус аймгийн С сумын “Б-О” гэх газарт “П” ХХК-д, мөн сумын “Б” гэх газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус олгосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/2**дүгээр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/3**дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо:

3.1. “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна” гэж заасан бөгөөд хуулийн 18-р зүйлийн 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” зааснаас үзвэл сүүлийн гурван тогтвортой үйл ажиллагаа явуулсан гэдгийг хангалттай нотлох баримтаар нотолсон байх шаардлагатай байтал анхан шатны шүүх “... сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан нь энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нэхэмжлэгчийг 2018, 2019 2020 онд үйл ажиллагааны тайлангаа бүртгэх байгууллагад өгч байсан талаарх ДУА-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг болон 2020, 2021 онуудад бичигдэж байсан нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны тайлан хэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ... нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй ....” гэж үзсэн нь хууль бус болжээ.

3.2. Учир нь “О” ТББ 2022 оны 01-р сард нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэл гаргах энэ үедээ буюу сүүлийн хоёр жилийн үйл ажиллагааны тайлангаа бүртгэх байгуулагад хүргүүлсэн байх үүрэгтэй байна. Гэтэл шүүх 2020, 2021 онуудад бичигдэж байсан нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны тайлан гэх зүйлийг нотлох баримтаар үнэлж сүүлийн гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулж байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймээс “О” ТББ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

3.3. Хариуцагч ДУАЗД-ын гуравдагч этгээд “П” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/2**, “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/3**дугаар захирамжууд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8/3270, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 8/4820 дугаар албан тоотоор ирүүлсэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэсэн дүгнэлт, ДУА-ийн С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаар албан тоотоор ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тухай хариу бичиг болон ДУА-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 99, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 тоот тогтоолуудыг үндэслэн “П” ХХК, “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

3.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1957 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “ДУА-ийн С сумын нутаг дэвсгэр дэх Б-О, Б нэртэй газруудад олгогдсон “П” ХХК, “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгогдсон талбай нь Онги голоос 46-50 км-ын зайд байрлана. Тус компаниуд үйл ажиллагаа явуулаагүй байгаа учир Онги голын урсацад сөргөөр нөлөөлөх эсэхийг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Мөн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “П” ХХК, “Г” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас тухайн нутаг дэвсгэрт хүн, мал, амьтан ундаалах ундны усгүй болох эрсдлийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэсэн атал анхан шатны шүүхээс “..тус сумын байгаль цаг уурын нөхцөл одоо байгаа байдлаас дордох, бэлчээр болоод хүн, мал, амьтан ундаалах ундны ус хомсдох, сөрөг үр дагаварт хүрч, байгаалийн тэнцэл алдагдах, улмаар тус сумын нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрэх нөхцөл байдлууд үүсэхийг үгүйсгэхээргүй байх тул маргаан бүхий захиргааны актууд болох А/2**, А/3**дугаар захирамжууд хэрэгжиж эхэлснээр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

3.5. Түүнчлэн анхан шатны шүүх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1957 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...Амьтан, ус, ургамал, хөрс, бэлчээрт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс харахад “П” ХХК, “Г” ХХК-ийн үйл ажиллагаа нь Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын байгалийн тэнцэл алдагдахад хүрч болзошгүй байна” гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл аваад хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа талбайг аль эрт ашиглаад эхэлсэн мэтээр үзэж гаргасан дүгнэлтийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Иймд маргаан бүхий захиргааны актууд нь “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдохгүй” байх тул Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2023/0011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн тухайд:

4.1.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.9-д “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” гэж, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.” гээд 18.3.1-д “Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх", 18.3.2-т "Дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж заасны дагуу шүүхээс хамгийн нэгдүгээрт нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд эсэх дээр дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрийн 15 дугаар талд дүгнэхдээ энэ талаар хэлбэр бүхий дүгнэлт хийсэн байна гэж миний зүгээс үзэж байна.

4.1.2. Учир нь шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн нотлох баримт болох нэхэмжлэгчийн 2018, 2019, 2020 онд үйл ажиллагааны тайлангаа бүртгэх байгууллагад өгч байсан талаарх ДУА-ийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг болон 2020, 2021 онуудад бичигдэж байсан нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны тайлан зэрэг баримтууд нь улсын бүртгэлд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, санхүүгийн тайланг нэхэмжлэлд хавсаргаагүй, татвар төлөөгүй зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3.1, 18.3.2-т заасан шаардлагыг хангасан хангалттай нотлох баримт биш байх бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23-р зүйлд заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй зэргээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн хуулийн шаардлагыг хангахгүй байхад шүүхээс хэлбэрийн төдий, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргах этгээд мөн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

4.1.3. Иймээс хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.9-д “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” гэж, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгосондсоноос бусад нийтийн ашин сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.” гээд 18.3.1-д “Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “Дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж заасныг хангаагүй нь нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн “Захиргааны дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож буй эсэх тухайд” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй талаар:

4.2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа заахаар хуульчилсан байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нь шийдвэрийн нэхэмжлэлийн шаардагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болох маргаан бүхий актын улмаас Сиргэдийн нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдлын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байхыг, энэ нь үндэслэл бүхий ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тэдгээр нь хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгаа нь талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой.

4.2.2. Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж маргаж байгаа асуудлын талаар хангалттай байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй” талаарх дүгнэлтийг хийхдээ ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭХ НЬ: хэсгийн 6.1-6.8-т дурдаад улмаар тус сумын нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрэх нөхцөл байдлууд үүсэхийг үгүйсгэхээргүй байх тул маргаан бүхий захиргааны актууд болох А/2**, A/323 захирамжууд нь хэрэгжиж эхэлснээр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэжээ. Энэхүү шүүхээс хийсэн шийдвэрт заасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдал нь үндэслэл бүхий нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, үндэслэлгүй болсон нь дараах байдлаар нотлогдож байна гэж миний бие үзэж байна. Үүнд:

4.2.3. Маргаан байгаа асуудлын талаар С сумын иргэд буюу нийтийн ямар эрх сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаарх хангалттай ямар сонирхол илэрхийлснийг шийдвэртээ тодорхой зааж түүндээ дүгнэлт хийх ёстой байтал хангалттай ямар ашиг сонирхол илэрхийлснийг дурдаагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

4.2.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1957 дугаартай “Шинжээчийн дүгнэлтийг дурдаад 6.2-т ... гуравдагч этгээдүүд нь үйл ажиллагаа явуулаагүй байгаа учир Онги голын урсацад сөргөөр нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй, мөн тэдгээр компаниудын үйл ажиллагааны улмаас тухайн нутаг дэвсгэрт хүн, мал, амьтан ундаалах ундны усгүй болох эрсдэлийг одоогоор нарийвчлан тогтоох боломжгүй боловч, 6.3, 6.4-т ... зэрэг сөрөг нөлөө үүсч болзошгүй гэж тус тус тогтоосон байдлууд 6.5-т 6.6-т зэрэг байдлууд, 6.1-6.8-т дүгнэж улмаар тус сумын нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрэх нөхцөл байдлууд үүсэхийг үгүйсгэхээргүй байх тул маргаан бүхий захиргааны актууд болох A/2**, А/3**захирамжууд нь хэрэгжиж эхэлснээр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийг удирдлага болгох байтал дүгнэлт хэсгийг удирдлага болгохгүйгээр шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээнд дурдсан нөхцөл байдлуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгаа талаар бодитой хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд шинжээч нарыг оролцуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нараас асуусан асуултаар шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт бичигдсэн сөрөг нөлөө нь шинжээчийн дүгнэлт хэсэгтэй яагаад зөрж байгаа талаар асуухад шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт ашигт малтмалыг олборлох явцад учирч болох эрсдлийг заасан гэж хариулсан байдаг. /Шүүх хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн/.

4.2.5. Үүнээс үзэхэд ашигт малтмалыг олборлох явцад үүсэх эрсдэл нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх буюу манай компанийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй болох нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2 “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй болох нь тогтоогдсон. Гэтэл энэхүү байдлыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр хийсвэр дүгнэлт хийн, дүгнэлт хэсгийг орхигдуулан тусгай мэдлэг бүхий дүгнэлтийг шүүх өөрөө хийж нотлох баримтыг буруу үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Харин ч шинжээчийн дүгнэлтээр манай компанид олгосон хайгуулын зөвшөөрлийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь хангалттай тогтоогдохгүй байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

  1.  Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

  1.  Нэхэмжлэгч “О” НҮТББ-аас хариуцагч ДУАЗД-д холбогдуулан “ДУАЗД-ын тус аймгийн С сумын нутаг дахь “Б-О” нэртэй газарт “П” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/2**дүгээр, мөн С сумын нутаг дахь “Б” нэртэй газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/3**дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хараа хяналгүй уул уурхай, хууль зөрчиж олгогдсон тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын олборлолтоос Онги голын сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл ихээр алдагдаж иргэдийн “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах ...” эрхийг зөрчиж байгаа үйлдлүүдийг зогсоох зорилготой ...” гэжээ.

 

  1.  Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын эрх зүйн байдлын талаар;

3.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “О” НҮТББ нь үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “Онги голын урсацын талаар судалгаа хийх, улаан нуурт хүргэх бүс нутгийн иргэдийн дунд голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах нөхөн сэргээх ажлыг хийлгэх, үндэсний болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг ойлгоно” гэж тодорхойлогдсон “Онги голын урсацыг Улаан нуурт хүргэхэд оршино” гэх дүрмийн зорилгын дагуу нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болох нь тогтоогдож байна.

3.2. Харин ДУА-ийн улсын бүртгэлийн хэлтэс /1-р хх-ийн 8 дахь тал/-ийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 437 дугаартай “...2018, 2019, 2020 онд үйл ажиллагааны тайлангаа бүртгэх байгууллагад өгсөн” гэх албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтууд болох хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “О” НҮТББ-ын үйл ажиллагааны тайлан, байгууллагын дүрэм, ДУА-ийн С сумын иргэдийн маргаан бүхий актыг эсэргүүцэж байна гэх гарын үсэг /1-р хх-ийн 10-40 дэх тал/, мөн “...Иргэдийн нийтийн хурал дээр төрийн бус байгууллагад хандая гэж иргэдийн зүгээс шийдээд тус байгууллагад хандсан ...” гэх тус сумын иргэдийн гэрчийн мэдүүлэг, “Их булаг” НҮТББ-ын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22/1 дугаартай “Нийтийн ашиг сонирхлыг хамтран хамгаалах тухай хүсэлт”, /www.ongiriver.blogspot.com/ www.Facebook.com/ongigol/ сайтууд зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “О” НҮТББ нь дүрмийн зорилгын дагуу нийгэмд үйлчилдэг үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүйгээр хийж гүйцэтгэж ирсэн, нийтэд илэрхий төрийн бус байгууллага байх бөгөөд нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан шаардлагыг хангасан шүүхэд “нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд” гэж үзэх хангалттай үндэслэл болно гэж шүүх үзлээ.

Иймд “О” НҮТББ-ыг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

  1.  Маргааны зүйлийн талаар,

 

4.1. Талуудын маргааны зүйл нь маргаан бүхий акт гэж тодорхойлсон гуравдагч этгээд “Г” ХХК болон “П” ХХК-уудад ДУА-ийн С сумын нутаг дахь Б-О, Б гэх нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон ДУАЗД-ын шийдвэр нь хуульд нийцсэн эсэхэд маргаж байна.

4.2. ДУАЗД 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/2**дугаартай захирамжаар гуравдагч этгээд “П” ХХК-д мөн аймгийн С сумын нутагт “Б-О” нэртэй, 49.47 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохдоо;

-ДУА-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр тогтоол,

-Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08/3270 албан бичгээр хүргүүлсэн “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэсэн дүгнэлт,

-ДУА-ийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Эын гарын үсэгтэй 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №27 дугаар албан бичиг /1-р хх-ийн 146 дахь тал/ зэргийг;

 ДУАЗД 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/3**дугаар захирамжаар гуравдагч этгээд “Г” ХХК-д мөн аймгийн С сумын нутагт “Б” нэртэй, 55.77 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохдоо

-ДУА-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоол,

-Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08/4820 дугаар албан бичгээр хүргүүлсэн “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэсэн дүгнэлт,

-ДУА-ийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Эын гарын үсэгтэй 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №19 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 161 дэх тал/ зэргийг тус тус үндэслэсэн байна.

4.3. Ийнхүү хариуцагч ДУАЗД захирамж гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийг баримталжээ.

4.4. Гэтэл гуравдагч этгээд нарт хариуцагчийн дээрх захирамжаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох” үндэслэл болсон ДУА-ийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Эын гарын үсэгтэй 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №27, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №19 дугаартай албан бичгүүд нь сумын архивын санд байхгүй, 2020 оны ирсэн явсан бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, саналыг хэлэлцсэн сумын иргэдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй, тухайн асуудлаар хуралдаагүй, хурлын архивын сан хөмрөгт байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

4.5. Үүнээс үзвэл, гуравдагч этгээд нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг дэмжсэн ДУА-ийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Эын гарын үсэгтэй санал нь хууль ёсны санал биш байх бөгөөд саналыг зохих журмын дагуу хэлэлцэгдээгүй зэрэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18, 20, 22 дугаар зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.”, 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн[1] саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.”, гэж заасантай нийцээгүй байна.

 

5. Мөн түүнчлэн ДУА-ийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Эын гарын үсэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасахаар шийдвэрлэлээ. Иймд уг тогтоолыг үндэслэн тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасаж өгнө үү” гэх хүсэлт болон ДУА-ийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоол зэрэг нь тухайн сумын архивын сан хөмрөгт байхгүй, Хурлын Төлөөлөгчид болон Тэргүүлэгчдийн хэлэлцэх асуудалд огт тусгагдаагүй, хэлэлцэгдээгүй, харин 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан 03 дугаар тогтоол нь “Хурлын даргыг сонгох тухай” болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

5.1. Үүнээс үзвэл, ДУА-ийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /дарга П.Э/-ийн санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хууль ёсны гэж үзэхгүй, тодруулбал гуравдагч этгээд нарын хүсэлт гаргасан газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасах талаар С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй байна.

5.2. Иймээс ДУАЗД-аас гуравдагч этгээд нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох захирамж гаргах үндэслэл болсон Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08/4820, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08/3270 дугаар албан бичгээр хүргүүлсэн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх дүгнэлтийг хууль ёсны гэж үзэхгүй болно.

6. Хууль зүйн үндэслэлийн талаар,

6.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Аймгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:”, 21.1.12-т “хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Сумын чиг үүрэгт дараах асуудал хамаарна:”, 22.1.12-т “хөшөө дурсгалын байршил, хамгаалалт;” гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана.”, 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн[2] саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно.”, 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.”, 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн[3] саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.”, гэж, тус тус заажээ.

 

    1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ДУАЗД 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Г” ХХК-д XV-48000149, “П” ХХК-д XV-48000143 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасантай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

    1. Хэдийгээр гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий талбайд үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байгаа боловч ДУА-ийн С сумын иргэдээс авсан “...Голын ус урсац, бидний уух ус багасна. Хүн малын ус хүрэлцэхгүй байгаа ... уурхай ажиллаж эхэлбэл голын урсац татрахаас эхлээд сөрөг нөлөөтэй ...” гэх гэрчүүдийн мэдүүлэг /1-р хх-ийн 123-132 дахь тал/-ээр болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1957 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...тусгай зөвшөөрөл олгогдсон талбай нь Онги голоос 46-50 км-ийн зайд байрлана. ...айлын өвөлжөө, хаваржааны байршлаас мал бэлчээрлэх 2 км, 3 км, 4 км, 5 км-ийн радиус тогтоож үзэхэд “П” ХХК, “Г” ХХК-иудын талбай багтаж байна. ...компанийн үйл ажиллагаа нь Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын байгалийн тэнцэл алдагдахад нөлөөлж болзошгүй...” гэж дүгнэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

  1. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “О” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2023/0011 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

            ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                                      Т.ЭНХМАА

 

 

 

 

 

[1] Эл заалтад  хуулиар 2022.04.22-ны өдөр өөрчлөлт оруулж “Тэргүүлэгчдийн” гэснийг хассан.

 

[2] Эл заалтад 2022.04.22-ны өдөр өөрчлөлт оруулж “Тэргүүлэгчдийн” гэснийг хассан.

[3] Эл заалтад 2022.04.22-ны өдөр өөрчлөлт оруулж “Тэргүүлэгчдийн” гэснийг хассан.