Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 159/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

   2021            06               02                                                 2021/ШЦТ/159                                   

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч А.С, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б А.С, Б Б.О нарт холбогдох эрүүгийн 2134000090045 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                         

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Номин” ХХК-нд туслах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б А.С,

Монгол улсын иргэн Баянхонгор аймгийн Галуут суманд 1998 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Б.О,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.С, Б.О нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн гүйцээн баяжуулах хэлтсийн байранд ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 31 грамм металл хулгайлж “Бүрдэл майнинг” ХХК-нд 5.179.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С:

... Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэж мэдүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О:

... Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэж мэдүүлжээ.

  

Эрүүгийн 2134000090045 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Б.Батсүрэн /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч С.Цэдэнбал /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Сүхбаатар /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Р.Сүхбат /хх-ийн 14-15 дугаар хуудас/, яллагдагч А.С /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, яллагдагч Б.О /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, 

Мөрдөгчөөс өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд алт буюу үнэт металлд үнэлгээ тогтоосон тухай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн дугаар хуудас/, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Н.Бүрэнбаярын Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Орхонтуулын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30, 34 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.С, Б.О нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн гүйцээн баяжуулах хэлтсийн байранд ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 31 грамм металл хулгайлж “Бүрдэл майнинг” ХХК-нд 5.179.720 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах   

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан ... цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон алтны грамм хохирол хохирлын үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ, өөр гомдол санал байхгүй...

гэрч Ж.Мөнхжаргалын ...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өглөө 10 цагийн үед Сонор харуул хамгаалалтын камерын ахлах ажилтан Батсүрэн 2020  оны 12 дугаар сарын 04-ний бичлэг шүүхэд С гэх туслах ажилтан гүйцээн баяжуулах цехэд ажиллаж байхдаа амруугаа ямар нэгэн юм хийж байгаа сэжигтэй үйл хөдөлгөөн илрүүлсэн. Тэр бичлэгийг ахлах ажилтан Батсүрэн над руу мэдэгдсэний дараа би бичлэгийн талаар асуухаар Сийг дуудаж уулзтал 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 0,87 грамм алтыг гүйцээн баяжуулах цех дотор залгих гээд чадаагүй, гаалийн чулуу гаргаж асгахдаа дотор нь хийж гаргасан байсан. Өмнө нь энэ үйлдлээр Цэдэнбал, Сүххуяг хоёртой 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 3 удаа 200.000 төгрөг, 500.000 төгрөг, 350.000 төгрөгөөр тус тус дансандаа мөнгө хийлгэсэн гэж ярьсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар авчирсан. Алгаа Хуяг-Очир ченж дуудаад Хуяг-Очир, С нар цуг алгаа тушаадаг гэж ярьж байсан...

гэрч Б.Батсүрэнгийн ...би “Бүрдэл майнинг” ХХК-ны камер хяналтын ажилтан байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би 2020 оны 12 дугаар сарын 04 ний өдрийн "Бүрдэл майнинг" ХХК-ны гүйцээн баяжуулах цехийн үйл ажиллагааны бичлэгийг шүүж үзэхэд туслах ажилтан С, туслах ажилтан О нар байсан. Тэгээд байж байснаа туслах ажилтан С бээлийгээ долоогоод байсан, нэлээн шүүж үзэхэд тэр бээлийгээ долоогоод байсан нь сэжигтэй үйлдэл байсан. Тэгээд "Сонор" харуул хамгаалалтын захирал Мөнхжаргалд даруй мэдэгдсэн...

гэрч С.Цэдэнбалын ...С яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Гүйцээн баяжуулах цехийн гадна хайрцагнаас 1 жоохон металл олсон гэж хэлж байсан. Тэрийгээ яасан талаар мэдэхгүй, өөр мэдэх зүйл байхгүй...

гэрч Б.Сүхбаатарын ...Би Сийг сайн танихгүй Оийг 2020 оны 08 сард Эрдэнэт хотоос машиндаа суулгаад авчирсан. "Эко алтан Заамар ХХК-ний Баянголын уурхайд ажилладаг гэж байсан, ...надаар 2 удаа алт тушаалгасан. Эхний удаа 6-7 грамм алт тушаалгасан. Дараагийн удаа 14-16 грамм алт тушаалгасан.... эхний удаа 2020 оны 11 дүгээр сарын эхээр "Цагаан булаг" гэх нэртэй дэлгүүрт тушаалгасан, ...дараагийн удаа 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Алтан дорнодын хорооллын Эмээгийн дэлгүүрт тушаалгасан. Тушааж өгсөнд баярлалаа бензин хийгээрэй гээд эхний удаа 150.000 төгрөг, дараагийн удаа 150.000 төгрөг нийлээд 300 000 төгрөг өгсөн...

гэрч Р Сүхбатын ...би Эмээгийн дэлгүүр гэх дэлгүүрт 2010 оноос хойш ажиллаж байна. Манай аав ээжийн дэлгүүр байгаа юм. манай дэлгүүр хувиараа алт олборлогч иргэдээс алт авдаг, дээд тал нь 20-оос 30 грамм орчим алт авдаг. Сүхбаатар гэдэг хүнийх манай дэлгүүр орчимд гэр нь байдаг. 2020 онд 1 удаа 11 дүгээр сард орж ирж алт тушаасан. Яг хэдний өдрийг нь санахгүй байна. 2.400.000 төгрөгийн алт тушаасан, тухайн үед алтыг 1 цэн буюу 3.75 граммыг нь 520.000 төгрөгөөр авдаг байсан ба ингэж бодохоор 17 грамм алт тушааж байсан...

яллагдагч А.Сийн ...Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Төв аймгийн Заамар сумын “Бүрдэл Майнинг” ХХК-нд гүйцээн баяжуулан цехид туслах ажилтнаар ажиллаж байсан тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж яваад баяжуулах цехийн гаднах талбай дээр хаягдсан илүүдэл чулуун дотроос жижиг хэмжээний үнэт металл олоод тэр өдрөө О гэх залуугаас юу болох талаар асуухад наадах чинь алт байна чи хаанаас авсан юм гэхээр нь гаднах чулуун дотроос олсон юм гэж хэлсэн тэгээд тухайн металиа хэлэн доороо хийж нууж байгаад тэр өдрөө От чи энийг цехээс аваад гарчих уу гээд От өгсөн тэгээд тэр орой Хайлааст багийн төвийн явуулын машинтай дэлгүүрийн бараатай хүн ирэхэд нь О нөгөө металиа тэр дэлгүүрийн хүнд өгөөд явуулсан тэгээд тэр орой О миний Хаан банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн, шилжүүлэхдээ нөгөө юмны чинь хувь шүү гэж хэлсэн, тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд байх гаалийн чулуугаа асгахдаа 2 удаа металл гаргаад тэрийгээ От зараад өгчих гээд өгсөн, тэгсэн О тосгоноос такси дуудаад өгөөд От зараад өгчих гэж хэлсэн, тэгээд дараа нь нөгөө алт чинь нийт 1.400.000 төгрөг болсон шүү гээд надад 500.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Мөн тэрнээс хойш удалгүй мөн баяжуулахаас яг хэдэн грамм гэдгийг нь мэдээгүй нэг металлт авч гараад От өгсөн, О тэр өдрөө өмнө өгсөн ченж дээ өгчихлөө гээд миний данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн тэгээд тэрнээс хойш буюу 2020 оны 12 дугаар сарын эхээр мөн гүйцээн баяжуулах цехийн шалан дээрээс нэг металл олоод тэрийгээ биедээ авч гараад өөрийнхөө амьдарч байсан орон сууцанд хадгалж байсан юм харин миний шалан дээрээс олсон металл камерт бичигдсэн байсан болохоор сонор харуул хамгаалалтын дарга нь надтай уулзаад тэр алтаа би харуулын даргад өгч байсан...

яллагдагч Б.Оийн ... 2019 оны 08 дугаар сард “Бүрдэл Майнинг” ХХК д туслах ажилтнаар ажилд орсон тэгээд 2020 оны 11 дүгээр сараас 12 сарын хооронд Баянгол уурхайн гүйцээн баяжуулах цехэд ажиллаж байхдаа найз Сийн гаргаж ирсэн алтыг зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь 3 удаагийн үйлдлээр эхний удаа дэлгүүрийн худалдагч эгчид өгч заруулаад 800.000 төгрөгөөс тэр эгчид 200.000 төгрөг С бид хоёр 200.000 төгрөгийг авч үлдэгдэл 200.000 төгрөгөөр дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ аваад үрээд дуусгасан, тэр худалдагч эгч хулгайлсан гэж мэдээгүй 7 хоногийн дараа С нь ал гарсан ирсэн тэрийг нь заруулах хүн олдохгүй байхаар нь Эрдэнээс сум хоорондын таксинд явж байсан Сүхбаатар гэдэг жолоочтой холбогдоод өгч явуулаад 1.150.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг жолоочид Стэй 500.000 төгрөгийг тус тус хувааж авсан сүүлийнх нь дахин 10 гаруй хоногийн дараа уг цехээс С 2 жижиг алт гаргаж ирэхээр нь дахин Сүхбаатарыг дуудаад заруулаад 850,000 төгрөгөөс 150,000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 700,000 төгрөгийг Стэй хувааж авсан жолооч Сүхбаатар тэр алтнуудыг хулгайлсан талаар огт мэдээгүй тодорхой хувийг нь өгнө гэсэн учраас цааш нь зарж өгсөн... гэсэн мэдүүлэг,

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Н.Бүрэнбаярын Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Орхонтуулын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30, 34 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч А.С, Б.О нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн гүйцээн баяжуулах хэлтсийн байранд ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 31 грамм металл хулгайлж “Бүрдэл майнинг” ХХК-нд 5.179.720 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү иргэн “Бүрдэл Майнинг” ХХК-ийн гүйцээ баяжуулах хэлтсийн байранд ажиллах байх хугацаандаа үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 31 грамм металл авч байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Мөн шүүгдэгч А.С, Б.О нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.С, Б.О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч А.С, Б.О нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Бүрдэл майнинг” ХХК-нд 5.179.720 /таван сая нэг зуун далан есөн мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Бүрдэл майнинг” ХХК-нд 5.179.720 /таван сая нэг зуун далан есөн мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд  5.179.720 /таван сая нэг зуун далан есөн мянга долоон зуун хорь/ төгрөгийг төлж барагдуулсан нь хавтас хэргийн 146-146 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч А.С, Б.О нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч А.С, Б.О нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг давхар харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч тус бүрт албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000090045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.С, Б.О нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан төлөх төлбөргүйг, шүүгдэгч А.С, Б.О нарт тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

   36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

                    зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                         тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б А.С, Б Б.О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б А.С, Б Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тус бүр албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3., 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч А.С, Б.О нарт тус бүр шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.С, Б.О нар нь шүүхээс хүлээлгэсэн тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, .

мөн шүүгдэгч А.С, Б.О нар нь тус бүр шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2134000090045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.С, Б.О нар нь иргэний нэхэмжлэгч Б.Батсайханд төлөх төлбөргүйг, шүүгдэгч А.С, Б.О нараас тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.       

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б А.С, Б Б.О нарт урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б А.С, Б Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ю.ЭНХМАА