Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ггийн Бд холбогдох 2135002020005 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг Гүнбүрд 421 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т ургийн овогт Ггийн Б, /РД: ОЗ80083112/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Э.Дийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135002020005 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой гэртээ нөхөр Г.Б, хоёр хүүхэд, ээж Ц.Х нарын хамтаар байхад Улаанбаатар хотоос манай нөхөр Г.Бы хамаатан болох 2 хүн, манай сумын 1 залуу нийт 3 хүн манайд ирсэн юм. Тэгээд манай нөхөр Г.Б манай сумын залуу болох Шараа гэх залуутай гэрээс гарч яваад удалгүй гэртээ 0.75 литрийн шилтэй архи, ундаа авч орж ирсэн бөгөөд архиа задалж тэд нар хөзөр тоглосон юм. Тэгээд миний утас дуугарч Д.Оюунгэрэл багш утсаар ярьж “бид нар О багшийн гэрт ирчихсэн байна, хурдан хүрээд ирээрэй” гэхээр нь би нөхөртөө хэлэхэд намайг “тэг, тэг” гэсэн. Тэгээд би ээж Ц.Х, том охин Гансувдын хамтаар ээжийг гэрт нь хүргэж даралтыг нь үзээд би ганцаараа О багшийн гэрт очиход манай байгууллагын хамт олон ирчихсэн байсан. Тэгээд цай, хоол унд идээд нэг шил архи задалж тэр архинаас нь ууж байтал миний утас дуугарч ээж залгаад “миний бие өвдөөд байна, хүрээд ир” гэхээр нь би нөхөр Б руу утсаар ярьж “чи ээжийн гэрт яваад очооч, ээжийн бие өвдөөд байна” гэж хэлсэн юм. Тэгээд би хэсэг сууж байгаад удалгүй ээжийн гэрт очиход манай нөхөр Б ээжийн гэрт ирчихсэн, бага охин Сувд-Эрдэнийг гэрт нь унтуулчихсан байсан юм. Тэгээд би “ээж таны бие яаж байна” гэхэд манай нөхөр Б “чи ямар удаан ирдэг юм” гэхээр нь би “30 минут л болоод ирж байгаа биз дээ, яав” гэхэд “чи муу пизда, чи муу урьд нь С үнсэлцээд явалдаж байсан биздээ” гээд намайг ээжийн орон дээр баруун гарын алгаараа нүүрэн тус газар 1 удаа таших буюу цохиод авсан юм. Тэгэхээр нь “чи яаж байгаа юм бэ, хүн цохиод” гээд би гэрээс гарч утсаар ярих гэтэл ээжийн гэрийн үүдний амбаар дотор гараараа миний үснээс зулгааж аваад толгой, гар, хөл хэсэгт олон удаа цохиод байсан. Тэр үед манай ээж Ц.Х нь бид хоёрын дундуур орж салгаж авсан юм. Тэгээд би гэрээс гарч зугатаад хашааны өнцөг дээр очиж ээжийн хамаатан болох Урнаатай утсаар ярьж “намайг Б цохиод болдоггүй, хүрээд ир” гэхэд удалгүй Урнаа хүрээд ирсэн юм. Тэгээд би Урнаатай хамт ээжийн гэр лүү ороход Бямбацогт гээд манай багийн эмч ирчихсэн манай ээжийн биеийг үзэж байсан. Харин Б хажууд нь сууж байсан. Тэгсэн манай нөхөр Б над руу дайрахад нь би гал тойрч зугатаахад намайг хөлөөрөө нэг удаа бөгс хэсэгт өшиглөхөөр нь би гэрээс гараад зугтаасан. Тэгээд гадаа байж байгаад гэртээ ороход Б, Урнаа, багийн эмч Бямбацогт, Т гээд хүмүүс байсан юм. Тэгээд би “чи яасан гэж намайг цохиж байгаа юм” гэхэд намайг “хуц, чи муу янхан” гээд над руу хүүхдийн гутал шидэж, хажуудаа байсан жижиг шар сандал шидэхэд миний хөлний хажууд туссан. Тэгэхээр нь би дахиад гэрээс гүйж гараад гадаа харанхуй байсан тул би хашааны хаалгаар гарах гэтэл ар талаас манай нөхөр гарч ирээд намайг барьж аваад миний үснээс гараараа ороож аваад хашаан дотор миний толгой, гар, хөл хэсэгт 3-4 удаа гараараа цохиод байсан. Тэгээд Бямбацогт эмч дундуур орж салгаж авсан...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой У гэх айлд очиж хүүхдэд нь тариа хийгээд байж байхад У надад Дийн нөхөр согтуу ирээд цохиод гэрээс хөөгөөд гаргачихсан гудамжинд байна, намайг хүргээд өг гэхээр нь би Утай хамт Бы гэрт очиход хүүхэд нь ганцаараа унтаж байсан юм. ...Би гэрээс нь гараад гадаа байж байгаад урд талын айлын гэр лүү ороод гараад ирсэн чинь Х эгчийн гэр дотор хүмүүс орилоод байхаар нь яваад орсон чинь гэр дотор Х эгч, Урнаа, Т, Д, Б нар байсан. Б ах, Д хоёр хоорондоо хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би Б ахыг гэрээс авч гараад тэдний гэрт дагуулаад орсон чинь хүүхэд нь уйлаад сууж байсан. Тэгээд удалгүй араас Д, У, Т эгч орж ирээд юм ярилцаж байгаад гэрээс гарч Х эгчийн гэр лүү очоод байж байхад Б ахын хашаан дотор хүмүүс орилоод байхаар нь яваад очиход хашаан дотор Б, Д, Т эгч нар гадаа байсан юм. Тэгээд би Б ахыг аваад гэр лүү нь орсон. Харин Т эгч Дэлгэрцэцгийг аваад Х эгчийн гэр лүү яваад өгсөн. Тэгээд би Б ахыг “та унтаж амар” гэж хэлчхээд би Утай хамт гэрээс нь гараад Х эгчийн гэрт очиход Т эгч, Д, Х эгч байсан...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Д нь миний орон дээр сууж байхад хүргэн Б “чи яагаад явдаг юм, урьд нь чи С үнсэлдэж байсан биз дээ” гээд хэрэлдэхээр нь би “миний бие өвдөөд байна, та нар хэрэлдэж болохгүй” гэсэн чинь хүргэн Б босож ирээд Дийг 1 удаа гараараа ташиж цохисон чинь Д гэрээс гарах гэтэл гэрийн хаалганы хэсэгт Б Дийн үснээс гараараа ороож аваад хаалга мөргүүлж байхад Д “ээж би үхлээ, авраарай” гэхээр нь би босоод хүргэн Быг барьж аваад салгасан юм. Тэгсэн Д гэрээс гараад явсан. Хүргэн Б бид хоёр гэрт байж байтал Т гээд манай дүү ганцаараа орж ирээд “Б, чи яагаад хоорондоо хэрэлдээд Дийг цохиод байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэр хооронд миний бие өвдөж манай гэрээр хэн орж гарч байгааг сайн мэдэхгүй орон дээр хэвтэж байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би “та нар юу болоод байгаа юм, Дийг цохиод” гэсэн чинь Б “та нар ах дүү нараараа бүгдээрээ ирээд сүр болох юм” гэж хэлээд Д рүү “чамайг ална шүү, гал голомтыг чинь самарна” гээд цохихоор дайрахаар нь би бариад авсан чинь Д гэрээс гараад гүйгээд явчихсан. Тэгээд би Бд “та хүн цохих гэж юу байдаг юм, гэр лүүгээ ор” гэж хэлээд Б Т эгч бид гурав Бы гэр лүү нь орж гал түлж байтал гаднаас Д ороод ирсэн. Тэгсэн чинь Б Д рүү “чамайг ална шүү” гээд гутал авч шидсэн чинь дахиад Д гэрээс гарсан чинь араас нь Б гүйж гараад үснээс нь дарж аваад цохиод байсан. Харанхуй байсан тул сайн харагдаагүй. Тэгээд Бямбацогт ирээд Быг барьж аваад гэр лүү нь оруулсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б “би ямар танай аавыг алсан юм уу” гээд уурлаад босож ирээд Дийн бөгс хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөж аваад зодох гээд дайрсан чинь Д гэрээс гараад явчихсан юм. Тэгээд би, Б, У нарын хамтаар гэрээс гарч Бы гэрт очиж гал түлээд байж байтал гаднаас Д ороод ирсэн чинь Б хүүхдийн гутал аваад Д рүү шидсэн. Тэгээд Д гэрээс гарсан чинь араас нь Б гүйгээд гарахаар нь би араас нь гарсан чинь гараа харанхуйд хашаан дотор Б Дийн үснээс гараараа ороож аваад хаалганы төмөрт толгойг нь мөргүүлээд хөл салтаа хэсэгт олон удаа өшиглөж байсан. Тэгсэн Д “намайг аллаа, аваарай” гэхэд нь би дундуур нь орж салгасан юм. Тэгсэн багийн эмч Бямбацогт ирээд Быг барьж аваад гэр лүү нь орсон. Би Дийг аваад Ханджав эгчийн гэр лүү дагуулж оруулж өгөөд гэртээ харьсан юм...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “1. Үзүүлэгч Э.Дийн биед тархи доргилт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд, зүүн бугалга, бүсэлхийн ард цус хуралт, зүүн сарвууны ард, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн далны хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. 3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6. Тархи доргилт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн 486 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа: -2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Бы яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Согтуу уурандаа хардаад цохисон, дахин ийм явдал гаргахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас) зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Э.Дийг “удахгүй ирнэ гэчихээд удаж ирлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, өгзөг хэсэг рүү нь өшиглөж, үснээс нь зулгаан толгой, гар хөл рүү нь өшиглөж зодсон үйл баримт хохирогч Э.Д, гэрч Д.Б, Ц.Х, Ц.У, Ц.Т, шүүгдэгч Г.Б нарын мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б хохирогч Э.Дийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн 486 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас)-ээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно” гэж заажээ. Хохирогч Э.Д нь шүүгдэгч Г.Бтай эхнэр нөхрийн харилцаатай байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж ...энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийллийн гол шинж нь хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг өөрийн эрхшээлд байлгаж, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэн зүй бусаар харьцаж, үл ялих зүйлээр шалтаглах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоохоор хүч хэрэглэн бие махбодод нь халдсан зэргээр тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүгдэгч Г.Бы яллагдагчаар өгсөн “...эхнэр Дийг хардаад уурандаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Дийн “...нөхөр Б гаднаас орж ирэхэд “удахгүй ирнэ гэчихээд ямар их уддаг юм бэ, С үнсэлдэж явалдаж байсан биздээ” гээд намайг ээжийн орон дээр сууж байтал баруун гарын алгаараа нүүр лүү цохисон...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нь хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан бие махбодод нь халдсан байна. Өөрөөр хэлбэл хохирогчид бие махбод, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж, өөрийн эрхшээлд байлгах зорилготой, амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар халдсан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Э.Д “...Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

            2. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...прокурорын гаргасан саналаас доогуур саналыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч Г.Бы хувийн байдлын талаар гэрч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б зан байдлын хувьд даруухан бөгөөд эхнэр нь хэл амтай болохоор сүүлийн үед архи дарс уудаг болсон. Г.Б нь аав, ээжийн гар дээр мал маллаж өссөн сургуульд сурч байгаагүй малчин залуу юм. 2021 оны 12 дугаар сарын 08-ны үед надтай хөдөө хүнсний тэмээ ачих гэж байгаад тэмээнээс унаж хөлөө хугалж Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орж 2021 оны 12 дугаар сарын үед эмнэлгээс гарч гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), гэрч Г.Цы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г.Б нь зан аашийн хувьд даруухан төлөв зантай, ажилд нягт нямбай, цэвэрхэн хийдэг, ажилсаг хүн. Г.Б сургуульд сурч байгаагүй, багаасаа мал маллаж өссөн бөгөөд сумын алдарт уяач, өөрийн гэсэн 200 гаруй малтай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн иргэн Ггийн Б /ОЗ80083112/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 5 ам бүлтэйгээр хамрагдаж, амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, урьд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь нотлогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчоос нэхэмжлэх хохирол төлбөргүй, бусад хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.            

            Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар, 36.8 дугаар, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Ггийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН