Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/01318

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Э ХХК-д холбогдох

Урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Э.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Эрдэнэс Монгол ХХК-ийн захиргаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, тус компанид Тэргүүн дэд захирлын  албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болно.

Бидний хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ хэдийгээр хугацаатай гэрээ байсан ч, тус гэрээний хүчин төгөлдөр хугацаанд ажилтанд ажиллуулагчаас гэрээг цуцлах дуусгавар болгох талаар мэдэгдээгүй бол 1 жилээр сунгагдсанд тооцохоор тохирсон юм.

Хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Гэхдээ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу ажиллуулагч талаас тус хугацаанд /2016.11.02-ны хүртэлх хугацаанд/ гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл огт ирүүлээгүй байсан тул тус гэрээний хугацаа нь дахин нэг жилээр сунгагдсан гэж миний бие ойлгож байсан юм.

Тодруулбал хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байсан ч тухайн үед гэрээнд заасан журмын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны  өдөр гэрээний хугацаа дуусаж, дахин нэг  удаа сунгагдчихсан байсан болно. Иймд тус хөлсөөр ажиллах гэрээний хугацааг дууссан гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн гэх боловч, ажилтанд тухайн үед энэ талаар мэдэгдээгүй бөгөөд бүхэл бүтэн нэг сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Ганзоригоор дамжуулан мэдэгдсэн байдаг. Гэтэл миний бие гэрээний 2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг дахин нэг жилээр сунгагдсан гэж үзэн урдын адил гэрээ болон компанийн дүрэм, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэн ажиллаж байсан  болно.

Түүнчлэн ажил олгогчийн зүгээс гэрээг дуусгавар болгох цуцлахдаа хөлсөөр ажиллах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д Тэргүүн дэд захирал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Гүйцэтгэх захирал гэрээ дуусгавар болгох талаар Төлөөлөн удирдах зөвлөлд санал гаргаж болно. Гэж заасан боловч гүйцэтгэх захирлаас ТУЗ-д бичгээр ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй юм.

Иймээс Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол нь хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан гэрээний хугацаа сунгагдах журам, мөн компанийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Компанийн үйл ажиллагаа  нь ил тод бие даасан хариуцлагатай улс төрөөс хараат бус байна гэж заасныг тус тус зөрчсөн гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна.

Иймд Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хууль зөрчсөн болохыг тогтоож, ******* намайг урьд эрхэлж байсан Эрдэнэс Монгол ХХК-ийн тэргүүн дэд  захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс түүний хөлсөөр ажиллах гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэж гэрээг холбогдох хууль, тогтоомж, компанийн дүрэмд заасны дагуу дуусгавар болгосон тул нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

1. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д компанийн гүйцэтгэх удирдлагын бүтцийг Төлөөлөн удирдах зөвлөл батлах бөгөөд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнийг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу компанийн ТУЗ- өөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тэргүүн дэд захирлын бүрэн эрхийг зогсоож, гэрээ цуцлах тухай шийдвэр гарган, түүний хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгахгүй, дуусгавар болгох тухай мэдэгдлийг *******од хүргүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгасан байдаг. Гэрээний хугацааг сунгахгүй болсон тухай шийдвэрийг тэргүүн дэд захирал асан *******од хүлээлгэн өгөх үед өөрөө ажилдаа ирэхгүй байсан тул шийдвэрийг түүний ажлын цахим шуудангаар илгээж мэдэгдсэн бөгөөд ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор түүний хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

******* нь нэхэмжлэлдээ Хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч талаас гэрээ цуцлах, дуусгавар болгох талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй тул хөлсөөр ажиллах гэрээг дахин нэг жилээр сунгагдсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн гучин хоёрдугаар бүлэгт хөлсөөр ажиллах гэрээний талаар нарийвчлан зохицуулсан ба уг хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан. *******той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хугацаа заасан гэрээ бөгөөд Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусч гэрээ дуусгавар болсон байна.

2. ******* нь нэхэмжлэлдээ хөлсөөр ажиллах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу гүйцэтгэх захирлаас ТУЗ-д бичгээр гаргасан ямар нэгэн санал хүсэлт байгаагүй нь түүний хөлсөөр ажиллах гэрээг хууль бусаар дуусгавар болгох үндэслэл болсон гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 8.1-д тэргүүн дэд захирал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл гүйцэтгэх захирал гэрээ дуусгавар болгох талаар ТУЗ-д санал гаргаж болно гэж заасан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс тэргүүн дэд захирлын ажил үүрэгтэй холбоотой аливаа санал хүсэлтийг ТУЗ-д гаргаагүй ба ТУЗ нь *******ын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь тэргүүн дэд захирал асан *******той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хууль болон хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу дуусгавар болгосон тул *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хавтас хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гарагсан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Монгол Эрдэнэс ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болгосон тул *******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б. Ариунболд нь хариуцагч Эрдэнэс Монгол ХХК-тай  2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Тэргүүн дэд захирлын албан тушаалд томилогдон “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан ажиллаж байсан ба энэ талаар талууд маргаагүй.

Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 тоот тогтоолоор “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д ”Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал нэг жилийн хугацаатай байна“ гэж харилцан тохиролцсон тул хариуцагч Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 тоот тогтоол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Хөлсөөр ажиллах цуцлах гэрээ”-г цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл огт ирүүлээгүй, өвчтэй байсан гэж маргасан.

Хариуцагч тал 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захиралтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг сунгахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг нэхэмжлэгчийн Ariunbold @erdenesmongol.mn майл хаягт илгээсэн  ба хариуцагч емайл шалгаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд өвчтэй байсан болох нь UBSONGOGDO эмнэлгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон магадалгаа хавтас хэрэгт авагдсан байна.

Хариуцагчаас явуулсан /2016.10.17/ емайлыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан буюу шалгах боломжтой байсан байна гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж заажээ.

Зохигчид харилцан тохиролцож  Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байх ба энэхүү гэрээ нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3., 116,118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 364 дүгээр зүйлийн 364.1.1. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэс Монгол ХХК-д холбогдох урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болхыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            Т.ГАНЧИМЭГ