Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/286

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Зд холбогдох эрүүгийн 1934006370358 тоот эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт А. З/./, 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Соёмбо хотхон 24-22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.З нь Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Сум дундын Цагдаагийн хэлтсийн байр буюу Хэв журмын хэсгийн дарга Б.Лхагвасүрэнгийн албан өрөөнд 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой цагдаа Д.Ууганшонхорыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 01 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын, Сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдсон. Түүнээс хойш 1 жил 6 сарын хугацаанд ажилласан. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бол алба хаагч нартайгаа байгууллагын гадна талбайн ажил үйлчилгээг хийсэн. Тухайн үед Д.Ууганшонхор, Ө.Ганбилэг нар ажиллаагүй. Тухайн ажил оройны 22 цагийн үед дуусаад алба хаагч нараа тараасан. Би орой 22 цаг өнгөрч байхад гэр лүүгээ очиход, хоногийн нөхцөл байдалтай танилцахаар ажил дээрээ очсон. Ажил руугаа ороход үдээс хойш ажил хийгээгүй 2 алба хаагч нар байж байсан. Тэр хоёр хэв журмын тасгийн дарга н.Лхагвасүрэнгийн өрөөнд байж байсан. Өрөөнд н.Ганбилэг, Д.Ууганшонхор, хэв журмын тасгийн дарга н.Лхагвасүрэн нар байж байсан. Тэгээд би тэр хоёрт хандаад та нар олон жил ажиллаж байгаа алба хаагч нар байж үргэлгүй байдал үүсгэлээ гээд загнасан. Тэр хоёр хаалганы хажуу талд зогсож байсан. Би н.Ганбилэгийг гарынхаа үзүүр хэсгээр ширвээд, Д.Ууганшонхорын уруул хэсгээр зөөлөн алгадсан. Тэгээд Д.Ууганшонхор та алба хаагч нараа дарамталлаа, бид нар ийм ажил хийх ёсгүй гэж маргалдсан. Үүнээс болоод тухайн үед маргасан. Тэрнээс өөр ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд н.Лхагвасүрэн дарга боль гэж хэлээд бид нарыг салгаад, би тэр өрөөнөөс гараад явсан. Би алба хаагч нартайгаа харьцахдаа харилцааны алдаа дутагдал гаргасан гэдгээ ойлгож байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 1934006370358 дугаартай хэргээс яллах болон цагаатгах талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/3717 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд/хх-07-28 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №8018 дугаартай дүгнэлт/хх-29 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-30-32 тал/, хохирогч Д.Ууганшонхороос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-36 тал/, гэрч Б.Шинэсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-38-40, 110-111 тал/, хохирогч Д.Ууганшонхороос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41-43 тал/, гэрч Ө.Ганбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-44-46, 108-109 тал/, гэрч Б.Лхагвасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-47-50 тал/, гэрч Б.Жаргалангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-51-54 тал/, гэрч С.Болдбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-55-57 тал/,  гэрч Э.Нямхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-58-60 тал/, гэрч Г.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-61-62 тал/, А.Згийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-63 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №1111 дугаартай дүгнэлт/хх-71-72 тал/, Заамар сумын эрүүл мэндийн төвийн эмч О.Дуламын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар/хх-74 тал/, А.Згийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-79-84 тал/, шийтгэлийн хуудас/хх-99, 102 тал/, мөнгөн шилжүүлгийн баримт/хх-104 тал/, гэрч О.Дуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-149-150 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт/хх-156-158 тал/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол/хх-160 тал/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч А.Зг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Згийн өмгөөлөгчөөс: “ Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих ажиллагааг хийж гүйцэтгээгүй, Згийн зан харьцааны алдаа гаргасан үйлдэлд нь арга хэмжээ авагдсан тул А.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дүгнэлтийг тус тус гаргаж, талууд харилцан эсрэг байр суурь илэрхийлж, мэтгэлцсэн болно.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг үнэлж, нотлох баримт бүхийг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар дүгнэхэд:

 Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Зг Төв аймгийн Заамар Сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Сум дундын Цагдаагийн хэлтсийн байр буюу хэв журмын хэсгийн дарга Б.Лхагвасүрэнгийн албан өрөөнд 2019 оны 6 сарын 25-ны орой цагдаа Д.Ууганшонхорыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.Ууганшонхорын мэдүүлэг, гэрч Ө.Ганбилэг, Б.Лхагвасүрэн, Б.Жаргалан, О.Дулам нарын мэдүүлэг, шинжээчийн №1111 дугаартай дүгнэлт,  бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1555 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутайд тооцуулах тухай прокурорын дүгнэлт үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар ЦЕГ-ын АБХ-ийн ахлах байцаагч дэд хурандаа Д.Нандинболор 2019 оны 7 сарын 2-ны өдрөөс эхлэн “Д.Ууганшонхор, Ө.Ганбилэг нарыг ажлын байранд зодсон” гэх гомдлын дагуу албаны шалгалт явуулж, улмаар А.Згийн Д.Ууганшонхор, Ө.Ганбилэг нарыг ажлын байранд зодсон гэх асуудалд нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 7 сарын 19-ны өдрийн №Б566 дугаартай тушаалаар А.Згийн Цагдаагийн тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн, зорилгод ашиглан удирдлагадаа байгаа алба хаагчдаар хуулиар хүлээсэн үүрэгт үл хамаарагдах ажил, үүрэг гүйцэтгүүлсэн, удирдах албан тушаалтан алба хаагчтай соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр “Төв аймаг дахь Цагдаагийн гарзын Заамар Сум дахь цагдаагийн хэлтсийн даргын ажлаас 7 сарын 22-ны өдрөөс эхлэн тасалбар болгон чөлөөлж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчээр томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан/хх-80 тал/ бөгөөд сахилын шийтгэлд гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Улсын ерөнхий прокурорын 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 4/84 дугаартай тогтоолд “ 2019 оны 6 сарын 25-ны өдөр эргүүлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Ууганшонхор, Ө.Ганбилэг нарыг ажлын байранд зодсон” гэх гомдлын дагуу гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлт явуулах харьяаллыг Авлигатай тэмцэх газарт тогтоосон байна./хх-06 тал/,

Харин шүүгдэгч А.Зг Төв аймгийн Заамар Сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Сум дундын Цагдаагийн хэлтсийн байр буюу хэв журмын хэсгийн дарга Б.Лхагвасүрэнгийн албан өрөөнд 2019 оны 6 сарын 25-ны орой цагдаа Д.Ууганшонхорыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтыг нотолсон баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан “... хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт мэдээлэл”. гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь:

А.Зд холбогдох гомдол мэдээллийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт ирүүлсний дараа хэрэгт хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 8 сарын 6-ны өдөр нээж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хэрэгт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчиж, бүрдүүлсэн нотлох баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн 1934006370385 дугаартай хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жаргалангийн 2019 оны 6 сарын 26-ны өдрийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-ын хуулбарыг үндэслэн Д.Ууганшонхорын биед гэмтэл шарх учирсан эсэхийг тогтоолгох” тогтоол үйлдсэн бөгөөд уг тогтоолд шинжээчийг нэр заан томилоогүй нь мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, /хх-11 тал/ шинжээч томилсон Б.Жаргалан нь хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн нь /хх-51 тал/ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

         Шинжээч томилох эрхгүй этгээдийн тогтоолыг үндэслэн гаргасан 2019 оны 7 сарын 2-ны өдөр “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8018 дугаартай” дүгнэлтэд “ Улааншонхорын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд зовхины зулгаралт, дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэжээ./хх-29 тал/

 

          Уг шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хохирогч Д.Ууганшонхорын хэрэг учрал гарсан өдөр эмчид үзүүлсэн тодорхойлолт нь хуулбар баримт бөгөөд уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул шүүх хуулбар баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн №1111 дугаартай, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №1555 дугаартай дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

        Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2019 оны 9 сарын 04-ны өдөр буюу хэрэг учрал гарснаас хойш 3 сар орчмын дараа анх удаа хохирогчоор Д.Улааншонхорыг тогтоож, хохирогчоор мэдүүлэг авсан бөгөөд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж шүүх дүгнэсэн учир нь хохирогч Д.Улааншонхор нь мэдүүлэг өгснийхөө дараа хэргийн 75, 76 талд тухайн үед өөрийн гэмтсэн гэх гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг зурагт хохирогчийн зүүн нүдэнд биш баруун нүдэнд нь хөхрөлттэй харагддаг ба шинжээчийн №1111, 1555 дугаартай дүгнэлтүүдэд тусгагдсан гэмтлүүдээс зөрж байна.

 

         Түүнчлэн Д.Улааншонхорын биед үзлэг хийсэн гэх эмч О.Дулам нь “ амбульторт өвчтөн хүлээн авч үзлэг хийснийг бүртгэх нэгдсэн бүртгэлд бүртгээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

         Яллах талын гэрчүүдийн мэдүүлэг нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн үед маргаан үүссэн талаар нотолж мэдүүлэг боловч хохирогч Д.Улааншонхорын биед тухайн өдөр хөнгөн гэмтэл учирсныг гэрчилж мэдүүлээгүй болно.   

 

         Иймд дээр дурдагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Зг Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Сум дундын Цагдаагийн хэлтсийн байр буюу хэв журмын хэсгийн дарга Б.Лхагвасүрэнгийн албан өрөөнд 2019 оны 6 сарын 25-ны орой цагдаа Д.Ууганшонхорыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь эргэлзээтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй этгээд хэрэгт ажиллагаа явуулсан, хэрэгт ач холбогдол бүхий шүүх эмнэлгийн дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, хохирочийн гэрэл зурагтай шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Зг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хянан шийдвэрлэлээ.

       

Эрүүгийн 1934006370358 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1,2,3,4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,5,6, 36.9, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2, дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.З-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Зг цагаатгасугай.

 

2.Цагаатгагдсан этгээд А.З-д урд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хавсаргах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

4.Эрүүгийн 1934006370358 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд сөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.З нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛБ