Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00726

 

Б.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02696 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 124 дүгээр магадлалтай

Б.Ггийн нэхэмжлэлтэй,

“Б” УТҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 655 875 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Б” ТӨААҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/45 тоот тушаалуудаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 782 дугаар шийдвэр, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1483 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1399 тоот магадлалаар тус тус тогтоож, Б.Гг “Б” УТҮГ-ын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч ажил олгогч “Б” УТҮГ нь өнөөдрийг хүртэл намайг ажилд аваагүй бөгөөд дарга нартай удаа дараа уулзсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 4 655 875 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “Б” УТҮГ-т даалгаж өгнө үү. Цалингаа өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт бодогдсон хэмжээгээр тооцож нэхэмжилсэн байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02696 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ггийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Б УТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 89 444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож шийдвэрлэжээ.

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 124 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний  өдрийн 124 дугаартай магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Г нь хуучин татан буугдсан “Б” ТӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрээс болж ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхийн шийдвэр, магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийг “Б” ТӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн тогтоосон байгаа. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуулийн дагуу явагдаж байна.

Өөрөөр хэлбэл “Б” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор татан буугдсан боловч татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй, улсын бүртгэлээс хасагдаагүй ч татан буулгах ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа төдийгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчөөр татагдаж, Б.Ггийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хэвийн явагдаж байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагчид хуулийн дагуу гардуулаагүй, хариу тайлбар аваагүй атлаа хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр бүхэлд нь харж өрөөсгөл шийдвэр гаргаж байна. Хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, ямар эрх үүрэг шилжсэн нь тодорхойгүй, татан буулгах эсхүл эрх залгамжилсан эсэхийг тодруулаагүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Хэрэгт байгаа Б.Гд манай байгууллагаас өгсөн хариу, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1939 дугаартай магадлал, Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоол зэргээс харахад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй, ажлын хэсэг гаран ажиллаж байгаа нь тодорхой байхад хэргийн нөхцөл байдлаа судлаагүй, нэхэмжлэгч хариуцагчийн хооронд ямар эрх зүйн харилцаа, үүрэг байгааг хуулийн үндэслэлтэй тайлбарлаж шийдвэрээ гаргаж чадаагүй.

Нэхэмжлэлийг хариуцагчид хуульд заасны дагуу гардуулаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр итгэмжлэлгүйгээр Б.Ариунбаярт нэхэмжлэлийг гардуулаад 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр итгэмжлэл нөхөж авчруулахаар шүүгчийн туслах тэмдэглэл хөтөлсөн. Энэ баримт хэрэгт байгаа. Нэхэмжлэлийг хариуцагчид хуулийн дагуу гардуулаагүй атлаа, хариу тайлбар, татгалзлаа хуульд заасан хугацаанд өгөөгүй гэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа тул энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байгаа юм. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах зарчмаа баримтлаагүй, зөвхөн хариуцагч хариу тайлбараа хуулийн хугацаанд өгөөгүй гэдэг үндэслэл дээр хэргийг дүгнэж шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Б.Г нь “Б” УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 655 875 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ:  “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулаагүй, тайлбар аваагүй атлаа хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн...” гэжээ.

Б.Ариунбаяр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн дуудснаар хариуцагчийг төлөөлөн ирж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр итгэмжлэлээ авчирч өгнө гэж тайлбарлаад, нэхэмжлэлийг хүлээн авч, эрх үүрэгтэйгээ танилцсан байна.

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон “Б” УТҮГ-аас тус хэрэгт хариуцагчийг төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ариунбаярыг  томилсон итгэмжлэлийг шүүхэд авчирч өгсөн, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж, 53 дугаар зүйлийн 53.1.-д эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжиж зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэжээ.

Хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад түүнд нэхэмжлэлийг гардуулсан нь нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д заасан шаардлагыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн авсан этгээдийг хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд болохыг зөвшөөрч, түүнийг дэмжиж итгэмжлэл олгосон байх тул анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчил шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  72 дугаар  зүйлийн 72.2., 72.3.-т зааснаар  хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 100 дугаар зүйлийн 100.3.-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно, энэ тохиолдолд ...шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч хариу тайлбар, татгалзлаа ирүүлээгүй тул 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Б” УТҮГ болж өөрчлөгдсөн, “Б” ТӨААТҮГ нь Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор татан буудаж, татан буулгах комисс томилсон, эрх залгамжилсан, өөрчилсөн, талаар эрх бүхий этгээдийн шийдвэр, тогтоол гараагүй байхад татан буугдсан байгууллагад холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01483 дугаартай шийдвэрээр Б.Гг “Б” ТӨААТҮГ-ын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбараа өгөөгүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4., 72 дугаар зүйлийн 72.2., 72.3., 100 дугаар зүйлийн 100.3. дахь заалтыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.,167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 124 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД