Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 874

 

                                                 МАГАДЛАЛ                                             Хянуулах

2018.9.20                                           № 874                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

А.Зт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Г.Ганчимэг,

          хохирогч М.Г,

          шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор А.Зт холбогдох 1710 0046 20227 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жоов овгийн Алтангэрэлийн З, 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 12а ангид суралцаж байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,

 

А.З нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Рапид харш хорооллын тоглоомын талбайд М.Гтэй “дуудаж байхад томорлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: А.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жоов овгийн Алтангэрэлийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Зыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.З нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт А.З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч М.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Тогооням нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч А.Зын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.З 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт М.Гийн зүүн шанаанд нэг удаа цохисон бөгөөд хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан гэж шинжээч эмч дүгнэлт гаргасан.

Хохирогчийн биед үзлэг хийж 10289 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан ба “зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн. Хохирогч тухайн үед шанаа болон хацар, нүүрэнд ил харагдах гэмтэлгүй байсан гэж А.З хэлдэг. Хэрэг гарсны маргааш өдөр тэд эвлэрч хамт сагс тоглосон байдаг. Иймд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 720 дугаартай давтан шийнжээчийн дүгнэлт гарсан ба урьд гэмтэл дээр нэмж “зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэж нэмж шинэ гэмтэл гарган дүгнэсэн. Уг гэмтэлтэй холбоотой баримт эргэлзээтэй, хэрэгт нотлох баримт цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримтлаагүй, хуурамч нотлох баримт байх магадлалтай тул шинжээчийн дүнэлт болон шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.З “маргааш нь бид хоёр уулзаад сагс тоглосон” гэж худал хэлсэн. Бид хоёр сагс тоглоогүй. Би сагс тоглодоггүй. А.З надтай маргааш нь уулзаад надаас уучлалт гуйсан нь үнэн. Мөн 2017 оны шинжээчийн дүгнэлтэд ил харагдах шарх байхгүй. Харин ам нээхэд зовиуртай гэж тайлбар дээр нь бичсэн байгаа. Мөн “зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэдэгт “MGM” эмнэлэг дээр саяхан би очиж, архив шүүлгэж тухайн бичгийг дахин нөхүүлж гаргуулсан. Архивт нь миний чихний зураг байгаа. Тухайн баримтын эх хувь нь надад өөрт байгаа. Би эх хувийг нь хадгалж үлдэхийн тулд нотариатаар баталгаажуулж хуулбарыг нь шүүхэд өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.З нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Рапид харш хорооллын тоглоомын талбайд М.Гтэй “дуудаж байхад томорлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Гийн “А.З нь “намайг дуудахад зогсдоггүй яасан том банди вэ” гээд миний зүүн шанаа, чих рүү гараараа хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Цэдэндамбын “А.З Гийн нүүр рүү гараараа нэг цохиод, нэг алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-17/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...М.Гийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх 10289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/, Мөн “М.Гийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10289 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн 720 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-85/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр А.Зын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Зын бусдыг зодож, хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл хангалттай нотлогдсон ба хохирогч М.Гт учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулснаар түүнд учирсан гэмтлийг эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад А.Зт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогджээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Жоов овгийн Алтангэрэлийн Зт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                 М.АЛДАР