Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 884

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М овгийн Ц-ын М,

Хариуцагч: Схдгзба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.Мгийн нэр дээр гарсан захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандан, газар эзэмших хүсэлт удаа дараа гаргасан бөгөөд 2018 оны 10 дугаар сард Газрын албаны дарга А******* уулзаад надад газар зааж өгсөн. Координатыг заасан хэвлэмэл баримтыг үндэслэн СХД-ийн 1 дүгээр хороо, Толгойтын 59-р гудамжны ******* тоот хаягт байршилтай газарт кадастрын зураг хийлгээд буцаж очиход мэргэжилтэн А удахгүй чиний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоно гэсэн Би холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

Г.А нь 2019 оны 1 дүгээр сард захирамж гарсан уу гэж асуухад "Нэгэнт чиний нэр дээр кадастр хийгдсэн тул удахгүй Засаг даргын захирамж гарна, жилийн эцсийн тайлан өгнө ажил ихтэй байна” гэж хэлсэн. Энэ мэтчилэн маш олон шалтаг зааж намайг явуулсаар байсан.

Харин 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр очиход Чиний нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гарсан учир гэрчилгээний мөнгөө тушаа гэсэн. Би гэрчилгээний мөнгө тушаагаад, баримтаа хураалгасан. Дараагийн 7 хоногт ирээрэй, хэвлээд бэлэн болгоно гэсэн. 7 хоног бүр очиход удахгүй өгнө гэж буцаагаад байсан.

Арга буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан гомдол бичгээр гаргахад 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Танд олгохоор шийдвэрлэж кадастрын зураг хийлгэсэн газрын эзэмших эрхийн гэрчилгээг бичих боломжгүй байна гэсэн хариу өглөө” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас гаргасан албан бичигт хамгаалалтын бүсэд ойрхон гэсэн болохоос 8 метр гэж байхгүй байна. 8 метр гэж баталсан бичиг байхгүй байна. Энэ газрыг өгөхөөр кантенераа нүүлгэнэ шүү. Үүний оронд чамд өгч байгаа шүү гэж хэлээгүй. Өнөөдөр анх удаа ярьж байна. н.Г*******д боломж олгох гэж энэ газрыг өгсөн юм шиг ойлголт төрж байна. Гэхдээ хэзээ ч ийм шаардлага тавиагүй. Тэгэхээр Ц.М Монгол Улсын иргэний хувьд олон жил хөөцөлдөж, Авилгатай тэмцэх газарт өгч торгуулиа хүчингүй болгуулсны хүчинд 100 м.кв газар эзэмших эрх олж авсан гэж бодож байна. Газрын тухай хуульд зааснаар иргэн газрыг яаж эзэмших ёстой вэ гэхээр кадастрын зураг, захирамж гарсан бол эзэмших эрх нь олгогдож байгаа тул гэрчилгээ бичиж өгөхийг даалгуулах хүсэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.М нь тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүй зөөврийн байгууламж байршуулан барилгын материалын худалдаа эрхэлдэг бөгөөд тухайн байршил нь инженерийн шугам сүлжээ бүхий холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, өмчлөх эрх олгогдох боломжгүй юм.

Тус иргэн төрийн захиргааны байгууллага болон хууль хяналтын байгууллагуудад инженерийн шугам сүлжээ бүхий газрын хамгаалалтын бүсэд шинээр газар эзэмших, мөн газар эзэмших эрх олгохгүй байгаа талаар удаа дараа өргөдөл, гомдол өгч байсан бөгөөд хуулийн дагуу хариуг нь амаар болон бичгээр тухай бүр нь өгч байсан.

Иргэн Ц.Мгийн тухайн байршилд газар эзэмшиж үйл ажиллагаа явуулах амьдралын гарцаагүй байдлыг харгалзан үзэж Схдгзбаны дарга Б.А*******ас өгөгдсөн үүргийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжийн төсөлд бэлтгэн Дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/412 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 59-******* тоот хаягтайгаар иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгогдсон байна. Энэхүү захирамжаар газар эзэмших эрх олгосон байршил нь мөн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд ойрхон байрладаг.

Тухайн иргэнд таны хүсэлтийн дагуу дүүргийг Засаг даргын захирамж гарсан байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээг одоо бичих боломжгүй байна.

Учир нь “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 2018 оны 02/2661, 02/3923, 2019 оны 02/1925 тоот албан бичгүүдээр хамгаалалтын зурваст олгогдсон газрын захирамж шийдвэрийг цуцалж хүчингүй болгох, талаар мэдэгдсэн байгаа. Мөн хамтарсан ажлын хэсэг шугам сүлжээ бүхий газрын хамгаалалтын бүсэд газар дээр нь ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд тухайн ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хамгаалалтын бүсээс гарсан тохиолдолд газар эзэмших гэрчилгээ бичих боломжтой. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ 20000 төгрөгийг одоохондоо төлөхгүй хүлээж бай чиглэл өгсөн.

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй хүлээгдэж байгааг амаар болон албан бичгээр хариуг нь өгсөн.

... Ц.М нь тухайн хорооны нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүйгээр барилгын материал зардаг павилон байрлуулж үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагаас зөвшөөрөл өгөөгүй. Зөвшөөрөлгүй газар ашигласны  төлбөрт жилд 96,000 төгрөг төлдөг байсан. Мөн газар эзэмших шаардлагатай байна гэсэн удаа дараагийн хүсэлт гомдлын дагуу гарцаагүй байдлыг нь үндэслэж 100 м.кв газар олгохоор болсон. Гэхдээ тухайн байршил нь шугамын хамгаалалтын бүс байдаг. Сул байршлууд нь шугамын хамгаалалтын бүсээс гарсан зүйл байхгүй. Ц.Мгийн хүсэлтийн дагуу хамгаалалтын бүсийн зах дээр шийдэж өгье гэсэн боловч 4 дүгээр цахилгаан станцаас хүчингүй болго цуцал гэсэн шаардлага удаа дараа ирж байгаа. Үүнийг үндэслэж Ц.Мд  албан бичгээр болон амаар тайлбарласан. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч хамгаалалтын бүсэд уг газар орж хүчингүй болгох шийдвэр гарвал хүчингүй болгоно гэдгийг өөрт нь мэдэгдсэн. н.Г******* болон С******* шатахуун түгээх станцын газрын тухайн С******* ХХК-ийн газар нь шугам тавихаас өмнө захирамж шийдвэр нь гарсан. н.Г*******гийн газрын хувьд Ц.Мгийн гомдлын дагуу шат шатны байгууллагуудад хүсэлт нь очиж хүчингүй болохоор танилцуулагдаж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Мгаас нийслэлийн Схдгзбанд холбогдуулж гаргасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/412 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн нэр бүхий 164 иргэнд, түүний дотор иргэн Ц.Мд 100мкв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ[1].

            Ц.Мгаас Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд удаа дараа биечлэн хандсан гэх ба 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус дүүргийн Засаг даргад хандан гаргасан гомдолд[2] Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 17/3271 тоот албан бичгээр “...газрын зөрчил арилгах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа тухайн шугамын хамгаалалтын бүсэд хамрагдаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдэх боломжтой” гэсэн хариуг өгчээ[3].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “удаа дараа газар эзэмших тухай хүсэлт гаргасны дараа дүүргийн Засаг даргын захирамж гарсан байхад гэрчилгээ бичиж олгохгүй буцааж байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2019 оны А/412 дугаар захирамжаар эзэмшиж буй 100мкь газар нь Ц.Мгаас өмнө хүсэлт гаргаж байсан иргэн н.Г*******гийн өмчлөлийн болон өөр бусад иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газартай давхцалгүй[4] тухайд маргаагүй, харин ““Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн хамгаалалтын зурвастай давхцаж болзошгүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд ойрхон байрладаг тул гэрчилгээ бичиж олгох боломжгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд дүүргийн газрын алба нь газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагчаас иргэн Ц.Мд 100 мкв газар эзэмшүүлж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/412 дугаар захирамжийн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж маргаагүй атлаа “...цахилгаан станцын хамгаалалтын бүсэд хамаарч болзошгүй” тайлбарлан газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн хувьд “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох” хориглолтыг бий болгосон, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр эзэмшиж буй газартаа “газар эзэмших эрх”-ээ бодитоор хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн хууль бус эс үйлдэхүй болжээ.

 

“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-аас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн 01/2489 тоот албан бичигт “Ц.Мгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59-******* тоот хаягт байрлах газрыг мэдэхгүй тул тайлбар өгөх боломжгүй”[5] гэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нийслэл, дүүргийн Газрын алба, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хамгаалалтын бүсийг тогтоох ажлын хэсэг гарсан, хэмжилтүүд хийгдсэн, нэхэмжлэгчийн газар шугамын худагтай хэсгээс 8 метр хүртлэх зайд хамаарч байгаа. Энэхүү 8 метрт орсон тохиолдолд хамгаалалтын бүсэд орсон гэж үзэж хүчингүй болгох асуудал яригдана. Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзах, эсхүл хамгаалалтын бүсэд орсон шалтгаанаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болохоос бус эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоос татгалзах үндэслэл биш байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл, Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/412 дугаар захирамжийг үндэслэн Ц.Мд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Ц.Мгаас тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Ц.Мгийн нэр дээр гарсан захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/412 дугаар захирамжийн дагуу Ц.Мд газар эзэмших гэрчилгээ олгохыг Схдгзбанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 56-57 дахь талд

[2] Хавтаст хэргийн 4 дэх талд

[3] Хавтаст хэргийн 41 дэх талд

[4] Хавтаст хэргийн 104 дэх талд

[5] Хавтаст хэргийн 93 дахь талд