Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0752

 

 
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2016/0752 
 
 “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГД болон ГЕГДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1, 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Б ” ХХК-иас ГЕГД, Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 16/06 дугаар удирдамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Шүүх шийдвэртээ “... удирдамж баталснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байна” гэжээ. Маргаан бүхий захиргааны акт болох хяналт шалгалтын удирдамжийн 3.3.2-т  “Нотлох баримт материалын эх хувийг хураан, эсхүл хуулбарлан авч нотариатын байгууллагаар баталгаажуулан хяналт шалгалтын материалд хавсаргах” гэж тусгасан. Ийнхүү хяналт шалгалт хийгдсэнээр бүх материалуудыг гаргаж өгөх, нотариатаар батлуулах зэргээр ихээхэн хэмжээний зардал учрахаас гадна нэгэнт шалгуулах шаардлагагүй, хуулиар шалгуулахгүй байх нөхцөлийг бий болгосон байтал хяналт шалгалт хийхээр удирдамж гаргасан нь хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт халдаж буй үйл ажиллагаа юм.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт “Хяналт шалгалт хийх удирдамжийг баталж байгаа асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааралгүй, харин уг удирдамжийн хүрээнд явуулах хяналт шалгалтын дүнд татвар төлөгчид хариуцлага ногдуулах болон албан татвараас чөлөөлөх харилцаанд энэ хуулийг хэрэглэх зориулалттай байна” гэжээ.
Хяналт шалгалтын удирдамжид “Б ” ХХК-ийн 2011-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдалд хяналт шалгалт хийх”-ээр заасан.
Гэтэл энэ асуудалд холбогдох хяналт шалгалт 2013-2014 онд хийгдсэнээр зогсохгүй, эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулж Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “...онц их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэл хийсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэхүү тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэхүү эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааны явцад аудит болон шинжээчийн дүгнэлт гаргуулж, бүх талаас нь шалгасан.
Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсын Их Хурлаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулиар “хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцаа”-г зохицуулсан. Уг хуульд зааснаар манай компани ил тодын тайланг гаргаж өгсөн.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж заасан.
Үүнээс үзвэл хуулийн этгээд нь харьяалах гааль, татварын албанд сайн дурын үндсэн дээр санхүү болон татварын тайлан, байгууллагад нөхөн мэдүүлсэн бол уг тайлан, мэдүүлгийг эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж үзэх тул хяналт шалгалтыг үүнээс хойших хугацаанд хийх ёстой. Гэтэл хуулийг зөрчин тус компанийн 2011-2015 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эдийн засгийн утгаараа эхлэлтийн тайлан, баланс гэдгийг аж нэгж байгууллагыг шинээр үүсгэн байгуулах, эсвэл зохион байгуулалтын хэлбэр нь шинэчлэгдэх өөрчлөгдөх үед гаргах санхүүгийн тайлан гэж ойлгодог.
Энэ утгаараа хуульд шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайланг эхлэлтийн тайлан гэж үзэхээр заасан тул уг шинээр гаргаж өгсөн тайлангаас хойших хугацаанд татвар болон гаалийн хяналт шалгалт хийх боломжтой. Харин хууль тогтоогч үүнээс өмнөх хугацаанд хяналт шалгалт хийхгүй байхаар тогтоож өгсөн байхад хяналт шалгалт хийх гэж буй нь хууль бус юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үзэл баримтлал нь аж ахуй нэгжээс нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнах, үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуй нэгж байгуулагад ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийж шинээр тайлагнасан тайланг нягтлан шалгахгүйгээр, аж ахуй нэгжийн мэдүүлснээр бүртгэх, хяналт шалгалт хийхгүй байх баталгааг бий болгох байсан. Энэ ч үүднээс тус хуулийн үйлчлэлд нилээдгүй тооны аж ахуйн нэгж бүртгүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “ил тодод бүртгүүлсэн тайланг хянан шалгана. Үнэхээр үнэн зөв мэдүүлсэн эсэхийг хянан шалгаад ямар нэгэн байдлаар алдаатай, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцлага ногдуулна” гэж тайлбарладаг. Дээр дурдсанчлан хуулиар хяналт шалгалт хийхгүй байх талаар баталгаа гаргасны үндсэн дээр шинээр тайлан гаргасан байхад дахин нягтлан шалгана гэж буй нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх огт хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Шүүх шийдвэртээ Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2-д ТЕГД нь “нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах”, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.2-д ГЕГД нь “нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах” гэж заасныг тус тус баримталжээ.
Нэхэмжлэгчээс ямар нэгэн нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам, заавар, аргачлалтай маргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүхийн баримталсан хуулийн зохицуулалт нь захиргааны хэм хэмжээний актад хамаарах зохицуулалт юм. Харин нэхэмжлэгчийн маргаж буй акт нь захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасанд хамаарна.
Ийнхүү шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхээс маргаан бүхий акт болох Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/06 дугаар удирдамжийг хууль ёсны гэж дүгнэснээр манай байгууллагад хяналт, шалгалт хийгдэх үр дагаврыг бий болгож байгаа бөгөөд ийнхүү шийдвэрлэснээрээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй, уг хуулийн зорилгыг үгүйсгэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “Б ” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, түүнд холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Б ” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу хуульд заасан хариуцлага болон албан татвараас чөлөөлөгдөхөөр холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр зөрчлөө ил тод болгон мэдүүлжээ.
Харин “Б ” ХХК-ийг сайн дурын үндсэн дээр зөрчлөө ил тод болгон мэдүүлсний дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Гааль, татварын ерөнхий газраас тус компанийн ил болгон тайлагнасан тайлан, мэдүүлгийн хугацаа, хүрээг хамруулан 2011-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдалд бүрэн хяналт шалгалт хийхээр 16/06 дугаар удирдамжийг баталсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн агуулга, зохицуулалттай нийцэхгүй байна.
Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар хувь хүн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр зөрчлөө ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлөх, ийнхүү гаргаж өгсөн татварын тайлан, гаалийн мэдүүлгийг тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж үзэх, хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хоригложээ.
Гэтэл хариуцагчаас “хуулийн этгээдийг ил тодын тайланг үнэн зөв ирүүлсэн эсэхийг хянан шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага ногдуулах боломжтой” гэж тайлбарлан, “Б ” ХХК-д бүрэн хяналт шалгалт хийх гэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна.
Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр зөрчлөө ил тод болгосон хувь хүн, хуулийн этгээдийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, ийнхүү чөлөөлөхөөр заасан үндэслэлээр дахин хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг гаргасны үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээс зөрчлөө ил тод болгон мэдүүлсэн байхад тэдгээрийн тайлагнасан тайлан, мэдүүлгийн хугацаа, хүрээг хамруулан хяналт шалгалт хийхээр удирдамж баталж байгаа нь нэхэмжлэгчийн дээрх хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар хариуцагчийн баталсан удирдамж нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн агуулга, зохицуулалттай нийцээгүй байхад анхан шатны шүүх “...удирдамж баталсан асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааралгүй...” гэж дүгнэн, “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/06 дугаар удирдамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
 
            ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН
            ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ
            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН