Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 250/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Б,

-шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Жамъяан-Отгоны Бадам-Оргилд холбогдох эрүүгийн 2034000000620 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, аав, эгч нарын хамтаар Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрханы 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 235 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ялаар, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 412 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.Б д / /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг Цагдаагийн хэсгийн байранд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын цагдаа Б.С шалгаж байсан зөрчлийн 2034000670 дугаартай хэрэгт шалгагдаж мэдүүлэг өгөх явцдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 16 хуудас бүхий нотлох баримтыг урж устгасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, гэрч Б.С мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/, гэрч Г.Дн мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/, шүүгдэгч Ж.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, шүүгдэгч Ж.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 тал/ зэрэг болон шүүгдэгч Ж.Бын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг Цагдаагийн хэсгийн байранд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын цагдаа Б.Сийн шалгаж байсан зөрчлийн 2034000670 дугаартай хэрэгт шалгагдаж мэдүүлэг өгөх явцдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 16 хуудас бүхий нотлох баримтыг урж устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багт оршин суух хаягтай иргэн Д.Пүрвээгээс ирүүлсэн өргөдлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлээр оруулж зөрчлийн 3-3444 дугаарт бүртгэж материалжуулан шалгасан тухайн н.Пүрвээ нь Цагдаагийн байгууллагад гаргасан зөрчлийн шинжтэй гомдолдоо миний охин П.Цэрэнхандын салсан нөхөр Ж.Б нь 2020 оны 09 дүгэр сарын 23-ны шөнө намайг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамтаар унтаж байхад байшингийн цонх хагалж манай орж ирээд бидэнд агсам тавьж зодсон гэж мэдүүлгээр хэлж байсан юм. Иймд тухайн гомдолд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн 2034000670 дугаартай хэрэг нээн шалгаж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж би Ж.Боос мэдүүлэг авахаар Эрдэнэсант сумын нутагт хөдөө мал маллаж амьдардаг аавынх нь 97177089 дугаарын утсаар залгаж Ж.Быг удаа дараа дуудуулахад түүний аав, ээж нар нь Ж.Б гэртээ байхгүй байна, малдаа явсан гэж хэлдэг байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бууюу өнөөдөр 13 цаг 15 минутын орчимд Ж.Б нь өөрийнхөө аав н.Жамъяан-Отгоны хамтаар цагдаагийн байран дээр ирж надтай уулзахаар нь би Ж.Бд танай хадам аав н.Пүрэвээгээс гаргасан гомдлын дагуу чамаас мэдүүлэг авах гэж дуудуулсан юм гэхэд Ж.Б надад наадуул чинь гомдолгүй л гэж байна шүү дээ тийм байхад та намайг заавал аймаг руу баривчлуулах гээд байгаа юм биш үү гэхээр нь түүнд энэ хүмүүс анх гомдол гаргахдаа надад мэдүүлгээ өгсөн. Одоо тэгээд гомдолгүй байх нь хамаагүй ээ ямар ч байсан энэ зөрчлийн хэрэг дээр чамаас мэдүүлэг авах ёстой байдаг юм аа гээд Ж.Боос мэдүүлэг авахаар болж түүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зааснаар холбогдогчийн эрх, үүргийг нь танилцуулах явцад Ж.Б нь надад би хадам аав н.Пүрэвээгийн гаргасан гомдолтой танилцаадхая гэхээр нь би түүнд гомдлыг нь харуулах гээд зөрчлийн хэргийг өгтөл тухайн гомдолтой танилцаж байгаад тухайн 16 хуудастай зөрчлийн 2034000670 дугаартай хэргийг голоор нь урсан. Тэгээд ахиад урах гэхээр нь би яаж байгаа юм бэ, ингэж болдоггүй юм гээд булаацалдаж байгаад Ж.Боос урсан материалыг нь авахад энэ чинь бүгд худлаа байна, тэгээд ч манай хадам аав гомдолгүй гэж байна лээ гэсэн. Ж.Б зөрчлийн хэрэг урах үед түүний аав н.Жамъяан-Отгон Ж.Бд чи яагаад хэрэг урж байгаа пизда вэ, би ингэж байгаагүй шдээ муу новш минь гээд хүүгийнхээ толгой руу хоёр удаа цохиж, зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөхөөр нь би аавыг болиулж өрөөнөөс гаргасан. Тэгээд Би Ж.Боос зөрчлийн хэрэг материал яагаад урж байгаа юм бэ гэж асуухад өөдөөс надад хүн хэлэхдээ цагдаа шалгаж байгаа хэргийн материалыг ураад устгачихвал наад хэрэг чинь тэгээд л асуудалгүй болчихно гэж хэлэхээр нь би материалыг нь урчихсан юм, одоо тэгээд асуудал байхгүй юм байгаа биздээ гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/,

Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би Эрдэнэсант сумын цагдаа н.С хамт ажлынхаа өрөөнд байж байтал гаднаас манай сумын н.Жамъяан-Отгон нь өөрийн хүү Ж.Бын хамтаар орж ирсэн. Тэгээд н.С Ж.Бд чи яагаад дуудсан цаг хугацаанд ирэхгүй байгаа юм бэ, танай хадам аав н.П гаргасан гомдлын дагуу чамаас мэдүүлэг авах гэж дуудсан юм гэхэд Ж.Б н.Сөд наадуул чинь гомдолгүй л гэж байна шүү дээ тийм байхад намайг заавал аймаг руу баривчлуулах гээд байгаа юм биш үү гэж хэлж байсан. Тэгээд н.С нь Ж.Боос мэдүүлэг авахаар эрх, үүргийг нь танилцуулж өгч байхад нь Ж.Б би танаар шалгуулахгүй гэж өөдөөс нь хэлээд би тэгвэл хадмын гаргасан гомдолтой нь танилцая гэж хэлэхэд нь н.С ширээн дээрээ байсан нэг хэргийн материалыг Ж.Бд авч өгөхөд Ж.Б нь н.С өөдөөс харж сууж байгаад гэнэт би шалгуулахгүй ээ гэж хэлээд нөгөө хэргийн материалыг нь хөндлөнгөөр нь буюу голоор нь нэг удаа урсан юм. Тэгээд дахиад урах гэтэл н.С чи яаж байгаа юм бэ, ингэж болдоггүй юм, наадахыг чинь урдаггүй юм гээд хэргийн материалаа буцааж автал н.Ж хүүхэд рүүгээ чи яаж байгаа юм пизда чинь гээд хүүхэд рүүгээ урлаад толгой руу нь хоёр удаа цохиод, бас хөл рүү нь нэг удаа өшиглөхөөр нь н.С болиулж тэр н.Ж өрөөнөөс гаргаж, өрөөнд Ж.Б, н.С бид гурав үлдсэн. Тэгээд н.С Ж.Боос хэрэг материал яагаад урж байгаа юм бэ гэж асуухад өөдөөс надад сая манай сумын Оохоон ах хэлсэн юм аа, цагдаагийн шалгаж байгаа хэргийн материалыг нь ураад устгачихвал наад хэрэг чинь тэгээд л асуудалгүй болчихно гэж хэлсэн. Одоо тэгээд материалыг нь урчихсан юм чинь асуудалгүй юм байгаа биздээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

-Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би 2019 оны 08 дугаар сард өөрийнхөө эхнэр н.Цэрэнхандтай шин гэр барьж тусдаа гарч байсан юм. Үүнээс хойш хамт амьдарч байгаад 2020 оны 08 дугаар сард хадмуудтайгаа маргалдаж муудалцсан асуудал болсон. Энэ үеэс хойш буюу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш эхнэр н.Цэрэнхандаас салж одоогийн байдлаар бид тусдаа өөр, өөрсдийн аав, ээж нартайгаа амьдарч байна. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хоёр найз н.Мөнхбаатар, н.Түнтэг нарын хамтаар хөдөө айлын шинэ гэрийн найранд очиж тэндээ архи айраг ууж байгаад шөнө нь хоёр найзтайгаа хамт Эрдэнэсант сумын төвд ирж хадмындаа орж эхнэртэйгээ ярилцах санаатай хадмынхаа хаалгыг нь тогшоод онгойлгохгүй байхаар нь байшингийнх нь цонхыг тогштол хагарчихсан юм. Тэгээд хадам намайг загнаж бид хоёр хоорондоо маргалдсан асуудал болсон. Тэгээд би тэднийхээс явсан. Тэгтэл дараагаар нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Эрдэнэсант сумын цагдаа н.С ах, ээжтэй утсаар ярьж мэдүүлэг авах гэсэн юм гэж дуудуулсан байсан. Тэгэхээр нь би тэрний дараагаар хадам аав н.П, хадам ээж н.С нартай уулзахад тэд гомдолгүй гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сумын цагдаагийн байран дээр очиж н.С ахтай уулзтал намайг чамтай холбоотой гомдлыг хадмууд чинь гаргасан. Зөрчлийн хэрэг нээчихсэн байгаа, одоо чамаас мэдүүлэг аваад Төв аймаг руу шүүхээр оруулна гэж хэлэхээр нь би ах аа яах юм бэ, би хадам аав, ээж хоёртойгоо учраа олж эвлэрчихсэн гэж хэлсэн. Тэгээд би хадмуудын гаргасан гомдолтой танилцаж байгаад хэрэггүй цаас юм шиг санагдахаар нь санаандгүйгээр н.С ахын надад өгсөн арав гаран хуудас хэргийн материалыг урчихсан юм. Одоо би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

-Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Надад хүн хэргийн материалыг нь урчих, тэгвэл санал гомдолгүй болчихдог юм гэж хэлэхээр нь зөрчлийн хэргийн материалтай танилцаж сууж байгаад голоор нь хуваачихсан юм... Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/  болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Б нь “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэн харгалзах ялыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Ж.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Ж.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэн харгалзах ялыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 412 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд энэ нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарсан гэж үзсэн. Харин шүүгдэгч Ж.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар өршөөлд хамааруулахгүй нөхцөл байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болно.

 

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Б хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй..

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ж.Бд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА