Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 252/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

-улсын яллагчаар Б.Мөнхтулга,

-хохирогч Б.М, Н.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

-шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Жаргалсайханд холбогдох эрүүгийн 2134000000105 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г.Ж

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Ж нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 2 дугаар багийн нутаг “Хад хөшиг” гэх газар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Мын зүүн чихэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Н.Тын зүүн гарын долоовор хурууг гараараа дарж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Ж нь мэдүүлэхдээ “Миний буруу, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэв.

Хохирогч Б.М нь мэдүүлэхдээ “Би маш их гомдолтой байна. Хохирол төлбөрөө хурдан хугацаанд авмаар байна” гэв.

Хохирогч Н.Т нь мэдүүлэхдээ: “Цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Шүүхийн эмнэлгийн эмчийн гаргаж өгсөн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлээ гаргасан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Н.Тын мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/, хохирогч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/, гэрч О.Цийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Т.Чимэгээгийн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч Ц.Буян-Арвижихийн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, гэрч Г.Сын мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, гэрч Г.Агийн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2305 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 тал/, шүүгдэгч Г.Жы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57 тал/ зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

  • Шүүгдэгч Г.Ж нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 2 дугаар багийн нутаг “Хад хөшиг” гэх газар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Мын зүүн чихэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Н.Тын зүүн гарын долоовор хурууг гараараа дарж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 12 дугаар сарын 31-ний орой манай өвөлжөө дээр байсан айлын хүмүүс шинэ он гарах гэж байна гээд хоол унд хийж бүгдээрээ шинэ жилээ тэмдэглэх гэж байтал н.Б нь сумын төвөөс дүү н.Ганбаяраар хүргүүлж ирсэн. Тэгээд хоол унд идээд бөөндөө байж байтал манай нөхөр Н.Т н.Б, н.Ганбаяр нар хоорондоо маргалдсан. Учир нь манай нөхөр н.Бд хандаж чи эхнэрээ хүйтэнд хонинд явууллаа араа зохицуулаад явахгүй гэсэн байдалтай хандсан. Тэгтэл миний эхнэр хөлдөж үхнэ үү, үгүй юу чамд хамаагүй гээд н.Ганбаяр, Г.Ж хоёр манай нөхөртэй хэрэлдээд та нарыг байхгүй болгоно, оторын та нар юу юм бэ гэх мэтээр хэрэлдэж байгаад яваад өгсөн. Ингээд бид нар үргэлжлүүлээд тоглоод байж байтал н.Б гаднаас орж ирээд үхэр малаа уялдаа, саравчинд орж уяагүй үхэр чинь борлог дарж алаад байна гэх мэтээр яриад манай нөхөр босож ирээд чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд босоод ирэхээр нь би салгасан. Тэгээд н.Буян-Арвижих, Буянжаргал хоёр хоорондоо ноцолдоод бид нар салгаад гэр гэр рүү нь авч ороод н.Б хүн рүү утсаар залгаад эд нар намайг оторын хүмүүстэй нийлж алах гээд байна гээд ярьсан. Удалгүй сумын төвөөс н.Ганбаяр, Г.Ж, Мойлоо, Сайханаа болон бас хоёр танихгүй залуугийн хамт ирсэн. Тэгээд гадаа машин ирж зогсоод н.Буян-Арвижихын эхнэрийг хаалга дарсан байхад түлхэж холдуулаад ороод ирсэн. Гэрт орж ирээд манай нөхрийг авч гарах гээд Мойлоо, Г.Ж хоёр чирсэн. Тэгээд би явуулахгүй гэтэл намайг түлхэж унагаад манай нөхрийг чирээд гарсан. Гэрт Мойлоо, Буян-Арвижихыг зодсон, бас гэрээс чирээд гараад ирсэн. Тулга эгч боль гээд хэлтэл үгэнд нь орохгүй байсан. Манай нөхрийг 3-4 хүн очоод зодоод байсан. Араас нь ашиглаж байсан, араас нь ашиглаж байсан, машинд чихээд суулгах гээд байсан. Манай нөхрийн зүүн гарын долоовор хуруу, миний зүүн талын чих гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/,
  • Хохирогч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манай хажуу айлын н.Б гэдэг хүн надтай үхэр малаа уяхад яадаг юм бэ гэж хэрүүл хийсэн. Үүнээс болоод н.Б нь хадам дүү болох н.Буянаатай хэрэлдэж, маргалдсан. Тэрний уурандаа н.Б нь ах дүү нараа дуудаж алуулна гээд л дуудсан. Ах дүүс нь гэх 6 хүн ирсэн. Гэрт сууж байтал гаднаас н.Бын дүү нар гэх Г.Ж, н.Ганбаяр, н.Мойлоо гэх залуус орж ирээд л үг солих завгүй л ална гээд дайрсан. Тэгээд л тэд нарт зодуулсан. Гэрийн гадаа гараад Г.Ж, н.Ганбаяр нарт зодуулсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/,
  • Гэрч О.Цийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манай нөхөр н.Б нь сумын төв дээр ах дүү нартаа тусалж ойр зуурын юм хийж өгч байгаад 12 дугаар сарын 31-ний орой н.Ганбаяр, түүний эхнэр хоёроор хүргүүлж ирсэн юм. Тэгээд хоол унд идээд эмээгийн гэрт байж байхад нь манай хажуу айлын Н.Т орж ирээд манай нөхөр н.Б руу элдвээр хэлээд дайраад байсан гэсэн. Мөн хүргэж ирсэн дүү н.Ганбаярыг хүртэл элдвээр хэлээд байсан гэсэн. Тэгээд хүргэж ирсэн дүү болох н.Ганбаяр нь эхнэр хүүхдээ аваад л давхиад яваад өгсөн. Би тэр хэдийг маргалдаж байхад нь байгаагүй юм. Тэгээд орой нь Н.Т нь үхрээ уяагүй байж байгаад манай нэг борлонг үхэр нь дараад хэвтсэн байсан гээд Н.Т үхрээ уяарай гээд хэлтэл мөн л манай нөхөр рүү Н.Т нь дайрсан байсан. Би энэ үед мөн л гэртээ байсан юм. Тэгээд гэрээс гараад иртэл н.Б нь дүүрүүгээ залгаад цагдаа дуудаарай гээд л яриад байсан. Дүү нар нь ирээд гадаа маргалдаад л байсан. Харанхуйд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
  • Гэрч Т.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...н.Ганбаяр гэх дүүдээ нүүрс шуудайлж өгөхөөр яваад 12 дугаар сарын 31-ний орой ирсэн байсан юм. Тэгээд манай хажуу талд Эрдэнэсант сумаас отроор ирсэн Н.Т гэх хүн байсан юм. Тэгтэл тэр хүн н.Б ах руу хандаж чи салхи шуургатай байхад эхнэрээ хөдөө орхиод төвд очиж хэвтлээ гэж хэлсэн. Тэгсэн н.Б ах би дүүдээ тусалж байгаад ирлээ гээд хэлсэн. Тэгээд хоорондоо жоохон маргалдаж байгаад хэрүүлээ болиод хөзөр тоглоод байж байтал н.Б ах гаднаас орж ирээд үхэр малаа уяхад яадаг юм бэ гэж Н.Т ахад хандаж хэлсэн. Н.Т ахын 4 үхэр ирээгүй байж байгаад тэднийгээ уяагүй байсан. Тэгтэл уяагүй байсан үхэрнүүд нь саравчинд ороод ямаа, хонь дараад байсан болохоор уурласан. Тэгээд Н.Т чи юу гээд байгаа пизда вэ чамайг ална шүү гээд л босож ирээд н.Б ахыг бариад авсан. Ингээд хоорондоо зууралдаад эхэлсэн. Дундуур нь манай нөхөр н.Буян-Арвижих босож ирээд та нар манай ээжийн гэрт манай ээжийн насыг хүндлэхгүй байна гээд босож ирээд салгасан. н.Б ахыг манай нөхөр салгаад цааш нь түлхээд холдуулсан. н.Б ах ээжийн гэрээс гараад сумын төв рүү н.Ганбаяр ах руу залгаад цагдаа олоод ир гэж хэлсэн гэсэн. Тэгсэн нөгөө хэд нь бөөндөө байж таараа юу юуны духанд хүрэлгүй цагдаа дуудаад яахав гээд өөрсдөө эхлээд яваад очъё гээд н.Ганбаяр, Г.Ж, н.Сайханбаяр нар хүрээд ирсэн. Тэгээд гэрт орж ирээд юу болсон, яасан юм бэ гээд асуугаад байж байтал Н.Т ах жоохон юм уусан байсан, тэгээд л аль аль нь түргэдээд л гэрээс гараад явсан. Гэрийн гадаа л бүгдээрээ хэрэлдээд ноцолдоод байх шиг байсан. Би хэрүүл зодоон гэхээр айгаад байдаг хүн гэрт байж байгаад шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
  • Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би Жаргалант сумын төв дээр дүү н.Ганбаярын гэрт ирж 2 хоног нүүрс шуудайлж тавиад дүүдээ жоохон тусалж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой би н.Ганбаяр гэх дүүгээрээ хөдөө гэртээ хүргүүлсэн. Манай эхнэр О.Ц нь хоол хийгээд байж байсан. Хоол идэхдээ хажууд отроор ирж буусан Н.Т гэх залууг орж ирж хоол ид гэж дуудсан. Тэгээд хоол идэж байгаад н.Ганбаяр бид нар юм яриад байж байтал Н.Т нь н.Ганбаярыг чи надад таалагдахгүй байна, чи ахыгаа боол мэт зарлаа, хэдэн шуудай нүүрс зүгээр өгчиж чадахгүй байна гээд над руу Н.Т хандаж чи дүүдээ зарагдаад чи надад хэдэн шуудай нүүрс авчирна гэж явлаа гэхээр нь би гурван шуудай нүүрс авчирлаа гэсэн чинь над руу дайраад л чи эхнэр хүүхдээ өвлийн хүйтэнд малд явуулаад гээд дайраад байсан. Тэгээд хэрүүл намжаад гайгүй болсон. Би Н.Тыг гэрт нь хүргэж өгөх гээд алхаад явж байхад чи хадмынхаа боолыг хийж насаараа амьдрах тавилантай биздээ гээд дайраад байсан. Би Н.Тыг гэрт оруулж өгөөд орхисон. Манай н.Ганбаяр ч гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа би саравчны урдуур явж байтал нэг ямаа майлах шиг болохоор нь ороод хартал Н.Тын 3 үхэр нь саравчинд орж хэвтээд нэг борлон дараад хэвтсэн байсан. Би Н.Тын гэрт ортол Н.Т гэртээ байгаагүй. Хажуу талын хадам ээжийн гэрт Н.Т, н.Буян-Арвижих хоёр эхнэрүүдтэйгээ даалуу тоглоод байж байсан. Би ороод үхэр малаа уяахад яадаг юм бэ, өчигдөр нэг борлон үхэр чинь дараад алсан гэсэн гээд хэлтэл Н.Т босож ирснээ чи яасан даварсан муу хулгайч вэ гээд намайг бариад автал Б.М босож ирээд салгатал Н.Т миний өвдөг рүү өшиглөөд авсан. Тэгээд н.Буян-Арвижих босож ирээд бид хоёрыг салгаад намайг орон дээр дараад авсан. Би хадам ээжийн гэрээс гараад н.Мөнхцэцэг рүү утсаар яриад цагдаа аваад ир, энэ хоёр намайг бөөрөлхөж зодоож байна гэж хэлсэн. Манай дүү нар ирсэн, тэгээд хоорондоо маргалдаад байж байтал Н.Т, Г.Жтай маргалдаад байсан. Хажуугаар нь эхнэр нь орж ирээд байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
  • Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манай хадам ах н.Б нь сумын төв дээр дүү н.Ганбаярт тусалж байгаад ирсэн юм Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой манай ээжийнд хоол идэж байгаад Н.Т ороод ирсэн. Тэгээд Н.Т нь н.Б, н.Ганбаяр хоёртой хэрэлдээд л хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ н.Быг босож ирээд бариад авсан. Тэгээд чамайг алаад хаяна шүү муу пизда минь гээд дайраад байсан. Би босож салгаад н.Б ахыг орон дээр жоохон дарж байгаад гаргаад явуулсан чинь сумын төв рүү ах нартаа цагдаа дуудаад ир гэж хэлтэл нөгөө хэд нь хүрээд ирсэн. Тэгээд гэрийн гадаа бөөн хэрүүл болоод л байж байтал цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
  • Гэрч Г.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний төрсөн ах н.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Хад хөшиг гэх газар өвөлжиж байгаа юм. Тэгсэн 2020 оны 13 дугаар сарын 31-ний орой он гарах гэж байхад манай ах н.Б залгаад намайг хадам дүү н.Буянаа зодох гээд байна, хутга, заазуур бариад байна гэж хэлсэн. Г.Ж, н.Г бид нар очсон. Н.Бын гэрт Г.Ж, н.Г нар орсон. Ороод юу болсон талаар мэдэхгүй гэрээс н.Төрөө, н.Б нарын хамт гараад ирсэн. Тэгээд тэр хотонд байсан эмэгтэйчүүд нь дайраад нүүр ам маажих гээд дайраад байсан. Өмнө нь манай ах н.Быг хадам дүү н.Буянаа нь зодож байсан болохоор л бид нар ахыгаа өмөөрөөд учрыг нь олох гээд очсон юм. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн, бид нарыг аваад сумын төв орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
  • Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Жаргалант сумын төвд н.Энхүүш ахын гэрт тоглоод байж байтал н.Ганбаяр ах ирээд хойшоо н.Б ахынд очоод ирье гэхээр нь би н.Энхүү ахыг хамт аваад явсан. Бид нар н.Б ахын гадаа очоод н.Ганбаяр ах, н.Сайханбаяр ах, Г.Ж ах гурав хамгийн баруун талын захын гэрт ороод 2-3 минутын дараа н.Ганбаяр ах, н.Сайханбаяр ах, Г.Ж ах нар отороор явж байгаа Н.Төрөө гэдэг ахтай хэрэлдээд гараад ирсэн. Тэгээд Г.Ж ах н.Төрөө гэдэг хүнтэй хэрэлдээд зогсож байхад араас нь эхнэр Б.М нь Г.Ж ахыг маажаад байсан. Тэгээд л хэрэлдээд байж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай “Б.Мын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн даралтын үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалдат нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2305 дугаартай “Н.Т биед зүүн гарын долоовор хурууны дунд шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтэл нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн рентген зургаар ясны бороололт үүсч буй хугарал байна... Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдат нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,
  • Шүүгдэгч Г.Жы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...2020 оны 12 дугаар сарын 31-ний орой он гарах гэж байхад буюу 23 цаг өнгөр байхад гэртээ байсан. Тэгсэн манай ах н.Баас дуудлага ирсэн. Цагдаа аваад хүрээд ир, манай хажуу айлын Н.Т гэдэг хүн зодоод байна гэхээр нь би н.Г, н.Ср, н.А нарын хамт н.Б ахын гэрт очсон. Очоод н.Бын гэрт ортол гэрт нь хэн ч байхгүй байсан. Хажуу талын н.Тулга эгчийн гэрт ортол бөөнөөрөө сууж байсан. Бид нар мэнд мэдээд та нар юу болоод байгаа юм бэ гээд асуутал Б.М гэх эмэгтэй над руу дайраад яахаараа бид нар гардаг юм гээд танай ах н.Б чинь буруутай гээд миний нүүрийг маажсан. Тэгээд Н.Т ах бид хоёр гэрээс гараад хоорондоо зууралдаад байж байтал Н.Т миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Би хавчигнаад байж байтал Б.М араас ирээд нүүр ам маажаад малгайтай цамцнаас зуураад намайг боосон боолтыг нь тавиулах гээд би зүүн тохойгоороо хойш нь цохитол Б.М байсан. Би тухайн үедээ Б.М байна гэж бодоогүй. Тэгтэл Н.Т нь намайг мөргөх гэж оролдсон. Н.Т бид хоёр бие биенийхээ гарыг барьсан байсан учраас түлхээд хоёр тийш салсан. Н.Тын хурууг базсан байж байгаад хойш нь түлхсэн. Тухайн үедээ хуруу тулгаад хаячихлаа гэж байсан. Тэгээд л салаад бие биенээ хэл амаар доромжлоод хэрэлдээд байж байтал цагдаа нар ирсэн..., Би Б.Мын чих, Н.Тын хурууг гэмтээсэн нь үнэн, үүнийг бол хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Жы ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Хохирогч Б.Мын биед “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” гэмтэл, хохирогч Н.Тын биед “зүүн гарын долоовор хурууны дунд шивнүүр ясны хугарал гэмтэл” учруулсан шүүгдэгч Г.Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн А/216/422 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт, мөн журмын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-д “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Мын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол гэж, хохирогч Н.Тын биед  учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.Жы бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Жыг хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, хохирогч Н.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.М, Н.Т нар нь 2.026.367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас эмчилгээ болон унааны зардлын 767.067 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 1.260.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.М, нөхөр Н.Т нарт хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог тул шүүх эрх хэмжээний хүрээнд хохирлыг хянан шийдвэрлэсэн болно. Хохирогч Н.Т нь зөвхөн “Таван толгой шин” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа зэргээр ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн. Учир нь  хохирогч Н.Т нь 630.000 төгрөгийн цалин авдаг боловч ажилгүй байх хугацааны цалингийн зөрүүг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын магадалгаа буюу хөдөлмөрийн чадвар түр алдалтын хуудас болон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэг  бусад нотлох баримтууд авагдаагүй байна. Харин шүүгдэгч Г.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М, Н.Т нарт учирсан хохирол болох 767.067 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Жаас 767.067 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М, Н.Т нарт олгохоор шийдвэрлэж, хохирогч Н.Т нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч Г.Жыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нь “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх тухай хууль гарсан тул шүүгдэгчийн өршөөлд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Хохирогч нарын өмгөөлөгч Ш.А нь “Улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Шүүгдэгч Г.Жы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Ж нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зохих хэсгийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж үзлээ.

         

             Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Боржигон овогт Г.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Г.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг,

-шүүгдэгч Боржигон овогт Г.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Жаас 767.067 /долоон зуун жаран долоон мянга жаран долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Т, Б.М нарт олгож, хохирогч Н.Т нь ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

              4.Эрүүгийн 2134000000105 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

              5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              6.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

       7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

       8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА