Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/01269

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Г-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А -т холбогдох

 

Өмнөговь аймгийн А даргын ажилд эгүүлэн тогтоож,  цалингийн зөрүү 1,209,302 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,  хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, Д.Э, нарийн бичгийн даргад Г.Уранзаяа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Д.Г миний бие 2014 онд тус газрын Өмнөговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж эхэлсэн ба ажиллах хугацаандаа 3 жил дараалан  төлөвлөгөө нормыг давуулан  биелүүлж ажилласан. Ял шийтгэлгүй. Миний бие 1988 онд ПДС-ийн Авто механик мэргэжлээр төгссөн, авто тээврийн салбарт 10 гаруй жил хөдөлмөрлөж байгаа магистр зэрэгтэй Монгол улсын зөвлөх инженер, мэргэжлийн  боловсон хүчин билээ. 2016 онд АТҮТГ-ын захирал солигдсоноор аймаг дахь салбарын дарга нарыг солих хууль бус ажиллагаа эхэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар намайг салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Цогтцэций сумын салбарт тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр томилсон тушаал гарсан. Дээрх тушаал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, мөн хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул  тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Д.Г тус салбарын даргын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож ажиллаагүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г-с А-т холбогдуулан Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн даргын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх ажиллаагүй хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

А нь Т ХХК-ийн үйл ажиллагаа идэвхжиж нүүрсний тээвэрлэлт ихсэхтэй холбогдуулан тээвэрлэлтийн үйл ажиллагааг өдөр тутам зохицуулж зохион байгуулах шаардлагыг үүднээс шинээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд А-н салбар нээгдэх шаардлага үүссэн.

Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн дарга Д.Г А-н удирдлага харилцан тохиролцсоны үндсэн дээр шинэ салбарт тээвэр бүртгэлийн мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн бус Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.1-д хэсэгт заасны дагуу харилцан тохиролцон Д.Г өөр албан тушаалд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Энэ нь ч Өмнөговь аймгийн Цогтцэций салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох юм.

Талууд харилцан тохиролцож өөр ажил томилогдсон тул урд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор авах эрх үүсэхгүй юм.

Иймд Д.Г хөдөлмөрийн хуулийг зөрчиж өөр ажил албан тушаалд томилоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг  шинжлэн судлаад:

                                                                                                                 

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Д.Г нь А-т холбогдуулан Өмнөговь аймгийн А- н даргын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү ажилгүй байсан хугацааны цалин 1,209,302 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалингийн зөрүү 967.441 төгрөг гаргуулахаар багасгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Д.Г-тай харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлэн томилсон, цалин буураагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар “Ажилтан ажлаас буруухалсан, буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

1. Д.Г нь Өмнөговь аймгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс тус аймгийн А албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-ийн 5-7, 21-24 дүгээр талууд/

А-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн б/162 дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн А даргын үүрэгт ажлаас чөлөөлж,  мөн өдрөөс Ө аймгийн Ц сумын салбарт тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр шилжүүлэн томилжээ./хх-ийн 4, 25 дугаар талууд/

         

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь  ажилтныг ажлаас чөлөөлөгдөх  болсон  үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болно.

А-ын санаачилгаар Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль тохирох хэсгийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах байжээ

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан  "орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно.

Хариуцагч А нь Д.Г-г 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалд түүнийг орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн, байгууллага татан буугдсан үндэслэлүүдийн алинд нь хамааруулж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа үндэслэл тодорхойгүй байна. /хх-ийн 6,7-р хуудас/

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

2. Хариуцагч тал нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Цогтцэций салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр,  техникийн хяналтын үзлэгийн техникчийн ажил үүргийг хавсруулан гүйцэтгүүлсэн гэж маргаж байна.

Ажил олгогч нь ажилтан Д.Г-тай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цогтцэций салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр томилж хөдөлмөрийн гэрээг байгуулжээ./хх-ийн 21-24 дүгээр талууд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно.” 33 дугаар зүйлийн 33.1-д “Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно.” 34 дүгээр зүйлийн 34.1-д ”Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

Ажилтанг өөр ажилд шилжүүлэх зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан  үндэслэлээр л хийгддэг ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар асуудлыг зохицуулах боломжгүй.

Ажилтныг өөр ажилд шилжүүлж байгаа үед түүний хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж дуусгавар болдоггүй, өөр ажилд шилжүүлэх нөхцөл арилсан үед ажилтан өмнөх ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байдаг.

Хариуцагч А нэхэмжлэгч  Д.Г-г 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Цогтцэций салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулсан нь хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Д.Г нь цалингийн зөрүү 1,209,302 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад 967,441 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  багасгажээ.

Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Цогтцэций салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон сарын үндсэн цалин 775,000 төгрөг, авч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 18 дугаар тал/  

Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн салбарын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад түүний үндсэн цалин 1,100,000  төгрөг, шилжүүлэн ажилуулсан албан тушаалын цалин 775,000 төгрөг ба  /1,100,000-775,000=325,000/ сарын 325,000 төгрөгийн зөрүүтэй байна.

А-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаа буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 967,441 төгрөгийн цалингийн зөрүүтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Г-г Өмнөговь аймгийн А даргын ажилд эгүүлэн томилж, А-с 967,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн дурдаж, хариуцагч А-с 27,769 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                

  ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Д.Г -г Өмнөговь аймгийн А даргын ажилд эгүүлэн тогтоож, А-аас 967,441 /есөн зуун жаран долоо мянга дөрвөн зуун дөчин нэгэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,769 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНЧИМЭГ