Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1766

 

“ИМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01455 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ИМ” ХХК-ийн, хариуцагч “Монголэмимпекс концерн” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 21 766 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, М.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ИМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИМ” ХХК нь хариуцагч компанитай 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлтийн гүйцэтгэлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байх хугацаандаа гэрээний 3.2-т заасан тооцоо хийх журмын 3.3-т зааснаар “... бетон зуурмаг нийлүүлж, эхэлснээр төлбөрийн 70 хувийг дансаар буюу бэлнээр тооцоо хийнэ, үлдэгдэл 30 хувийг бартераар тооцно” гэж заасны үлдэгдэл 30 хувьдаа хариуцагчаас альбумин 1 682 000 төгрөгт авсан, үүнээс бартерын үлдэгдэл 14 496 400 төгрөг байх бөгөөд өнөөдрийг хүртэл тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Гэрээний 4.3-т тогтоосон хугацаанд төлбөрөө төлж чадаагүй бол худалдагчид тийнхүү хугацаа хожимдуулсан үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр өдөр бүр анз, алданги төлнө гэж тохиролцсон учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймээс “ИМ” ХХК-иас гэрээнд заасны дагуу бартерын үлдэгдэл 14 496 400 төгрөг, алдангид 7 270 200 төгрөг, нийт 21 766 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МЭИК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т заасны дагуу төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж ажилласан. Бартераар төлөх 30 хувь буюу 108 963 780 төгрөгөөс 94 467 380 төгрөгийг бараа хэлбэрээр төлж барагдуулсан. Харин одоо 14 496 400 төгрөгийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байна.

Бид 14 496 400 төгрөгийг гэрээнд заасан аргаар тооцож төлөх буюу манай компани эмийн компани учраас уг үнийн дүнд эм санал болгоход барааг гэрээнд тусгагдаагүй шаардлагын улмаас /зөвхөн нэг төрлийн эм, бараа авах сонирхлоос шалтгаалан/ төлбөр дээр маргаан гарч, төлбөрийн хуваарийг нэхэмжлэгч талаас зогсоосон ба төлбөр хугацаандаа төлөөгүй анз, алдангийг нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй, гэрээний үүргээ зөрчиж байгаа үйлдэл юм. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээнд бараа солилцох буюу бартераар төлбөрийг барагдуулах гэсэн хэсэгт анз, алданги тооцох тухай заалт байхгүйг анхаарч үзнэ үү.

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан “МЭИК” ХХК-иас 21 704 100 төгрөгийн үнэ бүхий эмийг гаргуулж, “ИМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ИМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 532 төгрөгөөс 266 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 95 162 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “МЭИК” ХХК-иас 266 470 төгрөгийг гаргуулан “ИМ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд бартерын зүйлийг тодорхой тусгаагүй бөгөөд “МЭИК” ХХК-ийн хувьд эмийн худалдаа эрхэлдэг тул бартерын үлдэгдэл төлбөрт эм нийлүүлэхээр анх тохиролцож, олон нэр төрлийн эм санал болгож, эмийн жагсаалт явуулсан боловч “ИМ” ХХК-ийн хувьд зөвхөн нэг төрлийн эм бэлдмэл хүлээн авахаар маргаж, төлбөрийн хуваарийг өөрсдийн зүгээс зогсоож, харилцан тохиролцож чадалгүй өнөөдрийг хүрсэн.

            2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээнд алданги төлөх хэлбэрийг бартераар тооцох тухай тодорхой заалт байхгүй. Уг гэрээний 5.1-д “... энэ гэрээтэй холбогдон маргаан гарсан тохиолдолд талууд эв зүйгээр шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй 30 хоногийн хугацаа өнгөрсөн тохиолдолд Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ... ” гэж заасан.

            Гэрээний 5.1 дэх заалт нь хувьцааны хувьд “анз” тооцохтой шууд хамааралтай заалт гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл “ИМ” ХХК нь дээрх хугацааг өнгөрмөгц хуулийн дагуу шүүхэд хандалгүй, хугацаа хожиж явсаар өнөөдрийг хүрч, алданги тооцуулна гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангид 7 234 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “ИМ” ХХК, хариуцагч “МЭИК” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 766 600 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, алданги төлүүлэх шаардлагын хувьд зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч “ИМ” ХХК нь хариуцагч “МЭИК” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлтийн гүйцэтгэлийн гэрээ бичгээр байгуулан, бетон зуурмаг нийлүүлж, төлбөрийн 70 хувийг дансаар буюу бэлнээр, үлдэгдэл 30 хувийг бартераар тооцно гэж тохиролцсон байна.

Дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч тал 108 963 780 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнээс хариуцагч 94 467 380 төгрөгийг төлж, одоо 14 469 400 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбар, харилцан тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч алдангийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... нэхэмжлэгч нэг төрлийн бараа авна гэдэг, ... өөрсдөө төлбөрийн хуваарийг зогсоосон, ... дээрх гэрээнд алданги төлөх хэлбэрийг бартер, солилцооны зүйлээс тооцох тодорхой заалт байхгүй, ... гэрээний 5.1-д заасны дагуу харилцан тохиролцож чадалгүй маргасан тохиолдолд 30 хоног өнгөрмөгц хуулийн дагуу шүүхэд хандахаар заасан байхад хугацаа хожиж явсаар, өнөөдрийг хүрч, алданги тооцуулна гэсэн нь үндэслэлгүй ...” гэж маргасан төдийгүй мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Гэрээний 4.3-т “... худалдан авагч бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй бол худалдагчид тийнхүү хугацаа хожимдуулсан үнийн дүнгийн 0.5 хувийн анз төлнө”-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцсэн байна.

Хэргийн 48, 49 дүгээр хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаас харахад талууд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд өгч, авсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлах бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр тооцоо нийлж “Их Модон” ХХК нь хариуцагч МЭИК” ХХК-иас 14 496 400 төгрөгийн авлагатай гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн 2 талаас гарын үсгээ зурсан байх бөгөөд энэ үйл баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хариуцагч нь маргаж буй үйл баримтаа өөрөөр хэлбэл “ИМ” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэдгээ баримтаар нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч тал гэрээний 4.3-т заасны дагуу хариуцагчаас алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг нийцүүлэн шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хариуцагч “МЭИК” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 469 400 төгрөг, алданги 7 234 700 төгрөг, нийт 21 704 100 төгрөгийн үнэ бүхий эм гаргуулж, “ИМ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтад нийцэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “МЭИК” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД