| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0279/Э |
| Дугаар | 301/ШЦТ/2021 |
| Огноо | 2021-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 301/ШЦТ/2021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут,
-улсын яллагчаар Б.Мөнхтулга,
-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,
-шүүгдэгч Б.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баянсайханы Отгонхүүд холбогдох эрүүгийн 2134000000168 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай магадлалаар 800 нэгж буюу 800.000 төгрөг болгож өөрчилж шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Б.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг, Хоолтын 28-2 тоотод байх гэртээ 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нтай ахуйн хүрээний маргаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний баруун шуу хэсгийг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.О: “Гэм буруу дээрээ маргахгүй учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, эд зүйл хүлээн авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/, хохирогч Б.Нгийн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, насанд хүрээгүй гэрч О.Бат-ялалтын мэдүүлэг /хх-ийн 18 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 24 тал/, шүүгдэгч Б.Огийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Огийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч Б.О нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг, Хоолтын 28-2 тоотод байх гэртээ 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нтай ахуйн хүрээний маргаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний баруун шуу хэсгийг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Б.Нгийн биед хөнгөн хохирол учруулсан байна гэж шүүх үзсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч , харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарагдахаар хуульчлагдсан шүүгдэгч, хохирогч Б.Н шүүгдэгч Б.О нар нь гэр бүлийн хамааралтай бүхий харилцаатай эхнэр нөхөр хоёр мөн боловч шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байнгын үйлдэл хийж талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас нэг удаагийн үйлдлээр Б.Нгийн бие эрх чөлөөнд нь халдаж хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдснаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарагдахаар хуульчлагдсан бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцааны буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйчилж Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул шүүгдэгч Б.Ог гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг /байнгын шинжтэй/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн зүйчлэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл улсын яллагчийн тайлбарлаж байгаагаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр нөхөр байх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж хүндрүүлэн дүгнэх боломжгүй бөгөөд хууль тогтоогч гагцхүү гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гурав буюу түүнээс дээш бие даасан шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.Нг зодсон, дарамталсан, догшин авирласан, тарчлаан зовоосон гэх байнгын шинжтэй үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулсан гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэргийн хэмжээнд нотлох баримтаар хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Огийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Хохирогч Б.Нгийн биед “баруун шуунд шарх” гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн А/216/422 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт, мөн журмын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-д “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Нгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Огийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Ог хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Нд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүгдэгч Б.Огээс нэхэмжлэх гомдол, саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Огээс энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, эд мөрийн баримтаар нэг ширхэг хутга хураагдан ирсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Боржигон овогт Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5.Эрүүгийн 2134000000168 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА