Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0648

 

Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******гийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар Ж.*******д эзэмшүүлсэн газартай давхцуулсан хэмжээгээр хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжийг үндэслэн Ж.*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 452 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар Ж.*******д эзэмшүүлсэн газартай давхцуулсан хэмжээгээр хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжийг үндэслэн Ж.*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийн захирал С.Ганбат давж заалдах гомдолдоо: Манай компани Баянзүрх дүүргийн 11-р хороо, Туулын гүүрний баруун урд талд 2007 оноос хойш 300000 м.кв газрыгаялал жуулчлалын хотхон барих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд уг газарт шинээр тавигдах авто замын трасс орсон усны хамгаалалтын бүс гэдэг шалтгаанаар маргаан үүссэн. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг дарга Өү Юу Жи Си Си Си Си ХХК-ийнБаянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 13,4 га газар эзэмших эрхийг сэргээхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсан 1017 дугаар захирамжийн дагуу манай компани 13,4 га газрыг буцаан эзэмшихээр болсон. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газар судалгаа хийж байна гэдэг шалтгаанаар удаашруулсаар 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 000314322 тоот гэрчилгээг олгосон.

2012 оны 4-5 сарын үед Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга болон Хуулийн хэлтсийн дарга н.Ариунбилэг, эрх зүйн мэргэжилтэн н.Цолмон, Баянзүрх дүүрэг хариуцсан газрын байцаагч нар харилцан ярилцаж, газрын нэгдмэл сангийн зургийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ерөнхий төлөвлөгөө, төслийг үзэж, шалгаж байгаад 13,4 га газрын хэмжээг гаргасан бөгөөд шүүхэд энэ хэмжээгээ өгч шийдвэрлүүлсэн. Харин манай компани газрын хэмжээ гаргаагүй, тийм эрх мэдэл байхгүй. Манай эзэмшиж байсан газраас дэд бүтэц, зам тавьсан хэсгийг хасаж, сул үлдсэн талбайг манайд эргүүлэн олгохоор болсон.

Ийнхүү манай компанийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд удаа дараа хандан шийдвэрлүүлснээс хойш 5-6 сарын дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 30ы өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга А/395 дугаар захирамжаар манай компанийн эзэмшил газартай давхцуулан иргэн Ж.*******д 419 м.кв газарэзэмшүүлсэн.

Манай компанийг газрын гэрчилгээ авах үед Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байгаа учир эцсийн байдлаар кадастрын зургийг гаргасангэж тайлбарласан. Төрийн байгууллага зурагт тэмдэглэгээ хийх үүрэгтэй. Бид төрийн байгууллагын заавар, чиглэл, зөвшөөрлийн дагуу газраа буцаан эзэмших гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга бусдад давхцуулангазар олгосон байна. Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар нэг газрыг ийнхүү давхардуулан олгохоор шийдвэрлэснээс иргэн, аж ахуйн нэгж хохирч байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна40 дүгээр зүйлийн 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасантай зөрчилдөж байхад шүүх өрөөсгөл дүгнэлт хийж,нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнМанай компани иргэн Ж.*******гаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хууль ёсоор авч, кадастрын зургаа хийлгэсэн бөгөөд уг газрыг өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан.

Хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилладаг манай компанийг 2011 оноос хойш удаа дараа хохироож байгаа төрийн байгууллагын харилцан уялдаагүй, хариуцлагагүй ажиллагаанаас энэ маргаан үүссэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 452дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан маргаан бүхий захиргааны акт /Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсэг/-ын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.*******гаас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг өөрийн газартай давхацсан хэмжээгээр хүчингүй болгуулж, газрын гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Энэхүү А/389 дүгээр захирамжаар Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 134000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/395 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 419 м.кв газартай зарим хэсгээр нь давхцуулан олгосон болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дээрх захирамжуудаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо Манай компани Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун талд байрлах 300000 м.кв газрыг 2007 оноос хойш буюу нэхэмжлэгчээс өмнө эзэмшиж байсан байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга уг газартай давхцуулан иргэнд газар олгосон нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэдийгээр гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун талд байршилтай 300000 м.кв газрыг эзэмшиж байсан боловч тус компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар хүчингүй болгосон, нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх үед маргаан бүхий захирамж гараагүй байсан учир Өү Юу Жи Си Си Си Си ХХК давхцал бүхий газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хууль ёсоорэзэмшиж байгаагүй байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангасан байжээ.

Харин нийслэлийн Засаг дарга Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1017 дугаар захирамжийг биелүүлж, Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д 134000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалзаагүй, холбогдох дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсэх нөхцөл болжээ. Тиймээс шүүх нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-д эзэмшүүлсэн газраас нэхэмжлэгчийн газартай давхацсан хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх гуравдагч этгээд Өү Юу Жи Си Си Си Си ХХК-иас өмнө үүссэн, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид гуравдагч этгээдийн газартай давхцалтай гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй нь хууль бус бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дүгнэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/395 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэжээ.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэнхуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН