Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2014/0508/з |
Дугаар | 221/МА2016/0482 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2016/0482
Д.Гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Жем интернэшнл” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Гийн нэхэмжлэлтэй, Х******* болон О*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрхийн тухай хуулийн /1993 оны/ 8 дугаар зүйлийн 3, 17 дугаар зүйлийн 5, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.4.4, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2010 оны шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.2.9-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Барааны тэмдэг бүртгэх, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 123 дугаар тушаалын хавсралтын “Жем интернэшнл” ХХК-д холбогдох хэсэг, мөн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 4650 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Жем интернэшнл” ХХК давж заалдах гомдолдоо: “...Шүүх 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шинжээч Ч.Н*******, зураач Д.Г*******, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Д.Э******* /Д.Э******* нь хуулийн дагуу хэргийн материалтай танилцаагүй, тус хэрэгт шинжээчээр оролцох тохиолдолд хуулийн дагуу ямар эрх эдэлж, үүрэг хүлээх ёстойгоо албан ёсоор танилцаж, баталгаажуулаагүй атлаа шинжээчийн дүгнэлтэд гарын үсгээ зурсан/ нарын гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон “Жем интернэшнл” ХХК-ийн “Ч*******” барааны тэмдэгт ашиглагдаж буй график Чингис нь Д.Гийн “Ч*******” рельеф бүтээлийн Чингисийн хуулбар мөн гэж үзсэн учраас “...олны хүртээл болж танигдсан урлагийн бүтээл болох нь тогтоогдсон байхад О******* тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу шүүлт хийж бүртгээгүй нь нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл болсон байна. ... “Жем интернэшнл” ХХК-д олгосон барааны тэмдэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэн шийдвэр гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй, уг хэргийн талаар хувийн болон албаны сонирхолгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу захиргааны хэргийн шүүхээс томилогдсон этгээдийг шинжээч гэнэ” гэж заасан. Тийм учраас энэхүү 2 уран бүтээлчийн 2 бүтээл нэг нь нөгөөгөөсөө хуулбарласан эсэх дээр 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.
Шүүх нарийн мэргэжил, мэдлэг шаардсан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэх ёстой ч нарийн мэдлэг, мэргэжил шаардахааргүй логикийн болоод утга агуулгын, хууль зүйн талаас нь нарийн нягталсны үндсэн дээр нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэр эрх зүйн чухал үр дагавар бий болгодог. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрээр “Жем интернэшнл” ХХК-ийн 12 жилийн хөдөлмөр, маркетинг сурталчилгааны зардлаар бүтээж бий болгосон “Ч*******” брэндийн барааны тэмдгийг хүчингүй болгосон.
Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, дэндүү ойлгомжгүй, бүрхэг, маш их алдаатай, нотлох баримтын чадваргүй, асуудалд шинжлэх ухаанч хандаагүй дүгнэлт болсон. Тийм учраас бид бидний олон жилийн хөдөлмөрөөр өнөөдрийг хүрсэн барааны тэмдгийг чухам ямар үндэслэлээр, баттай дүгнэлтээр хуулбар гэж тооцсон болохыг мэдэх эрхтэй.
2015 оны 12 дугаар сарын шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд суурилсан шинжилгээ бус өмнөх шинжээчдийн дүгнэлтийг хуулбарласан төдийгүй бүр дордуулж бүрхэгдүүлсэн. Ямар ч шинжилгээ явуулсан үр дүнг харуулаагүй, зүгээр л 2 зургийг хараар дээр, доор байрлуулж хэвлэснээс өөр юу ч байхгүй дүгнэлт байсан. Ийм харанхуй байдлаар бусдын эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэж, 18 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийн агуулгыг дурдсан байдаг. Жишээлбэл, шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан г зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно, шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц зэргийг шинжилгээнд тусгана гэж заасан байдаг.
Шүүх 2015 оны 12 дугаар сард гарсан шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Өмнөх 2 шинжээчийн дүгнэлтийг шууд хуулбарласан. Хэрэгт авагдсан 3 шинжээчийн дүгнэлтийг зураач, урлаг судлаач, шинжээч, үйлдвэрлэлийн графикийн мэргэжилтэн гэх мэт олон төрлийн мэргэжилтэй 6 хүн яг адилхан сэтгэж, зөвхөн нүүрний харьцаагаар л хуулбар мөн бишийг тогтоохыг оролдон үг, үсэг, цэг, таслалын зөрөөгүй дүгнэлт гаргасан байдаг.
2. Ингэхдээ ямар шинжлэх ухааны арга зүйд тулгуурласнаа огт дурдаагүй. Ижил байна гэсэн дүгнэлт гаргасан атлаа ямар байдлаар хуулбарласан гэх үр дүнг харуулж нотолсон хавсралт байгаагүй. Зүгээр л 2 уран бүтээлчийн Чингисийн зургийг дээр, доор байрлуулж хараар хэвлэн хавсаргасан байсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийн гол бүрэлдэхүүн хэсэг болох шинжилгээний үр дүнг харуулсан г зураг, бусад зайлшгүй хавсаргавал зохих материалууд огт байгаагүй.
3. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа ашигласан объект нь Д.Гийн рельеф буюу хагас товгор биет бүтээл бус уг товгор биет дээр нарны г зүүн талаас туссан байдлаар зурагчны авч компьютерт эффект өгч зассан фото зураг байсан. Ингээд дүгнэлтээ рельеф буюу хагас товгор бүтээлтэй харьцуулахгүйгээр товгор биет дээр г хэрхэн туссанаас шалтгаалан өөрчлөгдөж байдаг г сүүдрийн тусгал дээр хийсэн байна.
4. Шинжилгээг уран бүтээлчийн шинэ санаа, давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц онцлог дээр бус бүх хүнд адил байдаг нүүрний зөв харьцаанд тулгуурлан хийсэн. Өөрөөр хэлбэл, 2 Чингисийн ам, хамар, нүд ижил байрлаж байгаа эсэхийг шинжлэн ижил байрласан хуулбар байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүнээс бид ямар ч Чингисийн хөрөгтэй тигээ тааруулахгүйн тулд жирийн хүнээс гаж нүүрний бүтэцтэй, цоо шинэ Чингисийг гаргаж ирэх ёстой байсан гэж ойлгохоор байна.
Өмнөх 2 шинжээчийн дүгнэлтэд “тиг буюу шугаман байгуулалтыг 12 хурууны хэмжилтээр байгуулахад 2 Чингисийн үндсэн тиг зөрөлгүй таарч байгаа нь нэг нь нөгөөгөөсөө хуулбарласан гэх гарцаагүй нотолгоо болж байна” гэсэн. Гэтэл эгэл хүний нүүрний тиг нүүрний гажиг бүтэцтэй л биш бол бүх хүн адил байдаг. Өөрөөр хэлбэл, тиг гэдэг нь нүүрний зөв харьцаа юм.
Энэхүү шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нь тиг буюу шугаман байгуулалтыг 12 хурууны хэмжилтээр байгуулсан хэмээжээ. Ингэхдээ эрүүний шугамнаас зулайн шугам хүртэл 12 хуруу гэж үзсэн байна. Харин зөв байгуулалтад нүүрний тиг нь эрүүнээс үсний завсар хүртэл 12 хуруу, гавлын зузаан /шинжээчдийнхээр бол зулайн шугам/ хүртэл 16 хуруу байдаг. Гэтэл шинжээчдийн дүгнэлтэд хавсаргасан зурагт харуулснаар эрүүний доорх хүзүү хэсгээс гавлын зузаан буюу зулайн шугам хүртэл 12 хуруу байдаг болж байна. Тиймээс шинжээчид шинэ төрлийн тиг буюу шугаман байгуулалтыг зохиож дүгнэлт гаргажээ.
Харин 2015 оны 12 дугаар сарын шинжээчийн дүгнэлтэд “Цан” босоо шугам, “Цантиг” оройн шугамын байгуулалтаар харьцуулахад дээрх 2 Чингисийн үндсэн харьцаа зөрөлгүй таарч байгаа нь нэг нь нөгөөгөөсөө хуулбарласан гэх гарцаагүй нотолгоо болж байна гэжээ. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд босоо шугам, оройн шугам 2-ыг хэрхэн байрлуулж, ам, хамартай давхцуулан хуулбар гэж үзсэн болохоо огт дурдсангүй. Нэмэлт зураг, графикаар огт баталсангүй.
Иймээс шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон 2015 оны 12 дугаар сарын шинжээчийн дүгнэлтийг илүү нарийвчлан үзэж, асуудлын үнэн зөвийг олж тогтоосон шударга шүүлт хийгээсэй гэж хүсэж байна. Дээрх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах зарим нотлох баримтыг бүрдүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Г нь 1990 онд “Ч*******” хөрөг зэс медалионыг бүтээж, олны хүртээл болгон, 2005 онд зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалуулсан байтал түүний бүтээлээс хуулбарласан “Жем интернэшнл” ХХК-ийн “CHINGGIS Gold” архины шошгон дээрх Чингис хааны зурган логонд барааны тэмдгийн гэрчилгээ олгосон гэж маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.
Тодруулбал, хэрэгт Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 8 дугаар зүйлд заасны дагуу “Жем интернэшнл” ХХК-ийн 5138 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгийг барааны тэмдэгт тооцох эсэх, бүртгэж болох эсэхэд шүүлт хийсэн Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайлан авагдсан байх боловч уг дүгнэлтийн үндэслэл болсон шүүлтийн эх үүсвэртэй холбоотой баримт, нотолгоо авагдаагүйгээс шүүх маргаан бүхий актуудыг хуульд нийцсэн эсэхийг дүгнэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймээс шүүх О******* “Жем интернэшнл” ХХК-ийн 5138 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргахдаа ямар баримт, санд тулгуурлан шүүлт хийснийг тодруулж, тэдгээртэй холбоотой баримтыг бүрдүүлсний дараа маргаан бүхий актуудад дүгнэлт өгөх шаардлагатай.
Түүнчлэн тус хэргийг өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 345 дугаар магадлалаар хянан шийдвэрлэж, барималч Р.Энхтайван, Ж.Цолмонхүү, зураач Ч.Болдбаатар нарын шинжээчдийн дүгнэлттэй холбоотой алдааг залруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Улмаар шүүх нэхэмжлэгч Д.Гийн “Ч*******” бүтээл нь дизайнер Г.Нандин-Эрдэнийн бүтээж, “Жем интернэшнл” ХХК-д олгогдсон “CHINGGIS Gold” барааны тэмдэгтэй дүрслэлийн хувьд адил эсэхэд дүгнэлт гаргуулахаар Урлаг судлалын ухааны доктор, СУИС-ын багш Д.Э*******, СУИС-ын уран зургийн багш Ц.Н*******, ШУТИС-ын Үйлдвэрлэлийн графикийн мэргэжилтэн Д.Г******* нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилсон байх боловч шинжээчээр томилогдсон Д.Э*******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шинжээчийн эрх, үүрэг, худал дүгнэлт өгсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлалгүйгээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн байна.
Иймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН