Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 321/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар М.Гансувд,

-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Гэрэл,

-хохирогч Б.Оюунгэрэл /онлайн/,

-хохирогч Т.Амар, С.Элбэгжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Д.Гансүх,

-шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 1934011210021 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр “Киа Гранбирд” маркийн “80-83 УБК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан Д.Соёлсүрэн, Н.Энхжаргал нарын биед хөнгөн хохирол, С.Элбэгжаргал, Т.Амар нарын биед хүндэвтэр хохирол, Ц.Загдхорлоо, Б.Цасчихэр, Д.Мөнхбаатар нарын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч С.Элбэгжаргал нь мэдүүлэхдээ: “Бид 2 Орос улсад амьдардаг. Тухайн өдөр Орос руу тэмээний ноос ноолуур зардаг бүтээгдэхүүнээ аваад явж байгаад осолд орсон. Бид хоёр хамгийн хойн сууж байсан. Тэнд суудлын бүсний даруулга байгаагүй. Эмчилгээ хийлгээд эмчлүүлсэн. Хохирлын хэмжээг дундажлаж гаргасан болохоос өвдөж магадгүй гээд зураг, хөрөг баримтууд өгөөгүй байгаа. Багцаалдаад байгаа баримтаа өгсөн. Утас, нүдний шил, гэх мэт эд зүйлээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөөгүй болохоор нэхэмжлээгүй. Эм тариа өвчин намдаах хэрэглэсэн баримтуудыг тэр болгоныг баримтаар цуглуулаагүй. Энэ хүүхдээр эмчилгээний зардлаа гаргуулахад гомдол саналгүй” гэв.

Хохирогч Т.Амар нь мэдүүлэхдээ: “Тухайн үед 2019 оны 12 сарын 2 Улаанбаатар хотоос  Дорнод  аймаг руу явж байсан. Тухайн үед би унтсан байсан. Хүмүүс орилоход сэрсэн. Миний баруун шагай зөөлөн эдийн гэмтэл учирсан. 2 сар эмчилгээ хийлгээд эмчлүүлсэн. Одоо биеийн байдал гайгүй байна. Би 600.000 төгрөг авсан” гэв.

Хохирогч Б.Оюунгэрэл нь мэдүүлэхдээ: “2019 оны 12 сарын 02-нд хувийн бизнесээ өргөтгөх зорилгоор Дорнод аймаг руу явж байсан. Замдаа зүүрмэглээд нэг сэрсэн чинь хүмүүс хашхиралдаад автобус нисэж байгаа юм шиг замын хажуу руу явж байсан.Тэгээд автобус унасан. Би автобусан дотор унаад босох гэсэн босож чадахгүй байсан. Цонх онгорхой цас ороод байсан. Зүүдэлж байгаа юм шиг хямарсан. Түргэний тэрэг ирээд насилк гаргасан. Орой болтол байгаад ах дүү нар харж байсан. Тэгээд суудлын завсар хавчуулагдаад хэцүү байсан. Автобусны бүх цонх онгорхой өвөл байсан болон их хүйтэн байсан. Эмнэлгийн машин ирээд насилканд ирээд Төв аймгийн Эрдэн сумын эмнэлэгт орой болтол байгаад тэнд манай гэр бүлийн хүмүүс ирж намайн харж байсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт ирсэн. Тэгээд томографын зураг даруулаад нуруунд хугарал байхгүй  харин нурууны 2 үе мэдрэлд дарагдаад мэдээгүй болсон байна гэж урьдчилсан шинжилгээ гарсан. Тэгээд хэвтэж эмчлүүлэхэд маш их хүн байна тийм учраас таныг авч чадахгүй гэсэн учир гэртээ гарсан. Би гэрийн асаргаанд 2 өдөр босож чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм гээд хувийн эмнэлэг болох Интермэд эмнэлэгт очоод 7 хоног эмчилгээ хийлгээд бага зэрэг босдог болсон. Тэгсэн дахиад доголоод өрөөсөн хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Тэгээд ерөөсөө гайгүй болох болов уу гэсэн гайгүй болохгүй байсан. Зардлыг бол биллд дагалдаж ирдэг даатгалаас өгсөн. Миний цоо шинэ компьютер эвдэрсэн байсны компаниас авсан үнээр минь над руу шилжүүлсэн. Дахиад эмнэлгээр яваад эм, тариа хийлгээд зөндөө явсан. Би бол өөрийн эрүүл мэндэд санаа тавьснаас энэ хэрэгт болон хохирол төлбөрийг мартсан байсан. Тэгээд сүүлд Төв аймгийн Цагдаагийн газраас яриад таны бие ямар байна, хэрэг чинь шалгагдаад явж байна гэж ярьсан. Одоогоор надад ямар зовуурь байгаа вэ гэхээр удаан зогсож чадахгүй байгаа. Даатгалын мөнгө нь бол зогсдог юм байна лээ. Би хувийн мөнгөөр зөндөө эмчлүүлсэн ба түүнд холбогдох материалыг шүүхэд өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч над руу яриад 940.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Надад Г.Бтэй адилхан дүү нар байгаа, энэ хүн бид нартай адилхан л амьдрах гэж яваа, анхнаасаа санаатай энэ хэргийг үйлдсэн биш санамсар, болгоомжгүйгээр үйлдсэн тул цаашид гарах эрсдэлийг үл тооцоод гомдолгүй гэдгийг иргэний хувиар хэлж байна. Цаашид Г.Бг болгоомжтой амьдарч эргээд осолд орсон хүмүүстэйгээ ярьж байгаарай гэж хэлье. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Иргэний хариуцагч Д.Гэрэл мэдүүлэхдээ: “Манай компани анх 2003 онд байгуулагдсан. Нөхөр анх энэ компанийг байгуулж байсан. 2004 онд хот хооронд Дорнод, Өмнөговь гэсэн чиглэлд явж эхэлсэн. Тэгээд 2008 онд манай нөхөр өвчний улмаас нас барсан болохоор өв залгамжлалаар компанийг өвлөж авч өргөжүүлээд Өмнөговь аймгийн Цагаанхад, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Дарьганга гэсэн чиглэлээр явж байсан. Энэ явж байх хугацаанд ямар нэгэн осол аваар гараагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж байсан. Өмнө нь дандаа фургонтой явж байгаад 2013 онд том оврын автобус орж ирсэн. Г.Бгийн ах нь манайд ажилдаг байсан. Тэгээд ах нь дүүгээ том тэрэг барьж байсан гайгүй гээд манай компанид оруулсан. Ийм осол болсонд маш их харамссан. Олон хүмүүсийн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироосон харамсаж байгаа. Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан гэрээний дагуу тухайн чиглэлд осол аваар гарах юм бол тухайн чиглэлийг түр түдгэлзүүлж шүүхээс шийдвэр гартал түр өөр компанийн автобус  явна гэсний дагуу осол болсны маргааш нь хурал хийгээд манай чиглэлийн автобуснууд явахгүй болгосон байгаа. Осол гардаг газрын чиглэл Дорнод аймаг руу явдаг нь бидний 70-80 хувийн гол орлого олдог чиглэл байсан. Манайх жуулчны гэрээ байгуулж явдаг. Хувийн машинтай жолооч нартай яг өөрийн гэсэн машин бол байдаггүй. Угаасаа аж ахуйн нэгжүүд ийм байдаг. Тээврийн газар тээврийн хэрэгслийг заавал өөрийн нэр дээр болго гэдэг. Ковидын 10 сараас хойш Цагаан хад, Өмнөговь аймаг Даланзадгад бол ногоон бүс гээд хаагдсан байгаа. Тэгээд Өмнөговь, Дарьгангын чиглэл саяхнаас явж эхэлсэн. Иймэрхүү зогсолтын байдалтай байгаа. Ажил хэвийн явж байсан бол Г.Бд туслаад өгий гэсэн ч ажилгүй байсан учраас бид нар нийлээд Г.Бд  цөөхөн хэдэн төгрөг өгсөн байгаа. Жолооч нар маань ихэнх нь зээлтэй байдаг учраас тусалж чадаагүй. Тэгээд даатгалаас хэдэн төгрөг өгсөн байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 тал/, хохирогч Б.Цасчихэрийн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/, хохирогч Д.Мөнхбаатарын мэдүүлэг / хх-ийн 17-18 тал/, хохирогч Т.Амарын мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/, хохирогч Д.Соёлсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, хохирогч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/, хохирогч Н.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/, хохирогч Ц.Загдхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 45 тал/, иргэний нэхэмжлэгч А.Дашмаагийн мэдүүлэг /хх-ийн 47 тал/, иргэний хариуцагч Д.Гэрэлийн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/, иргэний нэхэмжлэгч А.Дагмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/, гэрч Б.Отгонзулын мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, хохирогч Н.Энхжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 тал/, гэрч Л.Отгон-Ишийн мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/, гэрч Н.Чимэдрэгзэнгийн мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/, хохирогч Б.Цасчихэрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/, гэрч Х.Туулын мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/, хохирогч Д.Мөнхбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/, гэрч Д.Гэгээнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/, иргэний нэхэмжлэгч А.Дашмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 76 тал/, шүүгдэгч Г.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 тал, дахин өгсөн мэдүүлэг 79-82 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-111 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2658 дугаартай дүгнэлт /хх-ийн 119-120 тал/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 325 дугаартай дүгнэлт /хх-ийн 122-123 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 126-127 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 130-132 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар зүйлийн 12-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 135-136 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14527 дугаартай дүгнэлт /хх-ийн 139 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 142-143 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт /хх-ийн 146-147 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-171 тал/, шүүгдэгч Г.Бгээс яллагдагчаар авсан мэдүүлэг /хх-ийн 203-204 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

   Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

   Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр “Киа Гранбирд” маркийн “80-83 УБК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хээгт заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан Д.Соёлсүрэн, Н.Энхжаргал нарын биед хөнгөн хохирол, С.Элбэгжаргал, Т.Амар нарын биед хүндэвтэр хохирол, Ц.Загдхорлоо, Б.Цасчихэр, Д.Мөнхбаатар нарын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 тал/,
  • хохирогч Б.Цасчихэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар 02-нд Дорнод аймаг явах гээд Улаанбаатар хотын Тэнгэр плаза дээрээс “80-83 УБК” улсын дугаартай том автобусанд суусан. Автобусны баруун гар талд 4 дугаарын суудалд сууж явсан. Замдаа унтаад явж байтал гэнэт тас няс болоод аман дотор бөөн цус амтагдаад ирсэн. Тэгээд сэрээд хартал нүүр, ам, шүд ямар мэдээгүй цус болсон байсан. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Дараа нь Эрдэнэ сумын эмнэлэгт ирж анхны тусламж үзүүлээд хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,
  • Хохирогч Д.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би “Аж мянган” ХХК-нд жолоочоор 7-8 жил ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 10 цагт компанийн хашаанаас гарч Тэнгэр плаза худалдааны төв дээрээс зорчигч нараа суулган 13 цагт Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд хөдөлсөн хөдлөөд Налайх дүүргийн Гродокын МТ шатахуун түгээх станцаас түлш аваад хөдөлсөн. Цааш явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян даваа өнгөрөөд Эрдэнэ сум хүрэхээс 2-3 км орчимд автобус замын хажуу талын үерийн далан давж харайлган осолдсон. Тухайн үед би ээлжийн жолоочоор явж байсан. Жолоог Г.Б барьж явсан. Би зорчигч нарын суудалд 37-38 дугаартай суудалд унтаж явсан. Хүн орилох шиг болсон, сэрээд автобусны дээд талын тааз 2-3 удаа мөргөөд зогссон. Би босож чадахгүй хоёр гар хөдөлгөж чадахгүй суудлын түшлэг хугарч нүд урсан байсан. Удалгүй цагдаа эмч нар ирж намайг автобуснаас цонхоор гарган Эрдэнэ сумын эмнэлэгт хүргэгдэн зүүн нүдэндээ 8 оёдол тавиулж гэмтлийн эмнэлэг хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
  • Хохирогч Т.Амарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны 13 цагийн автобусанд Улаанбаатар хотоос Дорнод аймаг чиглэлийн “Аж мянган” ХХК-ийн 45 хүний суудалтай автобусанд БЗД-ийн Тэнгэр худалдааны төвөөс эхнэр С.Элбэгжаргалын хамт суугаад Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5-р багийн нутаг Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 73 км заалтын орчимд тухайн үед 41, 42 дугаартай суудалд хамгийн ард унтаж явсан. Тухайн үед хүмүүс орилолдоод нэг мэдэхэд хоёр суудлын өмнө өнхрөөд унасан байсан. Миний дээр туслах жолооч унаад туслах жолооч ах дээр манай эхнэр унасан. Автобусны шил хагарсан, хэдэн хэдэн суудал хугарсан байсан. Хүмүүс буугаарай бинзен нь гойжиж байна дэлбэрч маргадгүй гээд хүмүүс сандралдаад байсан. Би хамгийн сүүлд Эрдэнэ сум руу явсан хүмүүсийг цагдаа эмч нар зөөгөөд байсан суудлын тэргээр Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд очиход миний баруун шагай хавдсан, нуруу хөндүүр байсан. Автобусанд явж байсан хүмүүсийг тухайн автобусны компаниас машин гаргаж авч явсан. Эхнэр бид 2 Улаанбаатар хотоос хүүхдээ дуудаад 2 машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Очоод нуруу, хөл зураг авхуул хөл гипс тавиад явсан. Мөгөнгүүр эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр очиж хэвтсэн нийт 18 хоног хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
  • Хохирогч Д.Соёлсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах зорилгоор БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн аймгуудын авто вокзал болох “Тэнгэр плаза”-ийн зогсоолоос 80-83 “УБК” улсын дугаартай “Киа Гранбирд” маркийн улаан өнгийн том оврийн Улаанбаатар-Дорнод аймаг чиглэлийн автобусанд суусан. Тухайн үед намайг автобусанд суух үед тасалбар түгээгч нь "зам дагуу буух зорчигчид жолоочид төлбөрөө төлөөд суучих тасалбар авах шаардлагагүй гэж хэлхээр нь би жолоочид нь бүхэл 1 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт өгсөн. Автобус 2019 оны 12 дугаар сарын 02-ны 13:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад автобус дүүрэн биш 27, 28 орчим хүнтэй байсан, би 23 дугаартай сандал дээр сууж явсан. Тухайн үед автобусны жолооч яаж байгаад осол гаргасныг хараагүй учраас мэдэхгүй байна. Гэнэт хүмүүс орилоод автобусны урд болон баруун талын шилнүүд хагараад шатахуун асгарсан байсан. Би суудлын даруулга бүстэй байсан боловч автобус огцом тоормослох үед миний нуруу, мөр болон зүүн шилбэнд гэмтэл учирсан. Тэгээд осол гарснаас хойш 1-2 цагийн дараа цагдаа нар ирээд биднийг Төв аймгийн Эрдэнэ сум хүргэж өгсөн. Ийм л зуйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
  • Хохирогч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт ажлаар явахаар Тэнгэр худалдааны төвөөс автобусанд 12 цагт ганцаараа суусан. Суугаад унтаж явсан хүмүүс орилолдоод хашгиралдаад байсан. Сэрээд харахад автобус ойж буугаад гүйцэж түрүүлэх гэж байгаад зүүн тал руу замаас гарж осолдсон. Нэг мэдэхэд суудлаасаа унасан байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг удаж ирсэн. Цагдаа нар автобуснаас хүмүүсийг насилкаар гаргаж Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэг рүү авч яваад анхны тусламж үзүүлэн. Орой 21 цагийн үед гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт ирж нарийн шинжилгээ өгсөн. Тэгэхэд нурууны 3,4-р үе дарагдсан, мэдрэлийн төгсгөл дарагдсан гэсэн. Тэгээд маш олон хүн гэмтсэн учраас гэрээрээ эмчилгээ хийлгэ гэсэн. Гэртээ босож явж чадахгүй болохоор хувийн Интермэд эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Шинэ жил өнгөрөөгөөд Курсан гэх мэдрэл үе мөчний эмнэлэгт 7 хоног хэвтсэн, цагаан сарын өмнө Сужок нэртэй солонгос эмнэлэгт 7 хоног хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,
  • Хохирогч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед осол болоход автобусны 14 номерын суудал дээр сууж явсан. Тэгээд урд талынхаа суудлыг нүүрээрээ мөргөөд, хөл цохигдоход хөл гэмтсэн. Би осол болсны дараа Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 1 сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн байдал хааяа нуруу хөшиж өвддөг, толгой өвддөг, зүүн талын шилбэ бадайраад байдаг болчихоод байна. Өөр зовиур байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,
  • Хохирогч Ц.Загдхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө Дорнод аймаг руу явах гээд тээврийн бирж дээрээс тухайн өдрийн 01 цагаас явах автобусны билет авсан байсан. Тэгээд өдөр 01 цаг гэхэд “80-83 УБК” улсын дугаартай 45 хүний суудалтай том улаан автобусанд сууж биржээс хөдөлсөн. Замдаа явж байхад би яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна, Эрдэнэ сумын хавьцаа байх гэж бодож байна, автобус гэнэт замын хажуу руу ороод зогссон. Миний биед нуруу, сээр хугарсан, зүүн хөл юманд дарагдаж хөх эрээн болсон. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Би эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоогоор 1.800.000 төгрөгийг зарцуулаад байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэ гэсэн. Түүний зардал болох 1.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч А.Дашмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Эмчилгээний зардал болох 280.000 төгрөгөө авчихмаар байна. Хохирлын баримт тухайн үед байсан, одоо хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
  • Иргэний хариуцагч Д.Гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Уг тээврийн хэрэгсэл “Аж мянган” ХХК-ийн нэр дээр байсан. Одоо зарагдчихсан байгаа. Манайх даатгалд 2002 оноос өндөр төлбөр төлж эхэлсэн. Тэгэхээр хохирлыг даатгалын компаниас төлсөн ба хэдэн хүнд, хэдэн төгрөг төлсөн талаар мартсан байна. Би зам тээврийн ослын улмаас өөрөө их хохирсон. Гэрээнд уг нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч осол зөрчил гаргасан тохиолдолд хохирол төлбөрийг жолооч өөрөө хариуцна гэж заасан. Тэгэхээр хэрэгт иргэний хариуцагчаар ормооргүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,
  • Гэрч Б.Отгонзулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр бм 18 дугаар суудал дээр сууж явсан. Эрдэнэ сумаас наана харанхуй болсон би унтах гээд байж байтал гэнэт тас няс гээд цонх хагараад зогссон. Автобусны банк нь цоороод түлш нь асгарсан ба хүмүүс нь хаалга, цонхоор ээлжилж гарсан. Автобуснаас буугаад харахад урд талын 2 дугуй нь эргэчихсэн юм шиг харагдсан. Автобусны хүмүүс Эрдэнэ сумын эмнэлэгт үзүүлж байхад хотоос автобус ирээд хүмүүсийг нь гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,
  • Гэрч Н.Чимэдрэгзэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр 15 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сум орох гэж яваад автобус замын хажуу руу гараад зогссон. Тэгэхэд автобуснаас хурдхан буугаарай гээд хэлэхэд хүмүүс буусан. Би 21 дугаартай суудал дээр сууж явсан. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/,
  • Гэрч Б.Туулын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Тухайн өдөр Тэнгэр худалдааны төв буюу Улаанбаатар хотоос Дорнод аймаг орох автобусанд суусан. 15 цагийн үед байх автобус хүчтэй доргилт өгөх үед сэрсэн ба би унтаж явсан. Тэгтэл хүмүүс шуугиад эхэлсэн. Автобус замын хажууд зогссон байсан. Би 22 дугаартай суудал дээр сууж явсан ба миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,
  • Гэрч Д.Гэгээнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр би Донод аймаг явах гээд Улаанбаатар хотоос 13 цагийн автобусанд суусан. Тэгээд 19 дугаартай суудалд суугаад явсан. Замдаа унтаад явж байтал гэнэт их дуу чимээ гараад би сандлаас унаад давж ирсэн. Тэгэхэд автобус замаас гараад зогсож байсан. Тэгээд цагдаагийн машин ирээд явж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай “...Шинжилгээнд харьцуулах загвар ирүүлээгүй тул KIA GRANBIRD маркийн 80 83 УБК улсын дугаартай. KNGGBK1U29K109874 тоот арлын дугаартай автобусны арлын дугаар солигдсон эсэхийг тогтоох боломжгүй ... Шинжилгээнд ирүүлсэн KIA GRANBIRD маркийн автобусны кузов баруун урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд хэв гажилтын нөлөөгөөр кузов бүхэлдээ баруун урдаас хойш чиглэлд гажилт үүссэн тул цаашид ашиглах боломжгүй... KIA GRANBIRD маркийн автобусанд үүссэн эвдрэл гэмтэл ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн KIA GRANBIRD маркийн, 80-83 УБК улсын дугаартай автобусыг зориулалтын лаборатори, багаж тоног төхөөрөмжөөр бүрэн үзлэг оношилгоо хийж шинжлээгүй, задгай орчинд хязгаарлагдмал нөхцөлд үзлэг оношилгоо хийгдсэн тул техникийн талаас зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй... Шинжилгээнд ирүүлсэн KIA GRANBIRD маркийн автобусны зуун урд болон хойд тэнхлэгийн зүүн баруун талын дугуйн тоормосны эд ангиуд бүрэн, тоормосны хийн баллон, хуваарилагч, хийн хуурай шүүр, хий дамжуулах гуурс зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, хийн баллонд хийгүй, хөдөлгүүр асахгүй, зориулалт бус орчинд гадаа, задгай талбайд үзлэг шинжилгээ явагдсан тул ажиллагааг шалгах боломжгүй байв. Баруун урд дугуй хойш шилжиж хойд талаар шаврын хаалтад тулсан, урд талаар босоо хөндөл төмөр хойш шилжиж гулзайхдаа дугуйн хаймрыг хонхойлгож хатгасан, домкрат бүрэн өргөх боломжгүй зэрэг шалтгаан нөхцөлөөс баруун урд дугуйн тоормосны эд ангид үзлэг, шинжилгээ хийх боломжгүй байв. Дээрх шалтгаанаар тоормос осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй... Шинжилгээнд ирүүлсэн КIA GRANBIRD Mаркийн, 80-83 УБК улсын дугаартай автобусны KNGGBK1U29K109874 тоот арлын дугаарын байрлал, үсгийн өндөр MNS ISO 4030-2010 стандартын 4.1, 5.4-д заасан шаардлага хангах боловч арлын үсэг тоо нэг шугамд биш, дээш, доош тэгш биш хэвлэх буюу барлах механик аргаар гүн цохигдож бичигдсэн байна. Арлын дугаарыг цахим санд хайлт хийхэд Бүгд Найрамдах Солонгос улсын KIA фирмд 2009 онд үйлдвэрлэгдсэн "CARENS" загварын, 5-7 хүний суудалтай, 5 хаалгатай суудлын автомашин гэсэн үр дүн илэрч байв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-111 тал/,
  • Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай “...Хавтаст хэргийн материалтай танилцахад Киа Гранбирд маркийн 80-83 УБК дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Киа Гранбирд маркийн 80-83 УБК дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний Дүрмийн 3. Жолоочийн үүрэг: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв... Жолооч Г.Бгийн жолоодож явсан Киа Гранбирд маркийн 80-83 УБК дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй... Зам тээврийн осол болоход цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой... Хавтаст хэргийн материалтай танилцахад Киа Гранбирд маркийн 80-83 УБК дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв... Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2658 дугаартай “...Д.Соёлсүрэнгийн биед зүүн мөрөнд сорви, зүүн шилбэнд нөсөө гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлийг хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 119-120 тал/,
  • Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 325 дугаартай “...Н.Энхжаргалын биед тархи доргилт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл... Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 122-123 тал/,
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай “...Т.Амар-н биед баруун шагайны шөрмөсний суналт, баруун шагайд шарх, бүсэлхий, баруун өвдөг, баруун шилбэ, баруун тавхайг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 126-127 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай “...
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай “...С.Элбэгжаргал-н биед баруун эгэмны зөрүүтэй хугарал, тархи доргилт, хаван, толгойн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салст, баруун шанаа, баруун сарвуу, баруун зүүн хөх, баруун зүүн суга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 130-132 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар зүйлийн 12-ны өдрийн 17 дугаартай “...Ц.Загдхорол-н биед цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал, 2 уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралдалт, сээрний 8-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Шинэ гэмтлүүд байна... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 135-136 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14527 дугаартай “...Б.Цасчихэр-н биед суурь яс, зуун гайморын хөндийн урд хана, хоншоор ясны хугарал, 3-н шүдний булгарал, 1 шүдний сулрал, уруул, зүүн хацар зүүн нүдний доод зовхи, уруул, баруун, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Цаашид 3-н шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 139 тал/,
  •  Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “...Б.Оюунгэрэлийн биед бүсэлхийн нугаламын цүлхийлт гэмтэл тогтоогдлоо... Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 142-143 тал/,
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184 дугаартай “...Д.Мөнхбаатарын биед бүсэлхийн L4 нугаламын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 146-147 тал/,
  • “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-171 тал/
  • Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн үед цасан шуурга шуурч байсан. Уг осол болохын өмнө нь км-ийн заалтаа харахад 70 км/цагийн хурдтай явж байсан. Тэгэхээр 70 км/цаг орчим хурдтай замын хөдөлгөөнд оролцож байсан. Би B, C, D, E, M, A ангиллын тээврийн хэрэгслүүдийг жолоодох эрхтэй, тээврийн хэрэгсэл жолоодоод 12 жил болж байна. Хэрэг болох үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хохирогч Д.Мөнхбаатарт 4.000.000 төгрөг, Б.Цасчихэрт 4.000.000 төгрөг, Ц.Загдхорлоод 3.800.000 төгрөг, Б.Оюунгэрэлд 2.999.000 төгрөг тус тус өгсөн. Уг “Киа Гранбирд” маркийн “80-83 УБК” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204 тал/,
  • Хохирогч С.Элбэгжаргалаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2019 оны 12 сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнсумын нутаг дэвсгэрт явж байхад Улаанбаатар Дорнод явах чиглэлийн 80-83УБК улсын дугаартай автомашин замын хажуу руу осолдсоны улмаас би баруун эгэмний хэсэгт хугарсан гэмтэл авсан. Мөн толгойны дээд зулай хэсэгт зүсэгдсэний улмаас 7-8 оёдол тавиулсан. Баруун нүд хөхрөлттэй байсан. Баруун талын хөлний өвдөгний дээд хэсэгт шалбарсан, зүүн хөлний шагайны хэсэгт хөхрөлт үүсээд хавдсан байсан, зүүн суганы хэсэгт зүсэгдэлттэй байсан. Би тухайн ослын улмаас дээрх гэмтлүүдийг авсан...” гэх дүгнэлт /хх-ийн 115-116 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

       Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр “Киа Гранбирд” маркийн “80-83 УБК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэг “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байдал тогтоогдсон.

 

   Шүүгдэгч Г.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

   Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

   Иймд шүүгдэгч Г.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний биед хөнгөн хохирол, хоёр хүний биед хүндэвтэр хохирол, гурван хүний биед хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй , шүүх хуралд суухгүй гэж, хохирогч Н.Соёлсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргана гэсэн боловч хэрэгт бичгийн баримт ирээгүй, хохирогч Б.Цасчихэр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Оюунгэрэл, Т.Амар нар нь эмчилгээний зардлаа авсан гомдол саналгүй гэж, хохирогч С.Элбэгжаргал нь өнөөдрийг хүртэл эмчилгээний зардлаа авсан цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Бгийн буруутай үйлдлийн улмаас бусдын биед хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч Г.Б нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн цаашид гарах хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул энэ тогтоолоор иргэний хариуцагч болох “Аж мянган” ХХК-иас гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогч нарын өмгөөлөгч нараас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хариуцагч болон шүүгдэгч Г.Б нараас гаргуулах талаарх хүсэлт гаргасанг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “ Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэх “ гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг нь “ Монгол улсад Өшөөл үзүүлэх тухай хууль гарсантай холбогдуулсан өршөөлд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Г.Бгийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын 25-аас 26-ны шилжих өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

              Тиймээс шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1934011210021 дугаартай хэрэгт “Аж мянган” ХХК-ийн №01846590 дугаартай “80-83 УБК” улсын дугаартай, “Киа Гранбирд 0” тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 2 хүний биед хөнгөн хохирол, 2 хүний биед хүндэвтэр хохирол, 3 хүний биед хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн 1934011210021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, “Аж мянган” ХХК-ийн №01846590 дугаартай “80-83 УБК” улсын дугаартай, “Киа Гранбирд 0” тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

  1. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч С.Элбэгжаргал, Б.Цасчихэр нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА