Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1825

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00826 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Бгийн, хариуцагч Г.Бт холбогдуулан гаргасан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 24 423 527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Бгийн үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хохиролд 68 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлдээ: Би 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Г.Бын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 1-40 мянгат, 3 дугаар байр, 14 тоот 80.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулах үед 2 сарын түрээсийн урьдчилгаа 7 000 000 төгрөг, барьцаа 9 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн. Гэрээнд үүнийг бичсэн тул бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй. Түрээсийн гэрээг Г.Бын байнга үйлчлүүлдэг гэх Баянгол дүүргийн нотариатын газарт очиж хийсэн.

Гэтэл энэхүү гэрээнд барьцаа мөнгийг буцаах, түрээслэгч гэрээг цуцлах зэрэг нөхцлийг дурдаагүй, түрээслэн авах хүний эрхийг хангасан зүйл заалтууд байхгүй, хэт нэг талыг барьсан гэрээ байна. Би тухайн үед Иргэний хуулийн зүйл, заалтыг оруулсан байсан учраас итгээд гэрээ байгуулсан.

Анх гэрээ байгуулахад байрыг аль болох удаан түрээслэж, зардлаа нөхөж авна гэж бодсон. Гэтэл цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, гэрээг цуцлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Түрээсийн тухай мэдээллийг урьд нь түрээслэж байсан хүмүүсээс авсан. Мөн тэднээс Г.Бын утасны дугаарыг авч, биечлэн уулзаж зорилгоо танилцуулсан.

Уг байр нь хоолны газрын зориулалттай байсан бөгөөд би гоо сайхны зориулалтаар түрээслэх зорилготойгоо хэлэхэд зөвшөөрч, эд хогшлыг суллаж өгөн, миний хөрөнгөөр засан тохижуулсан. Засварыг хийхдээ би аль болох их биш хөрөнгөөр өнгө, зүсийг засан сайжруулна гэж хэлсэн. Түрээсийн байрны хана, шал, гал тогооны хэсэг нь бохир, цахилгаан нь аюултай, олон салаалсан байсныг хүн хөлсөлж янзлуулан, ажил үйлчилгээ явуулахад тохируулсан.

Засварын зардал, материалын зардалд 2 000 000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг гарсан. Засварын ажлыг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр түлхүүр авсны дараа 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдөр хийж дуусгасан. Ингээд засвар хийж орсноос хойш уг байр үйлчилгээ явуулахад тохиромжгүй, намар 8 сарын сүүл 9 сарын дулаан өдрүүдэд халуун байсан, энэ өдрүүдэд агааржуулагчийг ажиллуулсан боловч хангалттай сэрүүцэхгүй байсан. Мөн үйлчлүүлэгч нараас байнга гомдол гаргаж байсан. 10 сарын эхэн үеэс эхлэн орой 5 цагаас хойш цонхоор нар тусахгүй болоход цонхноос сийгэн, хүйтэн болж эхэлсэн.

Манай ажилтан энэ талаар хариуцагчид хэлсэн боловч ямар нэг хариу хэлээгүй. Паар нь муу халж, цонхноос сийгэж байгаа учраас үйлчлүүлэгч нар гомдол гарган үйлчилгээ муудсан болно.

Мөн үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд нь ойлгомжгүй, цахилгаан доод байгууллагуудтай хамт төлөгддөг байж болзошгүй, ус, дулаан нь бас тусдаа эсэх нь ойлгомжгүй, асуухаар тодорхой хариу хэлдэггүй, эсхүл уурладаг байсан. Хэдийгээр бид энэ хүний эд хөрөнгийг түрээслэж авсан нь үнэн боловч ажиллах боломжгүй нөхцөлд заавал ажилла гэж ажилчдаа хүчилж болохгүй, эрхгүй байдал үүссэн.

Манай 3 ажилтан тэр байранд ажилласан бөгөөд бүгд ханиад хүрсэн. 11 сарын түрээсийн төлбөрийг тушаах хугацаа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байсан боловч иймэрхүү байдал нь түрээслэгчид өөрт нь хүсэлт тавиад ч засагдахгүй нь ойлгомжтой байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлээ утсаар хэлсэн.

Үйлчилгээний эд зүйлсээ 2015 оны 11 дүгээр сарын сарын 08-ны өдөр нүүлгэсэн. Мөн хүсэлтээ бичгээр үйлдэж өөртэй нь уулзах боломжгүй болсон тул түрээслэж байсан байранд орхиод, түлхүүрийг нь өөрийнх нь зөвшөөрсний дагуу уг байрны доод талын түрээслэгчид өгсөн.

11 сарын түрээсийн төлбөрөө барьцааны мөнгө болох 9 000 000 төгрөгөөс суутгуулан, үлдсэн мөнгийг эгүүлэн авах талаар санал тавьсан боловч хүлээн аваагүй. Өөрөөс ямар саналтай байгаа талаар асуухад ямар нэг санал хэлээгүй, харилцан зөвшилцөх боломж өгөөгүй тул энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн.

Би хэдийгээр хүний эд хөрөнгийг сайн дураараа түрээслэн авсан боловч барьцаа гэж авсан мөнгийг бүгдийг нь хариуцагч авах ёсгүй. Мөн уг байрны эд хөрөнгийг муутгаж дордуулаагүй, харин эсрэгээрээ цэвэр нямбай ашиглаж, засан сайжруулсан.

Иймд Л.Б нь Г.Бтай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх түрээсийн гэрээний барьцаа болох 9 000 000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу түрээсийн 2 сарын төлбөр 7 000 000 төгрөг, уг байранд засвар хийлгэсэн ажлын хөлс 5 000 000 төгрөг, барилгын материалын үнэ 3 010 540 төгрөг, 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын ус, дулааны 130 635 төгрөг, хогны мөнгө 108 000 төгрөг, 9, 10 дугаар сарын цахилгааны төлбөр 174 352 төгрөг, нийт 24 423 527 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбатаа: 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээнээс татгалзах, хүндэтгэн үзэх ноцтой шалтгаан нэхэмжлэгчид байхгүй байхад гэрээг дураараа үгүйсгэж, цуцлахыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан байрны зориулалтыг өөрчилж дотор нь байсан тоног төхөөрөмж, түүнд зориулж хийсэн интерьер заслыг үнэгүйдүүлж, 3 жилийн гэрээ байгуулсан боловч гэнэт өөрийн санаачлагаар гэрээг цуцалж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болохыг харуулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь болсон үйл явдал болон хуульд заасан хэм хэмжээтэй нийцэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 3-14 тоотод байрлах “Хот Пот” рестораныг Л.Бд 3 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтыг нь өөрчлөн түрээслэхээр гэрээ байгуулсан.

Уг гэрээнд заасны дагуу эхний 1 сард үйлчилгээний зориулалтыг өөрчлөх засварын ажил хийгдэх учраас түрээсийн төлбөр тооцолгүйгээр уг байрыг хүлээлгэн өгсөн.

Түрээсийн гэрээний дагуу 8, 9 сарын төлбөрийг урьдчилан төлсөн ба эд хөрөнгийн түрээсийн гэрээний барьцаа болгож 9 000 000 төгрөгийг авсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түрээс болох 3 500 000 төгрөгийг төлөх байсан боловч төлөлгүй, түрээсээ авахаар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Түрээслүүлж буй байрандаа очиход ажилчид нь “... бид мэдэхгүй, утас руу нь залга” гэсэн.

Үүнээс хойш холбоо барьж чадалгүй явсаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Б над руу залгаж, “...бид үйл ажиллагаагаа зогсоолоо, чи барьцаа болох 9 000 000 төгрөгөөс 10 сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөгөө суутгаад ав, үлдэгдэл мөнгийг  авна” гэсэн. Л.Б нь 3 жилийн гэрээ хийх замаар үйл ажиллагаа хэвийн явуулж байсан рестораныг минь татан буулгаж үйл ажиллагааны зориулалтыг өөрчлөн доторх төхөөрөмжүүд мөн дагалдах хэрэгслүүд болох халуун тогооны плитка суурилуулсан ширээ, сандал, буйдан, тек, ундаа, пивоны зориулалттай хөргөгч, мах, банш, ногоо хадгалах хөргөгч, нержин ширээ, тавиур рестораны зориулалттай аяга, таваг, хоол хийх зориулалттай олон төрлийн сав суулга, пиво, архи, ундааны шилэн эдлэлүүд үнэгүйдэж дахин ашиглах боломжгүй болгож, нийт 20 000 000 төгрөгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгслүүдийг хадгалах боломжгүйн улмаас 2 5000 000 төгрөгөөр худалдсан. Мөн гадна, дотно талын заслыг өөрчлөхдөө хамгийн хямд материал ашиглан өөрчилсөн байсан.

Л.Б нь 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна гэж намайг төөрөгдөлд оруулан зориулалтыг өөрчилж цаашид дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгосны улмаас зөвхөн тоног төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдээс 17 500 000 төгрөгийн хохирол хүлээсэн.

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын түрээсийг аваагүй, 10 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 10 500 000 төгрөгийг төлөөгүйн улмаас хохирол хүлээсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уг түрээслэж байсан байраа надад ямар нэгэн байдлаар хүлээлгэж өгөөгүй, түрээслэж байх хугацаандаа ус, цахилгаан, байрны мөнгийг төлөөгүй бөгөөд байрны түлхүүрийг ямар ч хамаагүй хүнд орхиод явчихсан байсан.

Л.Б нь зориулалтыг өөрчилж шинээр сангийн холболт хийх, нэмэлт хана босгох гэх мэтээр өөрчилсөн байсан нь эргээд ямар ч хэрэг болохгүй бөгөөд дахин засварлаж, уг обьектийг зориулалтын дагуу ашиглахын тулд их хэмжээний мөнгө гаргаж зураг төсөл шинээр гаргуулан засвар хийсэн.

Үүнээс гадна уг үйлчилгээний зориулалтыг өмнөх байдалд сэргээхийн тулд 3 сарын хугацааг зарцуулсан. Хэрвээ зориулалтыг нь өөрчлөөгүй байсан бол үргэлжлүүлэн түрээслэн 10 500 000 төгрөгийн ашиг олох байсан боловч үүнийг нэмж нэхэмжлээгүй.

Дээрх зардлуудыг нэхэмжлэх эрхтэй боловч Л.Бгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлээгүй. Би уг объектыг түрээслэхээс өмнөх байдалд буцаан шилжүүлэхийн тулд өөрөөсөө 120 000 000 төгрөг гарган засвар хийсэн. Өнөөдрийн байдлаар энэ засвар хийхэд орсон зардлын нэг хэсэг болох 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Иймд тоног төхөөрөмж хямд зарснаас учирсан хохиролд 17 500 000 төгрөг, олох ёстой орлогод 10 500 000 төгрөг, засварын зардал 40 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөгийг Л.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Талууд харилцан тохиролцож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр болж, урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн.

Уг байрны доголдлын талаар удаа дараа хариуцагч Г.Бт хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй учраас бид албан ёсоор 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түүн рүү утсаар ярьж хэлсэн.

Мөн Л.Болдбаатарын тоног төхөөрөмжийн алдагдал 17 500 000 төгрөг, түрээсийн төлбөр 10 500 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн эд хөрөнгө засан сайжруулсантай холбоотой гарсан 40 сая төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 493 дугаар зүйлйин 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Г.Баас 5 086 713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 19 336 814 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан 68 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 465 150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 655 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “... талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан журам зөрчсөн тул мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ гэсэн.

Гэтэл гэрээг талууд 3 жилийн хугацаатайгаар байгуулагдсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Л.Б нь ноцтой шалтгаангүй байхад гэрээнээс татгалзан хохирол учруулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учраас нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байгуулан, эд хөрөнгийг Л.Бд шилжүүлсэн тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх намайг хохирол нэхэмжлэх эрхгүй гэж үзэж хууль буруу тайлбарлан нотлох баримтыг дутуу үнэлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Г.Бт холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулан, түрээсийн төлбөр болон барьцаанд өгсөн 16 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, засварын зардал 8 010 540 төгрөг, ашиглалтын зардал 412 987 төгрөг, нийт 24 423 527 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хохирол болон эд хөрөнгийг өмнөх байдалд сэргээхтэй холбоотой засварын зардал 40 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.  

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээгээр хариуцагч Г.Б нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 3 дугаар байрны 14 тоотод байрлах 80.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад 3 жилийн хугацаагаар шилжүүлэх, нэхэмжлэгч Л.Б, эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашигласны хөлсөнд сар бүр 3 500 000 төгрөг төлөхөөр тохиролцон, улмаар эхний 2 сарын төлбөрт 7 сая төгрөг, барьцааны төлбөрт 9 000 000 төгрөг бэлнээр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулахаас гадна үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заажээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул уг гэрээ нь мөн зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхад шүүх нэхэмжлэгч шаардсанаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзнэ.

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь үр дагаврыг шаардах нэхэмжлэлийн үндэслэл болох тул зохигчдод Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах өөрөөр хэлбэл талууд өгсөн авснаа буцаан шилжүүлэх үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Г.Бын эд хөрөнгийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон учир шүүх түүнийг энэ хугацаанд хариуцагчийн олох байсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, түрээсийн төлбөр болон барьцаанд шилжүүлсэн 16 000 000 төгрөгөөс 10 500 000 төгрөгийг Г.Бт үлдэх ёстой гэж, мөн нэхэмжлэгчийг хариуцагчийн эд хөрөнгийг эзэмшиж байх хугацаанд ашиглалтын зардалд төлсөн 413 287 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж тус тус дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Мөн нэхэмжлэгчийг засварын зардалд 8 010 540 төгрөг гаргуулах шаардлагаа нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Л.Б нь хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл холбогдох шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд түүний шүүхэд бүрдүүлж өгсөн барилгын материал худалдаж авсан гэх зарлагын баримтууд нь маргаан бүхий эд хөрөнгийг засахад зарцуулагдсан гэдгийг шууд нотлохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 68 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, үндэслэлээ “...гэрээнээс татгалзах ноцтой шалтгаан байхгүй байхад татгалзсанаас учирсан хохирол ...” гэж тайлбарладаг бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус учир гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7 дахь хэсэгт эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Энэ тохиролцоонд нэхэмжлэгч гэм буруутай тохиолдолд хариуцагчид шаардах эрх үүснэ.

Хэрэгт авагдсан баримтаар Л.Б нь хариуцагчийн байрыг өөрийн эзэмшилдээ байлгахдаа түүний зөвшөөрлөөр эд хөрөнгөд засвар хийсэн нь тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн, эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн буруутай байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 5 086 713 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 19 336 814 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан, хариуцагч Г.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 493 дугаар зүйлийн 493.6” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Бд холбогдох 68 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                  

                                        ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                   

                                                                                           Ч.ЦЭНД