Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,

    Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

    Иргэдийн төлөөлөгч Б.Одончимэг,

    Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Шүүгдэгч Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Наранбаатарт холбогдох 201625011506 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын харьяат, 1981 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 8-185 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Халх овогт Баасандамбын Наранбаатар. /Регистрын дугаар: ЦД81040373/ 

         

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Б.Наранбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн жанжины 13-258 тоот хашааны орчим хохирогч Д.Баднагаравыг зогсож байхад чулууг зэвсгийн чанартай ашиглан шидэж түүний биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар яс, тархины доргилт, хамрын няцарсан шарх, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Наранбаатар мэдүүлэхдээ: Би үнэхээр хохирогчийг чулуугаар онож гэмтээе гэж бодоогүй. Би хохирогчийг дуудах санаатай блокон хашаа руу чулуу шидсэн. Тэгтэл Баднаагаравыг оносон. Би уг нь жижиг чулуу шидсэн боловч эгч нь энэ чулуугаар оносон гээд байсан. Тэр чулууг нь харахад огт цус болоогүй байсан. Хохирогчийн эгч нь миний шидсэн чулуунаас өөр чулуу авч зургийг нь авсан гэв.

          Гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.5/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол үзлэг хийсэн тэмдэглэл /хх.25-30/

 

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.31-34/

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Баднагаравын: “... 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байхад найз Чулуунхүү миний утас руу залгаад гараад ирээч гадаа чинь байна гэсэн би гараад очиход Чулуунхүү надаас автобусны 500 төгрөг байвал өгөөчээ гэсэн би байхгүй гээд хашааныхаа гадаа Чулуунхүүтэй хамт байхад Наранбаатар эхнэртэйгээ хамт миний урдуур гудамжаар явж байсан, тэгээд миний нүүрийг атгасан гар шиг хэмжээтэй чулуу нисэж ирээд оносон. Миний хамарнаас нэлээн цус гарсан. Манай эгч нар гарч ирээд цус тогтоох гэж үзсэн. Цагдаа ирж байсан би эгчтэйгээ хамт эмнэлэг явсан. Над руу шидсэн чулууг Чулуунхүү Наранбаатар чам руу чулуу шидсэн гэж хэлсэн. Би Чулуунхүү рүү хараад юм яриад зогсож байсан. Наранбаатар гудамжаар согтуу орилоод явж байсан. Би Чулуунхүүтэй юм ярьж байгаад эргээд Наранбаатар луу харахад чулуу намайг оносон. Би Наранбаатартай маргалдаагүй...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Атарцэцэгийн: “... 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрч байсан байх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 13-258 тоотод байж байхад манай дүү Баднагаравыг утсаар хүн дуудаад байна гээд Баднагарав гэрээс гарсан. Удалгүй манай дүү Алтанцэцэг манай охины дугаар луу залгаад Баднагаравыг хүн зодчихлоо хамраас нь цус гараад байна гэж хэлсэн. Манай охин Хулан гадаа гараад харчаад над руу залгаад та гарч ирээд 103 дуудаадах аймар юм болсон байна гэсэн. Би гараад харахад манай Шим хүнсний дэлгүүрийн үүдэнд Баднагаравын хамарнаас нь цус гарсан доошоо тонгойсон сууж байсан хажууд нь нэг залуу зогсож байсан. Уг залууг би танихгүй. Манай дүү Баднагаравыг анх утсаар дуудсан залуу нь байна гэсэн 2-3 алхамын цаад талд Б.Наранбаатар болон түүний эхнэр гээд нэг эмэгтэй хүн зогсож байсан. Би юу болсын хэн цохисон гэхэд Наранбаатар би чулуугаар цохисон гэж байсан. Тэгээд би 102, 103 дугаарууд руу залгаж дуудлага өгөөд цус тогтохгүй байсан. Цагдаа түрүүлж ирээд хэсэг рүү авч явсан. Баднагарав цагдаагийн хэлтэс дээр очиж тайлбар өгөөд бид нар шууд гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд оёдол хийж өгөөд тархины зураг авхуулаад эмнэлэгийн байгууллагаар явсан одоогийн байдлаар 300.000 төгрөгний зардал гарсан байна. Удахгүй хагалгаанд орно тэгэхэд зардал мөнгө гарна. Гарсан зардлаа гаргуулж авмаар байна... намайг харахад 2 нүдний хооронд битүү хаван хавдар болсон хамар нь мурийсан хамар орчмоос цус гараад тогтохгүй байсан. Юунаас болоод ийм асуудал гарав гэхэд Баднагарав намайг зогсож байхад Наранбаатар хажуугаар явж өнгөрөөд эргэж хараад чулуу аваад шидсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтанцэцэгийн: “... 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжины 13-258 тоотод байрлах Шим хүнсний дэлгүүрийн дотороо байж байхад манай дэлгүүрийн гадна талын хайсны урд Чулуунбаатар зогсож байсан цаагуур Наранбаатар согтуу эхнэртэйгээ хамт двж байснаа Баднагаравыг цаашаа Наранбаатар руу харахад чулуу аваад шидсэн. Баднагаравын нүүр лүү нь чулуу оносон би дэлгүүрээсээ гүйгээд гарахад Наранбаатар цаанаас авгайтайгаа хүрээд ирсэн. Би эгч Атарцэцэгийг дуудсан. Наранбаатар нь ажил хийдэггүй архи уугаад гудамжаар орилоод явж байдаг залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

 

          Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4968 дугаартай дүгнэлт: /хх.23/

          1. Д.Баднагаравын биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар яс, тархины доргилт, хамрын няцарсан шарх, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 

    -Б.Атарцэцэгийн өргөдөл /хх.5/,

    -Гэрэл зургийн үзүүлэлт /хх.27-28/,

    -Б.Наранбаатараас асууж авсан тайлбар /хх.8/,

    -Гэрч Б.Атарсайханыг байцаасан тэмдэглэл /хх.12/,

    -Гэрч Б.Хадбаатарыг байцаасан тэмдэглэл /хх.18-19/,

    -Гэрч Б.Ундрахыг байцаасан тэмдэглэл /хх.17/,

    -Гэрч Б.Очирхуягийг байцаасан тэмдэглэл /хх.20/,

    -Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.26/,

    -Фото зургийн үзүүлэлт /хх.27/,

    -Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх.29-30/,

    -Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.41/,

    -Иргэний үнэмлэхний лавлагаа /хх.53/,

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.54/,

    -Баянгол дүүргийн шүүхийн 204 дүгээр таслан шийдвэрлэх тогтоол /хх.55-56/,

    -Б.Наранбаатарын эрүүл мэндийг тодорхойлсон баримтууд /хх.62-69/ зэрэг болно.

 

          Эдгээр нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Шүүгдэгч Б.Наранбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн  12  дугаар  хорооны  нутаг  дэвргэрт  байрлах  Зүүн  жанжины 13-258 тоот

хашааны орчим хохирогч Д.Баднагаравыг зогсож байхад чулууг зэвсгийн чанартай ашиглан шидэж түүний биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар яс, тархины доргилт, хамрын няцарсан шарх, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.5/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол үзлэг хийсэн тэмдэглэл /хх.25-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.31-34/, мөрдөн байцаалтад хохирогч Д.Баднагарав /хх.10-11/, гэрч Б.Атарцэцэг /хх.12-13/, Б.Алтанцэцэг /хх.14-15/ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4968 дугаартай дүгнэлт /хх.23/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Наранбаатарыг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Наранбаатарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанааас гэмшсэн, 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч энэ гэмт хэргийг үйлдэх үед урьд шийтгүүлсэн гэмт хэрэгт ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Наранбаатар нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг гэмт хэрэг үйлдэхэд миний хэрэглэсэн чулуу биш байна, жижиг чулуу байсан гэх боловч зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч Д.Баднагаравын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

 

Мөн уг чулууг гэмт хэрэг гарснаас олон хоногийн дараа хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, хэрэг үйлдэх үед шүүгдэгчийн хамт явсан эхнэрээс нь гэрчийн мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн биед учирсан хамрын гэмтэл нь шинэ, хуучин гэмтэл алин болохыг заагаагүй нь эргэлзээтэй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна гэсэн нь хохирогчийн эрүүл мэндийн байдалтай зөрүүтэй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд хэргийг буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй, хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

Шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд 320.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Баднагарав нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байх тул гэм хор арилсан гэж үзэх боломжгүй, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт Баасандамбын Наранбаатарыг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарыг 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Наранбаатарт оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Наранбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Ялтан Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд 320.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Баднагарав нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6x7x4 см хэмжээтэй байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨСӨХБАЯР

 

                                                ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА

 

                                                ШҮҮГЧ                                 Б.САРАНТУЯА