Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00372

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00372

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 01 дүгээр багт оршин суух, БЮ***** регистрийн дугаартай, Жадик-Байхара овогт К.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 01 дүгээр багт оршин суух, БА******* регистрийн дугаартай, Ители овогт Т.Б холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.А, хариуцагч Т.Б, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Бээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч К.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.А миний бие 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Т.Бтэй гэр бүл болж, гэрлэлтийг хууль ёсоор бүртгүүлсэн билээ. Т.Бтэй хамтран амьдарсан хугацаанд 2005 оны 7 дугаар сарын 12-нд охин Р. 2008 оны 4 дүгээр сарын 22-нд охин Р, 2010 оны 10 дугаар сарын 27-нд хүү Е нар төрсөн, одоогоор эсэн мэнд бойжиж, миний асрамжид байгаа болно. Нөхөр Т.Б нь гэр бүл болсон мөчөөсөө эхэлж дээрэнгүй зан авир гаргаж, үргэлж дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд автагдуулсаар ирсэн билээ. Т.Б нь намайг зодож заншин удаа дараа гэмтэл учруулж, цагдаа прокурорын байгууллагаар шалгагдаж, миний бие Б нь засарч хүмүүжих байх гэж бодоод, түүнийг уучилж, хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож ирсэн юм. Мөн хүүхдүүд томрохоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг болих байх гэж хичээж ирсэн боловч нөхөр Б нь улам даварч, сүүлийн үед намайг хүчирхийлэхдээ хутга, буу зэрэг хүйтэн зэвсэг хэрэглэж, далайлган сүрдүүлдэг боллоо. Нөхөр Бийн гэр бүл доторх хүчирхийлэл, агсам согтуу тавьж байгаа үйлдэл нь хүүхдүүдийн сэтгэл санаа, хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гэр бүл дотор хүүхдүүд хүртэл айдас хүйдэстэй байдаг боллоо. Одоогийн байдлаар дун өвлийн хүйтэнд бага насны 3 хүүхдийн хамт К.А намайг нөхөр Т.Б нь буу тулгаж "ална хэмээн хөөж явуулсан 2017 оны 01 дүгээр сарын 04-неөс эхлэн өөрийн эхийн гэрт амьдарч байна. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаж, нөхөр Бийн гэр бүлийн хүчирхийллийг нотлон тогтоож, Шүүгчийн захирамжаар Бдэд тусгай амьдрах, гэр бүлийн маргаан шийдвэрлэх хүртэл түүнд хүмүүжлийн албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм. К.А миний болон хүүхдүүдийн байнгын хүчирхийлэлд автагдаж байгаа нь цагдаа, шүүхийн байгууллагуудын зохих шалгалт, эрхийн актуудаар батлагдаж байх тул эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр гэрлэлт цуцлах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлж өгөхийг хүсье. Охин Р, Р нар нь 7 наснаас өнгөрсөн учир асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд саналыг авахыг хүсэлт болгоно. Хүү Е нь 7 нас хүрээгүй боловч эцэг Б нь үргэлж архи дарс хэрэглэдэг, хүчирхийлэл үйлддэг тул миний асрамжид үлдээж өгнө үү. Иймд шүүхээс хүсэх нь:

1.К.А, Тогталын Б бид хоёрын гэрлэлтийг цуцлах.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Р, Р, хүү Е нарыг эх Амангүл миний асрамжид үлдээж, эцэг Т.Бээр тэжээн тэтгүүлж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгч К.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би шүүхээс гэрлэлт цуцлуулахыг хүсэж байна. 2004 оны 7 дугаар сард гэр бүл болсон. Үүнээс хойш 12 жил болсон бөгөөд 3 хүүхэдтэй болсон. 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр том охин Р, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Р төрсөн, хүү маань 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Нөхөр болох Т.Б нь архи ууж намайг зоддог тул гэрлэлт цуцлуулахыг хүсэж байна. Т.Б бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр нэг гэр бүлд хамт амьдарч чадсангүй. Энэ асуудалд хүүхдүүдийн маань буруу байхгүй. Одоо хоёр охин маань эцгийнхээ хамт амьдарч байна. Харин би хүүгийнхээ хамт амьдарч байгаа. Т.Б хоёр охиныг маань надаас түр гуйж аваад явсан. Одоо хоёр охиныг маань бас өөрийн асрамжид авна. Би 3 хүүхдээсээ татгалзахгүй. Нэхэмжлэлдээ бичсэн бүх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Т.Б би гэрлэлтээ цуцлуулахгүй. Цуцлуулах ноцтой шалтгаан байхгүй бөгөөд одоогоос 1-2 жилийн өмнөх өнгөрсөн байдал одоо мартагдсан юм. Учир нь би архи уулгүй бүтэн 1 жил 3 сар боллоо. 2. Хүүхдүүдээ өнчрүүлэх гэсэн К.Аийн тэнэг санаа үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би эцгийн эрх, үүргийнхээ дагуу хүүхдүүдээ асарч, хүмүүжүүлж, сургуульд сургаж, тэжээн тэтгэн хамт амьдарч байна. 3. Бидэнд гачигдах, дутагдах юм байхгүй, унаатай, байртай бөгөөд би Stana маркийн машинаар орос улсад гарч бараа таваар авч ирж зах дээр худалдана. /заримдаа К.А худалдана/ таксигаар явна, ингэж бизнес хуваариа хөдөлмөр эрхэлж орлого олж, гэр бүлээ тэжээж хангалттай амьдарч байгаа. 4. Бид хэрүүл маргаангүйгээр нэг жил амьдарч байхад К.А нь бусадтай нууцаар явалдах зэрэг байдлаар баригдаж байсан бөгөөд надаас салчхаад дураараа байж муу явсаар эрх чөлөөтэй явах гэж замаа урьдчилж засаж байгаа гэж үзэж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахгүй гэжээ.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К.А бид хоёр 2004 оны 7 дугаар сард гэр бүл болсон. Гэр бүл болоод 12 жил болж байна. Энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон. Өмнө Алтай суманд хөдөө амьдардаг байсан. Дараа нь хүүхдүүдээ сургах гэж сумын төвд нүүж ирсэн. Тухайн үед залуу байсан бөгөөд архи уудаг байсан маань үнэн. Тухайн үед архинаас болж маргаан гардаг байсан. Би үүнээс 1 жил 3 сарын өмнө архи уудаг байсан. Алтай суманд байж болохгүй юм байна, архи уучих юм байна гээд Өлгийд нүүж ирсэн. Бид хоёр тусдаа амьдраад 5 сар болж байна. Тэрнээс хойш би К.Аээс гуйж байгаа. Гэхдээ түүнийг ямар бодолтой байгааг ойлгохгүй байна. Бид хоёр тусдаа амьдарсны дараа К.Аийн бие нь өвдсөн. Эхлээд 3 хүүхдээ аваад явсан байсан. Дараа нь хоёр охиныг маань надад авчирж өгсөн. Би 2 хүүхдийнхээ хамт орон сууцанд амьдарч байгаа. Хүү маань хагас бүтэн сайн өдөр бид нарт ирээд явдаг. Би 3 хүүхдийнхээ ирээдүйг бодоод гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй. К.А миний хийгээгүй зүйлийг хийсэн болгож гүтгэдэг. Бид хоёр одоо ч гэсэн гэр бүлийн хүмүүс шиг явдаг. Би түүний хэрэгтэй гэсэн зүйлийг авч өгдөг гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.А нь нөхөр Т.Бээс гэрлэлтээ цуцлуулж, 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Р, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Р, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Е нарыг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Гэрлэлт цуцлуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

-хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч К.А, хариуцагч Т.Б нар 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрлэж, 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын гэрлэлтийн бүртгэлийн 14 дугаарт бүртгүүлж хууль ёсны эхнэр нөхөр болсон нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгосон 231/000267 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Шүүхээс гэрлэгчид нэхэмжлэгч К.А, хариуцагч Т.Б нарт Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 846 дугаар шүүгчийн захирамжаар хоёр сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэх арга хэмжээ авахыг Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон боловч энэ хугацаандаа гэрлэгчид эвлэрээгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч К.А, хариуцагч Т.Б нар нь тусдаа амьдраад 5 сар болж байгаа байдал, гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, хоорондоо эвлэрч чадаагүй, хамт амьдрах боломжгүй болсон нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

2. Хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох,... асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид К.А, Т.Б нар 2005 онд гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин Р, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Р, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Е нар төрсөн болох нь хэрэгт авагдсан Г№0046, Г№61, Г№74 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд хүүхдийн насны байдал, тусдаа амьдарсан хугацаанд эхтэйгээ хамт байсан, хүүхдийн санал зэргийг харгалзан 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Р, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Р, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Е нарыг төрүүлсэн эх нь болох К.Аийн асрамжид үлдээж, 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Бээр тэжээн тэтгүүлэх, нэхэмжлэгч болон хариуцагч нар хуваарьт болон дундын хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх тус тус үүрэгтэй ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр байна.

Иймд гэрлэгчид К.А, Т.Б нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Р, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Р, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Е нарыг төрүүлсэн эх нь болох К.Аийн асрамжид үлдээж, 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Бээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т.Бээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Т.Бээс нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр (Баруун бүсийн хүн амын амьжиргааны доод түвшин нэг сард 166500 төгрөгөөр тогтоосон ба түүний 50% буюу 83250 төгрөгийг нэг жилд гурван хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 2997000 /999000х3/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 62902 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Жадикбайхара овогт К.А, Ителиелтох овогт Тогтолын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Р, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Р, 2010 дүгээр сарын 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Е нарыг эх К.Аийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Р, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Р, 2010 дүгээр сарын 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Е нарыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Бахтыкелээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

6. Нэхэмжлэгч К.А, хариуцагч Т.Б нар нь хуваарьт болон дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэг жилд гурван хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 2997000 /999000х3/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 62902 төгрөгийг хариуцагч Т.Бээс гаргуулан улсын орлого болгосугай

8. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Маншукт үүрэг болгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

10.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ