Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 340/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар С.Сүрэнхорол,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аюуш,

-шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Н.Б холбогдох эрүүгийн 2134000000249 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Н.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар баг Сэрвэнгийн задгай гэх хаяггүй хашаанд өөрийн  эзэмшлийн “28-31 ТӨВ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд тавихдаа тээврийн хэрэгслийг хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүй орхисон болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл өнхөрч Б.Аыг /5 настай/ дайрч хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аюуш нь мэдүүлэхдээ. “2021 оны 6 дугаар сарын 18-ны орой хажуу айлдаа дөнгөж ороод сууж байсан. Тэгээд хүүхдүүд зөрөөд гадаа гараад тоглосон. Гэнэт хүүхдийн дээгүүр машин гараад явчихлаа гэсэн бүгд бөөнөөр гараад харсан чинь бүх зүйл аль хэдийн болоод өнгөрсөн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аюушын мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, шүүгдэгч Н.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, насанд хүрээгүй гэрч Д.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч Я.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, гэрч О.Дашбатын мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50 тал/ зэрэг болон шүүгдэгч Н.Бийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар баг Сэрвэнгийн задгай гэх хаяггүй хашаанд өөрийн  эзэмшлийн “28-31 ТӨВ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд тавихдаа тээврийн хэрэгслийг хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүй орхисон болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл өнхөрч Б.Аыг /5 настай/ дайрч хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

-Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр “28-31 ТӨВ” улсын дугаартай “Муссо” маркийн тээврийн хэрэгслээр юманд явчихаад гэрийнхээ хашаанд оруулаад машинаа байрлуулсан. Машинаас буухдаа гар тоормосоо татаад хаалгануудаа цоожлоод буугаад гэртээ орж хоолоо идсэн. Тэгээд хоолоо идчихээд хажуу айлын н.Дашбат ахынх руу нөхөр бид хоёр орсон. Ороод сууж байтал хажуу айлын хүүхдүүд н.Азбаатарыг дээгүүр нь машин гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд гараад эмнэлэг рүү явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аюушын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...миний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн Сэрвэнгийн задгайд айлын хашаанд гэр барин амьдардаг бөгөөд эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдарч байсан юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн “28-31 ТӨВ” улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хашаандаа оруулаад гэрийнхээ зүүн урд талд тавьчихаад гэртээ орж байгаад хажуу айл руугаа ороод байж байтал хажуу айлын 5 настай хүүхэд агаа машин чинь өнхрөөд дугуйнд нь хүүхэд чинь орчихлоо гэж хэлэхээр нь гараад иртэл машин хашааны гадаа зогсчихсон манай хүү хашаан дотор гэрийн урд талд толгой хэсэг нь баруун талруугаа харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь өргөж аваад эмнэлэг авч очсон юм. Эмнэлэг үзээд нас барсан талаар нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Д.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Өчигдөр н.Азбаатар, н.Төрөө ах бид нар нуугдаж тоглож байсан юм. Би н.Азбаатарыг олох ёстой байсан чинь н.Азбаатар аавынхаа машин доогуур нуугдсан байсан. Тэгээд намайг олсон чинь гэнэт аавынх нь машин хөдлөөд н.Азбаатарын дээгүүр нь машин гарсан. Тэгээд н.Азбаатарын чихнээс цус гараад байсан. Тэгээд би аав, ээж хоёртоо очиж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

-Гэрч Я.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын Тамгын 5 дугаар багийн Сэрвэнгийн задгайд амьдардаг бөгөөд 19 цагийн орчимд байсан байх манайд Н.Бийн гурван хүүхэд, манай дөрвөн хүүхэд тоглоод байж байсан. Тэгээд би хоолоо хийчихээд нөхрөө дуудаад, манай нөхөр ирээд хоолоо идсэн. Тэгтэл араас нь Н.Б эхнэрийнхээ хамтаар ирээд маргааш дэлгүүр хаана гэнэ 00 цаас болон саван вок цуглуулах гээд яриад байж байсан. Тэгтэл манай 5 настай н.Төрмөнх орж ирээд машин өнхрөөд хүүхэд дугуйгаараа дайрчихлаа гэхээр нь гүйгээд гартал н.Азбаатар газар уначихсан байсан. Тэгээд би очиж харчихаад цус болчихсон байхаар нь эгчийг дуудах гээд доошоо гүйгээд цааш н.Баярмагнайгийн дүүд нь хэлчихээд эргээд ирэхэд цагдаа нар ирсэн. Тэгээд эмнэлэг аваад очиход эмч үзчихээд нас барсан талаар нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

-Гэрч О.Дашбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...19 цагийн орчим байсан байх ажил дээрээсээ ирэхэд манай хажуу айлын хүмүүс ирчихсэн машиныхаа арын өндөрлөгөөг янзлаад байж байсан. Тэгээд би хоолоо идэх гээд байж байхад манай хажуу айлын хүү нь орж ирээд агаа та хоол идэж байгаа юм уу гэхээр нь би хоол идэж байна, хамт идэх үү гэсэн чинь агаа байж байгаарай гээд гараад явсан. Тэр үед гаднаас ээж, аав хоёр нь орж ирээд маргаашнаас гурав хоног тэг зогсолт хийх шинжтэй байна шүү гэж хэлээд байж байтал манай хүүхдүүд бас гараад явчихсан байсан. Тэгтэл манай бага банди орж ирээд н.Баатраа ахаа, ааваа Б.Аыг машин дайрчихлаа гэхээр нь юун машин гэсэн чинь танай машин дайрчихлаа гэж хэлэхээр нь гүйгээд гартал машин нь харагдахаа больчихсон байсан бөгөөд гэрийнх нь урд Б.А хэвтэж байсан. Толгойноос нь цус гарчихсан байхаар нь очоод тэвэрч аваад байж байтал манай эхнэр шууд гараад эгчийнх рүүгээ яваад байж байтал аав, ээж хоёр нь гарч ирээд эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр аваачихад эмч үзчихээд нас барсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай “Талийгаач Б.Аын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь, орой ясны салса хугаралтай, хажуугийн ховдол цусан хураа, аалзан хальсан голомтлог цус харвалт, чамархайн булчинд цус хуралт, шах, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь авто осол гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 48-50 тал/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

-Шүүгдэгч Н.Бийн нарын ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 53 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 тал/ болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

-Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

           

            Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна

 

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.Б нь болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аюуш нь шүүхийн шатанд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч Н.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн ялыг өршөөн хэлтрүүлэх зүйл хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

-шүүгдэгч өмгөөлөгч М.Мэндсүрэнгээс “Улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Н.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Н.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Н.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Н.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор хамаарч байх тул шүүгдэгч Н.Бэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2134000000249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогтой Н.Б-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогтой Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА