| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00356/И |
| Дугаар | 130/ШШ2017/00374 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2017/00374
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 130/ШШ2017/00374 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, БД******регистрийн дугаартай, Харахас овогт Х.Кы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, гэрч С.Г, Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Маншук нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.К шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Булган сумын Сөнхөл багт Х.А суурьт саальчин, төлчнөөр 1981-1988 оныг хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй, холбогдолтой материал нь олдохгүй байгаа учир нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1981-1988 он хүртэл 8 жил Булган сум Салтанат нэгдэлд саальчин, төлчнөөр ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Х.К тухайн үед хөдөө буюу Баян-Өлгий аймгийн Булган суманд амьдардаг байсан. Тухайн үед хөдөө ажилладаг эмэгтэй хүмүүсийг саальчин, төлчнөөр, харин эрэгтэйчүүдийг малчнаар бүртгэдэг байсан. Х.К сургуулиа төгсөж ирээд 1978 оноос эхлээд илгээлтийн эзнээр хөдөө очиж ажиллаж байсан. Х.Кы ажиллаж байсан үеийн зарим холбогдох материалууд нь архиваас олдсон, үүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин 1981-1988 оны хооронд ажиллаж байсан үеийн материалууд нь олдохгүй байгаа. Салтанат нэгдэл нь 1991 онд татан буугдсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнууд нь Казахстан улсад нүүгээд явахад тус нэгдлийн бүх материалуудыг устгасан байна. Иймд хүсэлт гаргагч Х.Кы 1981-1988 он хүртэл улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:
-хүсэлт гаргагч Х.К нь анх 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн даргын 27 дугаартай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан тушаалд: 1976-1977 оны хичээлийн жилд Булганы 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөгчдөөс 31 сурагчийг төвийн туслах бригадад барилгачин, хөдөө мал аж ахуйн бригадад төлчин, саальчнаар хавсралтаар томилон ажиллуулсан байх ба хавсралтын 18 дугаарт Х.Кы нэр орсон ба нас 16, эмэгтэй боловсрол дунд 0000466 дугаартай томилолтын хуудастай, Булган сумын Сөнхөл багт төлчнөөр хуваарилагдсан байдал,
-1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар 1979 оны 5 дугаар сарын 01-нээс саальчин, төлчнөөр томилсон тухай мөн 1981 оны 3 дугаар сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар тус тус бичилт хийгдэж тамга дарсан ба 1981-1988 он дуустал ажилласан хоног болон хөдөлмөрийн хөлсний талаар бичиж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байдал,
-Хамт ажилласан гэх М.А, Х.Е, Б.Ц нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Х.К нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн иргэн мөн билээ. Б.Ц Булган сумын Салтанат нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан. Тэгэхэд Х.К нь тус сумын сөнхөл багийн малчин Х.А суурьт саальчин, төлчин, малчнаар 1981-1988 он хүртэл ажиллаж байсан үнэн гэх тодорхойлолт,
-шүүх хуралдаанд С.Ггийн гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: Би Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багт 1983-1989 он хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан. Х.К нь тухайн үед Ануар гэх малчны сууринд малчин, саальчин хийж байсан. Намайг анх ажилд ороход Х.К ажиллаж байсан. Күлимжан 1988 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
-Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 271 дугаартай архивын лавлагаанд: Булган сумын Салтанат нэгдлийн 1981-1988 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримтыг шүүн үзэхэд иргэн Х.Кд холбогдох баримт гаргаагүй болно гэжээ.
Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн цалин хөлсний 70 дугаар данснаас шүүн үзэхэд хүсэлт гаргагчийн ажилласан жилийн талаар гарахгүй байгаа боловч хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчин, төлчнөөр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БД******регистрийн дугаартай, Харахас овогт Х.Кы Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саалчин, төлчөнөөр ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ