| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00382/И |
| Дугаар | 130/ШШ2017/00375 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00375
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, ***** регистрийн дугаартай, Б овогт Бн Б, И овогт Бын Е нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б.Б, Б.Е нартай байгуулсан нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 16865749 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Б, Б овогтой Е нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30000000 /гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай хашаа, байшин худалдан авах зориулалтаар авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2812542 төгрөг, зээлийн хүүд 3560839 төрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүд 1337 төгрөг, нийт 6374718 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хариуцагч Б.Б нь үлдсэн зээлийг төлөөгүйн улмаас зээл нь 120 хоног хугацаа хэтэрч, зэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд 1. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 15773898 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1084282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7569 төгрөг, нийт 16865749 төгрөг гаргуулж өгөхийг хүсье.
Хариуцагч Б.Б, Б.Е нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Е бид хоёр Х банкны гаргасан нэхэмжлэлийг танилцлаа. Б.Б миний бие 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хашаа, байшин барих зорилгоор 30000000 /гучин сая/ төгрөгийг 18 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай хашаа, байшин худалдан авах зориулалтаар авсан нь үнэн. Тухайн үед зээлийн гэрээнд нөхөр Б.Е нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Б.Е, Б.Б бид хоёр Х банкны нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 16865749 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Мөн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад татгалзах зүйлгүй болно. Бид хоёр хуульд заасан эрх, үүргээ ойлгосон. Иймд энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Б.Е нарт холбогдох 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 16865749 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Б.Е нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн уг 16865749 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Б.Б, Б.Е нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Б.Е нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 16865749 төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242279 төгрөгийн тал нь болох 121139 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 121139 төгрөг, мөн хариуцагч Б.Б, Б.Е нараас 121139 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ