Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 353/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Г.Энхбат,

-шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 2134000000343 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх Л.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг “Усны аж ахуй” хорооллын 310 тоот хашаанд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч ажилтай П.Маргадыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч Л.Б нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг “Усны аж ахуй” хорооллын 310 тоот хашаанд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч ажилтай П.Маргадыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутай болох нь:

  • Хохирогч П.Маргадын мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
  • Шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Буяннэмэх, хохирогч П.Маргад нар нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 35, 36 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 68 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 40-41 тал/ 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Л.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааныг товыг хохирогч П.Маргадад мэдэгдсэн боловч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул хавтаст хэргийн 10-11, 25 дугаар хуудаст авагдсан хохирогч, шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх “ гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

   Бусад асуудлаар:

                   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

                   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар шүүгдэгч Л.Быг “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүх шийдвэрлэхийг түүнд анхааруулсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг ажил эрхлэхээс бусад нөхцөлд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          шүүгдэгч Л.Быг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА