Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 003

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр  багийн оршин суугч Ители  овогт Х.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Х.С-ад өндөр насны тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.С-ад өндөр насны тэтгэвэр тогтоож,  2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг тус хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Х.С түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багт оршин суудаг Х.С би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 55 нас хүрсэн тул малчнаар ажилласан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр настны тэтгэвэрт гарахаар Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч М.Камелхантай уулзахад тэрээр “Та 1990 оноос өмнө малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна” гэж хэлсэн юм. Би шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00416 дугаартай шийдвэрээр Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл малчнаар, 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн цехэд малчин, санитарчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон юм. Одоо шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ингэснээр  Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1990 оноос өмнө нийт 4 жил, 9 сар малчнаар ажилласныг шүүхээс тогтоосон юм. Тэр үед хөдөө аж ахуйн нэгдлийн бригад бүрд эмчилгээ тэжээлийн цех байсан ба миний ажиллаж байсан 1 дүгээр бригадад бас эмчилгээ  тэжээлийн цех ажиллаж байсан юм. Эмчилгээ тэжээлийн цехийн малчин нь өдрийн цагаар мал маллаж, орой, өглөө өвчтэй, туранхай малд мал эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан ажил ажил үүргийн хуваарьтай байсан юм. Миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч М.Камелхан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч “Таны материалууд бүрэн байна, аймагт танилцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгож өгнө” гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг эрс үгүйсгэн Х.С намайг малчнаар ажиллаагүй, зөвхөн санитарчинаар ажилласан гэж надад тэтгэвэр тогтоож өгөхгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргасан юм. Гэвч тус хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/311 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн юм. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.С намайг Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1990 оноос өмнө 4 жил, 9 сар малчнаар ажилласан байдлыг тогтоосон тул би хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрхтэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа явдалд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр бүлгийн 7.1 дэх заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9 дэх заалтад “мал аж ахуйгаас үндсэн орлого олдог иргэнийг малчин” гэж үзнэ. Нэхэмжлэгчийн малчнаар ажилласан байдлыг тогтоосон 130/ШШ2019/00416 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт 1985 оны 8 дугаар сарын 20-оос, 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 тоот тушаалаар “санитарчин” гэсэн ажил эрхэлж байсан нь нотлогдож байна. Уг мэргэжил нь хөдөлмөрийн дэвтэр, тушаал шийдвэр нь албан хаагчийн адилаар улсад ажилласан жилд тооцогдож зохицуулагдах тул малчны жилд оруулан тооцох боломжгүй болно. Нийгмийн даатгалын тухай хуульд малчны жилийг тооцоход малчны өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах зааврын 6.1.1-ийг үндэслэн ажилласан жилийг хоногоор тооцдог тул Х.Сын санитарчнаар ажилласан жилийг малчны жилд оруулан тооцох боломжгүй. Хуулийн өөрчлөлтийн дагуу насны болзол хангасан тохиолдолд  өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой.

Бид иргэний шүүхийн шийдвэрийг үгүйсгээгүй. Шүүхийн шийдвэрээр тогтоосон нийт 4 жил, 8 сар, 15 хоногийн  1981 оны 7 дугаар сарын 01-ээс, 1982 оны 06 дугаар сарын 21-ний буюу 11 сар 20 өдрийг малчнаар ажилласнаар, санитарчнаар ажилласан 1985 оны 8 дугаар сарын 20-оос, 1989 оны 5 дугаар сарын 14-ний буюу 3 жил, 8 сар, 25 хоногийг нийт ажилласан хугацаанд нь тооцож байгаа болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1 дэх заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9 дэх заалтад “мал аж ахуйгаас үндсэн орлого олдог иргэнийг малчин” гэж үзнэ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.9-т зааснаар малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин тэтгэвэр тогтооход нийт шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1 /нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол/ дэх заалтын 15-аас доошгүй жил гэсэн болзлыг хангахгүй байна. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Х.Сын малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Х.Сын нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө малчдын журмаар өндөр настны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгөх тухай байгаа. Х.С нь эхлээд Алтай сумын нийгмийн даатгалын байцаагчид тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл, холбогдох материалаа  өгөхөд хүлээж авсан, хэрэв материал нь зөрчилтэй байсан бол хүлээж авах ёсгүй байсан. Материалыг хүлээж авч, тэтгэврийн хувийн хэрэг нээсэн боловч өнөөдрийн хүртэл тэтгэвэр тогтоохгүй байгаа явдал нь нийгмийн даатгалын байгууллагын хууль бус эс үйлдэхүй юм.  Х.Сын анх өргөдөл өгсөн он сарыг зассан байна, гэхдээ бид нар үүнд маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөлт орсон байгаа. Хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн дор дурдсан болзол хангасан бол өндөр настны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, үүний 1 дэх хэсэгт нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол гэж байгаа. Х.С 56 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил улсад ажилласан учраас энэхүү шаардлагыг хангаж байгаа. 15 жил малчнаар ажилласан байх ёстой. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр малчнаар ажилласан жил нь нотлогдож байгаа. Энэ хэсэгтэй хариуцагч тал маргаж байгаа боловч шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахиж шүүх тогтоохгүй.

Ажилласан жилийг тогтоохдоо онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх учраас хариуцагчаар Нийгмийн даатгалын хэлтсийг татах журам байхгүй. Нэгэнт тогтоогдсон үйл баримт, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх байхгүй. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Х.С нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл малчнаар, Эмчилгээ тэжээлийн цехэд 1985 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчин, санитарчнаар ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж байгаа. Хариуцагч шүүх санамсаргүйгээр “малчин” гэдэг үг оруулсан гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй юм.

Мөн “Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн Хурлын 1986 оны 02-р сарын 16-ны өдрийн 03 дугаартай протоколд “... 4. Хэлэлцсэн нь: Хөдөлмөрийн доод хэмжээг биелүүлээгүй гишүүдийг батлах тухай. 1985 онд Хөдөлмөрийн өдрийн доод хэмжээг хүндтэй биш шалтгаанаар биелүүлээгүй гишүүдийг бригад хэсгийн өгсөн саналын дагуу боловсон хүчин эрхлэгч К.Саяси танилцуулав. Үүнд: ... Х.С ... нарын хүн тус бүрийг нэг бүрчлэн танилцуулав гэж бичигдсэн байдал” гэж байгаа. Хөдөлмөрийн эрхлэлтийн доод хэмжээ гэж малчинд тооцогддог. Х.С хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн байсан. Иргэн Б.Салтанат, М.Хуанган, К.Болат нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн гэрч нар оролцож, Х.С нь тухайн хугацаанд малчнаар ажиллаж байсан гэдгийг мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Эмчилгээ тэжээлийн цехэд 1985 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчин, санитарчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж байгаа.  Анхан шатны шүүх санамсаргүй шийдвэр гаргаагүй, багийн дарга, гэрч нарын мэдүүлэг, нотлох баримтуудыг үндэслээд малчин, санитарчнаар ажилласан жилийг тогтоосон учраас 3 жил, 8 сар, 25 хоногийг малчнаар ажилласнаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, үүний 1 дэх заалтад нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол гэж заасан ба нэхэмжлэгч Х.С нь малчин иргэний хувьд хуулийн дээрх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө холбогдох материалын хамтаар нийгмийн даатгалын байцаагчид гаргасан байжээ.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу түүнд дээрх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн байх ба  энэ талаарх үндэслэлээ Х.С нь ...15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж  шүүхэд тайлбарлажээ.

Хариуцагчийн нэмэлт тайлбараас үзэхэд нийгмийн даатгалын байгууллага нь нэхэмжлэгчийг нийт 20-иос доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эрэгтэй бол 55 нас хүрсэн байх  хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байх ба  харин түүний малчнаар ажилласан нийт жилийг 11 жил 6 сараар тодорхойлсон байна.

 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00416 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн ...Эмчилгээ тэжээлийн цехэд 1985 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл  малчин, санитарчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон байх ба Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхийн дээрх шийдвэртэй холбогдуулж маргаж нэхэмжлэгчийг малчнаар ажилласан нийт хугацааг 15 жилд хүрэхгүй гэж үзсэн үндэслэлээ  “...шүүх энэ хугацаанд  Х.Сыг зөвхөн санитарчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон, “санитарчин” гэдэг үгийн өмнө “малчин” гэдэг үг орсон нь бичгийн алдаа байсан, Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын Гурвын  3.9-д зааснаар ...малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй” гэж тайлбарлажээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00416 дугаар шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч Х.С нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус  шүүхэд Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл малчнаар, Эмчилгээ тэжээлийн цехэд 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчин, санитарчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтээ гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.  Шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгээр ийнхүү нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн ...Эмчилгээ тэжээлийн цехэд 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчин, санитарчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоохдоо энэ хугацаанд нэхэмжлэгчийн малчин мөн санитарчнаар ажилласантай холбоотой нотлох баримтуудыг давхар үнэлж, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч захиргааны байгууллагын энэ талаарх маргаан үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг дээрх хугацаанд малчнаар ажиллаагүй зөвхөн санитарчнаар ажилласан байдлыг тогтоосон гэж үзэхээргүй байна.

 Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь 1995 оноос өмнөх үйл явдал байх ба Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын Гурвын 3.1.-д Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно гэж, 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйг нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, /хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр/ гэж заажээ. Дээрх байдлаар маргаантай хугацаанд нэхэмжлэгчийн санитарчнаас гадна малчнаар ажилласан байдлыг шүүхээс тогтоосон уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байх ба  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34  дүгээр зүйлийн 34.4-т  “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч,...шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан. Иймээс шүүх нэгэнт нэхэмжлэгч Х.Сыг ...1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчин, санитарчнаар  ажилласан байдлыг тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд нийт 3 жил, 8 сар, 25 хоног малчин, санитарчнаар тогтоосон шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн тодорхойлсон болон холбогдох нотлох баримтаар тогтоогдож байгаа нэхэмжлэгчийн малчнаар ажилласан 11 жил 6 сард шүүхийн дээрх шийдвэрийн холбогдох хэсгээр тогтоосон малчин, санитарчнаар ажилласан нийт 3 жил 8 сар 25 хоногийг нийт ажилласан жилд тооцохоос гадна малчнаар ажилласан жилд мөн тооцох үндэслэлтэй бөгөөд ингэснээр   Х.Сын малчнаар ажилласан нийт хугацаа нь 15 жил 2 сар 25 хоног байх тул  нэхэмжлэгч холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ... 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан байна гэж үзэхээр байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч Х.С нь хуульд заасан бусад болзол болох... нийт 20-иос доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх, мөн эрэгтэй бол 55 хүрсэн байх шаардлагуудыг мөн хангасан нь хэрэгт авагдсан энэ талаарх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг  нийгмийн даатгалын байгууллага гаргах бөгөөд хариуцагч талын нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэл нь дээрх байдлаар хууль бус байх ба энэ нь иргэн Х.Сын тэтгэвэр тогтоолгон авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нийгмийн даатгалын байгууллагын нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан. Нэхэмжлэгч Х.С нь 1964 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн байх ба  хэрэгт авагдсан “Өндөр насны тэтгэвэр авагч  Хулан овогтой Салтанатын тэтгэврийн хувийн хэрэг” бүхий  материалд нэхэмжлэгчийн өргөдлийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар тэмдэглэсэн байх ба энэ талаар гэрч Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч  Б.Камелхан нь нэхэмжлэгчийн өргөдлийг мөн өдөр хүлээн авсныг шүүхэд мэдүүлсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд  шүүх хуралдааны шатанд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож олгохыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгч Х.Сад өндөр насны тэтгэвэр тогтоож, олгохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 7-гийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлд заасныг  тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Сад өндөр насны тэтгэвэр тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  олгохыг тус хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.РИЗА