Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1824

 

 ККБХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01374 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ККБХХК-ийн, хариуцагч Д.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157 549 947.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ККБХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ККБХХК болон Д.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЗГ 15/20 тоот зээлийн гэрээ, түүний баталгаа болгож БГ15/17 дугаартай барьцааны гэрээ болон барьцаалбар үйлдэгдэн 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан.

Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн үүргээ зөрчин 11 удаагийн зээлийн эргэн төлөлтөнд 31 305 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүд төлсөн ба үүнээс хойш зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг төлөөгүй ба удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар нэг үйлдэл хийгээгүй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т ...Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн “барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөөр барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү бусад зардлыг нэн даруй төлүүлэх эрхтэй, 7.1.1-т ...Зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг “Хавсралт-1”-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн зэрэг нь зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд хандсан боловч 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 182/ШЗ2016/04372 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Бидний зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/01165 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч Д.Б зээлийн үндсэн төлбөрт 84 076 369.85 төгрөг, зээлийн төлөөгүй хүүнд 63 796 688.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 028 620.06 төгрөг, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авсны төлбөрт төлөгдөх 7 625 869.08 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22 400 төгрөг, нийт 157 549 947.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан, хариуцагч Д.Баас үндсэн зээл 84 076 369.85 төгрөг, үндсэн хүү 63 796 688.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 082 620.6 төгрөг, нийт 149 901 678.63 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ККБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 648 269.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж, 48 дугаар байрны 10 тоот 113 м.кв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 945 699.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 907 458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би зээлийн эргэн төлөлтөнд нийт 31 305 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл зээлийг хуваарийн дагуу төлөх үед зах зээлийн эдийн засгийн хямрал миний бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж, зээл төлөлт удааширсан.

Зээлийн төлбөр нэг хоног хоцорч төлөхөд торгууль 210 000 төгрөг болж, нэхэмжлэгч “КК” ББСБ ХХК зээлийн эдийн засагч нар гэрийн хаалга битүүмжилж лацдаж битүү тууз наах, гэрт дайрч орж ирэн хүүхэд айлган, уйлуулж, гэрээс хөөх, автомашины урдуур орж явуулахгүй хааж, зогсох, доромжлох, утсаар ярьж дарамтлах зэрэг хууль бус үйлдэл байнга гаргасан учраас шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.

Нэхэмжлэгч нь Япон Улсын хөрөнгө оруулалттай, зээл төлүүлэх ажлын арга барил нь дээрэмчидтэй адилхан тул сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.

Гэрээг нэхэмжлэгч зориуд алдаатай хийж, сүүлд нь зассан гэрээнд албадлагаар гарын үсэг зуруулж, шинэчилсэн. Мөн шүүх хуралдаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцоогүй, миний бие мэдээгүй.

Иймд 31 305 000 төгрөгийн зээл, зээлийн хүү төлж барагдуулсан, үндсэн зээл 84 076 337 төгрөг, зээлийн хүү 20 000 000 төгрөг, нийт 104 076 337 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэгдэл хүү 45 825 341 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан хэлэлцэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөх боломжтой.

Нэхэмжлэгч ККБХХК хариуцагч Д.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157 549 947.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг заасан үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул мөн зүйлийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн үйл баримтыг тэрээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч тал хариуцагчид 100 000 000 төгрөгийг сарын 4, жилийн 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, хариуцагч нь гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хүүг сарын 4.8 хувиар тооцож авахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч ККБХХК, хариуцагч Д.Быг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр түүнээс үндсэн зээлийн үлдэгдэлд 84 076 369.85 төгрөг, зээлийн хүүд 63 796 699.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 082 620 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 648 269 төгрөг шаардсан.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуулга зэрэг баримтыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэлд 84 076 369.85 төгрөг, зээлийн хүүд 63 796 699.72 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, хохирлоо нэхэмжлэгч өөрөө нотлоогүй гэж дүгнэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасантай нийцэж байна. /хх-9-18, 20-21, 39 дүгээр тал/

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг шүүх буруу тайлбарлан хариуцагчийг нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэн, 2 082 620 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл нь талууд бичгээр тохирч гэрээг байгуулах бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх нөхцөл юм.

Зээлийн гэрээний 2.1.4-т нэмэгдүүлсэн хүүг хэтэрсэн хугацааны хүүгийн хувийг жилийн 57.6 хувь, сарын 4.8 хувиар тогтоосныг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь, хэсэгт заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Иймд нэмэгдүүлсэн хүүд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Хариуцагч Д.Б нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо үндсэн зээл 84 076 337 төгрөг, зээлийн хүүг 20 000 000 төгрөгөөр тодорхойлон төлөхийг зөвшөөрч, үлдэх хүү 45 825 341 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх боловч энэ үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байгаа учир түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд болох Д.Батнасанд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангасан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэмэгдүүлсэн хүү 2 082 620.6 төгрөг” гэснийг хасч, “149 901 678.63 төгрөгийг” гэснийг “147 819 058 /нэг зуун дөчин долоон сая найман зуун арван есөн мянга тавин найман/ төгрөгийг” гэж, “7 648 269.08” гэснийг “9 730 889.67” гэж,

3 дахь заалтын “907 458” төгрөг гэснийг “897 045” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                                                  

                                     ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                   

                                                                                        Ч.ЦЭНД