| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00315/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 383
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяадаргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах нарынбүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 8-13 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, Гал овгийн Самдангийн Гантуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 25-9 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 41 настай, Жужга овгийн Очирхүрээгийн Мөнхцэцэгт холбогдох
Гэм хорын хохирол 4484850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Ё.Отгонбаяр, нэхэмжлэгч С.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч О.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Гантуяа нь О.Мөнхцэцэгийн үйлдсэн гэм хэргийн хохирогчоор тогтоогдсон. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот тогтоолоор О.Мөнхцэцэгийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, хохирогч С.Гантуяа намайг иргэний журмаар гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. С.Гантуяа миний бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хандаж чадахгүй өдийг хүрсэн бөгөөд О.Мөнхцэцэг үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж миний хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул О.Мөнхцэцэгээс гэм хорын хохирол болох 4484850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Гантуяа нь намайг татаж унаган биедээ хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гомдол гаргасан. Энэ хэргийг 2016 оны 07 дугаар сард шийдвэрлэсэн. С.Гантуяа надаас4484850 төгрөгийн эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Гантуяагийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх үнэлэж хохирлыг гаргаагүй үндэслэлгүй, тодорхойгүй зүйлүүдийг надаас нэхэмжилдэг. Би үнэн бодитоор гарсан зардлыг төлнө. Иймд С.Гантуяагийн гэм хорын хохирол гэж 4484850 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Гантуяа нь хариуцагч О.Мөнхцэцэгт холбогдуулан гэм хорын хохирол 4484850 төгрөг гаргуулах шаардлагабүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хариуцагч О.Мөнхцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болох нь Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч О.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч С.Гантуяад учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч С.Гантуяа шүүхэд 4484850 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлд эмчилгээний зардал болон үзлэг зөвлөгөө, шинжилгээний зардалд нийт 2243750 төгрөг, түрээсийн төлбөр 1357000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг, шатахууны зардал 200100 төгрөг, эд зүйлийн үнэлгээ 180000 төгрөг, нүдний шилний төлбөр 44000 төгрөг нийт 4524850 төгрөгний баримт хавсаргасан бөгөөд нэхэмжлэгч нь 4484850 төгрөг гаргуулахыг шаардсан хэдий ч нэхэмжлэлийн нийт үнийн дүн нь шаардаж буй хохирлоос зөрүүтэй байх ба нэхэмжлэгч нь уг зөрүүг тодорхойлж чадаагүй байна.
Шүүх дээрхи баримтуудыг шинжлэн судлахдаа хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Гантуяагийн амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчдийн картуудад бичигдсэн эмчилгээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдал болон Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот шийтгэх тогтоолд дурьдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 504 дугаартай дүгнэлт, нүдний шилний хугархай зэргийг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Аура Ундрах ХХК-наас олгосон эмний төлбөр 157200 төгрөг, Монос фармамаркетаас 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон эмний төлбөр 321500 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэмтэл согогийн эмчийн үзлэг зөвлөгөөнд 20000 төгрөг, бүсэлхий нуруу /СТ64/ төлбөр 150000 төгрөг, Ивэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 540000 төгрөг, Люкс центр ХХК-ны 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүсэлхий нуруу 2 П төлбөр 30000 төгрөг, Дархан детект 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэдэс угаалганы төлбөр 50000 төгрөг, Шунхлай ШТС-аас 2015 оны 04 дүгээр сарын 20-ын өдөр авсан бензиний төлбөр 104400 төгрөг, Монфа Энх Ирээдүй эмийн сангаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 77000 төгрөг болон 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон эмийн төлбөр 87450 төгрөг, Ашид билгүүн ХХК-ны 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С.Гантуяагийн эд хөрөнгө учирсан хохиролд үнэлгээ хийсэн үнэлгээнээс нүдний шилний үнэ 15000 төгрөг нийт 1552550 төгрөгний хохирлыг хариуцагч О.Мөнхцэцэг хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин NEW OPTIC бичиглэлтэй 44000 төгрөгний, 14018718 тоот 35600 төгрөгний баримтуудад нь бичвэр хэсэг бүдэг /харагдахгүй /, Жаст Ойл ШТС-аас 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бензиний төлбөр төлсөн 95700 төгрөгний баримт засвартай, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15000 төгрөгний болон Рефлекс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 80000 төгрөгний, Голомт банкны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 40000 төгрөгний баримтууд нь ямар эмчилгээнд төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй,
Нэхэмжлэгч С.Гантуяа нь Хангамж худалдааны төвд 8 павилон түрээслэдэг гэх бөгөөд О.Мөнхцэцэгийн учруулсан гэмтлийн улмаас дээрхи павилонд үйл ажиллагаа эрхлээгүй тул 2, 3, 4, 5, 6 саруудын түрээсийн төлбөр 1357000 төгрөг нэхэмжлэж байгаа нь үндэслэл муутай. Нэхэмжлэгч уг павилоныг хэдэн оны 2,3,4,5,6 саруудын түрээсийн төлбөр нь тодорхойгүй, хариуцагч О.Мөнхцэцэгийн үйлдлийн улмаас авсан гэмтлээс шалтгаалан ажиллуулаагүй болохоо тус тус нотлож чадаагүй байна.
Рейшнал лабораторид 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хийлгэсэн шинжилгээний төлбөр 40000 төгрөг төлсөн баримт байгаа боловч хэрэгт баримтаар авагдсан амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчдийн картанд нэхэмжлэгч дээрхи хугацаанд Ивэн эмнэлэгт зүүн хөлний шилбэ эргэн тойрон харлаж их хэмжээний идээ гарч, чинэрч өвддөг гэсэн зовиуртайгаар хэвтэн эмчлүүлсэн тул хариуцагчийн учруулсан гэмтэлд эмчилгээ хийлгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Ашид билгүүн ХХК-ны 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С.Гантуяагийн эд хөрөнгө учирсан хохиролд үнэлгээ хийсэн үнэлгээнээс монетон гинж, куртик нийт 165000 төгрөгний хохирол учирсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Хөх манал ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эмчилгээний төлбөрт 350000 төгрөг болон 250000 төгрөг тус тус төлсөн баримтуудад 2 өөр тамга дарсан, хариуцагч О.Мөнхцэцэгийн учруулсан гэмтлийн улмаас дээрх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй мөн 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч С.Гантуяа нь эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 500000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь сайн дураараа өмгөөлөгч авсан тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500000 төгрөгийг хариуцагч О.Мөнхцэцэг хариуцах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч О.Мөнхцэцэгээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид 190000 төгрөгийг төлсөн тул 1552550 төгрөгнөөс хасаж нийт 1362550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гантуяад олгож, нэхэмжлэлийн үлдэх 2972300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О.Мөнхцэцэгээс 1362550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гантуяад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2972300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 62507 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.ЦЭРЭНПҮРЭВ