Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0059

 

Б.А*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Ч.М******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 754 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Ц******* Ц.Б*******ийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А*******ын нэхэмжлэлтэй, Ц*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалын 8 дахь заалтыг хүчингүй болгож, нийгмийн даатгалыг төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, шүүхийн тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулж, тусгай ажиллагааны газарт эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

Ц******* Ц.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хууль зүйн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалаар Б.А*******ыг Тусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд даргаар томилсон.

Б.А******* 2015 оны 06 дугаар сард Төрийн албаны салбар зөвлөлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар түүний гомдлыг хэлэлцэж, Б.А*******ыг албан тушаал бууруулан томилсон болохыг тогтоосон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/403 дугаар тушаалаар түүнийг Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд даргын ажлаас чөлөөлж, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн даргаар томилсон.

Хууль зүйн сайдын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалын ангилал, цолны зэрэглэл батлах тухай А/118 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад албан тушаалын ангиллын ТТ-14-д Хамгаалалтын 1, 2, 3 дугаар газрын дэд даргыг, албан тушаалын ангиллын ТТ-15-д Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгжийн дарга буюу Тусгай ажиллагааны газрын дарга, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн дарга нарыг хамааруулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага ..өөрчлөн байгуулагдсан,...тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу ... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, ... гэж заасны дагуу Б.А*******ыг Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж, цалин хөлсийг нь бууруулалгүйгээр өөр ажил, албан тушаалд томилсон.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар Б.А*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 754 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/403 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А*******ыг Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А*******ын ажилгүй байсан 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлс, бусад нэмэгдлийн хамт тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхээр шийдвэрлэжээ.

Ц******* Ц.Б******* давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 754 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Хууль зүйн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

Уг бүтцээр Цагдаагийн ерөнхий газрын харьяанд Тусгай ажиллагааны газар-тай байхаар тогтоосон.Үүнээс өмнө Хууль зүйн сайдын 2014 оны Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц батлах тухай А/167 дугаар тушаалаар Тусгай бэлтгэлтэй тактикийн бүлэг /төв, баруун, зүүн, өмнөд/ гэсэн бүтэцтэй байсан бауг бүлгийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын харьяанд байхаар тогтоосон байсанИймд Хууль зүйн сайдын 2015 оны А/89 дүгаар тушаалын дагуу Тусгай ажиллагааны газар өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэйГэтэл анхан шатны шүүх дээрх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага... өөрчлөн байгуулагдсан,...тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах... гэж заасан.

Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалаар Б.А*******ыг Тусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд даргаар томилсон. Хууль зүйн сайдын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалын ангилал, цолны зэрэглэл батлах тухай А/118 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад албан тушаалын ангиллын ТТ-14 ангилалд Хамгаалалтын 1, 2, 3 дугаар газрын дэд даргыг хамааруулсан байна.

Б.А******* 2015 оны 06 дугаар сард Төрийн албаны салбар зөвлөлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалын 8 дахь заалтыг хүчингүй болгож, мөн нийгмийн даатгалыг төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдлийн хамт шийдүүлж, Тусгай ажиллагааны газарт, эсхүл уг ажил албан тушаалд дүйцэх хэмжээний ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэнагуулга бүхий гомдлыг гаргасан. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар түүний гомдлыг хэлэлцэж, Б А*******ыг албан тушаалбууруулан томилсон болохыг тогтоосон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/403 дугаар тушаалаар түүнийг Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд даргын ажлаас чөлөөлж, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн даргаар томилсон. Б.А*******ыг байгууллагын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд урьд эрхэлж байсан албан тушаалтай цалин цолны ангилал, зэрэглэл ижил албан тушаалд томилсон учраас түүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хууль зүйн сайдын 2015 оны А/89 дүгээр тушаалыг үндэслэн, Цагдаагийн хурандаа Б.А*******ыг Тусгай ажиллагааны газрын даргын ажлаас 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд даргаар томилжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.А*******ын гаргасан гомдлоор Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Б.А*******ыг Тусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн тул 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/403 дугаар тушаалаар Б.А*******ыг Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд даргын ажлаас 07 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 20-ны өдрөөс Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн даргаар томилсон байна.

Нэхэмжлэгчийн хууль, эрх зүйн ямар ч үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах-аар заажээ.

Хэрэгт авагдсан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Орон тоо батлах тухай Б/294 дүгээр тушаалаар Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Тусгай ажиллагааны газрын албан тушаал, орон тоо, албан тушаалын цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн батлахдаа Тусгай ажиллагааны газар нь 1 даргатай, цолны зэрэглэл нь Цагдаагийн хурандаа, цалингийн зэрэглэл нь ТТ-15 байхаар баталсан нь тогтоогджээ.

Ийнхүү Хууль зүйн сайдын 2015 оны А/89 дүгээр тушаалын хүрээнд Тусгай ажиллагааны газарт буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй байхад Ц******* маргаан бүхий тушаалыг гаргаж, ажлын байрны тодорхойлолтод заасан болзлыг ханган ажиллаж байсан Б.А*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Мөн Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц батлах тухай А/167 дугаар тушаалаар Тусгай бэлтгэлтэй тактикийн бүлэг /төв, баруун, зүүн, өмнөд/ гэсэн бүтэцтэй байхаар шийдвэрлэсэн боловч энэ нь тухайн үед санхүүгийн хүндрэлээс үүдэн хэрэгжээгүй, харин Тусгай ажиллагааны газар гэдэг бүтцээр ажиллаж байсан учраас бүтцийн өөрчлөлт хийгдээгүй гэж үзэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь Тусгай бэлтгэлтэй тактикийн бүлэг орон нутагт 5 хэсэг байсныг 1 болгон нэгтгэсэн нь бүтэц өөрчлөгдсөн гэдэгт хамаарна гэж хариуцагч маргах боловч дээрх бүтцийн өөрчлөлт нь нэхэмжлэгчид хамааралгүй байна.

Түүнчлэн Хууль зүйн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталсан Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/89 дүгээр тушаалд Тусгай ажиллагааны газар гэж заагаагүй ч Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын бүтцэд Тусгай ажиллагааны газрыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байх тул мөн албаны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна.

Дээрх байдлаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 дугаар тушаал холбогдох хуульд нийцээгүй тул түүнийг үндэслэн нэхэмжлэгч Б.А*******ыг өөр ажилд томилсон 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/330, 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/403 дугаар тушаалууд мөн хууль бус болно.

Иймд нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийншийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Ц******* Ц.Б*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагчтэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН