Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 004

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар  багийн оршин суугч   Р.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холболдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Бт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож  олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Бт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг тус хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Я.Сьезд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Иргэн Р.Д, нөхөр А.Цогоо бид тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэр төрөх үед түүний охин Болорцэцэгийг шууд өөрсдийн нэр дээр төрөлтийн бүртгэлийн гэрчилгээ бичүүлэн улмаар  охиныг асрамжид авсан юм. Түүнээс хойш охин Ц.Б нь А.Цогоо, Р.Д бидний асрамжид одоо хүртэл эрүүл саруул өсөж, энэ жил 9 нас хүрсэн, одоо ерөнхий боловсролын сургуульд суралцдаг.  Р.Д миний нөхөр А.Цогоо нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан тул түүний нэр дээр тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад холбогдох материалуудыг 2018 оны 12 дугаар сард өгсөн боловч нийгмийн даатгалын улсын байцаагч нар нь  охин Ц. Болорцэцэгийн төрөлтийн асуудал маргаантай учраас шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн юм. Ингээд Р.Д миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Охин Болорцэцэг нь А.Цогоо, Р.Д нарын хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай” хүсэлт гаргасан боловч 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШЗ2019/00902 дугаартай “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг буцаасан юм.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШТ2019/00017 дугаартай тогтоолоор захирамжийг хэвээр нь баталж гомдлыг хангахаас татгалзсан.  Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын агуулга нь Ц. Болорцэцэгийн төрөлтийн асуудалд ямар нэгэн маргаангүй байна, Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон төрсний гэрчилгээ болон төрөлт бүртгүүлсэн лавлагаанд түүний эцэг нь А.Цогоо, эх нь Р.Д гэж албан ёсоор бичигдсэн байна гэсэн.

 Иймд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад дахин 2019  оны 5 дугаар сарын 27-ны  өдөр өргөдөл гаргахад  Нийгмийн даатгалын Ерөнхий газарт шилжүүлсэн гэж даргын туслах амаар хариу өгсөн боловч дээд байгууллагаас ямар нэгэн хариу ирээгүй.

Тухайн үед охин Болорцэцэгийн эцэг А.Цогоо, эх Р.Д гэж албан ёсны төрсний гэрчилгээ өгсөн явдалд бидний буруу байхгүй, тэр тусмаа  10 жил бидний асрамжид байсан. Насанд хүрээгүй Болорцэцэгт буруу байхгүй гэж үзнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан. Хариуцагч тал хуульд заасан  төрүүлсэн хүүхэд байх ёстой гэдэгт маргаж байгаа. Бид Ц.Бийг Р.Доос төрөөгүй гэдэгт маргахгүй байгаа. Тухайн үед эрх бүхий байгууллага төрөлтийн бүртгэлийн журналд бичиж, Улсын бүртгэлийн байгууллага төрсний гэрчилгээ олгосон. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд  Ц.Бийн эцэг нь А. Цогоо, эх нь Р.Д гэж байгаа. Бодит байдалд бүх бичиг баримт А.Цогоогоор овоглосон. Одоо эх Р.Дтой хамт амьдарч байгаа. Хуульд төрүүлсэн хүүхэд байх гэх  заалт байгаа боловч бодит байдалд Улсын бүртгэлийн төрөлтийн бүртгэл, гэрчилгээ нь хүчинтэй байгаа. Тийм учраас Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцын дагуу хүүхэд эхтэй байх, эхийнхээ хажууд байх, асрамжид байх эрх нь хуулиар хамгаалагдсан гэж үзнэ.

 Нийгмийн даатгалын байгууллагаас А.Цогоо, Р.Д нарын төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үрчлэлт, нас баралт, төрөлт энэ бүгд хувь хүний үндсэн эрхтэй холбоотой учраас үүнийг Улсын бүртгэлийн байгууллагаар хүчингүй болгуулах боломж байхгүй. Хуулиар үүнийг хүчингүй болгох онцгой эрх зөвхөн шүүхэд байгаа гэсэн үндэслэлтэй хариу өгсөн. Бодит байдалд 10 гаруй жил А.Цогоо, Р.Д нарын асрамжид өссөн, төрсөн хүүхдээс нь ч илүү хүмүүжүүлсэн. Төрөлтийн бүх бичиг баримт нь хүчинтэй байгаа учраас шударга ёсны зарчим, хүүхдийн ирээдүйн эрх ашгийн дагуу нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд Цогоо, Р.Д нарын охин Ц.Бт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн охин Ц.Бт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бугат сумын иргэн Р.Д /РД:БГ56030103/ нь тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай тус хэлтэст өргөдөл гаргаж хандсан боловч уг иргэн Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь заалтуудыг зөрчиж хүүхдээ хууль журмын дагуу үрчлэлт хийж аваагүй, төрөөгүй хүүхдийг төрсөн болгон бүртгэж Улсын бүртгэл буруу бүртгэсэн байна. Мөн удаа дараа өргөдөл гарган тэтгэвэр тогтоолгохоор хандсан боловч хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолоор гишүүдийн олонхийн саналаар тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

 Иргэн Р.Д нь өргөдлөө  2018 оны 12 дугаар сард аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж өгсөн нь үнэн. Талийгаач А.Цогоо  нь  2018 оны 11 дүгээр сард нас барсан. Хуулийн дагуу нас барсны дараагийн сарын тэтгэврийг бүрэн авснаар энэ хүний тэтгэвэр авах хугацаа нь үүгээр дуусгавар болох ёстой. Хэрэв тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор болбол дараа сарын нэгнээс тогтоох хуультай. Ц.Бт тэтгэвэр тогтоолгохоор өгсөн өргөдөл, холбогдох баримт бичгийг судалж үзэхэд, охин Ц.Б А.Цогоо, Р.Д нарын төрсөн хүүхэд биш байх магадлалтай байсан. Тиймээс 2010 онд Р.Д амаржсан эсэх талаар Нэгдсэн эмнэлгээс тодруулахад иргэн Р.Д нь 2010 онд амаржаагүй гэсэн хариу бичиг ирүүлсэн. Үүний дагуу төрүүлсэн хүүхэд биш байгаа тул тэтгэвэр тогтоох шаардлага хангахгүй юм байна гэж  өөрт нь тайлбарлахад, “Тийм, Ц.Б бид нарын төрсөн хүүхэд биш бид нар үрчилж аваагүй, бэр маань төрөх үед нь шууд өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан” гэдгээ хэлж  байсан.

Тэтгэвэр тогтоохоос татгалзсан хуулийн үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт / хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/ гэж тодорхой заасан байгаа. Ц.Б энэ заалтад хамаарахгүй, үүнд төрүүлсэн буюу үрчилж авсан гэж заасан. Ц.Б нь А.Цогоо, Р.Д нарын төрүүлсэн хүүхэд биш, мөн үрчилж авсан хүүхэд ч биш юм. Энэ  нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрчээр мэдүүлэг өгсөн Бугат сумын 2 дугаар багийн Засаг дарга А.Хадысын мэдүүлэгт дурдагдсан.

Хуульд заасан энэхүү  болзлыг хангаагүй учир Ц.Бт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэл нь охин Ц.Бийг эрх ашгийг хохироосон гэж маргаж байгаа, хүүхдийн эрх зөрчигдсөн гэдгийг мэдэж байна. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалж, тэтгэвэр тогтоох зохицуулалт ганцхан Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль байгаа юм биш. Өөр хэд хэдэн хууль байдаг. Тиймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоох бүрэн боломжтой. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 “тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд” халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрхтэй” гэж тодорхой заасан. Иймд халамжийн сангаас тэтгэвэр тогтоолгож авах бүрэн боломж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв. 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг иргэн А.Цогоо нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан байх ба түүний эхнэр Р.Дын насанд хүрээгүй охин Ц.Бт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийн дагуу холбогдох захиргааны байгууллагаас тэтгэвэр тогтоож олгохоос татгалзаж  шийдвэрлэжээ.

Хариуцагч болох Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  уг үндэслэлээ “...охин Ц.Б нь А.Цогоо, Р.Д нарын дундаас төрөөгүй, уг хүүхдийг анх Гэр бүлийн тухай хуульд заасан журмаар үрчилж аваагүй, төрүүлсэн хүүхэд болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль бус, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд, үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна гэж заасантай нийцээгүй. Ц.Б нь А.Цогоо, Р.Д нарын төрүүлсэн мөн үрчилж авсан хүүхэд биш тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй.” гэж тайлбарлан маргажээ.

Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Р.Д, А.Цогоо нар нь 1985 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба    хүү Ц.Баатархүү, түүний эхнэр н.Уранчимэг нарын дундаас 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  охин Болорцэцэг төрснийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ  уг хүүхдийн төрсөн эцэг, эхийн хувиар өөрсдийгөө  бүртгүүлсэн  нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нэхэмжлэгчийн тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Бийн төрсний гэрчилгээ,төрснийг бүртгэх анкет, 2010 оны Бугат сумын  улсын бүртгэгчээс хөтөлсөн төрөлтийн бүртгэлийн холбогдох хэсэг, гэрч тус сумын улсын бүртгэгч С.Лена, сумын 2 дугаар багийн Засаг дарга А.Хадыс нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж,  үүний  1 дэх заалтад  хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр  төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй  хүүхэд гэж  заасан.

Охин Ц.Б нь нэхэмжлэгч түүний нөхөр А.Цогоо нарын төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд биш болохын хувьд хуульд заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрх бүхий этгээдэд хамаарахгүй гэж хариуцагч талаас маргасан боловч бодит нөхцөл байдал болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  харгалзан охин Ц.Б нь нас барсан тэжээгч А.Цогоогийн төрсөн хүүхдийн хувиар хуулийн дээрх зохицуулалтын дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  Ц.Б нь  2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 9 настай байх ба төрснийг бүртгэх улсын бүртгэлд анхнаасаа  түүний эцэг, эхээр нэхэмжлэгч Р.Д, түүний нөхөр А.Цогоо нар бүртгүүлсэн, энэ үеэс төрсөн эцэг, эхийн хувиар тэжээн тэтгэж,  А.Цогоогийн асрамжид нэг гэр бүлд хамт амьдарч ирсэн, одоо ч нэхэмжлэгчтэй уг хүүхэд хамт амьдардаг, хүүхдийн тэжээгч нь нэхэмжлэгч Р.Д, түүний нөхөр А.Цогоо байсан нь тогтоогдож байна.

 Ц.Бийг анх түүний өвөг эцэг А.Цогоо, эмэг эх Р.Д нар  нь хуульд заасан журмаар үрчилж авахгүйгээр шууд төрсөн эцэг, эхийн хувиар төрснийг бүртгэх улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль бус гэх хариуцагчийн маргаан нь нэхэмжлэгч түүний нөхөр А.Цогоо нар нь охин Ц.Бийн тэжээгч мөн байсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иргэн  Ц.Баатархүү, н.Уранчимэг нарын  төрсөн охин Болорцэцэгийг өвөг эцэг, эмэг эх нь болох нэхэмжлэгч Р.Д, түүний нөхөр А.Цогоо нар нь хүүхдийн төрсөн эцэг, эхийн хувиар улсын бүртгэлд бүртгүүлснийг хууль бус гэж үзэхээр байгаа ч бодит байдалд охин Ц.Б нь дээрх байдлаар А.Цогоогийн  хүүхдээр  төрснийг бүртгэх улсын бүртгэлд бүртгэгдэж, төрсний гэрчилгээ бүхий баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас түүнд анх олгосон, уг бүртгэл, төрсний гэрчилгээ нь  хүчин төгөлдөр байгаа.  Энэ тохиолдолд  А.Цогоо  нь охин Ц.Бийн тэжээгч байсныг,  мөн тэжээгчээ алдсан тохиолдолд хүүхдийн цаашид амьдарч, аж төрөхөд шаардагдах эдийн засгийн хэрэгцээтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан  Ц.Б нь талийгаач А.Цогоогийн асрамжид байсан насанд хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрүүлсэн хүүхдийн хувиар хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасан  тэтгэвэр тогтоолгон авах  эрх бүхий этгээдэд хамааруулж  үзэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг  нийгмийн даатгалын байгууллага гаргана гэж заасан ба хүүхдийн эцэг, эх нь Р.Д, А.Цогоо нар болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтууд нь хүчин төгөлдөр байгаагаас гадна  тэжээгчээ алдсан бодит тохиолдол байхад захиргааны байгууллагаас хүүхдийн төрөлтийн байдал, энэ талаарх улсын бүртгэлтэй холбогдуулж  маргаж, охин Ц.Бт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсаныг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

Дээрх байдлаар Захиргааны байгууллагын тэжээгчээ алдсан хүүхдэд тэтгэвэр тогтоож олгохоос  татгалзсан эс үйлдэхүй нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байх тул уг үйл ажиллагааг хууль бус байна гэж дүгнээд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл олгохоор зохицуулсан. Охин Ц.Бийн тэжээгч эцэг А.Цогоо нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан байх боловч нэхэмжлэгчээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг даалгахыг хүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ц.Бт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Бт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Ц.Бт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  олгохыг тус хэлтэст  даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.РИЗА