Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1823

 

УБЦТС ТӨХК-ийн

Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2017/00193 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв, хариуцагч ДЦХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 162 254 237 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 166 405 880 төгрөгийг буцаан гаргуулж, гэрээнээс учирсан хохиролд 413 797 549, 30 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, өмгөөлөгч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, Ү.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ДЦХХК нь 2011 оноос эхлэн манай байгуулагатай гэрээ байгуулан цахилгаан эрчим хүчний хэрэглэгч болсон бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээ шинээр байгуулан, эрчим хүчээр хангаж ажилласан. Тус компани нь 2015 оны 5 сараас 7 сар хүртэлх хугацааны цахилгааны төлбөр 162 254 237 төгрөгийг төлөх ёстой боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна.

2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 121 372 608,9 төгрөгийн тарифын зөрүү гарснаас болж маргаан үүссэн. Үүний дагуу Ч.Дамдиндорж нь Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан, шүүх хуралдаанаар шинжээч томилж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос дүгнэлт гарсан.

Дээрх дүгнэлтээр 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хариуцагч 162 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас тарифын үнийн зөрүүг хасаад, 17 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан.

Бид цахилгааны төлбөрийг шаардан хариуцагчтай байнга уулзаж байсан. Ингээд 2015 оны 7 дугаар сарын сүүлээр цахилгааны шугамыг салгуулахаар холбогдох байгууллагад хандаж сарын сүүлээр цахилгааны таслуулсан. ДЦХХК-ийн захирал Ч.Дамдиндорж цахилгааны төлбөрөө үйлдвэрлэл явуулаад төлнө гэж хэлсэн учир мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр цахилгааныг залгаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Манай талаас дахин эрчим хүчийг салгаагүй.

Эрчим хүчний гэрээг хэрэглэгчдэд бүрэн танилцуулсны үндсэн дээр байгуулдаг. ДЦХХК манай байгууллагад хүсэлт гаргасны дагуу бид гэрээ байгуулсан. Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвд гэрээний мэргэжилтэн ажилладаг. Тухайн ажилтан гэрээ хийхдээ харилцагчийн эрх, үүрэг, холболтын нөхцөл, ямар үнэ тарифаар бодох талаар тайлбарласан.

Манай буруутай үйлдэл нь ДЦХХК-ийг зөвхөн уул уурхай эрхэлдэг гэж үзэж, цахилгааны төлбөрийг уул уурхайн тарифаар авч байсан явдал юм.   

Эрчим хүчний зохицуулах хорооноос ДЦХХК нь уул уурхай эрхэлдэггүй, төмөр боловсруулах үйлдвэрлэл явуулдаг учраас аж ахуйн нэгжийн тарифаар тооцох тухай дүгнэлт гарсан учир хариуцагчаас 162 254 237 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтийн дагуу төлбөр бүрэн төлсөн тохиолдолд эвлэрэх боломжтой бөгөөд тус газрын дүгнэлтээр хариуцагчийн зөрүү төлбөр нь 17 349 856 төгрөг гэсэн.

Манай байгууллага дээд шатны шийдвэрийг биелүүлдэг учир ДЦХХК-ийн хэрэглэсэн цахилгааны нийт 6.098.513,6 квЦ гэсэн заалттай маргахгүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нарт нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрх байгүй ч хариуцагч тал цахилгаан эрчим хүчний төлбөрт 6 719 408 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаатай маргахгүй. Учир нь тус компани нь өндөр төлбөр төлдөг хэрэглэгч байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдсон байгааг харгалзан үзэж байна гэжээ.

Хариуцагч ДЦХХК-ийн төлөөлөгч Ч.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компаниас 2015 оны 5 сараас 7 сар хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт 162 254 237 төгрөг нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй.

УБЦТС ТӨХК-ийн Налайх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь манай компанийн хэрэглэсэн эрчим хүчний үнийг уул уурхайн олборлолт, үйлдвэрийн тарифаар тооцон авч байсныг 2015 оны 8 дугаар сард мэдэж Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан.

Эрчим хүчний зохицуулах хороо болон шинжээчийн дүгнэлтээр буруу ангилал, тарифаар цахилгааны үнийг тооцон 121 400 000 төгрөгийг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон. Энэ тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос манайд ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 8/202 тоот албан бичиг болон “УБЦТС” ТӨХК-ийн дэд захирал Л.Бадмаараг, борлуулалтын хэлтсийн дарга Ц.Энхсайхан нартай хэлэлцсэн хурлын тэмдэглэлээр батлагдаж байгаа юм.

 Бидний зүгээс аж ахуйн нэгжийн тарифаар авах ёстой гэдгийг мэдээд, Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв хандахад “... бид мэдэхгүй, Эрчим хүчний зохицуулах хороо мэднэ” гэсний дагуу Эрчим хүчний зохицуулах хороонд хандахад 17 400 000 төгрөгийг авах ёстой гэсэн дүгнэлт гаргасан.

Мөн 12 000 000 төгрөгийг эдгээр хүмүүс өөрсдөө гарын үсэг зураад авчихсан байсан.

Мөн манай компанид аудит хийсэн Си Эс Ай Аудит ХХК-ийн дүгнэлтээр 2011 оноос хойшхи хугацаанд төлөх ёстой байсан цахилгааны төлбөрийг зөв ангилал тарифаар тооцоход 701 707 802.62 төгрөгөөс 694 991 659 төгрөг төлсөн байна гэж тогтоосон.

Иймд үндсэн нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр авсан төлбөрийг суутгаад 6 719 407 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ДЦХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компаниас 6 719 000 төгрөгийг нэхэмжлэх ёстой байсан боловч 162 200 000 төгрөг нэхэмжилсэн. Манай компанийн зүгээс анх 580 000 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Учир нь нэхэмжлэгч цахилгааны төлбөрийг уул уурхайн тарифаар бодож 121 372 680 төгрөгийг илүү авсан. Бусад нь алданги, хохирол бөгөөд үүнийг бодож үзвэл дээрх дүн гарч байна.

Манай байгууллага нь 2011 оноос 2014 оны 12 сар хүртэл 116 349 150 төгрөгийг дээрх тарифын зөрүүний улмаас илүү төлсөн. Үүнийг аудитын байгууллагаас дүгнэхдээ нэг удаагийн эргэлт гэж тооцож, банкны хүүг багаар тооцоход 161 147 000 төгрөг гарсан. Гэтэл манай компанийн мөнгө жилдээ 2-3 удаа эргэлтэнд ордог.

2011-2016 онуудад эрчим хүчний төлбөр төлөх гэж зээл авсан ба нийт 76 793 005 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Дээрх тарифын зөрүүгээр илүү төлсөн мөнгийг 2011 оны 01 сараас 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тухайн банкинд хадгалахад 58 174 675 төгрөг олох ёстой байсан. Мөн Хятад ажилчдын гэрээний мөнгө 2015 оны 8, 9 дүгээр саруудад 41 584 185 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчээс 257 465 118 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Налайх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: УБЦТС ТӨХК-ийн Налайх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь ДЦХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн захирал Д.Дэнистэй цахилгаан эрчим хүчний шинэчлэгдсэн гэрээг байгуулсан.

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.1-т “хэрэглэгч нь өөрийн тухай мэдээлэл болон цахилгаан шугам тоноглолынхоо схем, горим, зохиуцуулалт, хүчин чадал үзүүлэлтийг эрчим хүч хангагчид үнэн зөв мэдээлэл өгөх, мэдээлэлд өөрчлөлт ороход цаг тухайд нь мэдэгдэж байх. Энэ тухай мэдэгдээгүй бол үүсэх хохирлыг хангагч тал хариуцахгүй” гэж заасан.

 ДЦХХК-ийн захирал Н.Дэнис гэрээ байгуулах үедээ зориулалтаа үнэн зөв өгсөн бол тарифтай холбоотой маргаан үүсэхгүй байсан. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2/754 тоот албан бичгээр ДЦХХК-д 121 372 608 төгрөгийн тарифын зөрүү үүсч, илүү төлөгдсөн гэж гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ 2015 оны 7 сард тог тасалснаас болж учирсан хохирол гэсэн атлаа 2011 оны үйл баримтыг дурдаж байгааг ойлгохгүй байна. Учир нь манай байгууллага зөвхөн 1 сарын хугацаанд цахилгаан эрчим хүчийг тасалсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т заасныг баримтлан хариуцагч ДЦХХК-иас 6 719 407 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155 534 830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дөл цамхаг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл 258 270 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 969 221 төгрөг, хариуцагч ДЦХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 3 216 918 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээн, хариуцагч ДЦХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 122 460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хуульд заасан үндэслэлээр үнэлэлт, дүгнэлт хийлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

ДЦХХК нь зөвхөн хаягдал төмрөөр үйлдвэрлэл явуулдаг бөгөөд үйлдвэрлэл явуулах гол эх үүсвэр нь цахилгаан эрчим хүч байдаг.

Гэтэл УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв цахилгааны төлбөр төлөөгүй шалтгаанаар цахилгаан тасалсны улмаас үйл ажиллагаа зогсож, үйлдвэрлэл явуулах боломжгүй болгож, бидэнд хохирол учирсан. Цахилгааны өр төлбөрийн талаар зохих арга хэмжээнүүдийг авч өгөөгүй.

Дээрх нөхцөл байдлууд баримтаар тогтоогдсон. Энэ хохирол нэхэмжлэгчээс болсон тул учирсан хохирлоо гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагч талын эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч ДЦХХК-д холбогдуулан цахилгааны төлбөрт 162 254 237 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 6 719 407 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, нэхэмжлэгчээс 580 203 429 төгрөг шаардан сөрөг нэхэмжилжээ.

Талууд хооронд 2011 оноос Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан буюу УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдийн үйлчилгээний төв нь хариуцагч Дөлцамхаг ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах, нөгөө тал нь худалдан авсан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргийн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ талаар, мөн нийт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ /квЦ/ болон тооцооллын хувьд маргаагүй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч компаниас 2015 оны 5 дугаар сараас 7 дугаар сар хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт 162 254 237 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны үеэр Эрчим хүчний зохицуулах газрын хороо болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Дөлцамхаг ХХК-ийн зөвшөөрсөн 6 719 407.98 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангахад татгалзахгүй гэж тайлбарлажээ.

Шүүх дээрх үйл баримтыг дүгнэхдээ хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Си Эс Ай аудит ХХК-ийн дүгнэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичиг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд зохигчдыг маргаагүй гэж үзэн, хариуцагч ДЦХХК-иас эрчим хүчний төлбөрийн үлдэгдлийг 6 719 407 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155 534 830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад нийцэж байна.

 

Хариуцагч ДЦХХК нь нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн Налайх дахь хэрэглэгчийн үйлчилгээний төвийн буруутай үйлдэл буюу төлбөр төлөөгүй үндэслэлээр эрчим хүчийг тасалсны улмаас олох ёстой байсан орлого болон сул зогсох хугацаанд ажилчдад төлсөн цалин хөлс, цахилгааны төлбөр төлөх зорилгоор бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс доогуур борлуулсны 413 797 549 төгрөгийн хохирол учирсан, үндэслэлгүйгээр эрчим хүчний тарифын ангилалыг буруу хэрэглэн тооцож 166 405 880 төгрөг илүү авсан гэж марган, нийт 580 203 429 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр “Си Эс Ай Аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн сөрөг шаардлагаа 258 270 000 төгрөг болгон багасгажээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч тал Дөл цамхаг ХХК-ийн 2011 оноос 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны эрчим хүчний хэрэглээний үнийг тооцохдоо аж ахуйн нэгж байгууллагын тарифаар тооцолгүй, уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэрийн тарифаар буруу тооцон 121 372 608 төгрөг илүү авсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон боловч мөн баримтуудаар хариуцагч нь 2011 оноос хойш 701 707 802.62 төгрөгийн эрчим хүч хэрэглэснээс тус компанийн илүү суутгаж авсан төлбөр болон эрчим хүчний үнэд төлсөн нийт 694 991 659 төгрөгийг хасч тооцоход 6 719 407.98 төгрөгийн өглөгтэй гэдэг нь тогтоогдсон ба үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Хариуцагч ДЦХХК нь үндэслэлгүйгээр эрчим хүч тасалсны улмаас  олох ёстой байсан орлого болон ажилчдад сул зогсолтын цалин хөлс төлсөн, цахилгааны төлбөр төлөх зорилгоор бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс доогуур борлуулсан гэх үндэслэлээр УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хохирол шаардсан.

Хариуцагч Дөлцамхаг ХХК, нэхэмжлэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ болон Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэсэн эрчим хүчний үнэ төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 29/80, 16-ны өдрийн 29/79 тоот албан бичгээр УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв болон Өндөр хүчдэл түгээх төвд хандан хариуцагч “Дөл цамхаг” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хариуцагчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

Зохигчид цахилгаан эрчим хүч түдгэлзүүлсэн хугацааны хувьд маргаж, нэхэмжлэгч нь “... 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тасалсан ...” гэж, хариуцагч тал “... цахилгааныг 5 хоног залгаад буцаагаад тасалсан ...” гэж мэтгэлцэх боловч Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаас харахад эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл түдгэлзүүлэх эрхтэй учир талуудын хугацааны хувьд маргаж байгаа үйл баримт нь ач холбогдолгүй юм.

Хариуцагч ДЦХХК нь хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөөгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир нэхэмжлэгч байгууллагаас эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлсэнтэй холбоотой хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2017/00193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 449 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

           

                               ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                         

                                                                                   Ч.ЦЭНД