Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 447/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

       

                             

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал,

   Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1934009230051 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1911 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймаг Улиастай сум, 1 дүгээр баг, Жинст гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, оюуны хөнгөн хомсдол эмгэг өвчтэй, хэрэг хариуцах чадвартай, Б.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн “Мөсөнгийн гарам” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн М.Удаанжаргалын гэрт туслах малчнаар очиж ажиллаж байхдаа түүний эзэмшлийн гартааман хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, мөнгөн бүс, хромон гутал, хутга зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэж, иргэн М.Удаанжаргалд 12.571.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Б.А нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-23 тал/, Хохирогч М.Удаанжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/, Гэрч Ж.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/, Гэрч Д.Раднаабазарын мэдүүлэг /хх-ийн 32-35 тал/, Гэрч Г.Амарсанаагийн мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/, шүүгдэгч Б.Агийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 859 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-48 тал/, “Эй Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07/460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-64 тал/, “Эй Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07/97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-79 тал/, Хохирогч М.Удаанжаргалын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/, шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 114 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 784 дугаартай дүгнэлт /хх-ийн 157-154 тал/ болон шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн “Мөсөнгийн гарам” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн М.Удаанжаргалын гэрт туслах малчнаар очиж ажиллаж байхдаа түүний эзэмшлийн гартааман хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, мөнгөн бүс, хромон гутал, хутга зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэж, иргэн М.Удаанжаргалд 12.571.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-23 тал/,

-Хохирогч М.Удаанжаргалын гэрчээр өгсөн “...Манайх Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Мөсөнгийн гарам гэх газарт оршин суудаг. Манай эхнэр Ж.Энхжаргал элэг нь өвдөөд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу цуг яваад би ганцаараа 09 дүгээр сарын 24-нд ирээд буцаад орой нь хот явчихсан. Тэр үедээ гэртээ Б.А гэх залууг үлдээгээд явсан. 09 дүгээр сарын 27-нд буцаад хотоос гэртээ ганцаараа ирсэн. Тэр үед Б.А гэх залуу гэрт байж байсан. 10 дугаар сарын 06-нд буцаад хот руу яваад 10 дугаар сарын 13-нд буцаад гэрт ирсэн чинь гэр хоосон, хүнгүй байсан. Тэгээд юм аа үзтэл орос хромон гутал, гартааман хөөрөг, 1 ширхэг хутга байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/,

-Гэрч Ж.Энхжаргалын “...2019 оны 10 дугаар сарын 13-нд манай өвгөн М.Удаанжаргал Улаанбаатар хотоос Заамар сум дахь гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очсон чинь манайд үлдээсэн Б.А гэх хүү байхгүй болчихсон хонь эзэнгүй ууланд хоёр, гурван хэсэг хуваагдчихсан байсан гэсэн. Гэрт байгаа юм аа үзсэн чинь хуучин цагийн дунд гарын гартааман хөөрөг, орос хромон гутал 1 хос алдчихсан байна гэж бодсон чинь нэмээд юм аа бүртгэсэн чинь цайрдмал мөнгөн бүс, цайрдмал мөнгөн аяга алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

-Гэрч Д.Раднаабазарын “...Миний хүү Б.А нь үе үе гарч яваад алга болчихдог, сүүлд 1 сар гаруй алга болсон. Тэгээд Тэнгис кино театрын өмнөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-нд олоод гэртээ 1 хонуулаад М.Удаанжаргал гэх айл руу мал маллуулахаар явуулсан. Тэгээд 10 дугаар сарын дундуур М.Удаанжаргалын эхнэр нь яриад хонь мал эзгүй хаяад явчихсан байна гэсэн. Тэгээд цайрдсан зэс аяга, цайрдсан бүс, хромон гутал, хөөрөг аваад явчихсан байсан гэсэн. Тэгэхээр нь би хүүгээ хайгаад Гачууртын эцсийн буудал дээр цэнхэр хаалгатай хуучин манай хамар хашааны хавиар явж байгаад тэнд таараад гэр рүүгээ авч явсан. Алга болохоороо Гачуурт хавиар явж байдаг, тэгээд олж авсан. Олж авахад хромыг нь өмсчихсөн, цэнхэр дээлтэй явж байсан. Тэгээд гэртээ авч ирээд уулзсан чинь хөөрөг Нарантуул зах дээр хүнд 15.000 төгрөгөөр өгөөд, багшийн дээдийн тэнд “PC” буюу компьютер тоглоомын газарт хоносон, бүс, аяга хоёр нь манай найзад байгаа гэж хэлэхээр нь маргааш нь нөгөө банди дээр нь очоод бүс, аягийг нь аваад хромон гуталтай нь М.Удаанжаргалд телевизийн тэнд аваачиж өгсөн. Аяга бүс авсан өдөр хөөргийг нь авах гээд захаар явж байгаад Б.А зугтаачихсан. Одоо болтол олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-35 тал/,

-Гэрч Г.Амарсанаагийн “...Б.А 2018 оны 06 дугаар сард надад чихэвч авах уу гээд танилцаж байсан. Миний ажилладаг зогсоолын энэ хавиар эргэлдээд байдаг байсан. 2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Б.А ирээд тусалдагт баярлалаа май энэ аяганд цай ууж байгаарай гээд аяга өгсөн. Тэгснээ хонох газар алга яах уу гэхээр нь би “PC”-нд буюу компьютер тоглоомын газар хонохгүй юу даа гээд 4000 төгрөг өгсөн. Тэгсэн чинь за баярлалаа найз нь тусыг чинь мартахгүй ээ гээд тэгснээ найз охиндоо өгөөрэй гээд бүс өгсөн. Тэгэхээр нь би энэ чинь хулгайн юм биш биздээ, би гэртээ хадгалж байя, ич асуудал гарвал залгаарай гээд утасны дугаараа цаасан дээр бичиж өгөөд түрийвчнийх нь арын хэсэгт хийж өгсөн. Тэгээд салсан тэр өдрөөс 2 хоногийн дараа ээж нь утсаар яриад уулзаад бүс, аяга хоёрыг нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

-Шүүгдэгч Б.Агийн гэрчээр өгсөн “...Би Заамарын гарам гэх газрын хажууд нэрийг нь одоо санахгүй байна, нэг малчнаар ажиллах гээд очсон, тухайн айлд 2 сар болоод цалингаа авч болох уу гэсэн чинь, тэр хүн өөрөө мал зардаг, цалингаа байж бай гэсэн. Гэрийн эзэн нь Улаанбаатар хот руу явж мал зарна гээд портертой яваад 2 хоноод ирсэн, буцаж ирээд портероо үлдээгээд  жижиг цагаан машинаа унаад Улаанбаатар хот руу авгай руугаа яваад өгсөн. Явсан өдрийн орой нь би тэр хүн рүү залгасан чинь би хотод байна, чи юу хийж байна гэхээр нь би хонин дээрээ байна гээд утсаар ярилцсан. Утсаар ярьчхаад гэрийнх нь ойролцоо хонийг нь ойртуулчхаад гэрээс нь эмэгтэй хүний мөнгөн бүс, алагдуу өнгөтэй жижиг хөөрөг, дунд зэргийн 1 ширхэг мөнгөн аяга, хромон гутлыг нь өмсөөд явсан, хөөрөгтэй цуг хөөрөгний дайлан байсан тэрийг авсан. Гэрээс нь гараад хойд зүгт яваад уурхайн хамгаалагч дээр очоод хот орох гэсэн юм гэсэн чинь харуулын ээлж солигдохоор өглөө чамайг хот явдаг газар руу хүргээд өгөх байх гэж хэлээд би тэндээ хоноод, өглөө нь ээлж солигдоод намайг автобус ирнэ гээд нэг газар хүргэж өгөөд, тэгсэн чинь жижиг шар автобус ирээд тэрэнд суугаад Улаанбаатар хот руу ирээд Сүхбаатарын талбай ороод найз н.Амараа дээр очиж уулзаад, тэндээ н.Амараад авгайдаа өгөөрэй гээд мөнгөн бүсийг нь бэлгэлчихсэн. Мөнгөн аягануудыг нь гудамжинд сав түүгээд явж байдаг ядарсан хүмүүст тараагаад өгчихсөн, хөөргийг нь Нарантуул зах дээр хөөрөг авдаг хүмүүст 30.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд гадуур 3 хоног яваад гэртээ очсон. Тэгсэн чинь ээж намайг загнаад, би ээжид үнэнгээ хэлээд хүмүүстэй нь уулзаад маргааш нь Нарантуул зах яваад хөргөө хайсан чинь хөөрөг зарсан хүнээ олоогүй, тэгээд ээж наанаа байж байгаарай гээд хүнтэй уулзах гээд явсан хойгуур нь би зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 859 дугаартай “... Б.А нь F70. Оюун хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Б.А нь сэтгэцийн хувьд F70. Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Б.А нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-48 тал/,

-“Эй Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07/460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-64 тал/,

-“Эй Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07/97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-79 тал/,

-Хохирогч М.Удаанжаргалын дахин өгсөн “...Б.А нь 2019 оны 10 дугаар сард манайд туслах малчингаар мал маллаж байх үедээ манай гэрээс хөөрөг, 2 ширхэг цайрдмал аяга ба харахад мөнгөн аяга шиг, эмэгтэй хүний мөнгөн бүс, хромон гутал, хуучин хутга 1 ширхэг зэргийг хулгай хийгээд, малаа хаяад явсан. Тэгээд сүүлд надад эмэгтэй хүний мөнгөн бүс, 2 ширхэг цайрдмал аяга, хромон гутал зэргийг авч ирээд өгсөн. Тиймээс би цаашид хуучин гартааман хөөрөг, хутга зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/,

-Шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар дахин өгсөн “...2020 онд байх би нэг их сайн санахгүй байна. Би  нэрийг нь бас мартчихсан байна, ямар ч байсан малыг хариулдаг байсан. Надад сард 300.000 төгрөгийн цалин өгч байсан. Би нэг сарын хугацаанд малыг нь харсан. Удалгүй гэр лүүгээ явмаар санагдаад байхаар нь тэр айлын авдар дотор нь байх хөөрөг байхаар нь аваад Улаанбаатар хот руу автобусанд суугаад явсан. Улаанбаатар хотод байх Нарантуул нэртэй зах дээр очоод тухайн хөөргөө зарсан, би мөнгөний тоо мэдэхгүй байна надад ямар ч байсан мөнгө өгсөн, би тухайн мөнгөөр идэж уух юм авч идээд дуусгасан. Би Улаанбаатар хот явах гээд авчихсан, би хийсэн зүйлдээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 тал/,

-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 784 дугаартай “Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.А нь сэтгэцийн хувьд өөрийн сэтгэцийн түвшинд харсан, сонссон, мэдсэн, оролцсон зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 153-154 тал/ болон шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар  нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдааны товыг хохирогч М.Удаанжаргалд мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ” ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалаас “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Б.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно ” гэж заасан шаардлагыг шүүгдэгч Б.А хангасан байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Агийн холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн цаг хүрээнд хамрагдсан боловч түүний хувийн байдлыг харгалзан эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас чөлөөлсүгэй.

 

  1. Эрүүгийн 1934009230051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА