Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 462/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар С.Сүрэнхорол,

   -шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А холбогдох эрүүгийн 2034000000704 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-Сэлэнгэ аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-мөн тус шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.15, 91.2.18, 125.1, 126.1-т тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэнийг сэргээж 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэсэн ялыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн,

-Мөн Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар 18 жил, 04 сар, 26 хоног болсон үлдэгдэл 04 жил, 06 сар, 24 хоногийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Бөрт овогтой М.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.А нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний орой 18-19 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар Мөнхжаргалантын 13-1301 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Төрмөнх нь “түүний эхнэр Б.Оюунболорыг нүүр амаа будаад хөөрхөн болжээ гэж хэлсэн” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар Л.Төрмөнхийг зүүн шуу орчимд нь хутгаар хутгалж, биед нь зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол, мөн Я.Ганболдыг зүүн шуу орчимд нь хутгаар хутгалж, зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6 тал/, эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 тал/, Хохирогч Я.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, хохирогч Л.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, шүүгдэгч М.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, Гэрч Д.Гэрэлтнарангийн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/, Гэрч Т.Юнаагийн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №08 шэ/875 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №08 шэ/874 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 тал/, шүүгдэгч М.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/ болон шүүгдэгч М.Аын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримт зэрэг болно.

Шүүгдэгч М.А нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний орой 18-19 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар Мөнхжаргалантын 13-1301 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Төрмөнх нь “түүний эхнэр Б.Оюунболорыг нүүр амаа будаад хөөрхөн болжээ гэж хэлсэн” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар Л.Төрмөнхийг зүүн шуу орчимд нь хутгаар хутгалж, биед нь зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол, мөн Я.Ганболдыг зүүн шуу орчимд нь хутгаар хутгалж, зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6 тал/,

-Эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 тал/,

-Хохирогч Я.Ганболдын “...2020 оны 11 дүгээр сард би хэсэг хүмүүсийн хамтаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд самар түүхээр яваад, самар түүж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уулнаас бууж Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар баг Мөнхжаргалантын 13-1301 тоотод байх хүний зуны байшинд самар түүж ирсэн хүмүүстэй хамт түр хугацаанд амарч байрласан. Уулнаас бууж ирсэн өдрөө бид нар амрангаа тодорхой хэмжээнд архи дарс хэрэглээд унтаж амарцгаасан. Маргааш нь бид  нар өглөө босож хоол унд хийж идээд 3 шил 0.75 литрийн Хараа архи 7-8 хүний хамтаар бүгд хувааж ууцгаасан. Өдөр 15 цагийн үед архи ууж байхдаа би тамхи татахаар гараад байшингийн гадаа тамхиа татаж сууж байтал байшингаас  н.Төрмөнх “хутга” гэж орилоод гүйгээд гараад ирсэн, араас нь М.А баруун гартаа жижиг шар иштэй хутга бариад “алаад өгье” гээд хөөж гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь М.Аын урдуур гүйж ороод салгах гэтэл М.А миний зүүн гарын шууны гадар хэсэгт гартаа барьж байсан хутгаараа хоёр удаа чичээд хутгалчихсан. Тэгээд би газар цусаа гоожуулаад суучихсан. Тухайн үед нэг нь М.Аыг салгаж авч ороод байшин руу орсон. Тухайн үед н.Төрмөнхийг М.А зүүн гарын дотор талд нь бас хутгалчихсан байсан. н.Төрмөнхийг хэзээ нь яаж хутгалсныг би харж чадаагүй, байшин дотор хутгалчихсан юм билээ, яагаад бид нарыг хутгалах болсныг мэдээгүй, намайг салгах гэж байхад үгийн зөрүүгүй хутгалчхаад явчихсан юм. Тэгээд би гараа хутгалуулчхаад н.Төрмөнхийн хамтаар ойролцоох сумын эмнэлэг рүү очиж боолт хийлгэсэн юм...” мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Хохирогч Л.Төрмөнхийн “...2020 оны 11 дүгээр сард би хэсэг хүмүүсийн хамтаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд самар түүхээр яваад, самар түүж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уулнаас бууж Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар баг Мөнхжаргалантын 13-1301 тоотод байх хүний зуны байшинд самар түүж ирсэн хүмүүстэй хамт түр хугацаанд амарч байрласан юм. Тэгээд бид хэд 3 шил архи уугаад байж байсан чинь М.А гэх залуу гэнэт мах идэж байсан хутгыг барьж босож ирээд Л.Төрмөнхөө гэхээр нь би эргээд хартал миний зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хутгалаад дараа нь зүүн ташаа хэсэгт 1 удаа хутгалахаар нь би н.Гамбаа хутга гэж хэлээд байшингаас гараад зугтаж байгаад эргээд харсан чинь Я.Ганболдыг М.А зүүн гар руу нь хутгалж байгаа харагдсан. Тэгэхээр би эргэж очоод Я.Ганболдыг аваад Мөнгөнморьт сумын Эрүүл мэндийн төв орохоор явсан. Эмнэлэг дээр ирээд бид хоёрын хутганы шарханд оёдол тавиулаад эргээд нөгөө байрлаж байсан зуны байшиндаа очсон чинь М.А байхгүй байсан. Тухайн байшингийн эзнээс манай хэд хаашаа явсан юм гэж асуутал цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 байшиндаа орж ирээд шөнө байсан болохоор унтсан. Маргааш өглөө нь бид хоёрыг цагдаа яриад дуудахаар нь яваад очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

-Шүүгдэгч М.Аын гэрчээр өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулнаас самар түүж ирсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явах гэсэн чинь хөл хорио тавьсан гээд гаргахгүй байсан. н.Улмаа гэж эгчтэй танилцаад буцаад уул руу самарт гарах зорилгоор Мөнгөнморьт суманд үлдсэн өөр очих айл байхгүй болохоор нь тэнд хэд хоног байхаар болсон. н.Улмаа эгчтэй танилцсан гээд Я.Ганболд, Л.Төрмөнх, манай эхнэр н.Оюунболор бид нар 7-8 шил 0.75 литртэй архи уусан. Бүгд л их согтсон. Л.Төрмөнх манай эхнэр н.Оюунболорыг өдөж хоргоогоод, манай энэ сайхан амьтан байгаа юм гээд тэвэрч янз бүр болоод байсан. Би уурлаад Л.Төрмөнхтэй зодолдсон чинь Я.Ганболд хажуугаар орж ирээд зодолдсон асуудал гарсан. Би хаанаас хутга гарч ирснийг бол санахгүй байна. Я.Ганболд, Л.Төрмөнх хоёрын гар хэсэг рүү хатгаж, хутгалснаа санаж байна. Удалгүй цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Гэрч Д.Гэрэлтнарагийн “...2020 оны 11 дүгээр сарын 14-ний 19 цаг 20 минутын үед Эрүүл мэндийн төвд хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Я.Ганболд гэх залуугийн зүүн гарын бугалга орчим нэвтэрсэн шархтай, мөн зүүн гарын шуу орчим бас нэвтэрсэн шархтай ба тэр хоёр шархнаас цус алдсан байдалтай байсан. Нөгөө залуу Л.Төрмөнх нь зүүн гарын шуунд нэвтэрсэн шархтай, шарх нь өнгөцхөн, ташаа орчим хатгагдсан шархтай орж ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

Гэрч Т.Юнаагийн “...2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээлжийн сувилагчаар үүргээ гүйцэтгэж байхад орой 19 цагийн орчимд гарандаа хутганы шархтай, хувцас нь буц болсон 2 эрэгтэй хүн, хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай цуг орж ирсэн. Тэгээд тэр хоёр хүний биеийн байдлыг үнэлээд Я.Ганболд гэх хүн нь цус их алдсан, гарандаа 2 хутганы шархтай байсан учир түрүүлж шарханд нь оёдол тавьж, цэвэр боолт хийсэн. Тэгээд дусал тариа хийсэн. Нөгөө залуу Л.Төрмөнх гэх залуу хүнд гарын шуу, ташаа хэсэгт нийт 5 оёдол хийж цэвэр боолт хийсэн. Тэгээд Я.Ганболд, Л.Төрмөнх нарын артерийн даралт, судасны цохилтыг хэмжиж байгаад 2 цаг орчим сувилагчийн хяналтад байлгаж байгаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №08 шэ/875 дугаартай “...Л.Төрмөнхийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №08 шэ/874 дугаартай “...Я.Ганболдын биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

-Шүүгдэгч М.А-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймаг Мөнгөнморьт сумын ууланд самар түүж байгаад бууж ирээд сумын төвд эхнэртэйгээ Буурал нэртэй дэн буудалд 1 хоночхоод маргааш нь эхнэр бид 2-ын байрлаж байсан буудалд н.Улмаа эгч н.Баярмагнай ах, Л.Төрмөнх, Я.Ганболд, н.Пунцаг нар ирээд бид хэд хот явлаа, шууд явах унаа олсон. Та хоёр явах юм уу гэхээр нь тэгье гээд машинд нь суугаад Улаанбаатар хот, Багануур дүүрэг орсон чинь Улаанбаатар хот явуулахгүй, хорьсон байсан. Тэгээд бид хэд хэд хонох газар олдохгүй болохоор нь бид хэд буцаад Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явсан. Тэгээд Мөнгөнморьт сумын төв дээр ирээд н.Улмаа эгчийн хашаанд нь очоод н.Улмаа эгчийн өвлийн байшинд бүгдээрээ газраар хөнжил гудсаа дэвсээд унтсан. Маргаан өглөө нь эхнэр бид 2 босоод гадуур гарч сумын дэлгүүрээр орж эхнэртээ хувцас авч өгчхөөд үдээс хойш н.Улмаа эгчийнд очсон чинь тэр хэд бөөндөө нийлээд архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 очоод тэд нартай цуг архи уусан. Дараа нь Л.Төрмөнх манай эхнэр н.Оюунболорыг тэвэрч аваад ямар хөөрхөн болчихсон юм бэ гээд хацар дээр нь үнссэн. Тэгэхээр нь би уурлаад Л.Төрмөнхтэй зодолдсон чинь Я.Ганболд босож ирээд намайг цохиод авсан. Тэгээд тэр 2 нийлээд зодохоор нь би газар унасан байсан болохоор босож ирээд куртикээ авах гээд гал тогооны өрөөнд орсон чинь шүүгээн дээр нь шар өнгийн иштэй хутга байхаар нь аваад Л.Төрмөнх дээр очоод хохино шүү хар пизда минь гэж хутгаараа зүүн гар руу нь нэг удаа хутгалсан. Тэгсэн чинь Я.Ганболд хажуу талаас орж ирээд хаах гэж байна гээд гараа миний барьж байсан хутганы урдуур оруулаад ирсэн. Тэгтэл би Я.Ганболдын гар руу нь 2 удаа хутгалсан. Дараа нь би дахин далайгаад Л.Төрмөнхийн зүүн гуя хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгсэн чинь Л.Төрмөнх, Я.Ганболд нар байшингаас гараад зугтаасан. Дараа нь Л.Төрмөнх, Я.Ганболд нар буцаад байшинд орж ирээд хутгалчихсан байна шдээ андаа гээд Л.Төрмөнх хэлсэн. Тэгэхээр нь би хатгачихсан байна уу гэсэн чинь буцаад гараад явсан. Тэгээд байшинд сууж байсан чинь гаднаас 3 цагдаа орж ирээд намайг цагдаагийн хэсэг рүү аваад явсан...” мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Анбаярын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Я.Ганболдын биед “зүүн шуунд шарх” гэмтэл, хохирогч Л.Төрмөнхийн биед “зүүн шуунд шарх” гэмтэл тус тус учруулсан шүүгдэгч М.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн А/216/422 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Л.Төрмөнх, Я.Ганболд нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч М.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч М.Аыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Аыг хохирогч Л.Төрмөнх, Я.Ганболд нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Л.Төрмөнх, Я.Ганболд нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ” гэсэн боловч хэрэгт эмчилгээний талаарх баримт авагдаагүй шүүхэд нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Л.Төрмөнх, Я.Ганболд нарт энэ гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “ шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгүүлэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн тооцоход 62 хоног болж байх тул 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 78 дугаартай Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 4 жил 6 сар 14 хоногийн тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 8 сар 26  хоногийн хорих ялыг оногдуулж биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс “. Улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч М.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч М.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.....өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч М.Ат энэ тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 62 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай шийтгэх оногдуулсан 25 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А нь “ Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн материалд шүүгдэгч М.А нь “ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 93 тоот Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  .дугаар зүйлийн шүүгчийн захирамжид дурдагдсанаар “Бөрт овогт М.А-ийн 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт хамрагдаж байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгосон нь “ тогтоогдож байх тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.А нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 41 хоног, нийт 43 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бөрт овогт М.А-г хүндрүүлэх нөхцөлтэйгээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Бөрт овогтой М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ат энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн 1 /нэг/ хоногоор тооцож 62 /жаран хоёр/ хоногийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А оногдуулсан 4 /дөрөв/ жил, 8 сар, 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА