Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 463/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Г.Энхбат,

   Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн 2134000000395 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шалналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 11 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутаг “Алаг чулуу” гэх газар бусдын алдуул мал болох 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 2.188.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Б.Д нь мэдүүлэхдээ: “ 2 адуу 2, 3 сар эзэнгүй яваад байхаар нь хийгээд идчихсэн юм. Миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хохирогч Г.Насанбатын мэдүүлэг /хх-ийн 7 тал/, хохирогч Б.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 10 тал/, гэрч С.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, шүүгдэгч Б.Дийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/321 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-36 тал/, шүүгдэгч Д.Пүрэвдоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49 тал/ болон шүүгдэгч Б.Д хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 11 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутаг “Алаг чулуу” гэх газар бусдын алдуул мал болох 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 2.188.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

-Хохирогч Г.Насанбатын “...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэрийнхээ хамтаар мал маллан амьдардаг юм. Би өөрөө нодлин жил буюу 2020 оны 10 дугаар сарын дундуур “Талын баян” гэдэг газраас өөрийнхөө засаатай азарган хээр алаг зүсмийн хязаалан үрээгээ н.Овд гэдэг нэртэй хүний сувай зээрд халзан зүсмийн гүүтэй хамт алдсан. Тэгээд алдсан цагаасаа хойш адууныхаа эрэлд гурав, дөрөв хоног явсан. Тэр үед н.Овд эхнэртэйгээ хамт адууныхаа эрэлд бас яваад байх шиг байсан. Тухайн үед ямар нэгэн сураг, ажиг гараагүй. Тэгээд Д.Пүрэвдоржийг манай адууг хийсэн байна гэж хүмүүсээс сонсоод Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

-Хохирогч Б.Цэцэгмаагийн “...Би нөхөр н.Оводын хамтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг Оргиоч гэх газарт мал маллаж амьдардаг юм. Манай нөхөр хөдөө малд явчихдаг учраас байнгын завгүй байдаг. Тийм учраас би хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм. Манайх 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр их цас ороод манай хээр халзан зүсмийн гүү адуунаасаа сарниад алга болсон. Ингээд түүнээс хойш олдохгүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын дундуур Улаанбаатар яваад ирж байгаад нутгийн н.Жаргалдэлгэр гэх хүнээс утсаар сураг тавихад танай алдсан гүү н.Насанбатгуйан алдсан азарган үрээ хоёр Б.Д гуйан хавьцаа алга болсон юм биш үү гэж хэлсэн. Ингээд би түүнээс хойш цас ихтэй байсан учраас сураг тавьж чадахгүй байж байгаад н.Галбадрах гэх хүн н.Батбаатараас Г.Насанбат гуайн азарган үрээ, н.Овод ахын гүү хоёрыг би Б.Д ахыг гуйгаад байхаар нь хийгээд өгчихсөн юм гэж хэлж байна гэж сураг сонсоод мэдсэн юм. Ингээд Б.Д гуай бие муутай хүн юм болохоор нь өрөвдөөд өргөдөл өгөөгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

-Гэрч С.Батбаатарын “...Би одоогоор яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан 2020 оны 11 дүгээр сарын дундуур намайг сумын төвд гэртээ байж байхад Б.Д над руу гар утсаар залгаад адуу хийгээд өгчих гэхээр нь би завгүй байна аа гэж хэлж байсан. Тэгтэл 2, 3 өдөр дараалан над руу залгаж адуу хийгээд өгчих л дөө гээд гуйгаад байхаар нь би эхнэрийгээ дагуулаад мотоциклоо унаад Б.Д гуйан гэрт нь очиход гэрийнхээ хажуу талын малын хашаанд нь хоёр адуу байсан. Тэгтэл тэр хоёр адууг хоёуланг нь хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгээд Б.Д гуай бид хоёр тэр хоёр адууг хамтдаа хийсэн. Тухайн үед би эхнэртэйгээ өглөө нь 10 цагийн орчимд очоод өдөр 14 цаг гэхэд хоёуланг нь хийгээд дуусчихсан юм. Тухайн хоёр адуу нь нэг нь дөрвөн хөл цагаан, хээр алаг зүсмийн, бас сүүл хондлой хэсэг рүүгээ цагаантай засаатай азарган үрээ байсан. Би тамгыг нь сайн мэдэхгүй байна. Харин нөгөө адуу нь биеэр жоохон жижгэвтэр. Тэгсэн мөртлөө ямар ч байсан багавтар адуу бол биш ээ би насыг нь хэлж мэдэхгүй байна. Зээрд халзан зүсмийн гүү байсан, би тамгыг нь бас л анзаарч чадаагүй. Тухайн хоёр адууг Б.Д гуайн гэрийнх нь зүүн талд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/321 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-36 тал/,

-Шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн “...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн иргэн байгаа юм. Хөдөө мал маллаж амьдардаг юм. Ноднин жил буюу 2020 оны 11 дүгээр сард манай гадуур гадсан сартай зээрд халзан гүү, 4 хөл шийр цагаан хар алаг азарган үрээ хоёр эзэнгүй яваад байхаар нь нутгийн С.Батбаатар гэх хүнийг гуйж гэрийнхээ гадаа хийлгүүлээд идшиндээ хэрэглэсэн...” мэдүүлэг /хх-ийн 49 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, захиран зарцуулсан байдаг байна.

Шүүгдэгч Б.Д нь 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зохих байгууллага болон иргэнд мэдэгдэхгүйгээр хохирогч нарын алдуул малыг өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Д нь гэрийн гадаа нь ирсэн  2 тооны адууг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хууль бус аргаар өөртөө авч захиран зарцуулсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдааныг товыг хохирогч Г.Насанбат, Б.Цэцэгмаа нарт мэдэгдэхэд “хохирлоо төлчихвөл гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаан оролцохгүй” гэсэн бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.Дээс хохирогч Г.Насанбатад 1.188.000 төгрөг, хохирогч Б.Цэцэгмаад 1.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнг, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд завсарлуулж, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Г.Насанбат, хохирогч Б.Цэцэгмаа нарт төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Дээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хаамаар байгаа, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох ” ялын дүгнэлтийг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нь: “Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан нийт 2.188.000 төгрөгийн хохирлын төлсөн байгаа. Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргаагүй. Тийм учраас хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.”гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Дийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх бөгөөд Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлин 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Дийг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА