Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 007

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Гомдол гаргагч: Дэлүүн сумын 9 дүгээр багийн оршин суугч тус сумын Хурлын дарга ажилтай А.Нийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хд холбогдох,

            “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаартай актыг хүчингүй болгох”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Бын цалингийн нөхөн олговорт 3.279.200 мянган төгрөгийг Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулахаар болсон юм. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт уг хохирлыг шууд А.Н хариуцан төлөх тухай заалт байхгүй юм. Нэхэмжлэгч А.Быг Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н би дангаараа гаргаагүй юм.

 Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан юм. Ер нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хамтын шийдвэрийг олонхын саналаар гаргадаг нутгийн өөрөө удирдах ёсны төрт байгууллага юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалан явуулах нь Хурлын дарга А.Нийн бүрэн эрхийн асуудал боловч аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ганц л саналын таслах эрхтэй оролцдог юм. Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 7 гишүүнтэй юм. Нэгэнт хамтын удирдлагын байгууллагаас олонхын саналаар гаргасан шийдвэрийг баталгаажуулах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэг билээ.

Иймд А.Быг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөд А.Н би ганцаараа дур мэдэн шийдвэр гаргаагүй учраас уг хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаартай актыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд 2019 оны  10 дугаар сарын 11-ний өдрийн 003 албан бичгээр гомдол гаргасан юм. Сангийн яам 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13-2/6997 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу ирүүлсэн. Уг хариу бичгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 003 албан бичгээр гаргасан юм. Сангийн яам 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13-2/6997 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу ирүүлсэн.

Уг хариу бичгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дэлүүн сумын шуудангаас хүлээн авсан юм. Иймээс А.Н би цаашид зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 Иймд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаартай актыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаартай акт гаргасан байна. Тухайн үед уг актыг нэхэмжлэгчид танилцуулсан. Нэхэмжлэгч уг актыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд 2019 оны  10 дугаар сарын 11-ний өдрийн 003 албан бичгээр гомдол гаргасан боловч Сангийн яам 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13-2/6997 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу ирүүлсэн. Тийм учраас маргаан бүхий актыг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл нь улсын байцаагчийн актад “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н” гэж бичсэн байгаа. Бодит байдалд Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн орон тоо байдаг. А.Быг ажлаас чөлөөлсөн тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын хуралдаанаар шийдвэрлэсэн. Хурлын даргад ямарваа хүнийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх бүрэн эрх нь хуулиар олгогдоогүй байгаа. Аудитын байгууллага акт тавихдаа хохирол 3.279.200 төгрөгийг зөвхөн иргэн А.Нээр төлүүлэхээр акт тавьж байгаад нь маргаж байгаа. Хурлын нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх эрх нь Хурлын даргад олгогдоогүй, Тэргүүлэгчдийн хамтын шийдвэрээр ажлаас чөлөөлдөг.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Быг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, олонхын саналаар шийдвэрлэсэн байгаа. Тиймээс уг асуудалд зөвхөн А.Нийг буруутгах нь учир дутагдалтай. Санхүүгийн хяналт, аудитын байгууллага акт тавихдаа тухайн А.Н ганцаараа өөрөө бие дааж шийдвэр гаргах албан тушаалтан мөн үү гэдгийг нягталж үзэлгүйгээр, А.Нээс хохирол 3.279.200 төгрөгийг гаргуулахаар акт тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Ийм учраас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаартай актыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн  хариу тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай А.Быг хууль бус ажлаас халсан нь бүх шатны шүүхээр тогтоогдож, А.Бад 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 3.279.200 /гурван сая хоёр зуун далан есөн мянган хоёр зуун/ төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин болгон шүүхийг тогтоолыг үндэслэн олгожээ.

 Уг мөнгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “ иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэсэн заалтыг үндэслэн төрийн аудитын байгууллагын ирүүлсэн албан шаардлагын дагуу улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 тоот акт тогтоосон болно.

Уг актыг улсын ерөнхий байцаагч бөгөөд Сангийн сайд хянаж үзээд, акт үндэслэлтэй болох талаар хариу ирүүлсэн болно. Иймд уг актаар тавигдсан 3.279.200 /гурван сая хоёр зуун далан есөн мянган хоёр зуун/ төгрөгийг А.Быг хууль бус ажлаас халсан Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н төлөхгүй гэх үндэслэл байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дэлүүн сумын 9 дүгээр багийн оршин суугч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай А.Нээс  Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хд  холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хы 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаартай актыг[1] хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагч Х.Х нь маргаан бүхий захиргааны актаар  “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Быг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь  шүүхээр тогтоогдсон, түүнд олгосон ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг улсын төсвөөс олгосон, улсын төсөвт учруулсан  хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасныг баримтлан   А.Нээс 3.279.200 /гурван сая хоёр зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ажилтай А.Быг  Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор[2] албан тушаалаас нь чөлөөлж, иргэний танхимын зохицуулагчаар томилсон, Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг А.Б нь эс зөвшөөрч тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан,  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын  19-ний өдрийн 110/ШШ2017/0005 дугаартай шийдвэрээр[3] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.279.186 төгрөгийг Хурлын төсвөөс гаргуулан А.Бад олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж биелэгджээ.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШЗ2017/0108 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж[4], Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/473 дугаартай мэдэгдэл[5], 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн 00002308 дугаартай хүсэлт[6] зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид нь энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч А.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Быг албан тушаалаас нь чөлөөлөхөд хамтын шийдвэр гаргасан,  би ганцаараа дур мэдэн шийдвэр гаргаагүй учраас уг хохирлыг дангаараа барагдуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно”, 20.4-т “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна”,  22 дугаар зүйлийн 22.1.6-т “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ажлын албатай байх, ажлын албаны дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн дарга байх, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Хурлын дарга нь Тэргүүлэгчдийн хуралдаанд  оруулах, улмаар Тэргүүлэгчид нь нарийн бичгийн даргыг томилох эсэхийг шийдвэрлэх асуудлыг тус тус зохицуулжээ.

Харин тухайн хуулиар Хурлын даргын бүрэн эрхэд  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх, халах эрх хэмжээг олгоогүй, энэхүү албан тушаалтныг  ажлаас чөлөөлөх, халах асуудлыг тусгайлан заагаагүй боловч хуулийн дээрх заалтуудын агуулгаас нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь томилох, чөлөөлөх, халах асуудлыг Тэргүүлэгчид Хурлын даргын саналыг үндэслэн   хуралдаанаараа хэлэлцэн олонхын  зарчмаар шийдвэрлэх эрхтэй гэж ойлгохоор байна. 

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Быг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Хурлын дарга Тэргүүлэгчдийн хуралдаанд  оруулж,  хуралдаанд нийт 7 Тэргүүлэгчийн 4-н  оролцож, олонхын шийдвэрээр   нарийн бичгийн даргын үүрэгт  ажлаас чөлөөлсөн  үйл баримт нь  А.Бын нэхэмжлэлтэй хэргээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан шаардлагыг хангаж авсан Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл[7], А.Нийн хариуцагчийн хувиар  гаргасан тайлбар[8],  Х.Ертай, Б.Айдос нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус  тогтоогдож байна.

Харин  А.Н нь Хурлын даргын хувьд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2-т заасан эрхийн хүрээнд   Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолд гарын үсэг зурж, ёсчлон баталгаажуулсан байх ба энэ тохиолдлыг  дангаараа шийдвэр гаргасан  гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”,103.3-т “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж тус тус заасан.

Хариуцагч нь хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар  аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/80 БӨА-2019/01/(СТА-ТЕ) дугаартай  аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад хүргүүлсэн албан шаардлагын[9] дагуу маргаан бүхий актыг гаргасан боловч Тэргүүлэгчдийн хамтын шийдвэрээр  А.Быг  нарийн бичгийн даргын албан тушаалаас  чөлөөлсөн байхад  тогтоолд гарын үсэг зурсныг үндэслэн   улсын төсвөөс А.Бад олгосон ажилгүй байсан хугацааны олговрыг зөвхөн   А.Нээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу, тодруулбал хуульд зааснаар улсын төсөвт учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас  төлүүлэх акт гаргасан хариуцагчийн үйлдэл  зөв боловч хуульд заасан  “...буруутай албан тушаалтан”-ыг бүрэн гүйцэт  тодорхойлоогүй тул маргаан бүхий актыг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.2-т заасан “ ... хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Учир нь,

Хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-т “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана”, 5.6-т “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, 5.9-т “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана”,”5.9.3-т “шалгуулагч этгээдийн санал, хүсэлт” гэж, Засгийн газрын 2018 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дотоод аудитын дүрмийн Зургаагийн   6.3-т “Дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь энэ журмын 6.1, 6.2-т зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 6.3.1-т “ санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах”, 6.3.2-т “хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж, гарын үсэг зурах”, 6.3.3-т “ хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах” гэж тус тус заасан.  

Хариуцагчаас хууль болон дүрмийн  дээрх заалтуудын дагуу шалгуулагч этгээд  А.Нт шалгалтын зорилгыг  танилцуулсан эсэх, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Р.Хуатханы баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн  26 дугаар удирдамжийг,  хяналтын хуудасны болон шалгалтын тэмдэглэлийн хувийг  өгсөн эсэх, шалгуулагчаас  холбогдох нотлох баримтуудыг болон тайлбар, санал хүсэлтийг нь авсан  эсэх, актыг гаргахдаа баримт нотолгоонд үндэслэсэн эсэх нь  тус тус тодорхойгүй, энэ талаар хариуцагч талаас баталгаажуулсан, баримтжуулсан нотлох баримтууд байхгүй тул хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хэрэв хариуцагчаас хуульд заасан дээрх  журмын дагуу хяналт шалгалтаа явуулсан бол  шалгуулагч этгээд нь холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх, улсын төсөвт учирсан хохирлыг нөхөн төлөх  буруутай албан тушаалтнуудын талаар үндэслэл бүхий тайлбар, хүсэлт, саналаа гаргах зэрэг эрхээр хангагдах байсан ба энэ тохиолдолд хариуцагчаас хууль ёсны, зөрчилгүй захиргааны акт гарах бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт болох аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаартай акт нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул  хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.6, 5.9, 5.9.3, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3-т  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Нээс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналтын улсын ахлах байцаагч Х.Хд холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-01/88 дугаар актыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан  улсын орлого болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 3 дугаар хуудас

[2] Хэргийн 4 дүгээр хуудас

[3] Хэргийн 50-57 дугаар хуудас

[4] Хэргийн 60 дугаар хуудас

[5] Хэргийн 67 дугаар хуудас

[6] Хэргийн 68 дугаар хуудас

[7] Хэргийн 33-35 дугаар хуудас                                                                         

[8] Хэргийн 29-30 дугаар хуудас

[9] Хэргийн 6-7 дугаар хуудас