Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,

            иргэдийн төлөөлөгч Б.Оюунбилэг,

           улсын яллагч Ц.Осоржамаа,

            хохирогч Ү.Эрдэнэхорол,

шүүгдэгч Т.Яндагдаваа, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал /ҮД:0-236/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Мөнхсум овогт Тогмидын Яндагдаваад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030194 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 13-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 30 дугаар гудамжны 472 тоотод оршин суух, 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын баривчлах ял, 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял, 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 231 дугаартай шийтгэх тогтоол, 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн шүүхийн 47 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 167 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, Мөнхсум овогт Тогмидын Яндагдаваа /РД:ВЕ72041316/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Яндагдаваа нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 16-18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 24-78 тоот хашаан дотор иргэн Ү.Эрдэнэхоролыг ямар ч шалтаг шалтгаангүй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний зүүн бугалганд нэг удаа хутгалж хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Яндагдаваа нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16-18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамжны 78 тоот хашаан дотор өөрийн эхнэрийн дүү болох Ү.Эрдэнэхоролтой 0.75 граммын 1 шил архийг хувааж уусныхаа дараа гэнэт гэрт байсан хутгыг авч ямар ч шалтгаангүй Ү.Эрдэнэхоролын зүүн гарт нь хутгалж биед нь хүндэвтэр гэмтэл учруулан, хашаа болон гудамжаар “чамайг ална даа” гэж хөөн хууль ёсны шаардлага тавьсан гэрч нар руу “чи дуугүй бай чамайг ч гэсэн хутгалчихна шүү” гэж зүй бусаар авирлан дахин хохирогчийг ална гэж хөөн танхайрсан  болох нь:

             1. Шүүгдэгч Т.Яндагдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тухайн хэрэг болсон. Манай хүүхэд яармагт байдаг хохирогч Ү.Эрдэнэхорол нь манай эхнэрийн дүү юм. Тухайн өдөр яармагт эхнэрийн гэрт 11 цагт очиход хохирогч Ү.Эрдэнэхорол тамхи асуухаар нь тамхи авч өгье гээд дэлгүүр орсон. Дэлгүүрт ороод хохирогч Ү.Эрдэнэхорол нэг пиво аваад өгчих гэж хэлэхээр нь нэг пиво авч өгсөн. Тэгээд машинаа хашаанд оруулчих, машинд чинь сууж байгаад пиво ууя гэхээр нь машинаа хашаанд оруулсан. Тэгээд байж байхад хохирогч Ү.Эрдэнэхорол “манай нэг найз ирж байна. Та ганц шил архи аваад өг” гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр нь би 0.75 грамм 1 шил архи авч өгөөд хамт уусан. Авч өгсөн архиа хувааж уучихаад гэртээ орж унтаад сэрэхэд хохирогч Эрдэнэхорол нь миний машиныг аваад явсан байсан. Тэгээд нь би хайгаад явахад Өлзийдэлгэрийн гадаа миний машин байсан. Би хохирогч Ү.Эрдэнэхоролын эгчтэй ёс журмын дагуу гэрлээд 4 жил болж байна. Хохирогч Ү.Эрдэнэхорол надад дээр үед 40 литр түлш зарж байсан. Түүнийг нь аваад машиндаа хийсэн үүнээс болж машины мотор цохьсон. Би хохирогч Ү.Эрдэнэхоролын төрсөн эгчтэй нь сууснаас хойш 3 жил болоход эзгүй хойгуур миний хүүхдийг дарамталдаг, хүүхэд зоддог байсан. Үүнийг эхнэртээ хэлэхээр эхнэр “орой хэрүүл хийлээ” гэж уурладаг байсан болохоор би чимээгүй байдаг байсан. Хохирогч Ү.Эрдэнэхорол нь миний зөвшөөрөлгүйгээр машиныг маань авч явдаг байсан. Хохирогч Ү.Эрдэнэхоролтой хамт амьдарч байх хугацаанд байнга дарамттай байдаг байсан...Маргалдаад хутгалсан...Гадаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ү.Эрдэнэхоролын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2015 оны 11 дүгээр сарын 06-нд эгчийндээ байж байхад 11 цаг өнгөрч байхад хүргэн ах Т.Яндагдаваа ирсэн. Өчигдөр жаахан архи уусан чинь шартчихлаа хамт ганц шил архи ууя гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд хоёулаа хашаан дотор машинаа оруулж тавьж архи уусан. Урьд нь янз бүрийн юм ярьж хэрэлдэж муудалдсан юм байхгүй. Би хүргэн ах Т.Яндагдаваад “та орой явах юм чинь уусан архи чинь гарах юм уу” гэхэд “зүгээрээ дүүгээ дуудчихна” гээд гэррүүгээ унтах гээд орсон. Тэгээд би нойл руу орж бие засаад гарч ирсэн чинь гар руу хутгалсан. Би орилоод, зугтаасан хажуу талын айлын хүмүүс харсан байсан. Цагдаа болон түргэн ирсэн байсан. Би ухаан алдаж унаад байсан болохоор зарим үйлдлыг нь санахгүй байна...Ах дүүгийн харилцаатай байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Ү.Эрдэнэхоролын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 11 цагийн орчим Сарангэрэл эгчийн гэрт Нисэхт буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 24-78 тоотод Яндагдаваагийн өөрийнх нь охин Одонтуяа, мөн Сарангэрэл эгчийн хүүхэд Тэмүүлэн нартай хамт байж байтал Яндагдаваа ах өөрийн 70-03 УНИ улсын дугаартай цагаан өнгийн микро автобустайгаа ганцаараа ирсэн. Тэгээд “өчигдөр жаахан архи уучихсан шартаад байна, хоёулаа ганц юм хуваагаад уучихъя” гэсэн. “Таны архи чинь гарахгүй юм биш биз тэрэг барьж байж” гэхэд зүгээрээ болохгүй бол дүүгээ дуудчихна гэсэн. Тэгээд дэлгүүр ороод нэг шил 0,75 граммын архи бас нэг ундаа авчирсан. Тэгэхээр нь би хүүхдүүдийн дэргэд гэрт уугаад яахав гээд гарч машинд нь сууж байгаад нөгөө архиа Яндагдаваатай хамт уусан...Тэр архиа дуусаагүй бага зэрэг үлдсэн байхад Яндагдаваа машинаа гаргая гэсэн, тэгэхээр нь би машинаас бууж хашааны хаалга онгойлгож өгсөн. Яндагдаваа тэр үед машинаа хашаанаас гаргасан. Тэгээд хашааны гадна машин дотор үлдсэн жаахан архи бид хоёр ууж дуусгасан. Тэгээд би Яндагдавааг гэр лүү нь оруулж өгөөд орон дээр хэвтүүлээд одоо та унтаж амар гэж хэлээд гэрээс гарч жорлон орж бие засаад эргээд хартал Яндагдаваа намайг ямар ч үгийн зөрүүгүй хутгалсан. Тэгэхээр нь би зугтаасан. Намайг хутгалах үед уг микро автобус хашааны гадна байсан, би бол тэр машиныг нь асааж хашаанаас гаргаагүй. Би зугтаагаад зүүн талын хашаанд байсан айлын байшингийн урдуур гүйсэн. Араас Яндагдаваа ална гээд хутгаа бариад дахин намайг хутгалах гээд хөөгөөд байсан. Намайг жорлон орсон хойно гэрийн гал тогооны шүүгээнээс ногоон иштэй хутга авч гарч ирээд намайг хутгалсан. Хутга бол ил байгаагүй, бид хоёр машин дотор огт юм зүсэж идээгүй, машин дотор хутга огт оруулаагүй, машинд архи уусан нэг ундаа уусан. Би тэр өдөр мах болон яс огт чанаагүй, манай гэрт чанасан яс байгаагүй, чанахаар мах байгаагүй. Бид хоёрыг хашаан дотор машин дотроо архи ууж байх үед Тэмүүлэн, Одонтуяа хоёр манай нагац эгч Өлзийдэлгэрийн гэрт очихоор явсан байсан. Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Госпитал эмнэлэгт хэвтэж хагалгаанд орж 10 хоног эмчлүүлсэн эмчилгээний зардал 400.000 төгрөг болсон 355.000 төгрөг Яндагдаваа өгсөн, дараа нь Рефлекс гэх мэдрэлийн хувийн эмнэлэгт 2 удаа шинжилгээ 60.000 төгрөгөөр өгсөн мөнгийг Яндагдаваа тухайн үед өгсөн. Мангут эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал ор хоногийн мөнгө 305.000 төгрөг болсон үүнээс Яндагдаваа 245.000 төгрөг өгсөн. Гэмтлийн эмнэлэгт мөн 10 хоног хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 700.000 төгрөг болсон, үүнээс Яндагдаваа 500.000 төгрөг өгсөн. Мөн би эмнэлгээс гараад бариач хүнээр гарынхаа шөрмөсийг 6 хоног бариулсан 30.000 төгрөг болсон, мөн эмнэлэгт хэвтэх гэхээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглүүлээгүй байсанг Яндагдаваа 48.000 төгрөгөөр бөглүүлсэн гэж байсан...Манай гэрт хоол хийдэг ногоон өнгийн иштэй хутга байдаг. Хутгыг хэрэг гарсан өдөр Яндагдаваа намайг хутгалчихаад цагдаа ирж байхыг мэдээд хутгаа хаясан байсан. Цагдаа хутгыг нь хайгаад олоогүй. Би 10 хоног Госпиталын эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирээд хутгыг хайж байгаад гэрийн ард талаас цасан доороос олж авсан. Тэгээд хутгыг цаасанд боож амбаартаа хадгалж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхдөө хамт хүлээлгэн өгсөн. Яндагдаваа бид хоёрын дунд ямар нэгэн ор авлага, өс хонзонгийн асуудал байгаагүй, бид хоёр урьд өмнө нь огт хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тэр өдөр ч мөн хэрүүл маргаан зодоон хийгээгүй, яагаад намайг гэнэт хутгалсныг би огт мэдэхгүй байна. Бид хоёр бол аажуу тайван тамхиа татаад хэрүүл маргаан хийхгүйгээр нэг шил архи машин дотор хувааж уусан...одоогийн байдлаар нийт 1.623.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс Яндагдаваа надад 1.288.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан үлдэгдэл 335.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа надад хохиролтой холбоотой баримт гэвэл 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 330.000 төгрөгийн Госпитал эмнэлгийн хагалгааны мөнгө төлсөн баримт, мөн сая Рефлекс эмнэлэгт дахин шинжилгээ өгсөн 80.000 төгрөгийн баримт, эмнэлгүүдэд эмчлүүлсэн өвчний түүхүүдийг хэрэгт хавсаргасан байгаа. Хэрэг болдог өдөр Яндагдаваа эгчийн маань талаар надад ямар нэгэн зүйл хэлж агсан согтуу тавиагүй, Өлзийдэлгэр эгч буруу ойлгосон байна, хиам болон талх дэлгүүрээс хэн ч аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-21, 124/

            4. Гэрч Г.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 24-78 тоотод “Хажуу айлын хоёр хүн хутга барьсан, нэгнийхээ гарыг зүсээд ална гээд дайраад байна” гэх Ичинхорлоо гэдэг хүний өгсөн дуудлагын дагуу цагдаа жолооч Ц.Золбоотын хамт очсон. Очиход Эрдэнэхорол гэгч нь зүүн гартаа хутгалуулсан байдалтай зүүн талын айлын хашаанд хүргэн ах гэх Яндагдаваатай бие биеэ бариад авчихсан зогсож байхаар нь салгаад Яндагдаваа гэгчийг машинд суулгаад Эрдэнэхорол гэгчийг гэрт нь оруулж 103 дуудаад байж байтал Эрдэнэхорол гэгчийн эгч нь гэх хүн нэг залуугийн хамт гаднаас орж ирсэн. Өөрийгөө Өлзийдэлгэр гэж байсан. Эрдэнэхорол болон түүний эгч Өлзийдэлгэр нар тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй, гомдол санал байхгүй, ах дүү нарын дунд болсон асуудал учраас өөрсдөө учраа олчихно, Яндагдаваагийн эхнэрийг ирэхээр шаардлагатай бол бид нар өргөдөл гаргаж өгч шалгуулна гэж хэлсэн учраас Яндагдавааг түр саатуулахаар авч явсан. Намайг очиход Эрдэнэхоролын зүүн гар хутгалуулсан байдалтай цус алдсан байсан тэгэхээр нь 103-т дуудлага өгсөн. Яндагдаваагийн биед ямар нэгэнэ ил харагдах шарх гэмтэл байгаагүй, тэр хоёр хоёулаа их согтуу байсан. Та хоёрын дунд юу болсон юм бэ гэж асуухад Эрдэнэхорол нь “би ахтайгаа хамт архи ууж байсан юм тэгтэл намайг хутгалчихлаа” гэж байсан. Хутга хаана байна гэхэд Яндагдаваа хаана байгаа газрыг нь хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/

            5. Гэрч Х.Ичинхоролын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манайх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-76А тоотод 8-9 жил болж байна. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 16-18 цагийн орчим байх гэртээ өөрийн төрсөн дүү Намхайнямбуу хүү Батжаргалын хамт байшин дотроо гал тогооныхоо өрөөнд байж байтал цонхны хажуугаар нэг эрэгтэй хүн гүйгээд явчихсан, гайхаад хартал тэр хүний араас дахин нэг эрэгтэй хүн гартаа хутга барьчихсан хөөгөөд гүйж байсан. Урд талд зугтаагаад гүйж байгаа хүнийх нь гарнаас их хэмжээний цус гарсан байсан. Гарыг нь дагаад цус гоожоод байсан. Тэгэхээр нь дүү бид хоёр байшингаас гараад очтол манай байшингийн ард талд тэр хоёр зогсож байсан. Нэг хүн нь хутга гартаа бариад нөгөө хүнээ хутгалах гээд байгаа бололтой нөгөө хүн нь болиулах гээд хутгатай гарнаас нь барьчихсан байсан. Манай дүү ойртож очоод “та хоёр болиочээ” гэхэд хутга барьсан хүн нь “чи дуугай бай чамайг ч гэсэн хутгалчихна шүү” гээд байсан. Тэгтэл хутгалуулсан хүн нь хашааны завсараар гараад гүйсэн. Араас нь нөгөө хутга бариад байсан хүн нь “чамайг ална даа” гээд дайраад хөөгөөд явчихсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 89060027 дугаарын гар утаснаас 102 дугаарын утас руу залгаж “манай хашааруу хутга барьсан хүн орж ирээд нэгийгээ хутгалаад гарнаас нь цус гарчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа ирсэн. Нэг нь манай баруун талын хашаанд амьдардаг Сараа гэх эгчийн нөхөр гэсэн нөгөө нь Сараа эгчийн төрсөн дүү гэсэн би бол тэр хоёр хүнийг огт танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/

            6. Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Дүү бид хоёр тэр хоёрыг архи ууж байхаар нь айгаад огт очоогүй. Гэртээ байж байгаад шууд Өлзийдэлгэр эгчийн гэрлүү явсан. Бид хоёрыг Өлзийдэлгэр эгчийн гэрлүү явж байхад тэр хоёр хашаан дотор машин дотроо л байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

            7. Гэрч Ү.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа намайг Цэргийн эмнэлэг дээр байхад Яндагдаваа ирсэн. “Яасан юу болсон юм бэ яагаад ийм хэрэг гарчихваа” гэхэд “мэдэхгүй ээ яагаад ийм хэрэг хийснээ мэдэхгүй байна, согтуу байсан учраас юу ч санадаггүй ээ” гэж хэлсэн. “Та хоёр хэрүүл маргаан хийсэн юм уу” гэхэд “үгүй бид хоёр зүгээр л юм яриад нэг шил архи хувааж уусан, ямар ч хэрүүл маргаан зодоон огт хийгээгүй, нэг мэдсэн чинь би Эрдэнэхоролыг хутгалсан байсан” гэсэн. Харин Эрдэнэхоролоос болсон асуудлын талаар асуухад “Яндагдаваа ах бид хоёр огт хэрэлдээгүй, зодоон хийгээгүй, юм ярьж байгаад нэг шил архи хувааж уусан, тэгээд байж байтал Яндагдаваа ах намайг хутгалсан” гэж хэлсэн. Энэ асуудал манай гэрт биш хашаанд болсон байсан. Би гэр аймаар байгаа байхдаа гэж бодоод гэртээ очиход гэр доторх эд зүйлс зөв зүгээр байсан. Зодоон хийсэн шинж тэмдэг огт байгаагүй. Би Эрдэнэхоролын өмсөж байсан хувцасыг шатаачихсан. Тэр хоёрын дунд хэрүүл маргаан огт болж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37/

            8. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№1451/-ын дүгнэлт:

                        -Ү.Эрдэнэхорол-н биед зүүн бугалга, шууны мэдрэлийн зүсэгдсэн шарх, шууны мэдрэл оёх мэс засалын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлтээс шалтгаална. /хх-ийн 42/

            9. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №554 тоот шинжээчийн дүгнэлт:

                        -ШШҮХ-н ШЭШХ-н №1451 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

                        -Эрдэнэхорол-н биед зүүн бугалганы гадна доод хэсгийн зүүн шууны мэдрэлийн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                        -Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна.

                        -Эрдэнэхоролын зүүн бугалганы гадна доод хэсэгт хатгагдаж зүсгэдсэн шархтай байна. Зүүн шууны хэсэгт мэс заслын шархуудтай байна. /хх-ийн 128-129/

            10. Яллагдагч Т.Яндагдаваагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…ногоон өнгийн иштэй гэрт хоол хийдэг хутга байсан. Би Эрдэнэхоролыг хутгалсан. Тэгтэл Эрдэнэхорол зүүн талын хашааруу ороод зугтаасан. Би араас нь хутга бариад хөөсөн. Тэгээд зүүн талын айлын хашаанд ороод байшингийн урдуур нь гарч гүйгээд ард талд нь очсон. Тэнд Эрдэнэхорол зогсож байсан. Зүүн гараа бариад, гараас нь цус гарч байсан. Тэр үед миний гарт хутга байсан. Тэгээд цагдаа дуудсаныг мэдээд айсандаа барьж байсан хутгаа өөрийн гэрийн ар хэсэг рүү шидчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Яндагдаваа нь 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын баривчлах ял, 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял, 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 231 дугаартай шийтгэх тогтоол, 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн шүүхийн 47 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай ангийн Сум дундын 2 дугаар шүүхийн 167 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргийн хуулбарууд /хх-ийн 65, 67-68, 69, 70, 71, 72, 73/-аар тус тус тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 145, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№1451/, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №554 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.Яндагдаваа нь өөрийн эхнэрийн дүү болох хохирогч Ү.Эрдэнэхоролтой “өчигдөр жаахан архи уучихсан шартаад байна, хоёулаа ганц юм хуваагаад уучихъя” хэмээн 0,75 граммын 1 шил архийг хувааж уусныхаа дараа гэнэт хохирогчийн гэрт байсан хутгыг авч Ү.Эрдэнэхоролын зүүн гарт нь хутгалж, зугатсан хохирогчийг хажуу талын айлын хашаа болон гудамжаар “чамайг ална даа” гэж хэлэн хөөж байхад “...та хоёр болиочээ...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсан гэрч нар руу “чи дуугүй бай чамайг ч гэсэн хутгалчихна шүү” гэх зэргээр зүй бусаар авирлан дахин хохирогчийг ална гэж хөөн танхайрсан байх тул энэ гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал нь “...Энэ хэрэгт нотлогдвол зохих зүйлүүд нотлогдоогүй байна...хохирогч машиныг унаад очсон юм уу шүүгдэгч хойноос нь очсон юм уу, энэ хувийн сэдэлттэй юу, танхайн сэдэлттэй юу үл ялих шалтгаан байна уу гэдгийг тодруулаагүй байна...Гэрчүүдээс зүгээр хувийн байдлыг асуусан өмнө нь маргалдаж байсан уу, өс хонзонгийн асуудал байсан гэдгийг асуугаагүй...” гэж маргасан нь:

            хохирогч Ү.Эрдэнэхоролын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд тогтвортойгоор өгсөн: “…Урьд нь янз бүрийн юм ярьж хэрэлдэж муудалдсан юм байхгүй...би 00 руу орж бие засаад гарч ирсэн чинь гар руу хутгалсан...Ах дүүгийн харилцаатай байсан...эргээд хартал Яндагдаваа намайг ямар ч үгийн зөрүүгүй хутгалсан...Араас Яндагдаваа ална гээд хутгаа бариад дахин намайг хутгалах гээд хөөгөөд байсан...Яндагдаваа бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байгаагүй, бид хоёр урьд өмнө нь огт хэрэлдэж маргалдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-21, 124, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            гэрч Г.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 24-78 тоотод “Хажуу айлын хоёр хүн хутга барьсан, нэгнийхээ гарыг зүсээд ална гээд дайраад байна” гэх Ичинхорлоо гэдэг хүний өгсөн дуудлагын дагуу цагдаа жолооч Ц.Золбоотын хамт очсон...Намайг очиход Эрдэнэхоролын зүүн гар хутгалуулсан байдалтай цус алдсан байсан...тэр хоёр хоёулаа их согтуу байсан...Хутга хаана байна гэхэд Яндагдаваа хаана байгаа газрыг нь хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,

            гэрч Х.Ичинхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Урд талд зугатаагаад гүйж байгаа хүнийх нь гарнаас их хэмжээний цус гарсан байсан. Гарыг нь дагаад цус гоожоод байсан...Нэг хүн нь хутга гартаа бариад нөгөө хүнээ хутгалах гээд байгаа бололтой нөгөө хүн нь болиулах гээд хутгатай гарнаас нь барьчихсан байсан...Манай дүү ойртож очоод “та хоёр болиочээ” гэхэд хутга барьсан хүн нь “чи дуугүй бай чамайг ч гэсэн хутгалчихна шүү” гээд байсан. Тэгтэл хутгалуулсан хүн нь хашааны завсараар гараад гүйсэн. Араас нь нөгөө хутга бариад байсан хүн нь “чамайг ална даа” гээд дайраад хөөгөөд явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

шүүгдэгч Т.Яндагдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Гадаа хутгалсан...Би Эрдэнэхоролыг хутгалсан. Тэгтэл Эрдэнэхорол зүүн талын хашааруу ороод зугатаасан. Би араас нь хутга бариад хөөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ зэргээр хангалттай няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Т.Яндагдавааг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргалын гаргасан “...Эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тухайн өдөр цагдаа нар авч яваагүй харин хохирогч дараа нь авч очсон. Цагдаа нар очиход хүн хутгалуулсан байсан. Т.Яндагдавааг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан хутга хайчсаныг мэдэхгүй гэсэн. Гэтэл яагаад дараа нь хохирогч хутгийг гаргаад аваад очив. Шүүгдэгч саарал иштэй хутга байсан гэж мэдүүлдэг. Эд мөрийн баримт хэрэгтэй салшгүй холбоотой байдаг тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.

             Учир нь хохирогч Ү.Эрдэнэхорол нь мөрдөн байцаалтын шатанд: “...гэрийн гал тогооны шүүгээнээс ногоон иштэй хутга авч гарч ирээд намайг хутгалсан...Цагдаа хутгыг нь хайгаад олоогүй. Би...эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирээд хутгыг хайж байгаад гэрийн ард талаас цасан доороос олж авсан...цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхдөө хамт хүлээлгэн өгсөн...” гэж мэдүүлсэн /хх-ийн 15-21, 124, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            шүүгдэгч Т.Яндагдаваа нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагч шүүгчийн “Мөрдөн байцаагч таныг ямар нэгэн байдлаар дарамталсан уу гэсэн асуултанд “Дарамтлаагүй” гэж хариулсан, мөн мөрдөн байцаалтын шатанд: “...ногоон өнгийн иштэй гэрт хоол хийдэг хутга байсан...цагдаа дуудсаныг мэдээд айсандаа барьж байсан хутгаа өөрийн гэрийн ар хэсэг рүү шидчихсэн...” гэж мэдүүлсэн /хх-ийн 60, шүүх хуралдааны тэмдэглэл/,

хутганд үзлэг хийсэн тухай: “...хохирогчийн авчирч өгсөн гэх...нийт 27,5 см урттай, 14,5 см ажлын хэсэгтэй. Ажлын хэсэг нь 4 см өргөнтэй. Ногоон өнгийн хуванцар бариултай. Бариулын өргөн 3 см бүхий...ажлын хэсэг хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 12/,

эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/,

шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1969 тоот “...шинжилгээнд ирүүлсэн хутга дээр цус илэрсэн...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46/,

шинжээч цагдаагийн дэд хурандаа О.Болдбаатар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн шинжилгээнээс харахад цусны хэмжээ хүрсэн боловч ямар нэгэн байдлаар бохирлогдсон эсвэл наалдах чадвар муутай антигеньтэй цус байсан байна...иймээс цусны бүлэг тогтоох боломжгүй байсан...” гэж мэдүүлсэн /хх-ийн 49/ зэргээс үзэхэд уг хутганы талаар шүүгдэгч, хохирогч нар тогтвортой мэдүүлдэг, мөн хутгыг эд мөрийн баримтаар тооцохдоо Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан авсан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ. 

            Шүүгдэгчийн хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар 1.625.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлууд шүүх хуралдааны үед тогтоогдсон боловч шүүх гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол бүрэн арилаагүй байна гэж үзлээ.

            Тодруулбал хохирогч Ү.Эрдэнэхоролын шүүх хуралдаанд өгсөн “…Хөдөлмөрийн чадвар тогтоолгоход мэдрэлийн судаснууд нь залгагдаагүй болохоор урд булчингууд нь үхжээд эхэлж байна гэсэн...Судас нь бүрэн залгагдаагүй, булчин нь жижгирээд байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№1451/-ын “...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42/

            Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №554 тоот шинжээчийн “...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна гэсэн дүгнэлт /хх-ийн 128-129/ зэргээс үзэхэд хохирогчийн биед гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаас гарч болзошгүй үр дагаварт шүүх дүгнэлт хийх боломжгүй, түүний биеийн байдал эмчилгээ сувилгааны явцаас хамааран цаашид ямар байх нь тодорхойгүй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Т.Яндагдаваагийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Яндагдаваад 5 жил 6 сарын хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “...Хүнд гэмт хэрэг үйлдсэн,...эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 5 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Мөнхсум овогт Тогмидын Яндагдавааг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Мөнхсум овогт Тогмидын Яндагдавааг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Яндагдаваагийн эдлэх 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Т.Яндагдаваад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Яндагдаваад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Яндагдаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР   

                         

ШҮҮГЧИД                                        С.БАЗАРХАНД

 

                                                                                    С.ОЛЗОД