Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.О-т холбогдох 2216000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б овогт Г-н О.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.О нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” бүсийн Чойгийн ус гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж, ашиг олох зорилгоор газрын хэвлийд 0,11 метр/куб хэмжээтэй халдан 3 уут чулуу буюу 243,9 (хоёр зуун дөчин гурав аравны ёс) килограмм чулуу олборлож, өөрийн эзэмшлийн **** ГАҮ улсын дугаар “Toyota HiLux” загварын автомашинаар тээвэрлэн байгаль экологид 32.277 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь

1.         Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.О-н шүүх хуралдаанд өгсөн “...Ганцаараа явж байсан. Миний өөрийн машин байгаа ... хохирлыг төлж барагдуулаагүй, төлж барагдуулна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийдвэрлэж өгвөл сайн байна ...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 16-ны шөнө Цээл сумын Баянтоорой тосгоны алт гарч байгаа газар луу явсан. Тэгээд 2021  оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед тухайн газарт очсон. Уг газарт 12 тооны машин байсан бөгөөд тухайн хүмүүс нь юм гарахгүй байна гээд байж байсан. Тэгээд би тухайн үед энд зорьж ирчихээд хоосон буцалтай биш гэж бодоод гаргасан байсан чулуунаасаа шуудайлж машиндаа 2 уут чулууг хийж аваад 3 дахь шуудайндаа чулуу шуудайлж байтал цагдаа нар ирсэн. Ингээд бид нарыг цуваанд оруулж Эрдэнэ сумын төвд авч ирсэн... Би тухайн үед өөрийн эзэмшлийн хайлюкс /toyota hiLux/ маркын **** ГАҮ улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа явж байсан юм...” гэм мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал/

Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Чойгийн ус” гэх нэртэй газарт очоогүй. Тухайн үед аймгийн цагдаагийн газраас Эрдэнэ сум хариуцсан хэсгийн цагдаагийн ажлыг хүлээлцүүлэхээр хүмүүс очсон бөгөөд “Чойгийн ус” гэх нэртэй газар руу гэнэтийн шалгалтыг хийнэ гээд явсан... Байгаль орчны байцаагч Гансүхийг тухайн газарт очиход зам заалгахаар хамт явуулсан. Нийт Эрдэнэ сумын төв дээр 12 тээврийн хэрэгсэл саатуулсан гэж байсан. Одоо Эрдэнэ сумын төв дээр нэг машин байгаа...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/

Гэрч П.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэ сумын Чойгийн ус гэх газарт иргэд бөөнөөрөө цугларсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу Хэв журмын ахлах байцаагч, хошууч А.Б, хэсгийн байцаагч Б.Б, эрүүгийн төлөөлөгч дэслэгч Х нарын бүрэлдэхүүн уг газарт ажиллахаар явсан ба 2021 оны 03 дүгээр сарын 19-ний өдөр **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г-н О 3-н уут чулууг ганцаараа олборлож авчирсныг жигнэж үзээд шуудайн дээр нэрний эхний үсэг болох О үсгийг тавьж килограммыг бичихэд эхний шуудай 60.50 кг, 2 дахь шуудай 72.0 кг, 3 дахь нь 111.40 кг буюу нийт 243.9 кг чулуу байсныг эд мөрийн баримт хадгалах өрөөнд хийж хадгалсан...” гэх мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 13-15 дугаар тал/.

Гэрч О.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 16-ны орой Эрдэнэ сумын Сангийн далай багийн Чойгийн ус гэх газарт хууль бусаар алт олборлогч иргэд орсон  байна гэх мэдээллийн дагуу Хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Б, хэсгийн байцаагч, дэслэгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй эргүүл хяналтын ажил хийхээр явсан. Ингээд 2021 орны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед аймгийн төвөөс Эрдэнэ сумын “Чойгийн ус” гэх газарт нэг талдаа 600 километр орчим шороон замаар явж очиход талархаг жижиг аараг толгодтой говь газар байсан ба хууль бусаар алт олборлож байсан газарт 12 тооны машин ирчихсэн, танихгүй олон хүмүүс алтны чулуу шуудайлж байсныг таслан зогсоож бүгдийг нь журамлан шалгасан. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4-н тээврийн хэрэгсэлд чулуу ачсан, бусад тээврийн хэрэгслүүдэд чулуу ачаагүй байсан тул бүгдийг нь цуваанд оруулж Эрдэнэ сумын төв рүү авч явсан. Ингээд чулуу ачсан гэх **** ГАҮ улсын дугаартай дээрээ ачаатай тоёота Хайлюкс, **** УБВ улсын дугаартай Пажеро маркын авто машин, **** ТӨА улсын дугаартай УАЗ-469 маркын авто машин, мөн чулуу ачаагүй аймгийн төв рүү буцна гэсэн Прадо-95 маркын **** ГАА улсын дугаартай авто машинуудыг урдаа оруулан аймаг руу явж, 2021 оны 03 дугаар сарын 19-ны өглөө 06 цагийн үед аймгийн төвд ирж экологийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.У-д хүлээлгэн өгсөн. Замд Эрдэнэ сумын нутагт **** ТӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машин эвдрээд машиныг нь хээр орхиод жолооч цуг явсан хүмүүсийг ачиж явсан чулуутай нь прадо машинд суулгаж авч ирсэн юм ... Эрдэнэ сумын төвд нийт 12 тээврийн хэрэгсэл орж ирснээс чулуу ачигдаагүй тээврийн хэрэгслүүдийг Эрдэнэ сумын тамгын газар, байгал орчны байцаагч арга хэмжээ тооцно гэж авч үлдсэн ба бид нар чулуу ачсан тээврийн хэрэгслүүдийг аймаг руу авч явсан юм. Би дээрх хүмүүсийг огт танихгүй, аль нэгэнтэй нь садан төрлийн болон найз нөхдийн холбоо байхгүй...” гэх мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал /

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед уг газарт очиход эргэн тойрондоо дов толгодоор хүрээлэгдсэн, зөөлөн хөрстэй говь /халуун/ газар байсан ба аймгийн төвөөс 600 км явж очиж байсан. Уг алтны илэрцийн шороон ордны орчимд тойроод 12 тооны янз бүрийн маркийн улсын дугааргүй авто машинууд болон олон тооны иргэд гар аргаар чулуу олборлож байсан. Ингээд бүгдийг нь газар дээр нь шалгаж үзэхэд **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, **** УБВ улсын дугаартай Пажеро маркын авто машин, **** ТӨА улсын дугаартай УАЗ-469 маркын авто машинтай хүмүүс чулуу олборлож ачсан ба бусад тээврийн хэрэгслүүд нь чулуу олборлож ачаагүй байсан учир дээрх авто машинуудыг нэгдсэн цуваанд оруулж Эрдэнэ сумын төвд авч ирсэн. Тэндээсээ чулуу олборлоогүй машинтай иргэдийг Эрдэнэ сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөөд чулуу ачсан авто машинтай иргэдийг урдаа оруулаад Говь-Алтай аймгийн төв рүү авч явсан. Энэ үед Эрдэнэ сумын нутагт **** ТӨА улсын дугаартай УАЗ-469 маркын авто машины мотор цохисон учир чулуу огт ачаагүй явж байсан **** ГАА улсын дугаартай авто машинд чулууг нь хүмүүстэй нь цуг тээвэрлээд 2021 оны 03 дугаар сарын 19-ны өглөө 06 цаг өнгөрч байхад аймгийн төвд ирж экологийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.У-д дээрх чулуу ачсан нэр бүхий иргэдийг эрүүгийн мөрдөгч, О.Х хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний бие хараад зогсож байсан... Нэр бүхий чулуу ачсан 3 тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг аймагт авч ирсэн. Бусад тээврийн хэрэгсэлтэй иргэд нь чулуу олборлоогүй байсан учир Эрдэнэ сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед уг газарт очиход эргэн тойрондоо дов толгодоор хүрээлэгдсэн, зөөлөн хөрстэй говь /халуун/ газар байсан ба аймгийн төвөөс 600 километр явж очиж байсан. Уг алтны илэрцийн шороон ордны орчимд тойроод 12 тооны янз бүрийн маркийн улсын дугааргүй авто машинууд болон олон тооны иргэд гар аргаар чулуу олборлож байсан. Ингээд бүгдийг нь газар дээр нь шалгаж үзэхэд **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, **** УБВ улсын дугаартай Пажеро маркын авто машин, **** ТӨА улсын дугаартай УАЗ-469 маркын авто машинтай хүмүүс чулуу олборлож ачсан ба бусад тээврийн хэрэгслүүд нь чулуу олборлож ачаагүй байсан учир дээрх авто машинуудыг нэгдсэн цуваанд оруулж Эрдэнэ сумын төвд авч ирсэн. Тэндээсээ чулуу олборлоогүй машинтай иргэдийг Эрдэнэ сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөөд чулуу ачсан авто машинтай иргэдийг урдаа оруулаад Говь-Алтай аймгийн төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/32 дугаартай “ ... Г.О-н эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 32,277 төгрөгөөр, нөхөн сэргээх зардлыг 280.593 (хоёр зуун наян мянга таван зуун ерэн гурав) төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал/

Г.О-н **** ГАҮ улсын дугаартай “Toyota HiLux” загварын авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл. /1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал/

Г.О-н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ачигдаж явсан чулуунд үзлэг хийж, хэмжээг тогтоосон тэмдэглэл. /1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дугаар талууд/

Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай **** ГАҮ улсын дугаар “Toyota HiLux” загварын автомашин үнэлгээг 5,084,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан. /2 дугаар хавтаст хэргийн 63-70 дугаар тал/

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их хурлын тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай Тусгай хамгаалалттай газар нутгаар авсан тухай зарлиг/2 дугаар хавтаст хэргийн 226 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.О-н шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би ганцаараа явж байсан. Миний өөрийн машин... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... 2021  оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед тухайн газарт очсон. Уг газарт 12 тооны машин байсан бөгөөд тухайн хүмүүс нь юм гарахгүй байна гээд байж байсан. Тэгээд би тухайн үед энд зорьж ирчихээд хоосон буцалтай биш гэж бодоод гаргасан байсан чулуунаасаа шуудайлж машиндаа 2 уут чулууг хийж аваад 3 дахь шуудайндаа чулуу шуудайлж байтал цагдаа нар ирсэн. Би тухайн үед өөрийн эзэмшлийн Хайлюкс маркын **** ГАҮ улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа явж байсан юм” гэсэн агуулгатай мэдүүлгүүд, шүүгдэгч Г.О-г алтны агууламжтай чулууг олборлож байхад үйлдэл дээр нь очиж ажилласан гэрч А.Б, Б.Б, О.Х П.У нарын харилцан зөрүүгүй мэдүүлгүүд болон **** ГАҮ улсын дугаартай “Toyota HiLux” загварын авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн тээврийн хэрэгсэлд ачигдаж явсан чулуунд үзлэг хийж, хэмжээг тогтоосон тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О-н 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох Чойгийн ус гэх газар алт олох зорилгоор газрын хэвлийд 0,11 м/куб хэмжээтэй халдан 243,9 (хоёр зуун дөчин гурав аравны ес) килограмм чулуу олборлож, өөрийн эзэмшлийн **** ГАҮ улсын дугаар “Toyota HiLux” загварын автомашинаар тээвэрлэсэн үйлдэл хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн алтны агууламжтай чулуу олборлосон Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Чойгийн ус гэх газар нь  Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их хурлын тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай зарлигаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогдон хамгаалагдан уул уурхай болон түүнтэй адил бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон дархан цаазат газар түүнчлэн хайгуулын ажиллагааны үр дүнд нөөц, хэмжээ болон байгаа эсэх  нь тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдэл нь ашигт малтмал эрэн хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. Тодруулбал Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулахаар бол зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг нь бичгээр авч уг тусгай зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн нэгжийн хэлбэрээр ажиллах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч Эрүүгийн хуулиар хамгаалжээ. 

Иймээс шүүгдэгч Г.О-н үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар тал/, мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай **** ГАҮ улсын дугаар “Toyota HiLux” загварын автомашин үнэлгээг 5,084,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 63-70 талууд/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/32 дугаартай  “ ... Г.О-н эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 32,277 (гучин хоёр мянга хоёр зуун далан долоо) төгрөгөөр, нөхөн сэргээх зардлыг 280.593 (хоёр зуун наян мянга таван зуун ерэн гурав) төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Г.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр прокурорын эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Иймээс Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/32 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.О-н эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 32,277 (хоёр зуун наян мянга таван зуун ерэн гурав) төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 64.554 (жаран дөрвөн мянга таван зуун тавин дөрөв) төгрөгөөр тогтоож,  “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д, дээрх дүгнэлтээр тогтоогдсон нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын 280.593 (хоёр зуун наян мянга таван зуун ерэн гурав) төгрөгийг Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт шүүгдэгч Г.О-с гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 5,084,000 (таван сая наян дөрвөн мянга) төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл болох **** ГАҮ улсын дугаартай “Toyota Hilux” загварын авто машин болон хууль бусаар олборлосон алтны агууламжтай гэх 243,9 (хоёр зуун дөчин гурав арваны есөн) килограмм чулууг улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан **** ГАҮ улсын дугаартай “Toyota Hilux” загварын авто машин нь Цагдаагийн байгууллагын 2-р байрны хашаа буюу тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт, 243,9 (хоёр зуун дөчин гурав арваны есөн) килограмм чулуу нь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж,  энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О-т мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.О-н ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Г.О-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** ГАҮ улсын дугаартай “Toyota Hilux” загварын тээврийн хэрэгсэл, 243,9 (хоёр зуун дөчин гурав арваны есөн) килограмм чулууг улсын орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учруулсан хохиролд шүүгдэгчээс 64.554 (жаран дөрвөн мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулж “Байгал орчин, уур амьсгалын сан”-д, нөхөн сэргээлтийн 280.593 (хоёр зуун наян мянга таван зуун ерэн гурав) төгрөгийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож,  **** ГАҮ улсын дугаартай “Toyota Hilux” загварын тээврийн хэрэгсэл болон 243,9 (хоёр зуун дөчин гурав арваны есөн) килограмм чулууг Цагдаагийн байгууллагаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.         

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА