Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 350/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

иргэдийн төлөөлөгч П.Өлзийбат,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах прокурорын санал үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.О-д холбогдох эрүүгийн 2034000000612 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн, Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, ухаан мэдрэл бүрэн бус буюу F07.8 тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй, Г.Орегистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15-16 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Нарийны хөтөл” гэх газар гэрийнхээ малын хашааны гадна өөрийн төрсөн эх 78 настай Д.Цийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж “ээж морь тавилаа гэж уурласан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр болон цээжин тус газар чулуугаар цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хуралт, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулж, мөн талийгаачийн аманд нь морины хомоол чихэж, онц харгис, хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн үед болсон явдлыг би мэдэж байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/, гэрч О.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг /хх-ийн 29 тал/, гэрч Х.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 30 тал/, гэрч Т.Гомбосүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, гэрч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, гэрч А.Хуягбаатарын мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-41 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4291 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-57 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-73 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5918 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5917 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-81 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4298 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-70 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай сэтгэл зүйн оношилгоо /хх-ийн 74-27 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5980 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-113 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5982 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-119 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1133 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-136/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 168-170/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15-16 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Нарийны хөтөл” гэх газар гэрийнхээ малын хашааны гадна өөрийн төрсөн эх 78 настай Д.Цийг “ээж морь тавилаа гэж уурласан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр болон цээжин тус газар чулуугаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хуралт, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулж, мөн талийгаачийн аманд нь морины хомоол чихэж, онц харгис, хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2034000000612 дугаартай тогтоол /хх-ийн 1-5 тал/,
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 тал/,
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 тал/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18 тал/
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд нүдээр харсан зүйл байхгүй, талийгаач бол Г.Оыг асарч байсан бөгөөд ийм догшин хэрцгий байдлаар амь насыг нь хөнөөсөнд харамсаж байна. Тэрнээс биш яг юу болсон талаар мэдэхгүй байна. Г.О нь бага сургуульд байхдаа унаж, тусдаг байсан юм. Тэгээд нас ахих тусам зан нь эвдрээд гичий, нохой, ална гээд байдаг болсон. Тэгээд энэ уураасаа болоод өөрийгөө хүртэл хоёр удаа хутгалж гэмтээж байсан. Мөн гэрээсээ гарч зугтаагаад гадаа уначихсан байж байгаад гараа хүртэл хөлдөөж, хуруугаа тастуулж байсан юм. Унаж татаад байгаа нь мэдрэлийн өвчин л гэж эмчлүүлж байгаа юм. Сэтгэцийн хувьд гайгүй хүн юм. Талийгаач маань их хөнгөн хүн бөгөөд ямар нэгэн архаг хууч өвчин гэхээр зүйл байхгүй байсан. Г.О ээжийг зодчихсон байна л гэж сонссон, тэгсэн амийг нь авчихсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,
  • Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би талийгаач Д.Цийн төрсөн хүү, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн дүү Г.О ээжийг минь зодож амь насыг нь ханаасан талаар А.Хуягбаатарынхаас хүмүүс залгаж хэлээд л мэдсэн байгаа. Тэрнээс биш яг хажууд нь байж юу болсон талаар харж мэдсэн зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  • Гэрч Г.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би талийгаач Д.Цийн төрсөн хүү, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн дүү Г.О ээжийг минь зодож амь насыг нь ханаасан талаар А.Хуягбаатарынхаас хүмүүс залгаж хэлээд л мэдсэн байгаа. Тэрнээс биш яг хажууд нь байж юу болсон талаар харж мэдсэн зүйл байхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  • Гэрч Х.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний хувьд Төв аймгийн Зуунмод суманд нөхөр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Нарийн гэх газарт байх аав, ээж хоёр дээр өглөө 9 цагийн орчим нөхөр, охины хамтаар нүүлгэж өгөх зорилгоор очсон байсан бөгөөд манай аавын хажууд эмээ Д.Ц төрсөн охин болох Г.О нар амьдардаг юм. Тэгээд би аавын жижиг гэрийг буулгаад байж байхад хонины хашааны цаагуур Г.О уурлаад, үглээд яваад байсан юм. Ер нь бол бид нарыг очих болгонд л тэгдэг юм. Тэрийг нь би тоогоогүй бөгөөд портер дээр жижиг гэрээ ачиж дуусгаад том гэрээс багтах хэмжээгээрээ юм ачаад 13 цагийн үед нөхөр хүүхдээ аваад мөн ээж н.Цэндсүрэнг аваад урагшаа 30 орчим км явахад аав А.Хуягбаатар талийгаач болон Г.О 3 л үлдсэн байгаа. Явахад аав гэртээ ганцаараа үлдсэн. Харин нөгөө хоёр бас гэртээ байх шиг байсан. Хороондоо хэрэлдэж, маргалдсан зүйлгүй байсан. Тэгээд би гэрийг нь буулгаж, барьж өгчхөөд орой 17 цаг болж байх үед буцаад ирэхэд аав тосож ирээд гараараа даллаад байсан. Тэгэхээр нь очиход нөгөө Г.О чинь ээжийгээ алчихсан байна. Аюул болсон байна, энд чинь та хэдийг энэ хойд дээрээс дурандаж байгаад тосоод ирлээ. Нүүр нь харахын эцэсгүй болчихсон байна гэсэн. Тэгэхээр нь бид нар гэрт очоод холоос харсан чинь талийгаач газар хэвтчихсэн, хажуу талд нь цустай чулуу байсан. Тэгээд ээж бид хоёр гэр рүүгээ гүйж ороод цагдаа дуудахаар орсон. Тэгээд нөгөөдөх чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь гэртээ байгаа байх гэж байсан. Бид нарыг ирэхэд хүртэл гэрээсээ гарсан зүйлгүй байсан. Тэгээд утас болохгүй байсан. Тэгж байгаад утсаа янзалчхаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
  • Гэрч Т.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний хувьд Төв аймгийн Зуунмод суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай эхнэр Х.Ганчимэгийн аав, ээж буюу хадмындаа 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Авдар 5-р багийн Нарийн гэх газарт намаржаа дээр нь өглөө 9 цагийн орчимд эхнэр, охины хамтаар хадмынхыг нүүлгэж өгөх зорилгоор очсон байсан бөгөөд манай хадмын хажууд хадам ээжийн ээж Д.Ц төрсөн охин Г.Оын хамтаар амьдардаг юм. Тэгээд би хадмын жижиг гэрийг буулгаад байж байхад хонины хашааны цаагуур Г.О муусайн юмнууд нүүлээ гэх зэргээр янз бүрийн хараал хэлээд үглээд л яваад байсан юм. Тэрийг нь би тоогоогүй бөгөөд портер дээр жижиг гэрийг нь очиж дуусгаад том гэрээс нь багтах хэмжээгээрээ юм очоод 13 цагийн үед эхнэр хүүхдээ аваад мөн хадам ээж н.Цэндсүрэнг аваад урагшаа 30 орчим км яваад байх өвөлжөө дээр нь аваачиж барихаар үлдсэн. Явахад хадам аав гэртээ үлдсэн. Харин нөгөө хоёр бас гэртээ бай шиг байсан. Хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйлгүй байсан. Тэгээд би гэрийг нь буулгаж барьж өгчхөөд орой 17 цаг болж байх үед буцаад ирэхэд хадам аав тосож ирээд гараараа даллаад байсан. Тэгэхээр нь тосож очиход нөгөө Г.О чинь ээжийгээ алчихсан байна. Аюул болсон байна, энд чинь та хэдийг энэ хойд дээрээс дурандаж байгаад тосоод ирлээ, тэгэхээр би та ойртож харсан юм уу гэсэн чинь би бүүр ойртож байгаад хараагүй, харахад амьсгалахгүй байсан бөгөөд нүүр нь цус болчихсон байсан гэж байсан. Тэгээд би гэрийн хойгуур шагайгаад харахад хоёр гэрийн голд байдаг хонины хашааны тэнд дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд утсаар хэл ам өгье гэж хэлээд утсаар ярих гэсэн чинь утас нь болохгүй байсан. Тэгж байгаад утсаа ажилд оруулчхаад манай эхнэр цагдаад дуудлага өгсөн бөгөөд миний хувьд гадаа Г.Оыг хараад л суугаад байсан. Энэ хугацаанд Г.О нэг удаа гарч ирээд дээж өргөж байсан. Мөн гэрээсээ хувинтай юм аваад зүүн урд зүг рүү явчхаад эргээд гэртээ орсон. Мөн гэрээсээ гарч ирээд бид нар руу нилээн харж зогссон. Тэгээд л гэртээ орчхоод байсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
  • Гэрч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5-р баг Нарийн гэх газар мал маллаж амьдардаг бөгөөд манай хажуу талд манай төрсөн ээж Д.Ц болон хамгийн бага дүү Г.О нар хамт амьдардаг байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би хүргэн Т.Гомбосүрэн, охин Х.Ганчимэг нарын хамтаар баг гэрээ өвөлжөө дээрээ барих гээд явсан юм. Харин манай нөхөр А.Хуягбаатар гэртээ үлдсэн бөгөөд хажуу талд манай ээж, дүү хоёр гэртээ үлдсэн юм. Тэгээд би орой 17 цаг өнгөрч байхад гэрээ аваачиж буулгачхаад ирэхэд урдаас нөхөр А.Хуягбаатар тосож ирээд нөгөөх чинь ээжийг чинь алчихлаа гэсээр ирсэн. Тэгээд гэртээ ороод хүргэн Т.Гомбосүрэнг утас янзлаад дуудлага өгсөн байгаа. Тэгээд би талийгаач дээр очиж чадалгүй байж байгаад нэг гараад ирэхэд Г.О гэрээ гараад манайх руу оройтож ирсэн байхаар нь чи ээжийг яачихваа гэж асуухад наад чавганц чинь толгой түрий рүү балбаад байсан юм л гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
  • Гэрч А.Хуягбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5-р баг Нарийн гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манайх нүүдэл, суудал хийж байхад манай эхнэр Г.Цэндсүрэнгийн ээж Д.Ц болон хамгийн бага дүү нь болох Г.О нар манайхтай айл бөгөөд малаа ялгаж үлдэнэ гээд Г.О уурлаад байсан юм. Тэгэхээр нь та нар үлдээд, тэгээд хэнээр малаа харуулах гэж байгаа юм гэж хэлчхээд морио услах гээд яваад өгсөн. Намайг явахад талийгаач Д.Ц, охин Г.О хоёр хоорондоо малаа ялгана, ялгахгүй гээд маргалдаад үлдсэн юм. Манай эхнэр болон охин Х.Ганчимэг хүргэн Т.Гомбосүрэн нар өглөө эрт баг гэрээ өвөлжөө дээрээ аваачиж, буулгах гээд явчихсан байсан юм. Тэгээд би морио усалчхаад эргээд эргээд 15 цагийн цаг агаар сонсох санаатай гэртээ буцаад яваад ирэхэд талийгаач хонины хашааны урд талд дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь морьтойгоо яваад очиход нэл цус болчихсон, хөдлөхгүй байхаар нь болохоо больчихсон байна гэж бодоо утсаар ярих гээд гэртээ ортол утас болохгүй байсан. Тэр хооронд Г.О ирээд намайг гэр дотор, гадна талаас цоожилчихсон байсан. Тэгэхэд нь би нөгөө цоожийг нь онгойлгоод гараад мориндоо мордоод хойд уулан дээр гараад дурандаад, мөн эхнэр хүүхдүүд ирэхээр нь дурандаад сууж байсан. Тэгээд орой 1 цаг өнгөрч байхад манай эхнэр хүүхдүүд ирэхээр нь дуудаад ийм зүйл болсон талаар хэлээд, гэртээ ороод утас болохгүй байна гэтэл манай хүргэн Т.Гомбосүрэн гадна талын утсыг нь салгаад хаячихсан байна гээд залгаад цагдаад мэдэгдсэн. Мөн цагдаа нарыг иртэл бид нар Г.Оыг харж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дугаартай “...Д.Цийн биед хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хураа, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэн язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Хуучин гэмтэл тогтоогдсонгүй...Д.Цийн цусанд этилийн спирт тогтоогдсонгүй...Д.Ц нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...Д.Ц нь 1-р бүлийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 695 дугаартай “...Г.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4291 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд түлэгдэлт, улаан эрээн өнгийн дотуур богино өмдөнд цооролтууд, ягаан судалтай саарал дотуур өмдөнд гарсан цооролт, түлэгдэлт, урагдалт, улаан эрээн өнгийн алчууранд сэмрэлт, улаан өнгийн хос оймсны өсгийнд цооролт, хар өнгийн хос гутлын өсгийнд салалт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцсанд гэмтэлгүй байна...Түлэгдэлт дулааны үйлчлэлээр, цооролт, салалт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр, ханзралт, урагдалт, сэмрэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 50-52 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5918 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчид хийсэн үзлэгээр хураан авсан гэх ягаан өнгийн цэцэгтэй алчуур, ягаан өнгийн дээл, зүүн энгэртээ “Adidas” гэх бичигтэй саарал өнгийн богино ханцуйтай фудволк, урт хэсэгтээ товчтой, саарал өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн...Уг илэрсэн цусан толбууд болиогийн шинжилгээнд тэнцэнэ...Амь хохирогчид хийсэн үзлэгээ хураан авсан гэх ягаан өнгийн цэцэгтэй алчуур, ягаан өнгийн дээл, зүүн энгэртээ “Adidas” гэх бичигтэй саарал өнгийн богино ханцуйтай фудволк, урт хэсэгтээ товчтой, саарал өнгийн ноосон цамцан дээр илэрсэн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчид хийсэн үзлэгээр хураан авсан гэх ягаан өнгийн цэцэгтэй алчуур, ягаан өнгийн дээл, зүүн энгэртээ “Adidas” гэх бичигтэй саарал өнгийн богино ханцуйтай фудволк, урт хэсэгтээ товчтой, саарал өнгийн ноосон цамцнаас бусад хувцсанд цус илрээгүй...Шинжээчээс асуусан №4 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4290 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5917 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Оын биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн өмд, цэнхэр өнгийн дээл, хүрэн бор өнгийн гутал, №1, №2 гэж дугаарласан арчдас дээр цус илэрсэн. Г.Оын биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн өмд, цэнхэр өнгийн дээл, хүрэн бор өнгийн гутал, №1, №2 гэж дугаарласан арчдаснаас бусад объектууд дээр цус илрээгүй. Уг илэрсэн цусан толбууд биологийн шинжилгээнд тэнцэнэ. Г.Оын биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн өмд, цэнхэр өнгийн дээл, хүрэн бор өнгийн гутал дээр илэрсэн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. №1, №2 гэж дугаарласан арчдас дээр илэрсэн цусны бүлгийн харьяалал тогтоох боломжгүй...Шинжээчээс асуусан №4 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 77-79/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4292 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээлийг биет байдлаар ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн дээлэнд шинээр гарсан урагдалт, гэмтэл байхгүй, харин эдэлгээ хэрэглээний явцад гарсан хуучин элэгдэлт, урагдалт байна....Хуучин урагдалт, элэгдэлтийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 85-86/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5920 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан А.Хуягбаатарын өмсөж явсан гэх хүрэн өнгийн дээл дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 93-94 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5981 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Оын гарын алганаас бэхжүүлэн авсан бичил мөр гэх скочин дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 99-100 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5919 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх “Haojubao” гэсэн ягаан өнгийн хуванцар хувин, 16 см урттай модон иштэй сүхэн дээрх цус илрээгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагийн өнгийн толбонуудтай, саарал өнгийн даавуун малгай, 11 см х10 см хэмжээтэй, саарал өнгийн чулуун дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусан толбууд биологийн шинжилгээнд тэнцэнэ...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагаан өнгийн толбуудтай, саарал өнгийн чулуун дээр илэрсэн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Шинжээчээс асуусан №4 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 105-106 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5980 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Ц 78 настай, эмэгтэй, 2020.10.24 Зуунмод гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ...Д.Ц 78 настай, эмэгтэй 2020.10.24 гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 111-112 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5982 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан хаалганы уяаны хэсэг гэх цагаан саарал өнгийн эрчлээстэй, олс мэт зүйлийн уяа, орны хөлөөс бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...Хэргийн газрын үзлэгээр ягаан өнгийн хувингаас бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 117-118 тал/,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай “...Шинжлүүлэгчийн танин мэдэхүйн бууралт тод илэрнэ. Ой тогтоолт, аюуны ажиллах чадвар эрс буурсан, сульдал илэрнэ. Сэтгэхүйн хүрээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн бууралт, хэт бодит сэтгэхүй давамгайлан илрэх ба зан төрхийн өөрчлөлт, түрэмгийллийн шинжүүд тод илэрнэ. Сэтгэл хөдлөлөө хянах, зохицуулах чадвар эрс суларсан, өөрийн сэтгэцийн байдалдаа шүүмжлэл эрс суларсан. Оюуны чадварын түвшин султай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 123 тал/,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц, эмгэг судлалын 1133 дугаартай “...Г.О нь F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байна. Г.О нь F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байна. Г.Оын дээрх эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно. Г.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. Г.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Г.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Г.О нь сэтгэцийн хувьд цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Г.Од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 133-136 тал/,

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 168-170/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” шинжийг бүрэн хангасан хохирогч нь өндөр настай, шүүгдэгч Г.О нь хохирогчийн дээр гарч чулуугаар цохих явцад ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй нөхцөл байдалд байсан, хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож, түүнд учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэрсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогддог.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Иймд Г.Оыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө хянах чадваргүй, тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Улсын яллагчаас “... Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын тусгай дэглэмд 8 жилийн хугацаанд хэрэглэх саналыг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно гэж заасан байдаг. Тийм учраас энэ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг хөнгөн байдлаар тогтоож өгөөч. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч хавтаст хэрэгт авагдсанаар тодорхой хугацаанд цагдан хоригдсон байгаа. Энэ хугацааг улсын яллагчийн саналаас хасуулах. Мөн эрүүл хүн биш хэрэг хариуцах чадваргүй болон хөгжлийн бэрхшээлтэй байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь зөв гэж үзэж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн улмаас учрах хор хохирол, үүсэх үр дагаврыг төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байсан нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц, эмгэг судлалын 1133 дүгнэлтээр тогтоогддог бөгөөд уг дүгнэлтэд  “шүүгдэгч Г.Оыг “сэтгэцийн F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй, F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй, Г.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй, Г.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хэрэг хариуцах чадваргүй байсан, сэтгэцийн хувьд цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Г.Од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн байх тул улсын яллагчаас ирүүлсэн шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай нь саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Од 6 жилийн хугацаагаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, уг хугацаанд хяналт тавих үүргийг прокурорт даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Од эмнэлгийн чанартай арга хэмжээ хэрэглэхдээ шинжээчийн дүгнэлт, прокурорын санал, шүүгдэгчийн сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй үедээ хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэтгэцийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэл бүхий хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг 6 жилийн хугацаагаар тогтоосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан тул шүүгдэгчийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад шүүгдэгчийн сэтгэцийн байдал, өвчний шинж байдлаас хамаарч өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүхээр шийдвэрлүүлэх нь нээлттэй байна.

 

Шүүгдэгчийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон болон сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн 333 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй. 

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн орны хөлөөс бэхжүүлэн авсан арчдас, хувин дээрээс бэхжүүлэн авсан арчдас, гэрийн хаалганы уяаны хэсэг, ягаан өнгийн хувин 1 ширхэг, чулуу 1 ширхэг, саарал өнгийн малгай 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, Д.Цийн шарилд хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, нил ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцэгтэй ягаан өнгийн алчуур 1 ширхэг, эрээн өнгийн богино даавуун өмд 1 ширхэг, “00” цаас мэт зүйл 3 ширхэг, “SNIP” гэсэн бичигтэй цагаа өнгийн эм мэт зүйл 2 ширхэг, “LOVE” гэсэн бичигтэй нил ягаан өнгийн эмжээртэй ноосон улаан өнгийн оймс 1 хос, шөр өнгийн бүс 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, зүүн энгэртээ “Adidas” гэсэн бичигтэй саарал өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, Г.Оын биед үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга1 ширхэг, юүдэнтэй саарал өнгийн цамц 1 ширхэг, цайвар ногоон өнгийн фудволка 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ретуз 1 ширхэг, хөх өнгийн тэлээ 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн оймс 1 хос, ногоон саарал өнгийн оймс 1 хос, хүрэн бор өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн бүс 1 ширхэг, гарын арван хурууны хумс 9 ширхэг, хөвөн бамбарт бэхжүүлэн авсан гэх арчдас 7 ширхэг, Г.Оын гарын алганаас авсан арчдас 4 ширхэг зэргийг устгахыг холбогдох байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Оыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Оыг сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүйд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-т зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Г.Оыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тусгай тасагт 6 жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтсугай.  

 

  1. зЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т  зааснаар Г.Од авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Төв аймгийн Прокурорын газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 333 хоногийг түүний эдлэх ялд нь буюу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд оруулан тооцсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүний эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн 2034000000612 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн орны хөлөөс бэхжүүлэн авсан арчдас, хувин дээрээс бэхжүүлэн авсан арчдас, гэрийн хаалганы уяаны хэсэг, ягаан өнгийн хувин 1 ширхэг, чулуу 1 ширхэг, саарал өнгийн малгай 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, Д.Цийн шарилд хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, нил ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцэгтэй ягаан өнгийн алчуур 1 ширхэг, эрээн өнгийн богино даавуун өмд 1 ширхэг, “00” цаас мэт зүйл 3 ширхэг, “SNIP” гэсэн бичигтэй цагаа өнгийн эм мэт зүйл 2 ширхэг, “LOVE” гэсэн бичигтэй нил ягаан өнгийн эмжээртэй ноосон улаан өнгийн оймс 1 хос, шөр өнгийн бүс 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, зүүн энгэртээ “Adidas” гэсэн бичигтэй саарал өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, Г.Оын биед үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, юүдэнтэй саарал өнгийн цамц 1 ширхэг, цайвар ногоон өнгийн фудволка 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ретуз 1 ширхэг, хөх өнгийн тэлээ 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн оймс 1 хос, ногоон саарал өнгийн оймс 1 хос, хүрэн бор өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн бүс 1 ширхэг, гарын арван хурууны хумс 9 ширхэг, хөвөн бамбарт бэхжүүлэн авсан гэх арчдас 7 ширхэг, Г.Оын гарын алганаас авсан арчдас 4 ширхэг зэргийг тус тус устгахыг Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.Од авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА

 

                          ШҮҮГЧИД                                   Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН